Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01056

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/02243 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 22,150,000 төгрөг гаргуулах,

Сөрөг шаардлага: илүү төлсөн 36,156,160 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний бие *******тай Голомт банканд хамт ажиллаж байхдаа 2022 оны 12 сарын 23-ны өдөр 5 хувийн хүүтэй 2,500,000 төгрөг, 2023 оны 01 сарын 09-ний өдөр 5 хувийн хүүтэй 2,500,000 төгрөг, 2023 оны 02 сарын 15-ны өдөр 5 хувийн хүүтэй 5,000,000 төгрөг, 2023 оны 05 сарын 03-ны өдөр 6 хувийн хүүтэй 10,000,000 төгрөг, 2023 оны 06 сарын 23-ны өдөр 8 хувийн хүүтэй 10,000,000 төгрөг, 2023 оны 07 сарын 08-ны өдөр 5 хувийн хүүтэй 8,000,000 төгрөг, нийт 38,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Уг мөнгийг ******* өөрийн Төрийн банкны ******* тоот, Голомт банкны *******тоот дансаар хүлээн авсан. ******* үндсэн зээл, хүүнд нийт 36,208,466 төгрөг төлж, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 22,150,000 төгрөгийг төлөхгүй байна.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 22,150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Бид хоёрын хооронд удаа дараагийн зээлийн харилцаа байсан. ******* миний нөхрийн бие 2018 онд муудаж, нөхрийгөө эмчлэхээр зээл авч байсан. Тухайн үед нарийн тооцоо хийдэггүй байсан, зарим нь хүүтэй, зарим нь хүүгүй зээлж байсан. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар зээл олгосон бол заавал бүртгүүлэх ёстой.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: *******ээс мөнгө зээлж байсан нь үнэн боловч бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй. Зээлдүүлсэн мөнгийг буцаан өгсөн, илүү төлсөн мөнгөө буцааж авч, өр төлбөртөө өгмөөр байна. Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн заалттай тул надаас хүү шаардах эрхгүй. 2018 оны 09 сарын 25-ны өдрөөс 2023 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл *******ээс 340,681,000 төгрөг зээлж авч, *******т 376,837,160 төгрөгийг шилжүүлсэн.

Иймд илүү төлсөн 36,156,160 төгрөгийг буцаан гаргуулж авна гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: ******* нь аав эмнэлэгт хэвтсэн, эмнэлэгт үзүүлэх, хагалгаанд орох хэрэгтэй байна гэх зэргээр яаралтай хүүтэй мөнгө олоод өгөөч гэж гуйхаар нь хамт ажилладаг, өмнө нь манай аавыг хагалгаанд орохоор явахад тусалж хүүтэй мөнгө зээлдүүлж байсанд нь талархаж өөрийн найз нөхөд, хамаатан саднаас хүүтэй мөнгө зээлээд *******д өгдөг байсан. Түүнээс биш би дундаас нь нэг ч төгрөгийн ашиг хонжоо олж байгаагүй. Одоо ч гэсэн *******гаас болж өөрийн найз нөхдийн нүүрийг харж чадахгүй, залилагч мэтээр дуудуулж байна. Яаралтай мөнгөний хэрэг байна гэхээр нь тусалж байсан миний энэ сэтгэлийг бодохгүй, шунахай хүн мэтээр бичиж байгаад гомдолтой байна.

Иймд сөрөг нэхэмжлэл бодит үнэнд нийцэхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас 1,791,534 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 20,358,466 төгрөгийн үндсэн, 36,156,166 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 43,615 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

6.1. Зохигчийн хэн аль нь 2022 оны 12 сараас 2023 оны 07 cap хүртэлх хугацаанд 38,000,000 төгрөгийн зээл авсан талаар маргадаггүй, мөн хариуцагч ******* нь зээлийн төлбөрт 38,000,000 төгрөг үлдсэн байгааг 2024 оны 03 сарын 11-ний өдөр хүлээн зөвшөөрсөн талаар харилцсан мессеж чатаар нотлогддог. Хариуцагч нь тооцоо нийлсэн дээрх өдрөөс өмнө өгсөн хүүгээ буцааж авъя гэсэн байдлаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 39, 40, 41, 42, 43, 189, 195, 196, 199 дүгээр зүйлд заасныг илт үгүйсгэсэн үндэслэл бүхий шаардлага болж чадаагүй.

