Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2025/00960

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/02795 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээнээс татгалзаж, газар эзэмших эрхийг буцаан авах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* ХХК-ийн захирал ******* нь 2024 оны 06 сарын 12-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр ******* аймаг, ******* сум, ******* баг ******* толгой /*******/, ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаартай, 1,352,429 м.кв үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай эзэмших эрх бүхий газар, мөн ******* аймаг, ******* сум, ******* баг *******ын хоолой ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаартай, 556,230 м.кв үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай эзэмших эрх бүхий газар, мөн ******* аймаг, ******* сум, ******* баг ******* толгой ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаартай, 413,713 м.кв үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай эзэмших эрх бүхий газрыг тус тус шилжүүлэн авсан боловч тохирсон 250,000,000 төгрөгийг өгөхгүй байна. ******* ХХК нь тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг компани болохоор тариалан дэмжих сангаас зээл аваад мөнгө өгнө гэж тохирсон. Гэрээнээсээ татгалзсан талаар 2024 оны 08 сарын 09, 2024 оны 09 сарын 11-ний өдөр *******ын ******* дугаарын утас руу би өөрийн ******* дугаарын утсаар мессеж бичиж мэдэгдсэн.

Иймд, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэр бүхий нэгж талбарын ******* дугаартай, 1,352,429 м.кв, нэгж талбарын ******* дугаартай 556,230 м.кв, нэгж талбарын ******* дугаартай 413,713 м.кв бүхий дээрх газар эзэмших эрхүүдийг буцаан авах хүсэлтэй байна гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: *******гийн гэх эдгээр 3 газар нь ******* аймгийн ******* сумын Засаг дарга асан *******ын газар юм. 2024 оны 06 сарын 10-ны өдөр ахын дүү чамд ах нь газраа шилжүүлж өгье гэснээр энэ газрыг шилжүүлж авах болсон. Учир нь, ******* УИХ-д АН-аас нэр дэвшиж байсан бөгөөд сонгуулийн сурталчилгаанд мөнгө шаардлагатай болсон тул чи нэр дээрээ шилжүүлэн авч, барьцаанд тавьж мөнгө гаргаж өгөөч гэсэн. Газар шилжүүлэх тэр мөчид 250,000,000 төгрөг гэх зүйл яригдаагүй. Гэрээнд заагдсан 15,000,000 төгрөгийг 2024 оны 06 сарын 17-ны 21 цагийн үед ******* аймгийн ******* суманд АН-ын сонгуулийн сурталчилгаа болж байхад би өөрийн биеэр очиж *******д өгөх гэтэл менежер *******ийн Хаан банк дахь дансанд хийчих гэсний дагуу шилжүүлэн өгсөн. Тухайн үед дахиад 30,000,000 төгрөг гялс олоодхооч гэсэн боловч мөнгө олдоогүй. Сонгуулийн дараа 8-р сард сумын захиргааны байранд *******, *******, бид 3 уулзсан. Тэгэхэд яг хэрэгтэй үед нь мөнгө олж өгсөнгүй, одоо газраа буцаан авна гэсэн. Би зээл удаж гарлаа, одоо надад 30,000,000 төгрөг байна, өгье ээ гэтэл чи хэрэгтэй үед нь өгөөгүй байж юун 30,000,000 төгрөг, одоо 230,000,000 төгрөг өг, өгөхгүй бол өөр хүнд зарна гэж уурласан. Тэгэхээр нь за яахав өгье, гэхдээ нэг дор бөөн өгч чадахгүй, цувуулаад өгье гээд тэр уулзалт дууссан. Тэгсэн шүүхэд өгсөн байна. Намар ургац хураалтын дараа боломжоороо мөнгө өгнө дөө гэж бодож байсан. Тухайн авсан 3 нэгж газарт 2025 онд тариалалт хийх тул бид 06-09 сар хүртэл 2 удаагийн уринш хийсэн. Уг газар боловсруулалт огт хийгдээгүй (атаршсан, хиаг зэрлэг ургамал, царванд идэгдсэн) газар тул манай компани боловсруулалт хийсэн. Боловсруулалт хийхэд нийт 50,780,200 төгрөгийн зардал гарсан байна.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан ******* хариуцагч ******* ХХК нарын хооронд 2024 оны 06 сарын 12-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр шилжүүлсэн Нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний №******* дугаартай, ******* аймаг, ******* сум ******* баг, *******ын хоолой ******* тоот, бүхий 556,230 м.кв үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай эзэмших эрх бүхий газар, Нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний №******* дугаартай, ******* аймаг, ******* сум ******* баг, ******* толгой ******* тоот, 413,713 м.кв үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай эзэмших эрх бүхий газар, Нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, газар эзэмших эрхийн №******* дугаартай, ******* аймаг, ******* сум ******* баг, ******* толгой /*******/ ******* тоот, 1,352,429 м.кв м.кв үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай эзэмших эрх бүхий газар эзэмших эрхүүдийг нэхэмжлэгч *******д шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 1,407,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь 2024 оны 06 сарын 12-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-нүүдийг бичгээр байгуулж газар эзэмших эрхийг шилжүүлж авсан. Мөн гэрээнд заасан 15,000,000 төгрөгийг тухайн үед нэрлэн заасан хүн рүү нь шилжүүлсэн.

