Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/00993

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/02353 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* НҮТББ-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгох тухай,

иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний бие *******д 2012 оны 06 сард бартерын мэргэжилтэн, 2015 оны 10 сарын 01-ний өдрөөс экспорт, импортын барааны магадлан шалгах газарт эксперт, ахлах экспертээр, 2018 оноос Хэрэглэгч үйлчилгээний газарт ахлах ачаа шалгагч /эксперт/-аар ажиллаж байгаад Танхимын гүйцэтгэх захирлын 2024 оны 08 сарын 12-ны өдрийн 5/151 дугаар тушаалаар ажлаас халагдсан. Дээрх тушаалд намайг ажил үүргийн дагуу 1274 болон 1943 тоот актыг үйлдэхдээ экспертизийн үйлчилгээ үзүүлэх журам, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэсэн байх боловч ямар зүйл, заалтыг зөрчсөн болохыг заагаагүй. Үүнээс гадна миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадалгаагаар 2024 оны 07 сарын 29-ний өдрөөс 08 сарын 26-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлөгдсөн байх хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг гаргасан байдаг. Миний бие Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 09 сарын 25-ны өдөр хандаж, 2024 оны 10 сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцээд талууд харилцан тохиролцоогүй болно.

Иймд, Хэрэглэгч үйлчилгээний газрын ахлах ачаа шалгагч /эксперт/-ийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: ******* нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам зэргийг ноцтой зөрчиж, ажлын байрны тодорхойлолтод хамааралгүй чиг үүрэг хэрэгжүүлсэн нь тогтоогдсон. *******гийн үйлдсэн 2022 оны 11 сарын 25-ны өдрийн 1274 тоот, 2024 оны 03 сарын 26-ны өдрийн 1943 тоот дүгнэлтүүд нь *******ын даргын 2018 оны 05 сарын 04-ний өдөр баталсан А/80 дугаартай Экспертизийн үйлчилгээ үзүүлэх журмын 1.1, 2.4, 3.7, 3.14, 5.1.2, 5.1.4-д тус тус заасныг зөрчсөн. Мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 сарын 04-ний өдрийн А/275 тоот тушаалаар баталсан Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-ын 5.30-т "Барааны тоо хэмжээ дутсан, жин багассан, хагарсан, гэмтсэн болох нь гаалийн шалгалтаар илэрсэн тохиолдолд *******аас экспорт, импортын барааны too, чанарын талаар магадалгаа гаргуулан авч, тодотгох тоо хэмжээг мэдүүлгийн F хүснэгтэд оруулна" гэж заасан ба ачаа шалгагч нарын үйл ажиллагаа зөвхөн дээрх зорилгоор гаалийн нутаг дэвсгэрт хэрэгждэг ажиллагаа болно. Өөрөөр хэлбэл, ******* нь Экспертизийн үйлчилгээ үзүүлэх журмаар зохицуулсан харилцаанд хамааралгүй асуудлаар хууль бус дүгнэлт гаргаж, хувийн болон бусдын ашиг сонирхлын үүднээс хууль бус сертификат олгосон. ******* нь дээрх актуудыг үйлдсэн болохоо 2024 оны 05 сарын 20-ны өдрийн ажлын хэсгийн хуралд, 2024 оны 07 сарын 01-ний өдөр бичгээр гаргасан тайлбараар хүлээн зөвшөөрсөн. *******гийн үйлдсэн 1274, 1943 тоот дүгнэлтүүд нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.1-д "Ажлын байрны тодорхойлолтод заасан болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шаардлагын хэмжээнд гүйцэтгэж, өөрийн мэдлэг чадвар, бололцоог дайчлан хариуцсан ажилдаа чин сэтгэлээсээ өөриймсөг хандаж ажиллах", 3.1.4-д "Ажил олгогчийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдох дүрэм, заавруудтай сайтар танилцаж мэдсэн байх ба өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэхдээ баримтлан ажиллах" гэж заасныг зөрчиж, гэрээний 4.2, 4.2.2-т заасан "Ажил олгогчийн Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажилтны ёс зүй, бусад дүрэм журам, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгааг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн нь тогтоогдсон" гэх ноцтой зөрчил үйлдсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, хөдөлмөрийн дотоод журмын 14.1, 14.1.2, 14.1.3-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадалгаагаар 2024 оны 07 сарын 29-ний өдрөөс 08 сарын 26-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлөгдсөн байх хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг гаргасан" гэж дурдсан байна. Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.1, 6.2.2-т заасны дагуу ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн цалинтай болон цалингүй чөлөөг олгодог. Нэхэмжлэгч нь энэ хугацаанд нэг ч удаа чөлөө авах тухай хүсэлт гаргалгүй ажил тасалсан.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан *******г *******ын хэрэглэгч үйлчилгээний газрын ахлах ачаа шалгагчийн ажлын байранд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг удаа дараа зөрчсөн ажилтны хууль бус дүгнэлтүүдийг ажил олгогчийн үйл ажиллагаанд саад учруулсан, хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр болсон. Тухайлбал, ажил олгогчийн үйл ажиллагаанд саад учруулсан нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам зөрчсөнийг хэлж байгааг шүүх буруу тайлбарласан байна.

4.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа миний бие 2024 оны 07 сарын 29-ний өдрөөс 08 сарын 26-ны өдрүүдэд өвчтэй байсан гэж маргадаг. Мөн хариуцагч талаас үүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д заасныг анхан шатны шүүх хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан 4 хоног өнгөрсөн гэдэг дүгнэлт нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх хугацааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

4.3. Нэхэмжлэгчээс ирүүлсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 сарын 16-ны өдрийн 19771 дугаар захирамжийн хуулбарыг шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн мөртлөө анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн баримтыг дүгнэж, нэхэмжлэгчийг гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн байна.

4.4. Хариуцагчаас ирүүлсэн Хөндлөнгийн шалгалтын /экспертиз/ үйлчилгээг сайжруулах үр ашгийг нь нэмэгдүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх ажлын хэсгийн дүгнэлтийн хуулбар, Хөндлөнгийн шалгалтын /экспертиз/ үйлчилгээг сайжруулах үр ашгийг нь нэмэгдүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх ажлын хэсгийн хурлын 2024 оны 05 сарын 20-ны өдрийн протоколын хуулбар, ажлын хэсгийн хурлын 2024 оны 07 сарын 05-ны өдрийн тэмдэглэлийн хуулбаруудыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж анхан шатны шүүх үзсэн. Хариуцагч тал эдгээр баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасны дагуу хуульд нийцсэн баримтыг гаргаж өгсөн. Мөн нотариатаар "хуулбар үнэн" даруулъя гэхэд эдгээр баримтыг баталж өгөөгүй гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

4.5. Хариуцагч талаас гаргаж өгсөн и-мэйл хаягаар харилцан зурвасыг мөн адил нотлох баримтын шаардлага хангаагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Хариуцагчаас энэ и-мэйлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу үзлэг хийлгэх хүсэлтийг шүүх хэрэгт хамааралгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай.

Иймд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Захиалагч утсаар, амаар, бичгээр захиалга өгсний дагуу утсаар, бичгээр үйлчилгээгээ үзүүлдэг. Экспертизийн журамд заасан хариу тайлбарыг өгсөн. 1274 дугаар дүгнэлт нь 2023 онд гарсан ба 2024 оны 05 сард хоёр дүгнэлтийг зэрэг шалгаж үзээд ноцтой зөрчил гэж үзсэн. Ноцтой зөрчлийн хугацааг байгууллага мэдсэн бол нэг сарын дотор арга хэмжээ авах ёстой. Захиргааны арга хэмжээг хоёр сар хэтрүүлээд 07 сард авсан. 1274 дугаар дүгнэлтээр ******* ХХК-ийн мөнгөний нийлүүлэлтийн хугацааг тодорхойлсон, нийлүүлэлтийн хугацааг тодорхойлно гэж журамд заасан байгаа. Банкны экспертизийн үйлчилгээг хариуцагч тал нь зөвхөн банк хүсэлт гаргасны дараа бид нар үйлчилгээ үзүүлэх ёстой гэж байна. Үүний дагуу ямар ч нөхцөлд бид нар шинжээчийн үүргийг гүйцэтгэх ёстой. Ээлжийн амралтаа авъя гэж хүний нөөцөд хүсэлтээ гаргасан, дараа нь амаар болон мессенжер чатаар бичсэн, хэрвээ надад захиргааны арга хэмжээ авах гэж байгаа бол би эрхээ эдлээд ээлжийн амралтаа авна, ээлжийн амралттай хугацаанд сунгагдаад орж ирсний дараа хариуцлага хүлээлгэх ёстой. Гэтэл миний ээлжийн амралтыг өгөөгүй Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Миний утас 24 цаг нээлттэй байдаг ба над руу залгаагүй. 1274, 1943 дугаартай дүгнэлтүүд нь ижил төстэй дүгнэлттэй байнга гардаг байсан. Өмнөх гаргасан акт, экспертүүдтэй харьцуулалт хийгээгүй, хэрвээ үүнийг буруу гэж үзсэн бол 2023 оны 07 сард гарсан байгалийн гамшиг үерт бид нарыг ажиллуулсан. Журамдаа бол байгалийн гамшиг дээр голомтод нь ажиллана гэсэн экспертизийн журам байхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* НҮТББ-д холбогдуулан хэрэглэгч, үйлчилгээний газрын ахлах ачаа шалгагчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2022 оны 04 сарын 01-ний өдөр ХГ-22-58 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, ******* нь хэрэглэгч, үйлчилгээний газарт ахлах ачаа шалгагчаар ажиллах, ******* НҮТББ нь ажлын хэвийн нөхцөлөөр хангаж, 1,650,000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцжээ.

4. Улмаар, ******* НҮТББ-ын гүйцэтгэх захирлын 2024 оны 08 сарын 12-ны өдрийн 5/151 дугаар тушаалаар *******тэй байгуулсан ХГ-22-58 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-г цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.

5. Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 14.1, 14.1.2, 14.1.3, Хөдөлмөрийн гэрээний 3.1.1, 3.1.4, 4.2, 4.2.2, 4.2.26-д заасныг тус тус үндэслэж, ... *******гийн үйлдсэн 2022 оны 11 сарын 25-ны өдрийн 1274 тоот, 2024 оны 03 сарын 26-ны өдрийн 1943 тоот актууд нь Экспертизийн үйлчилгээ үзүүлэх журам, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн ... тухай дурджээ.

6. Ажилтан ******* нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд анх шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хэргийн 11-12-р талд авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 сарын 16-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 183/ШЗ2024/19771 дугаар захирамжийн хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн тус захирамжийн үнэн зөвийн талаар хариуцагч тал маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.4-т тус тус зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ.

Хариуцагчийн төлөөлөгч нь хариу тайлбартаа ... ******* нь дээрх актуудыг үйлдсэн болохоо 2024 оны 05 сарын 20-ны өдрийн ажлын хэсгийн хуралд, 2024 оны 07 сарын 01-ний өдөр бичгээр гаргасан тайлбараар хүлээн зөвшөөрсөн ... гэж дурдаж, холбогдох ажлын хэсгийн хурлын протокол /2024.05.20/, ажлын хэсгийн хурлын тэмдэглэл /2024.07.05/ зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ.

Иймд, тушаалд дурдагдсан 2022 оны 11 сарын 25-ны өдрийн 1274 дугаартай экспертизийн дүгнэлт, 2024 оны 03 сарын 26-ны өдрийн 1943 дугаартай экспертизийн дүгнэлтийн талаар ажил олгогч нь 2024 оны 05 сарын 20-ны өдөр мэдсэн гэж үзнэ.

8. Дээрхээс үзвэл, хариуцагч ******* НҮТББ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасныг зөрчиж ажилтан *******д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Иймд, нэхэмжлэгч *******г урьд эрхэлж байсан хэрэглэгч, үйлчилгээний газарт ахлах ачаа шалгагчийн ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдэл хууль зүйн үндэслэлтэй.

9. Хариуцагч талын гаргасан ... анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д заасан ажилтан эмнэлгийн магадлагаатай байх хугацаанд мөн хуулийн 123.4-т заасан хугацаа тасалдах зохицуулалтыг анхаараагүй ... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангахгүй.

Учир нь, хариуцагчийн төлөөлөгч нь ... Нэхэмжлэгч нь энэ хугацаанд нэг ч удаа чөлөө авах тухай хүсэлт гаргалгүйгээр ажлыг тасалсан. ... Нэхэмжлэгч чөлөө олгох тухай хүсэлт болон эмчийн магадлагаагаа гаргаж өгөөгүй тул ажил тасалсан гэж үзэж байна ... гэсэн хариу тайлбарыг шүүхэд гаргасан байдаг тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д заасан зохицуулалтыг хэрэглэхгүй.

10. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/02353 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ******* НҮТББ-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ.

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 Д.НЯМБАЗАР