Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 85

 

 

П.П-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхүү, хохирогч Б.Ариунболд, 

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоол,

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 156 дугаар магадлалтай, 201523000107 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.Ариунболдын гомдлоор хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт П-ийн П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан “Танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Пыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5-д зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч П.Паас 1,296,737 төгрөг гаргуулж хохирогч Б.А-д олгож шийдвэрлэжээ.

 

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд: “П.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 4 жил 8 сарын хорих ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт, “П.Пад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар оногдуулсан 4 жил 8 сарын хорих ялаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг хасаж, П.Пын биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсэн байна.

 

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг, өмгөөлөгч Ж.Батхүү нарын саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хохирогч Б.Ариунболд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Давж заалдах шатны шүүх П.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Надад хүнд гэмтэл учруулсан бөгөөд мэс засалд орсноос хойш толгой маань тал ясгүй явж байгаа. Дахин мэс засалд орох шаардлагатай байгаа боловч уг гэмтлийг Монголд эмчлэх боломжгүй гэж ГССҮТ-ийн эмч нар хэлсэн. Одоогоор биеийн байдал сайжраагүй, унаж татдаг, байнгын эмчилгээтэй, эмээр өдөр хоногийг өнгөрөөж, хөдөлмөрийн чадваргүй болж ээжийнхээ асрамжид байдаг болсон. П.П нь хохирол төлбөрт анх шалгагдаж байх үед эмчилгээний зардал мөнгө бага багаар төлдөг байсан ч энэ нь эмчилгээний зардалд хүрээгүй. Түүнд гомдол саналгүй гэж мөрдөн байцаалт болон шүүхэд ямар нэг байдлаар илэрхийлээгүй байхад шүүх ялыг хөнгөлсөнд гомдолтой байна. П нь хийсэн хэрэгтээ огт гэмшихгүй байгаа гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулж, үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхүү хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Шүүгдэгч нь хэрэг үйлдэх үедээ 19 настай байсан. Хувийн байдлын хувьд хагас өнчин, ээж, эгч, дүүтэйгээ амьдардаг. Хэрэгт холбогдох үедээ “Аварга биеийн тамирын дээд сургууль”-ийн 1 дүгээр курсийн оюутан байсан. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсгийн хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 551 дүгээр зүйлийг хэрэглэсэн. Хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж ял оногдуулсан. Хэргийн зүйлчлэл тохирсон. Энэхүү хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

П.Пад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзэхэд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй байна.

 

П.П нь 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт танхайн сэдэлтээр Б.А-ын толгой руу цохиж “баруун зулай, чамархай ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт” бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч П.П-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар зөв зүйлчилж, хуульд заасан хэмжээний ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. 

 

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах” үндсэн нөхцөл болох “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан” байдал тогтоогдоогүй, хохирогч энэ талаар мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад ямар нэгэн хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад “гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн байна” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Түүнчлэн шүүх хохирогч Б.А өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж дүгнэн П.П-аас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу байх тул нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “3,432,863 төгрөгийн баримт бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж хэргийн оролцогч тухайлбал хохирогчийн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан дүгнэлт хийснийг “иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй” гэж зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч П.П-ын үйлдсэн гэмт хэрэг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д хамаарч байх тул эдлэх ялаас 2 жилийг өршөөн хасч, хохирогч Б.А-ын гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2, 350.1.3-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

 Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 156 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолд “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар оногдуулсан 7 жил 1 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасч, хохирогч Б.Ариунболдын өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.П-аас 296,737 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-д олгосугай.” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Т.УРАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                          Д.ГАНЗОРИГ