4.2. Нэхэмжлэгч нь 2024 оны 09 сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2024 оны 11 сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулах нь гэх баримтуудад ...15.000.000 төгрөгийг аваагүй... гэж маргаагүй. Зөвхөн шүүх хуралдаан дээр уг үндэслэлийг гаргаж, шүүх хүлээн авч, нэхэмжлэгчийн өөрчилсөн үндэслэлийг хариуцагчид гардуулах, хариуцагчаас тайлбар авах, нотлох баримт гаргаж өгөх боломжийг олгохгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ...мэтгэлцэх зарчим..., түүнийг хэрэгжүүлэх хуулиар тогтоосон журамтай нийцээгүй. Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн 9-д хариуцагчаас нэг ч төгрөг хүлээн аваагүй тул гэрээнээс татгалзаж, газраа буцаан авна гэж шаардлагаа тодорхойлсон гэжээ. Хэргийн материалд нэхэмжлэгчийн бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагад энэ талаар дурдаагүй буюу бичгээр гаргасан ийм нэхэмжлэлийн шаардлага байхгүй. Хэрэв шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа ингэж өөрчилж байгаа тохиолдолд түүнийг гардуулах, хариу тайлбар авах, нотлох баримт гаргах ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай. Түүнчлэн, анх нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж тодорхойлсон, хэрэв гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага тодруулах бус харин өөрчлөх, түүнийг бичгээр гаргах шаардлагатай. Хариуцагч тал нэхэмжлэгчийн бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг тодруулсан тайлбарын хүрээнд мэтгэлцсэн ч анхан шатны шүүх түүний бичгээр гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодорхойлон, тайлбарлаж, мөн түүнийг гардуулах ажиллагаа хийлгүй шийдвэр гаргасан.

4.3. Нэхэмжлэгч нь ...******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ын Хаан банкны гүйлгээгээр 2024 оны 06 сарын 17-ны өдөр 15,000,000 төгрөгийг ... шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг мэдэхгүй... гэх нэхэмжлэлийн үндэслэлд огт дурдаагүй тайлбарыг гаргаж, хариуцагчийн өмгөөлөгч нарын зүгээс ...энэ мөнгөн хөрөнгийг газар эзэмших шилжүүлэх гэрээний төлбөртэй холбоотойгоор шилжүүлсэн... гэх үйл баримтын талаар маргасан. Уг нөхцөл байдал шүүх хуралдаан дээр гаргагдсан тул уг асуудлыг тодруулах зорилгоор 15,000,000 төгрөгийг гэрчээр асууж тодруулах шаардлагатай байхад шүүх энэ эрх хэмжээг хэрэгжүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг зөрчсөн.

4.4. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар үүргийн зөрчил гарсан, үүрэг зөрчигдсөн гэж үзэж байгаа бол үүрэг гүйцэтгүүлэгч нь нэмэлт хугацаа тогтоож, үүргийн гүйцэтгэлийг шаардах учиртай. Харин үүргийн гүйцэтгэлийг шаардсан боловч үр дүн гараагүй (эсвэл үр дүн гарахгүй нь тодорхой байх) нөхцөлд гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг гаргаж гэрээнээс татгалзах журамтай. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас харвал нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, түүний удирдлагаас ...газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнэ 15,000,000 төгрөгийг шаардаж байсан үйл баримт болж байгаагүй. Огт болж байгаагүй тул энэ талаар нотлох баримтгүй. Бодит нөхцөл байдалд ч ******* нь гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хүргүүлж байгаагүй. Ийм үйл баримт болж байгаагүй тул хэрэгт авагдсан баримтаар хуульд заасны дагуу нотлогдохгүй. Тиймээс нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан гэх татгалзал нь ч хууль зүйн хувьд үндэслэлгүй.

4.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгч *******гөөс шүүхэд гаргаагүй хариуцагч ******* ХХК-д даалгах шийдвэрийг гаргасан. Нөгөө талаас анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гийн гаргасан ...гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах... гэх шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь 3 эзэмших эрхтэй газрыг хариуцагч компанийн захирлын нэр дээр шилжүүлсэн. Нэхэмжлэгч 2024 оны 08 сарын 09, 11-ний өдөр *******ын ******* дугаарт зурвас үлдээж гэрээнээс татгалзсан тухай мэдэгдэж байсан. Гомдолд дурдагдсан 15,000,000 төгрөг нэхэмжлэгчийн дансанд ороогүй нь дансны хуулгаар нотлогдоно. Хариуцагч гэрээнд заасан 15,000,000 төгрөгийг 2024 оны 06 сарын 17-ны өдөр өөрийн биеэр очиж *******д өгөх гэтэл менежер *******ийн дансанд шилжүүлчих гэж хэлсэн учраас тухайн дансанд нь шилжүүлсэн гэж тайлбарладаг. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасныг үндэслэл болгон хариуцагчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь зөв. Анхан шатны шүүх газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.  

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, нэгж талбарын *******, *******, ******* дугаар бүхий эзэмших эрхтэй газруудыг буцаан авах тухай шаардлага гаргасныг хариуцагч ...тус газрууд ******* аймгийн ******* сумын Засаг дарга асан *******ын газар, гэрээнд заасан 15,000,000 төгрөгийг тухайн үед нэрлэн заасан этгээдэд шилжүүлэн өгсөн, гэрээний үнэ 250,000,000 төгрөг биш... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

3. Хэргийн 5-6, 9-10, 13-14-р талуудад авагдсан 3 ширхэг Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр ******* болон ******* ХХК нь ******* аймгийн ******* сум, ******* багийн нутаг дэвсгэр байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий 556,230 м.кв газар, нэгж талбарын ******* дугаар бүхий 413,713 м.кв газар, нэгж талбарын ******* дугаар бүхий 1,352,429 м.кв газрын эзэмших эрхийг тус бүрийг нь 5,000,000 төгрөгөөр шилжүүлэх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон болох нь тогтоогдсон.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

5. Дээрх нэгж талбарын дугаар бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээнүүд *******гийн нэр дээр олгогдсон байх тул ...тус газрууд ******* аймгийн ******* сумын Засаг дарга асан *******ын газар... гэх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй.

Учир нь, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан тул газар эзэмших эрхийн гэрчилгээнд нэр дурдагдсан этгээдийг газар эзэмшигч этгээд гэж үзнэ.

6. Нэхэмжлэгч ******* нь гэрээний нийт үнэ 250,000,000 төгрөг байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул өмнө дурдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-нд тусгагдсан үнээр нийт үнийг тодорхойлох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, гэрээний нийт үнийг талууд 5,000,000 х 3 = 15,000,000 төгрөгөөр тохиролцсон байна гэж дүгнэв.

7. Хариуцагч нь ...гэрээний үнэ болох 15,000,000 төгрөгийг 2024 оны 06 сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* суманд АН-ын сонгуулийн сурталчилгааны үеэр *******д өгөх гэсэн боловч менежер *******ийн данс руу шилжүүлчих гэснээр шилжүүлсэн... гэж тайлбарлаж, уг тайлбараа нотолж Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүхэд гаргаж өгсөн.

Гэсэн хэдий ч, ******* нь гэрээний тал биш, газар эзэмшигч биш тул түүний нэрлэн заасан этгээдэд мөнгөн хөрөнгө шилжүүлэн өгснийг нэхэмжлэгч *******д гэрээний үнийг төлсөн гэж үзэх боломжгүй, улмаар хариуцагчийн дээрх тайлбар, татгалзал хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй.

8. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

8.1. Нэхэмжлэгч нь 2024 оны 04 сарын 12-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуульд заасны дагуу гэрээнээс татгалзаж, нэгж талбар бүхий газруудын эзэмших эрхийг буцаан авах шаардлага гаргаж байгаа талаар дурдсан байх ба тус шаардлага, үндэслэлийн агуулга 2024 оны 11 сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсан тайлбарт, мөн 2025 оны 04 сарын 03-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбарт хэвээр хадгалагдаж байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрчилсөн гэж үзэхгүй, улмаар шүүх хариуцагчид гардуулах, хариу тайлбар авах ажиллагааг хийх шаардлагагүй.

Иймд, ...нэхэмжлэгчийн өөрчилсөн үндэслэлийг хариуцагчид гардуулаагүй, хариу тайлбар аваагүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

8.2. Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хүсэл зориг нь нэгж талбарын дугаар бүхий газруудыг эзэмшилдээ буцаан авах бөгөөд анхан шатны шүүх нэгж талбарын дугаар бүхий газруудын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн гэж үзэхгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасантай нийцжээ.

Иймд, ...анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн гаргасан гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

8.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэг нь зохигчийн өөрийн хүлээх үүрэг тул ...анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан эрх хэмжээгээ хэрэглээгүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах нь тухайн шүүхэд олгогдсон эрх тул уг эрхээ хэрэгжүүлээгүй гэж шүүхийг буруутгах боломжгүй буюу эрх олгосон хуулийн зохицуулалтыг үүрэгжүүлэх боломжгүй юм.

9. Хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа ...тариалангийн газарт уринш хийхэд гаргасан зардал 50,780,200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах... агуулгыг илэрхийлсэн боловч хуульд заасан журмын дагуу улсын тэмдэгтийн хураамж төлж, сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул шүүх энэ талаар шийдвэр гаргахгүй.

10. Дээрхийг нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК нар нэгж талбарын дугаар бүхий эзэмших эрхтэй газруудыг худалдах, худалдан авахаар тохирсон, хариуцагч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу гэрээний үнийг төлөөгүйтэй холбоотой нэхэмжлэгч ******* нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг буцаан авахаар шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/02795 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 1,407,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.НЯМБАЗАР