Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2020/0016

 

 

Ч.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0728 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ч.А-ийннэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0728 дугаар шийдвэрээр: “... Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 13 дугаар зүйлийн 13.1.6, Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.А-ийнгаргасан “Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/240 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан Шивээхүрэн дэх Гаалийн газарт гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, албан тушаал буурсан тухайн үеийн цалингийн зөрүүг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С давж заалдах гомдолдоо: “... Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн маргаж буй Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/240 тоот тушаалын хүрээнд яригдах ёстой атал анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчөөд шүүх шийдвэрээ нэг талыг барьж гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тушаалд дурдаагүй асуудал буюу төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй, тангараг өргөөгүй байна гэдгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо. Гэтэл тушаалын агуулга энэ талаар дурдсан зүйл огт байхгүй болно. Тухайлбал, төрийн албаны шалгалт өгөөгүй тул гэж албан тушаал сэлгэн ажиллуулаагүй зөвхөн 2-оос дээш жил ажилласан гэдгээр сэлгэн ажиллуулснаар тушаал гарсан болохыг шүүхээс анхаарч үзсэнгүй.

Нэхэмжлэгч гаалийн байцаагч учраас Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль үйлчлэхээс гадна Гаалийн тухай хууль үйлчлэх ёстой бөгөөд уг хуулийн 273 дугаар зүйлийн 273.6-д “Гаалийн улсын байцаагчийн албан тушаалд орох хүсэлттэй иргэдээс мэргэшлийн шалгалт авах болзол журмыг Төрийн албаны төв байгууллага батална” гэж заасан шалгуур шалгалтаа 2012 онд өгөөд тэнцэж, 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 05/2802 тоот албан бичгээр Авилгатай тэмцэх газраас мэдүүлгийг хянаад ашиг сонирхлын зөрчилгүй гэсний дагуу 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Төрийн жинхэнэ албанд анх орох мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэний болон удирдах албан тушаалд томилогдох ажилтны үзлэгийн хуудсаар эмч нарын үзлэгээр ороод тэнцэж эрүүл гэж гарсан ба 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын даргын Б/347 тоот тушаалаар гаалийн байцаагчийн эрх надад олгож 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр дээрх хуулийн 273.4-д заасны дагуу тангаргаа өргөснөөр гаалийн улсын байцаагч хийж байгаа билээ. Гаалийн улсын байцаагч хийснээр үр дүнгийн гэрээгээ дандаа 90 хувиас дээс дүгнүүлж ирсэн ба 100 хувь биелүүлж шалгуулж ирсэн. Ямар нэгэн сахилгын шийтгэл гаргаж байгаагүй болно.

Гэтэл ингэж ажиллаж байхад нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шилжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд “Сонсох ажиллагаа явуулах” гэж заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй, өөрт нь мэдэгдэж, асуулгүйгээр гэнэт шилжүүлсэн нь уг хуулийг ноцтой зөрчиж байгаа болно.

Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/240 тоот тушаал нь өөрөө эрх зүйн акт болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйл буюу захиргааны актыг бичгээр гаргах шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шалгалт өгөөгүй учир төрийн албан хаагч гээгүй, 2012 оноос цахимжсан бөгөөд уг цахим санд бүртгэгдээгүй байна гэсэн хариуг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 01/1207 тоотоор өгсөн байгааг тус шүүхээс мушгин төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь энэхүү гаалийн улсын байцаагчаар нийтдээ 7 жил гаран ажиллаж байна. Энэ хугацаанд яагаад ямар нэг байдлаар дээрх асуудал сөхөгдөөгүй олон удаагийн хяналт шалгалтын хаагуур нь өнгөрсөн болж байна вэ? Маргаан үүсгээд ирэхээр төрийн жинхэнэ албан хаагч биш байна гэх ёсгүй гэж үзэж байна. Хэрэв төрийн тусгай албан хаагч биш юм бол өнөөдөр албан тушаал сэлгэлгүйгээр яагаад ажлаас халаагүй юм бэ? Төрийн албаны тухай хуулийн 57.2.3-т заасныг үндэслэсэн байгаа тул тус шүүхэд хандсан болно. Хэрэв төрийн тусгай албан хаагч биш байсан юм бол төрийн албаны зөвлөлөөс шалгаад хууль бус гэсэн шийдвэр өгөх ёстой атал харин ч эсрэгээрээ 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 763 тоотоор Гаалийн ерөнхий газрын даргыг хууль хэрэгжүүлэн ажиллах тухай шаардлагыг хүргүүлэхгүй байсан гэж үзэх үндэслэлтэй.

Мөн тус байгууллагын даргын сэлгэн ажиллуулах журмаар зохицуулагдсан байна гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 тоот хамтарсан тушаал шийдвэрээр төрийн жинхэнэ албан хаагчийг өөр ажилд сэлгэн ажиллуулах журмыг баталсан бөгөөд энэхүү баталсан журмын 2.1-д заасныг зөрчин нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр өөр албан тушаалд зэрэг дэв буулган шилжүүлснээр Төрийн албаны тухай хуулийн 44.2-д заасныг зөрчиж байгаа болно.

Нэхэмжлэгч зохих журмын дагуу гаалийн улсын ахлах байцаагчаар томилогдоод ажиллаж байсан нь дээрх хуулийн зохицуулалтуудаар тогтоогдож байхад анхан шатны шүүхээс ингэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0728 дугаар шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/240 дугаартай тушаалаар “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх гаалийн улсын ахлах байцаагч Чапаевын Амангельдийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Гаалийн ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар” томилжээ.

Нэхэмжлэгч Ч.А  “...төрийн албаны шалгалт өгөөгүй гэж албан тушаал сэлгэн ажиллуулаагүй зөвхөн 2-оос дээш жил ажилласан гэдгээр сэлгэн ажиллуулснаар тушаал гарсан болохыг шүүхээс анхаарч үзсэнгүй, ... өөр албан тушаалд зэрэг дэв буулган шилжүүлснээр хууль, тогтоомж зөрчиж байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Гаалийн ерөнхий газрын дарга Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн  2711.1.10-т зааснаар “гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах…” бүрэн эрхтэй байх бөгөөд мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т “Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно”, Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/106 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах журам”-ын 2.1-д “Гаалийн байгууллагын газар зүйн байршил, дэд бүтэц зэргийг харгалзан гаалийн улсын байцаагчийг хамгийн багадаа 6 жилд зайлшгүй нэг удаа сэлгэн ажиллуулна” гэж тус тус заажээ.

Хэдийгээр гаалийн тухай хууль тогтоомжоор гаалийн улсын байцаагчийг ажил байдлын онцлогоос хамаарч сэлгэн ажиллуулахаар зохицуулсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрсөнөөр сэлгэн ажиллуулах хуулийн шаардлага энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй боловч мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй байх хуулийн зохицуулалт үйлчлэхээр байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгч Ч.А-ийн Шивээхүрэн дэх Гаалийн газарт гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн /ТТ-12-12/ албан тушаалаас чөлөөлж, Дорнод аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагч /ТТ-10-14/-аар томилохдоо түүний албан тушаалын ангилал зэрэглэл, цалин хөлсийг бууруулсан болох нь тогтоогдож байна.

Албан тушаалын ангилал зэрэглэл, цалин хөлсийг ийнхүү бууруулж байгаа нь  Гаалийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд зааснаар нэг төрлийн сахилгын шийтгэлд хамаарах бөгөөд  маргаан бүхий тушаалаар ямар нэг шийтгэл ногдуулаагүй, шилжүүлэн ажиллуулж байгаа тул төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх баталгааг алдагдуулсан, зорилгодоо нийцээгүй Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/240 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн хариуцагчийн тайлбарт дурдаж буй “Ч.А  нь төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй, тангараг өргөөгүй” гэх үндэслэл тушаалд дурдагдаагүй байхад энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.       

 Мөн Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргаа үйл ажиллагаандаа тусгай зарчмыг баримталж ажиллах бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэгүйн улмаас “...цалин хөлс, зэрэг дэв буурсан” гэх гомдол үндэслэлтэй, сонсгох ажиллагаа хийснээр энэхүү нөхцөл байдлыг бий болгохгүй, албан тушаалын ангилал зэрэглэл бууруулахгүйгээр шилжүүлэн ажиллуулах боломжтой байсан байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0728 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 44 дүгээр зүйлийн 44.3, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн  2711.1.10-т заасныг тус тус баримтлан   нэхэмжлэгч Ч.А-ийн Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/240 дугаар тушаалыг хүчингүй болгон, Ч.А-ийн урд эрхэлж байсан Шивээхүрэн дэх Гаалийн газарт гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх цалингийн зөрүүг зохих журмын дагуу тооцон гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг тус тус нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Ч.А-д тус тус олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                                   Ц.САЙХАНТУЯА