Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 373

 

 

Г.Бадарчид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Д.Уянга,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр  даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 376 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, Дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 5/22 дугаар эсэргүүцэлтэй, Г.Бадарчид холбогдох 201625014451 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар  сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Хошууд овогт Ганбаатарын Бадарч, 1989 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар багийн Жаргалангийн 2/80 дугаар байрны 36 тоотод оршин суух,

Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 

Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн гэх,

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ПБ89040575/;

Г.Бадарч нь ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, 2016 оны 12 дугаар сарын 9-ний шөнийн 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 27-651 тоот нийтийн байрны 9 тоот цоожтой өрөөнөөс хохирогч Б.Мягмарсүрэнгийн эзэмшлийн “I phone 5S” загварын гар утас, нөөтбүүк, зөөврийн компьютер, флаш диск, интернэт модем, “I phone 5C” загварын гар утас, флаш диск, интернет модем, хохирогч Т.Анхболдын эзэмшлийн “Samsung S4” загварын гар утас, бэлэн 40.000 төгрөг, хохирогч П.Цэндсүрэнгийн эзэмшлийн “LG-G3” загварын гар утас зэргийг хулгайлж, нийт 875.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Бадарчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Бадарчид холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь, прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Бадарчийг урьд 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт зааснаар 2 жил тэнсэн хянан харгалзсан,

2008 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Ховд аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил тэнсэн хянан харгалзсан,

2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил тэнсэн хянан харгалзсан гэж түүний ял шийтгэлийн талаар дурдсан бөгөөд 2008 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн Ховд аймгийн шүүхийн шийтгэх тогтоол хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд мөн шүүгдэгч Г.Бадарч нь 2009, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан эсэх талаархи ямар ч баримт байхгүй байх тул шүүгдэгчийн хувийн байдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасны дагуу хангаж ирүүлээгүй нь буруу байх ба шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулж байж шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэснээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй” байх зарчимд нийцнэ гэж үзэн Г.Бадарчид холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Г.Бадарчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж, прокурор энэ захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Хавтаст хэргийн материалд яллагдагч Г.Бадарчийн хувийн байдлыг тодруулахдаа урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгахын зэрэгцээ, 2006, 2015 оны шийтгэх тогтоолуудыг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан. Харин 2008 оны шийтгэх тогтоолын хуулбар байхгүй гэсэн албан бичиг хэрэгт авагдсан болно. Ховд аймгийн Сум дундын шүүхээс 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Г.Бадарчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялгүй болсон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэж дурдсан байна. Энэхүү шүүхийн шийтгэх тогтоол хүчингүй болоогүй, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон баримтыг дахин нотлох шаардлагагүй талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт заасан байдаг тул Г.Бадарчийг 2008 онд шүүхээр шийтгүүлсэн баримтыг хэрэгт хавсаргахгүйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Г.Бадарч нь 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахай сэдэлтээр, нууц далд аргаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Буянт Олзвойн 2-8 тоотод оршин суух хохирогч П.Цэрэндолгорын гэрт нэвтрэн орж, цэнхэр өнгийн шигтгээтэй монетон ээмэг, бөгж хулгайлж, 355.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, шүүхээс 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь тогтоогдсон. Г.Бадарчийн дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтайд тооцох хугацаа нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар  зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон. Уг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт зарим хугацааг хэрэгсэхгүй болгож, өршөөл үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй гэж заасан байна. Хяналтын прокурор Д.Уянга нь Г.Бадарчийг хулгайн гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж, ялтайд тооцох хугацаа өнгөрөөгүй гэж дүгнэн түүнийг давтан үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлсан гэж ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн хууль буруу хэрэглэсэн алдааг анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх үед Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт заасны дагуу зөвтгөх боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор Д.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Г.Бадарчийн үйлдлийг “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамааруулах боломжтой. 2015 оны 9 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг түдгэлзүүлсэн байх үед ял шийтгэгдсэн ч ял шийтгэл авсны дараа “Өршөөл үзүүлэх тухай” хууль хэрэгжиж эхэлсэн. “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт “энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан ялтны хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэлд өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээ хийнэ” гэснээр Г.Бадарчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой...” гэв.

ХЯНАВАЛ:

Г.Бадарчид холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 376 тоот шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч Г.Бадарч нь 2016 оны 12 дугаар сарын 9-ний шөнийн 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 27-651 тоот нийтийн байрны 9 тоот цоожтой өрөөнд нэвтэрч, хохирогч Б.Мягмарсүрэнгийн эзэмшлийн “I phone 5S” загварын гар утас, нөөтбүүк, зөөврийн компьютер, флаш диск, интернэт модем, “I phone 5C gold” загварын гар утас, флаш диск, интернет модем, хохирогч Т.Анхболдын эзэмшлийн “Samsung S4” загварын гар утас, бэлэн 40.000 төгрөг, хохирогч П.Цэндсүрэнгийн эзэмшлийн “LG-G3” загварын гар утас зэргийг хулгайлж, нийт 875.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тухайн үед болсон үйл баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт бодитой тогтоох талаар шалгавал зохих ажиллагаанууд хангалттай хийжээ.

Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, Г.Бадарчид холбогдох хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шаардлагатай хохирогч, гэрч нарыг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт  “...шүүгдэгчийн хувьд гагцхүү түүний шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана...” гэж зааснаар Г.Бадарчид холбогдох хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эрх зүйн дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул Дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 5/22 тоот эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Г.Бадарчид холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 376 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Бадарчид холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Хэрэг шүүхэд очтол Г.Бадарчид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй  болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

                                                                                                Н.БАТСАЙХАН