6.2. Анхан шатны шүүх 2024 оны 03 сарын 11-ний өдрөөс өмнөх зээлд ******* хүү авах эрхгүй буюу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 04 сарын 16-ны өдрийн 01 дугаартай Зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн практик, анхаарах зарим асуудал зөвлөмжийн 2/б-д зааснаас дүгнэхэд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүй гэж зохицуулснаас бус харин зээлдэгч хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхийн үндэслэлд дээрх хуулийн зохицуулалт хамаарахгүй юм. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас зээлийн хүү шаардахгүй, харин 2024 оны 03 сарын 11-ний өдөр тооцоо нийлснээс хойшхи төлөгдсөн төлбөрийн үлдэгдлийг шаардсан байхад анхан шатны шүүх үүнийг үнэлэхгүй, нэгэнт төлөгдсөн хүүг авах эрхгүй гэж хасаж тооцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасантай нийцээгүй.

6.3. Мөн 2024 оны 03 сарын 11-ний өдрөөс хойш *******гийн төлсөн 15,700,000 төгрөгийг, харин үлдэгдэл 22,150,000 төгрөгийг төлөөгүй байхад анхан шатны шүүх хариуцагчийн 36,208,466 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг 38,000,000 төгрөгөөс хасаж, үлдэх 1,791,534 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагч *******гаас 22,150,000 төгрөгийг гаргуулж, *******т олгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. ******* нэхэмжлэгчээс авсан өр төлбөрөө бүгдийг нь төлж барагдуулсан. Нийт 34,681,000 төгрөг зээлж авсан бөгөөд эргээд 376,837,160 төгрөг шилжүүлж, 36,156,160 төгрөгийг илүү төлсөн. Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй, хүү тохиролцоогүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, илүү төлсөн 36,156,160 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлийг ...2022 оны 12 сарын 23-ны өдрөөс 2023 оны 07 сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагчид нийт 38,000,000 төгрөгийг 5-8 хувийн хүүтэй зээлдүүлсэн, хариуцагч нь үндсэн зээл, хүүнд нийт 36,208,466 төгрөг төлсөн, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 22,150,000 төгрөгийг гаргуулна... гэж, хариуцагч нь татгалзал, сөрөг шаардлагынхаа үндэслэлийг ...2018 оны 09 сарын 28-ны өдрөөс 2023 оны 09 сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгчээс нийт 340,681,000 төгрөг зээлж, нийт 376,837,160 төгрөг буцаан төлсөн, бичгээр гэрээ байгуулаагүй учир нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй тул илүү төлсөн 36,156,160 төгрөгийг гаргуулна... гэж тус тус тайлбарласан байна.

4. 22,150,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1.  Хэргийн 4-10-р талд авагдсан Төрийн банк, Голомт банк, Хаан банкны дансны хуулгуудаар 2022 оны 12 сарын 23-ны өдрөөс 2023 оны 07 сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч *******ээс нийт 38,000,000 төгрөг (2,500,000 + 2,500,000 + 5,000,000 + 3,000,000 + 7,000,000 + 10,000,000 + 8,000,000)-ийг ******* zeel, Enkhsuvraga, tamhi, vibe tulbur гэсэн гүйлгээний утгатайгаар хариуцагч *******д тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

4.2. ...Үүнээс нийт 36,208,466 төгрөгийг буцаан авсан... гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрдөг.

4.3. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заажээ.

4.4. Иймд зохигчийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа нь нэг удаагийн бус олон удаагийн шинжтэй, мөн зохигч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч ******* нь хүү тооцох, хүү шаардах эрхгүй.

4.5. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн шилжүүлсэн 38,000,000 төгрөгөөс хариуцагчийн буцаан төлсөн гэх 36,208,466 төгрөгийг хасч, үлдэх 1,791,534 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээв.

5. 36,156,160 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, анхан шатны шүүх уг сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар тусгайлан хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй. 

6.  Талууд хоорондоо цахим мессежээр харилцсан нөхцөл байдал нь зээлийн гэрээг бичгээр байгуулсанд тооцогдохгүй, уг нөхцөл байдал нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иймд ...Талууд 2024 оны 03 сарын 11-ний өдөр мессежээр харилцаж 38,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар тооцоо нийлсэн... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгт дүгнэгдвэл зохих хуулийн зохицуулалтыг тогтоох хэсэгт баримталсан, тогтоох хэсэгт найруулгын болон хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

8. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/02243 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******гаас 1,791,534 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 20,358,466 төгрөг болон илүү төлсөн 36,156,166 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалдад ...7.1.2... гэснийг ...7.1.1... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 259,743 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР