| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/0105/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/105 |
| Огноо | 2019-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,
шүүгдэгч Х.Б, Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуутраг овогт Д.Н, Харчин овогт Х.Бнарт холбогдох эрүүгийн 1807004560110 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Увс аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8Б байр 56 тоотод ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, Зуутраг овогт Д.Н,
Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 45-6 тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, Урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн ********** дугаартай, Харчин овогт Х.Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх Тэрэлж” амралтын газарт 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчимд Х.Б, О.Н нартай хувийн таарамжгүй харилцааны умаас маргалдаж улмаар Х.Бийг зодож нүүр, цээж, хэвлий, нуруунд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,
мөн О.Нийн гарыг хазаж зодож зүүн сарвуунд шарх, нүүр, хүзүүнд зулгаралт, дух, зүүн шуу, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан.
Шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх Тэрэлж” амралтын газарт 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчимд Д.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Д.Нгийн эзэмшлийн эд хөрөнгө болох 92-99 УНА улсын дугаартай Соната-6 маркын тээврийн хэрэгслийн салхины шилийг цементэн блокны хагархай хэсгээр 2 удаа цохиж хагалж хууль бусаар устгасан, дээвэр, капуд зэргийг нь гэмтээж 442.800 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2018 оны 8 дугаар сард бид хамт олноороо Тэрэлж рүү амралтын газар очин ууж согтуурснаас болж хоорондоо маргалдаж зодолдсон. Дараа нь бид уулзаж ярилцан хохирлоо барагдуулсан. Одоо гомдол, саналгүй болцгоосон” гэв.
Шүүгдэгч Х.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Д.Н, манай эхнэр О.Н, охин Б.Дүнжмаа, бид 4 муудалцсан. Тэгээд Д.Нг “явах гэж байна” гэхээр нь би согтуу гүйж очоод машиных нь шилийг чулуугаар хагалсан. Хохирлыг барагдуулсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Нгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр цайз модны зах дээр наймаа хийдэг 30 орчим хүн нийлээд Тэрэлжид амралтын газар очсон. 14 цагийн орчимд тухайн амралтын газар очсон. 17 цагийн орчимд хорхог болоод бид нар идсэн. Сагс тоглох нь тоглоод сууж юм ярих нь яриад архи дарс бас уусан. Хорхог хийж байсан залуу хөлөө түлээд эмнэлэг рүү явсан. Архи уугаад сууж байх үедээ би Батмөнхөд хандаж танайх тоосго ойрд их сайн зарж байгаа шүү гэж хэлэхэд Х.Бсайн зарж байгаа шдээ чамд хамаагүй дөрвөд авгай минь гэж хэлснээс болоод бид хоёр муудалцаад маргалдсан. Х.Ббосоод явсаны дараа охин нь ирээд та юу яриад байна гэхээр нь чи илүү жоохон юм байж гэж хэлээд нүүр рүү нь алгадсан чинь намайг үсдээд дарсан. Зууралдаж байгаад Батмөнхийн охиноос салсан. Х.Бирээд охиноо өмөөрөөд намайг үсдээд доошоо дарсан. Би гарыг нь тавиулах гээд Батмөнхтэй зууралдаж байх үедээ маажчихсан байсан. Х.Бхолдоод явахаар нь эхнэртэй нь муудалцсан. Намайг үсдээд дараад тавихгүй байхаар нь зүүн гарнаас нь хазсан чинь цус гарсан чинь Х.Бгүйж ирээд эхнэрийнхээ гарыг пудволкоороо боож байсан. Цагдаа удалгүй ирээд бид нарыг дүүргийн цагдаа дээр авч ирсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 155 дугаар хуудас/
Шүүгдэгч Х.Бийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр цайз зах дээр наймаа хийдэг хүмүүс бөөнөөрөө Тэрэлжид байх “Мөнх тэрэлж” амралтын газар очсон. Тухайн газар очоод бид нар архи дарс ууж бас хорхог хийсэн. Хорхогонд Үнэнжаргал гэх залуу түлэгдээд хот руу боолт хийлгэх гээд явсан. Бид нар архи уугаад тойроод сууж байхад Д.Н надад хандаж чи тоосгонд арай их яваад байна. Өдөрт 1-2 удаа яваад байна. Д.Н өөрийгөө түрээсийн машинаар 7 хоногт хоёр удаа явж чадахгүй байна гэж хэлэхээр нь энд ийм юм ярих газар биш балай дөрвөд авгай минь гэж хэлчээд би босоод холдсон. Эргээд харахад миний төрсөн охин Дөнжмааг Д.Н үсдэж дараад газар мөргүүлж байхаар нь би очиж салгаад Д.Нг охиноосоо холдуулсан чинь миний цээжийн дээр маажсан. Охин уйлаад мод руу ороод явчихаар нь араас нь явах гэхэд гэр дотор эхнэр Наранцэцэг орилохоор нь гэр рүү яваад ороход Д.Н эхнэр Наранцэцэгийн зүүн гарнаас хазаад тавихгүй сэгсэрээд байхаар нь би хоёр завжинд нь гараа хийж байгаад татаад тавиулсан. Д.Нгийн үснээс зулгаагаад зуухны хажуу руу унагаасан. Эхнэрээс салгах гэж оролдож байхад Д.Н миний цээжин хэсэгт хэд хэдэн удаа маажсан. Цэнхэр пудволкоо ураад эхнэрийн шархан дээр тавьж боосон. Д.Н явах гэж байна гэхээр нь зогсоол руу гүйгээд очиход Д.Н машин дээрээ ирээгүй байсан. Миний уур хүрээд газар байсан цементэн блокны хагархай аваад урд шилэн дээр нь 2 удаа цохисон. Тэгээд буцаад мод руу орж охиноо олж аваад эхнэр дээрээ очиход гар нь аймар болчихсон байхаар нь цагдаа дуудсан. Цагдаа ирээд эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 161-162 дугаар хуудас/
Хохирогч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай цайз захын барилгын материал, түлээ нүүрс зардаг хүмүүс нийлж Тэрэлж рүү салхинд гараад орой нь би Наранцэцэг гэх цайз зах дээр түлээ, нүүрс барилгын материал зардаг хүнтэй маргалдсан. Түүний нөхөр Х.Б миний эзэмшлийн 92-99 УНД улсын дугаартай Хюьндэй Соната-6 маркын мөнгөлөг өнгийн машины урд салхины шил болон дээвэр хэсгийг мөн урд копудыг хагалж, зураас гарган миний эд хөрөнгийг явган хүний замын хавтангаар цохиж эвдэлж сүйтгэсэн. Тэгээд бид нар цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 17 дугаар хуудас/,
Хохирогч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын Цайз зах дээр барилгын материал зардаг хүмүүс нийлээд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мөнх Тэрэлж” амралтын газар очиж амарцгаасан. Амралтанд очоод хоол унд идээд, архи дарс ууцгаагаад орой 20 цагийн орчимд би Цайз зах дээр тоосго зардаг Д.Н гэх эмэгтэй хүнтэй маргалдаад би босоод жоохон зайтай очоод зогссон. Тэгээд эргээд хартал манай охин Дүнжмааг зодож байгаа харагдсан. Тэгэхээр нь Д.Н руу очоод үснээс нь татаад унагаачихсан. Тэгсэн чинь манай охин Дүнжмаа босоод хэрүүл маргаан болж байсан газраас холдоод гүйгээд явчихсан. Энэ үед Дариа гэж мөн Цайз зах дээр блок хийдэг эмэгтэй хүн миний ардаас ирээд намайг үсдээд Д.Нгаас салгасан. Манай эхнэр Д.Н, Наранцэцэг нар маргалдаад гэрт орсон. Би охиныхоо араас явж олж авчраад Д.Н, Наранцэцэг нарын байсан гэрээс өөр гэрт оруулсан. Тэгээд эхнэрийнхээ байгаа гэрт ортол Д.Н манай эхнэр Наранцэцэгийн зүүн гарнаас хазчихсан тавихгүй байж байсан. Би гүйж очоод Д.Нгийн хоёр хацар руу нь хуруугаараа дарж байж тавиулсан. Тэгээд манай эхнэрийн гарыг тавингуут би Д.Нгийн үснээс зулгаагаад эхнэрээсээ холдуулсан. Тэгээд би өөрийн өмсөж байсан пудволкоо тайлаад эхнэрийнхээ гарыг боогоод байж байтал гэрийн гаднаас нэг хүн Д.Н явлаа гэж хэлэхээр нь наадах чинь манай эхнэрийн гарыг хазаж гэмтээчихээд яахаараа явдаг юм гэж хэлээд машиных нь хойноос гүйж байхдаа газраас явган хүний зам өрдөг хавтангийн тал хэвтэж байхаар нь авч очоод Д.Нгийн машиных нь шилийг хагалсан. Тэгээд эхнэрийнхээ гарыг бинтээр боогоод цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-21-22 дугаар хуудас/,
Хохирогч О.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Цайз захын барилгын материал, түлээ нүүрс зардаг хүмүүс бөөнөөрөө Тэрэлж рүү салхинд гараад орой Д.Н гэх хүн миний зүүн гарыг хазаж гэмтээсэн бас нүүрэнд маажиж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-24 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Дүнжмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн аав Х.Б, ээж О.Н нарын хамтаар Улаанбаатар хотоос Налайх дүүргийн 6 дугаар хороо “Мөнх Тэрэлж” амралтанд амрахаар ирсэн юм. Тэгээд амралтанд амарч байгаад орой 21 цагийн үед манай аав Х.Б хамт ажилладаг Д.Н гэх хүнтэй тоосгоны талаар яриад маргалдаад байсан. Тэгээд маргалдаад тэд муухай үгнүүд хэлээд л маргалдаад байсан. Энэ үед би бөмбөгөөр тоглож байсан чинь гэнэтхэн Д.Н гэх хүн миний хажууд ирээд миний араас үсдээд газар унагаагаад миний дээр гарч суучихаад миний үснээс зулгаагаад толгойгоор газар мөргүүлээд байсан юм. Энэ үед манай аав Х.Бирээд надаас Д.Н гэдэг хүнийг салгасан. Тэгээд би уйлаад мод руу гүйгээд орчихсон юм. Би модноос эргэж ирээд нэг гэрт ороод суучихсан байхад хажуу талын гэрт манай ээжийн гарыг Д.Н гэдэг хүн хазчихсан юм. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-30 дугаар хуудас/,
Гэрч Ц.Дариймаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Тэрэлж рүү цайз захын хүмүүс нийлээд “Мөнх Тэрэлж” амралтанд очоод хоол унд идэцгээгээд, архи, пиво ууцгаасан. Тэгээд 20 цагийн үед Батмөнх, Д.Н нар хоорондоо хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би та хоёр хэрүүл хийхээ болиоч гээд хэлсэн чинь чинь Х.БД.Н бид хоёрыг заамдаж байгаад дараад уначихсан. Тэгээд би газарт унаад хэсэг ухаан алдах шиг болсон. Тэгээд нэг сэргээд босож ирээд мод руу гүйгээд явчихсан. Модны ойролцоо очоод эргээд нөгөө хэдийг харсан чинь Х.БД.Нг үснээс нь зулгааж байгаа харагдсан. Тэгээд би айгаад муудалцаж байсан хүмүүсээс холдоод яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа буцаж ирэхэд миний халаасанд байсан Д.Нгийн машины түлхүүр газар уначихсан байсан. Түлхүүрийг нь олоод Д.Нгийн машин руу очиход машиных нь шил хагарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
Гэрч Ц.Бат-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би болсон зодооныг хараагүй. Нялх хүүхэдтэй болохоор машинд сууж байсан. Би 92-99 УНД Улсын дугаартай автомашины хажуу талын машинд сууж байсан. Х.Бнэг дөрвөлжин цементээр Д.Нгийн машины урд талын салхины шилийг 2 удаа цохиж хагалсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/395 дүгээр:
“1. О.Нийн биед зүүн сарвуунд шарх, нүүр, хүзүүнд зулгаралт, зүүн шуу, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх зүүн сарвуунд шарх, нүүр, хүзүүнд зулгаралт гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, дух, зүүн шуу, баруун зүүн гуяны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/396 дүгээр:
“1. Х.Бийн биед нүүр, цээж, хэвлий, нуруунд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,
“Вэндо” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний №11160201 дугаар: “...уг автомашинд үзлэг хийх үед гадны нөлөөнд өртсөний улмаас урд салхины шил хагарсан, дээвэр хонхойсон, капуд халцарсан байдалтай байлаа...үнэлгээгээр тогтоогдсон дүн 442.800 төгрөг...” гэх тайлан /хх-56 дугаар хуудас/ Д.Нгийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-66 дугаар хуудас/, Д.Нгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-67 дугаар хуудас/, Д.Нгийн гэрлэлт бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-71 дүгээр хуудас/, Х.Бийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-123 дугаар хуудас/, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт /хх-124 дүгээр хуудас/, Х.Бийн гэрлэлт бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-126 дугаар хуудас/, Д.Нгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-136 дугаар хуудас/, Х.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-137 дугаар хуудас/, зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх Тэрэлж” амралтын газарт 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчимд Х.Б, О.Н нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Х.Б, О.Нийн нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Д.Нгийн өгсөн: “...Би гарыг нь тавиулах гээд Батмөнхтэй зууралдаж байх үедээ маажчихсан байсан. Х.Бхолдоод явахаар нь эхнэртэй нь муудалцсан. Намайг үсдээд дараад тавихгүй байхаар нь зүүн гарнаас нь хазсан чинь цус гарсан чинь Х.Бгүйж ирээд эхнэрийнхээ гарыг пудволкоороо боож байсан....” гэсэн мэдүүлэг, Хохирогч О.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Н гэх хүн миний зүүн гарыг хазаж гэмтээсэн бас нүүрэнд маажиж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Х.Бийн өгсөн: “.... Амралтанд очоод хоол унд идээд, архи дарс ууцгаагаад орой 20 цагийн орчимд би Цайз зах дээр тоосго зардаг Д.