Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2025/0058

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь

аймгийн Татварын газар, Дорноговь аймгийн

Даланжаргалан сумын Засаг даргад холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:    Х.Батсүрэн

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                  Г.Банзрагч

                                       П.Соёл-Эрдэнэ 

Илтгэгч шүүгч:        Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 115/ШШ2025/0004 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2025/0225 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 231 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И, хариуцагч Дорноговь аймгийн Татварын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Н.О нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/343 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах,

1.2.Дорноговь аймгийн Татварын газрын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” 01/147 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах.

Хэргийн нөхцөл байдал:

2.Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/138 дугаар захирамжаар тус сумын нутаг дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Э” ХХК-д уурхайн ашиглалтын зориулалтаар 13.148 (MV-***, 59.6112 (MV-***), 193.3873 (MV-***), 1781.3827 (MV-***), 72.6566 (MV-***), 129.8518 (MV-***) га газрыг эзэмшүүлжээ.

2.1.Дорноговь аймгийн Татварын газрын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” 01/147 дугаар албан бичгээр “Э” ХХК-д Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-т зааснаар татварын нэхэмжлэлийг хүргүүлсэн. Татварын удирдлагын системд үүсгэсэн нэхэмжлэлүүдийг төлж барагдуулаагүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн дагуу татварын өр хураах үйл ажиллагааг эхлүүлэхийг мэдэгджээ.

2.2.Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/343 дугаар албан бичгээр “Э” ХХК-д “... танай байгууллагад ногдуулсан газрын төлбөрийн ногдуулалт, татварын удирдлагын системд үүсгэсэн нэхэмжлэлүүд хууль тогтоомж зөрчсөн нөхцөл байдал байхгүй байна” гэсэн хариуг өгсөн байна.

3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Манай компани Говьсүмбэр аймаг болон Дорноговь аймгийн Даланжаргалан сумын зааг дамнасан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай эзэмшдэг бөгөөд Говьсүмбэр аймгаас манай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хууль бусаар газар давхцуулан олгосон асуудлаар бид шүүх болон Авлигатай тэмцэх байгууллагад хандан шийдвэрлүүлж буйн улмаас өнөөдрийг хүртэл уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж чадаагүй нөхцөл байдал үүссэн. ... Газрын тухай хуулийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа газар ашиглах гэрээ байгуулаагүй, гэрчилгээ гардаж аваагүй, газрыг ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй байхад Татварын газраас 357,811,475 төгрөгийн газрын төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, уурхайн эдэлбэрийн талбайд өнөөдрийг хүртэл ашиглалт хийж үйл ажиллагаа явуулаагүй тул газрын төлбөр төлөх үүрэг үүсээгүй” гэж,

4.Хариуцагч Дорноговь аймгийн Татварын газраас “... Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу газар ашиглагч нь газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргийг хүлээх ба газрыг эзэмшиж, ашиглаагүй нь төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж,

4.1.Хариуцагч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргаас “... “Э” ХХК-аас ирүүлсэн 2021 оны 21/01 дүгээр хүсэлтийн дагуу тухайн компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт хамаарах талбайн газар ашиглах эрхийг А/138 дугаар захирамжаар баталгаажуулсан. ... Хууль тогтоомжийн хүрээнд Засаг даргын шийдвэрийн холбогдох мэдээллийг сумын газрын даамал Улсын бүртгэлийн ерөнхий газарт илгээн улсын бүртгэлийн дугаар олгож, улмаар газрын төлбөрийг ногдуулж, нэхэмжлэх үүсгэсэн болно. Иймд “Э” ХХК-ийн ашиглаж буй газарт ногдуулсан газрын төлбөрийн ногдуулалт, татварын удирдлагын системд үүсгэсэн нэхэмжлэлүүд хууль тогтоомж зөрчсөн нөхцөл байдал байхгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

5.Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 115/ШШ2025/0004 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 23 дугаар зүйлийн 23.4.2, 35 дугаар зүйлийн 35.3.3, 45 дугаар зүйлийн 45.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Дорноговь аймгийн Татварын газарт холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн Татварын газрын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” 01/147 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/343 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2025/0225 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 115/ШШ2025/0004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.  

Хяналтын журмаар гаргасан гомдол:

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

7.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

7.2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч шүүхэд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга хэмээн нэг бие даасан субьектийг хариуцагчаар татсан. Гэтэл шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Н.О нар шүүх хуралдаанд орсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг төлөөлөгчийг нэг л этгээд төлөөлнө. Гэтэл хариуцагчаар татагдсан нэг субъект болох Засаг даргыг хоёр этгээд төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хууль ёсны байх зарчмыг зөрчсөн ноцтой зөрчил.

7.3.Шүүх магадлалдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө” гэж заасан тул хэдэн ч төлөөлөгч төлөөлж болно буюу “Засаг дарга”-ыг хувь хүн бус байгууллага гэж дүгнэсэн нь илтэд буруу дүгнэлт гэж үзэж байна.

7.4.Захиргааны шүүхийн зорилго захиргааны хууль бус үйл ажиллагаанаас хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах, эрх зүйн үр нөлөөтэй, өргөн хүрээтэй хамгаалалтыг баталгаажуулах, ингэснээр төрийн үйл ажиллагаа хууль ёсны байх эрх зүйт төрийн зарчмын хэрэгжилт илүү бодит байх нөхцөлийг бүрдүүлдэг. Хариуцагч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга нийтийн албан тушаалтан тул захиргааны байгууллагын төлөөлөл гэж үзэх бөгөөд түүнээс гарч буй шийдвэр, эрх зүйн акт нь төрийн байгууллагаас гарч буй захиргааны үйл ажиллагаа мөн.

7.5.Даланжаргалан сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/138 дугаартай захирамжаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд газрыг эзэмшүүлж, газар эзэмшигчтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгон газрыг зориулалтын дагуу эзэмшүүлэхийг даалгасан захирамж гарсан. Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн дагуу гэрээ байгуулж, ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайдаа газар ашиглах гэрээ байгуулаагүй, гэрчилгээ гардаж аваагүй. Газрын асуудалтай холбоотой маргаан 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хууль, шүүхийн байгууллагын маргаантай буйн улмаас үйл ажиллагаа алдагдсан. Ийнхүү ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй байхад Дорноговь аймгийн Татварын газраас 357,811,475 төгрөгийн газрын төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

7.6.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “ашигт малтмал ашиглах гэдэг нь газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг”, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ашиглана гэж хуульчилсан.

7.7.Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4-т зааснаар “Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно”, 9 дүгээр зүйлийн 1-д “газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-8 заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж заасны дагуу манай компани уурхайн эдэлбэр талбайд өнөөдрийг хүртэл ашиглалт хийж үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд хууль тогтоомжийн дагуу газрыг ашиглаагүй, төлбөр төлөх үүрэг үүсээгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 231 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

9.Дараах үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

10.Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Газрын хэвлий, ой, ус, хийн мандлын агаар, ургамал, амьтан, байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тус тус зааснаас үзэхэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд холбогдох газар эзэмших, ашиглах эрхийн агуулгыг нарийвчилсан зохицуулалттай хууль болох Ашигт малтмалын тухай хуулиар тодорхойлохоор байна.

11.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” гэж, 4.1.19-д “уурхайн эдэлбэр гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтоцын хэсгийг” гэж, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (2006) хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т сумын Засаг даргын бүрэн эрхийг “эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасны дагуу эдэлбэр газар олгох” гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4-т “Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно” гэж тус тус хуульчилсан.

12.Эдгээр зохицуулалтаас нэгтгэн дүгнэвэл ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалыг ашиглах, тухайлбал олборлох үйл ажиллагаа явуулах “уурхайн эдэлбэр” газрын хэмжээгээр газар ашиглах эрхтэй. Харин Засаг дарга нь тухайн уурхайн эдэлбэр газрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох чиг үүргийг хэрэгжүүлэх агуулгатай байна. Улмаар газрын төлбөрийг дээрх хууль тогтоомжид заасан журмын дагуу олгогдсон “уурхайн эдэлбэр” газрын хэмжээгээр ногдуулж, төлөхөөр байна.

13.Энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ХТ-11 дүгээр тогтоолд уурхайн талбай болон уурхайн эдэлбэрийг ялгаатай ойлголт болохыг тэмдэглэж, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр газар олгож, гэрээг байгуулах үүрэгтэй бөгөөд уурхайн талбайн хэмжээгээр олгогдсон газрын төлбөрийг төлөхийг мэдэгдсэн нь хууль бус гэж хууль хэрэглээний хувьд дүгнэсэн нь энэ хэрэгт нэгэн адил хамааралтай.

14.Маргаан бүхий тохиолдолд хариуцагч Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/138 дугаар захирамжаар нэхэмжлэгчид түүний Даланжаргалан сум дахь MV-***, MV-***, MV-*** дүгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд тус бүр 202.5 га, 13.1 га, 2034 га газрыг эзэмшүүлсэн нь дээрх уурхайн эдэлбэр газрыг олгох журамтай нийцээгүйн дээр тус захирамжид үндэслэн газрын төлбөрийг уурхайн эдэлбэрээр бус уурхайн талбайн хэмжээгээр тооцож ногдуулах үндэслэл болжээ.

15.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан. Дээр дурдсанаар уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр газрын төлбөрийг ногдуулах учиртай ч уурхайн талбайн хэмжээгээр газар эзэмшүүлсэн, мөн уурхайн эдэлбэр газрын хэмжээг тодорхойлоогүй байх тул энэхүү үйл ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.

16.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21/01 дүгээр албан бичгээр “ашиглалтын тусгай зөвшөөрлүүдтэй талбайд уурхайн эдэлбэр газрын гэрээ байгуулах хүсэлтэй байгаа” гэж уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр гэрээ байгуулахаар хариуцагч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргад хандсан байх учир энэ хүрээнд уурхайн эдэлбэр газар олгох үйл ажиллагааг дахин шийдвэрлэх боломжоор хангах, улмаар түүнд үндэслэн газрын төлбөр ногдуулж, татвар хураах ажиллагааг явуулах нь хуульд нийцнэ.

17.Нөгөөтээгүүр нэхэмжлэгчээс “гэрээ байгуулаагүй, гэрчилгээ гардаж аваагүй, газрын маргаантай улмаас газрыг ашиглаагүй” гэх агуулгаар газрын төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэж гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй. Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-т “Газрын төлбөрийг эзэмшил, ашиглалтад олгосон газрынх нь нийт хэмжээгээр тооцно” гэж заасны дагуу уурхайн эдэлбэр газрыг тодорхойлж олгосон тохиолдолд бодитоор ашиглаж, үйл ажиллагаа явуулсан эсэхээс үл хамааран газрын төлбөр төлөх үүрэгтэй.

18.Иймд Дорноговь аймгийн Татварын газрын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/147 дугаар “өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” шийдвэр (албан бичиг)-ийг дээр дурдсан үндэслэлийн дагуу дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журмын тухайд:

19.Хариуцагч Даланжаргалан сумын Засаг даргаас энэ тогтоолын хянавал хэсгийн 11-д заасан хууль, тогтоомжийн дагуу нэхэмжлэгчийн уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр газар ашиглуулах шийдвэрийг дахин гаргаж, Улсын бүртгэлийн цахим санд илгээх шаардлагатай. Ингэхдээ нэхэмжлэгчийн зүгээс уурхайн эдэлбэр газрын хэмжээ, газрын эргэлтийн цэгийг баталгаажуулахад шаардлагатай мэдээллийг хариуцагч Засаг даргад шинэчлэн хүргүүлэх ёстой.

20.Үүнийг үндэслэн хариуцагч Дорноговь аймгийн Татварын газар Улсын бүртгэлийн цахим санд шинээр бүртгэгдсэн газрын хэмжээгээр газрын төлбөрийг ногдуулах арга хэмжээг авч энэ шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 115/ШШ2025/0004 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2025/0225 дугаар магадлалын тогтоох хэсгийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Дорноговь аймгийн Татварын газрын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/147 дугаар “өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” шийдвэр (албан бичиг)-ийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болохыг дурдсугай” гэж, 2, 3, 4 дэх заалтын дугаарыг 3, 4, 5 болгон өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Х.БАТСҮРЭН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                       Ц.ЦОГТ