Н гэх эмэгтэй хүнтэй маргалдаад би босоод жоохон зайтай очоод зогссон. Тэгээд эргээд хартал манай охин Дүнжмааг зодож байгаа харагдсан. Манай эхнэр Д.Н, Наранцэцэг нар маргалдаад гэрт орсон. Тэгээд эхнэрийнхээ байгаа гэрт ортол Д.Н манай эхнэр Наранцэцэгийн зүүн гарнаас хазчихсан тавихгүй байж байсан. Би гүйж очоод Д.Нгийн хоёр хацар руу нь хуруугаараа дарж байж тавиулсан. Тэгээд манай эхнэрийн гарыг тавингуут би Д.Нгийн үснээс зулгаагаад эхнэрээсээ холдуулсан гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Дүнжмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аав Х.Б хамт ажилладаг Д.Н гэх хүнтэй тоосгоны талаар яриад маргалдаад байсан. Тэгээд маргалдаад тэд муухай үгнүүд хэлээд л маргалдаад байсан. Энэ үед би бөмбөгөөр тоглож байсан чинь гэнэтхэн Д.Н гэх хүн миний хажууд ирээд миний араас үсдээд газар унагаагаад миний дээр гарч суучихаад миний үснээс зулгаагаад толгойгоор газар мөргүүлээд байсан юм...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №08 шэ/395 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №08 шэ/396 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх Тэрэлж” амралтын газарт 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчимд Д.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Д.Нгийн эзэмшлийн эд хөрөнгө болох 92-99 УНА улсын дугаартай Соната-6 маркын тээврийн хэрэгслийн салхины шилийг цементэн блокны хагархай хэсгээр 2 удаа цохиж хагалж хууль бусаар устгасан, дээвэр, капуд зэргийг нь гэмтээж 442.800 төгрөгний хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Х.Бийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Н явах гэж байна гэхээр нь зогсоол руу гүйгээд очиход Д.Н машин дээрээ ирээгүй байсан. Миний уур хүрээд газар байсан цементэн блокны хагархай аваад урд шилэн дээр нь 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Б миний эзэмшлийн 92-99 УНД улсын дугаартай Хюьндэй Соната-6 маркын мөнгөлөг өнгийн машины урд салхины шил болон дээвэр хэсгийг мөн урд копудыг хагалж, зураас гарган миний эд хөрөнгийг явган хүний замын хавтангаар цохиж эвдэлж сүйтгэсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Бат-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 92-99 УНД Улсын дугаартай автомашины хажуу талын машинд сууж байсан. Х.Бнэг дөрвөлжин цементээр Д.Нгийн машины урд талын салхины шилийг 2 удаа цохиж хагалсан...” гэсэн мэдүүлэг, “Вэндо” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний №11160201 дугаар тайлан зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.Н, Х.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн яллах дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс Зуутраг овогт Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, Харчин овогт Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанд гэмт хэрэгт улсын яллагчаас Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, Х.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх хянан үзээд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцож Д.Н Х.Б нарыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол барагдуулсан” гэсэн байх тул шүүгдэгч нарыг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Б нь урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байх ба уг ялаа эдэлж дуусаагүй байхдаа өмнө нь үйлдсэн гэмт хэрэгтээ энэ шийтгэх тогтоолоор шийтгүүлж байх тул Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлүүдийг нэмж нэгтгэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэлийг оногдуулахад Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зуутраг овогт Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 /хоёр/ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Харчин овогт Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Бийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н, Х.Б нар нь шийтгэх тогтоолоор тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Д.Н, Х.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н, Х.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД