Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/108

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй

иргэдийн төлөөлөгч Х.Оюунхүү,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,   

улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

хохирогч С.О,

шүүгдэгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхан овогт Т.От холбогдох эрүүгийн 1907001770068 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамтаар Налайх дүүрэг 3 дугаар хороо Нарангийн 14 дүгээр гудамж 516 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, Урианхан овогт Т.О.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Т.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарангийн 14 дүгээр гудамж 516 тоотод 2019 оны 4 дүгээр сарын 14-нөөс 4 дүгээр сарын 15-нд шилжих шөнө нөхөр болох 48 настай Самдан овогтой Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар архины шилний хагархай үзүүртэй хэсгээр зүүн шууны хураагуур судасыг 4х2 см хэмжээтэй зүсэж тасалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай хүн бид 2 Баялаг дээр хог ухаж амьдардаг. Манай хүн жаахан согтуу уур хүргээд байхаар нь би согтуудаа гарыг нь зүсчихсэн. Харанхуй байсан болохоор. Миний буруу, гэм буруугаа хүлээж байна...” гэв.

 

Хохирогч С.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ажилдаа явж байтал гэнэт над руу утасдаад “дүү чинь өнгөрчихлөө” гэсэн мэдээ авсан. Юу болсныг нарийн сайн мэдээгүй Налайхад ирсэн. Ирээд “яасан юу болсон” гэхэд аль хэдийн цагдаа сэргийлэх ирээд аваад явчихсан байсан. Тэгээд энэ тэндээс сонсоход амиа хорлосон юм шиг байна л гэсэн. Тэгэхээр нь одоо яана аа архи дарс ууж байгаад л ийм хэрэг болж дээ гэж бодож байгаад сүүлд байцаагч нартай уулзаад юу болсныг мэдсэн. Угаасаа манай энэ 2 хүн архины хамааралтай, архи дарс уудаг, архины өндөр хэрэглээтэй, үгэнд ордоггүй. Дүүгээ араас нь зөндөө л хөөцөлдөөд явж байсан, сүүлийн 4, 5 жил хогоор амьдарсан. Хогонд дээр нь хүртэл бид нар цагаан сар болох гэж байна даа гэж бодоод л хувцас хунарыг нь солиод л ус цасанд оруулаад л явдаг байсан. Сүүлдээ энэ 2 хүнээ нийлэхээ больсон. Хааяа Налайхад ирээд сургыг нь сонсоод хувцас хунарыг нь соль өгөөд л, манай эгч өвөл болохоор идэш хийгээд л гэр оронд нь хоол унд авч өгөөд тиймэрхүү байдлаар энэ 2 хүнийг амьдруулж байсан. Ууж иддэг согтуу архины хамааралтай, үгэнд ордоггүй, манай дүү ч архи уухаараа тавьтаргүй, энэ хүнийг зодож нүддэг, хэлэх хэлэхгүйгээр хэлдэг, энэ ч гэсэн уурлаад л ээж, аав руугаа явчихдаг байсан юм байна лээ сүүлд сонсоод байхад. Одоо миний зүгээс хэлэхэд хоёулаа л архины хамааралтай, архи дарс уудаг, бие биенийгээ зодож нүддэг байсан хүмүүсийг хэнийг нь хэн гэж хэлэхэв дээ би өнөөдөр ганц хүү, өндөр настай аав, ээж хоёрыг нь бодоод хүүг нь ээжтэйгээ хэдэн сар ч гэсэн цуг байгаасай гэж бодоод миний зүгээр санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлмээр байна гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Т.О нь яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед манай гэрт тас харанхуй байсан, манай гэрт ямар нэгэн тог цахилгаан байдаггүй, гэрт байсан лаа унтарчихсан байсан. Тухайн үед би асаагуурын гэрэлтэй байхад Бийг намайг доромжлоод байхаар нь гартаа барьчихсан байсан шилээр нэг удаа хутгалсан. Тэгтэл “ёо, ёо” гээд цааш нь явчихсан. Тэгээд би “миний хөгшин яасан бэ” гэтэл Б уурлаад “яах гээд байгаа юм” гээд гараа татаад надад үзүүлээгүй. Тэгээд би тухайн үед уусан архиндаа болоод нам унтаад өгсөн. Тэгээд би шөнө дунд сэрээд шээчихээд буцаад гэртээ орж ирээд асаагуурын гэрлээ асаатал нил цус болчихсон, нас барчихсан байсан юм. Тэгээд би шууд хүүхэд рүүгээ гүйж очсон. Би тухайн үед Бийн гарыг нь зүсчихсэнээ мэдсэн. Тэгэхдээ нас барчихна гэж бодоогүй. Тэгээд дээрээс нь өөрөө ойртох гэхээр уурлаад “яах гээд байгаа юм” гэхээр нь ойртолгүй унтчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105-107 дугаар хуудас/

 

            Хохирогч Ё.С.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү, бидэнд гомдолтой гэхэд хэцүү, гомдолгүй гэхэд хэцүү байна. Харин нэхэмжлэх зүйл бол огт байхгүй” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 29-30 дугаар хуудас/

 

            Насанд хүрээгүй гэрч О.Александрын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 14-ний өглөө би Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 14 дүгээр гудамж 516 тоотод гэртээ байж байхад манай аав Б, ээж Отгонцэцэг нар намайг өглөө гэртээ байж байхад гараад явчихсан байсан. Ер нь намайг өглөөд унтаж байхад гарч яваад Баялагын хонхорын хогын цэг орж шил, сав түүгээд орой нь ирдэг. Орой ирэхдээ байнга хоол, унд, архи авч ирдэг. Тэгээд хоолоо идчихээд, архиа уучихаад унтдаг. Хааяа бол хэрүүл маргаан болдог. Ингээд тэр өдөр 17-18 цагийн орчимд аав, ээж 2 гэртээ цуг ирцгээсэн. Ирэхдээ хоёулаа согтуу байдалтай ирцгээсэн. Ирээд тэр 2 хоорондоо хоол унднаас болж хэрэлдэж байгаад хэрэлдэхээ больсон. Тэгтэл аав 0,5 литрийн 1 шил Сайхан архи гаргаж ирсэн. Тэгээд би тэр архийг нь задалж амжаагүй байхад булааж аваад гадаа гаргаж нуусан. Тэгээд би тэр архийг нь ээжид өгөөд “та наад архиа буцааж өгөөд, мөнгө болгоод хоол ундандаа нэмэрлэх юм аваарай” гээд өгсөн. Тэгээд би хүзүү толгойгоо угаагаад эмээгийнд очлоо гэж хэлсэн. Тэгээд би хүзүү толгойгоо угаачихаад цай чанаад, хувцасаа өмсөөд 2 цаг орчим гэртээ болсон боловч ээж ирэхгүй байхаар нь аавд хэлчихээд эмээгийнхээ гэр рүү явсан. Намайг гэрээс гарахад аав “унтлаа” гээд орон дээрээ хэвтээд үлдсэн. Би тэгээд Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралд байх эмээгийнхээ гэрт очоод тэндээ хоносон. Тэгээд өглөө 6 цагийн үед манай ээж Отгонцэцэг царай нь нэг их сонин болчихсон уйлчихсан, гар нь салганачихсан “аав чинь үхчихсэн юм шиг байна” гээд орж ирсэн. Тэгээд би босоод хувцасаа өмсөөд гэр рүүгээ хамт явцгаасан. Тэгээд 07 цаг гэхэд гэртээ очоод би гэр рүүгээ яваад орсон. Тэгэхэд аав авдарны орчим шалан дээр дээшээ харсан, цус нь гоожчихсон байдалтай, нас барчихсан бололтой байсан. Тэгээд би судасыг нь барьж үзэхэд судас нь цохилохгүй, амьсгалахгүй, бие нь хүйтэн болчихсон байсан. Тэгээд би гараад гудамжинд нэг танихгүй таксины жолоочийн утсыг гуйж ээжийн эгч Отгон эгчийн 89198443 дугаар руу залгаж “аав нас барчихсан байна, хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд буцаж гэр рүү гүйсэн. Харин ээж манай хойд талд байдаг Сараа эгчийнх рүү явж  эмнэлэг дуудахаар очсон. Тэгээд удалгүй Сараа эгчийг дагуулаад хамт хүрээд ирсэн. Тэгээд Сараа эгч цагдаа дуудсан. Тэгээд удалгүй эмнэлэг хүрч ирээд аавыг үзээд зүсүүлчихсэн байна гэж байсан. Тэгээд эмнэлэг яваад өгсөн. Тэгээд эмнэлэг явсны дараа Отгон эгч ирээд байж байтал араас нь цагдаа хүрч ирсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

 

            Гэрч Д.Эрдэнэтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр би Налайх дүүргийн 3 дугаар хороо Баялагын хонхор гэх хогын цэг газарт Зулаа гэх танилын хамтаар шил, лааз, түүхий эд түүгээд түүнийгээ Налайх дүүргийн 3 дугаар хороо Дэнжийн үзүүрт байх түүхий эд авах газарт тушааж 16 000 төгрөгтэй болсон. Тэр өдөр Баялагын хонхороос Отгонцэцэг, талийгаач Б нар мөн адил түүсэн түүхий эдээ тушаахаар хамт явцгаасан. Тэгээд 17 цагийн орчимд бид нар түүхий эд тушаах газраас салцгаасан. Зулаа бид 2 хамт яваад замдаа дэлгүүрээс 0,5 литрийн Сайхан архи нэг шилийг гуялж аваад Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчинд байх Зулаагийн гэрт 18 цагийн орчимд очсон. Тэгээд бид 2 тэрийгээ уугаад талд нь орж байтал 19 цагийн орчимд болов уу Отгонцэцэг манай гэрт ганцаараа орж ирсэн. Орж ирэхдээ ямар нэгэн архи дарс хэрэглээгүй эрүүл бололтой орж ирсэн. Тэгээд бид хоёртой нийлээд тал шил архийг хувааж ууж дуусгасан. Тэгээд Отгонцэцэг нэг шил Сайхан архи гаргаж ирээд тэр архийг нь бид 3 хувааж ууж сууж байгаад би 20 цаг өнгөрөөгөөд гадаа харанхуй болох тийшээ хандахаар нь хоёр дахь шил дундарч байх үед “би харилаа” гээд явсан. Отгонцэцэг, Зулаа 2 архи уугаад үлдсэн. Тэрнээс хойш дахиж Отгонцэцэгтэй таараагүй. Харин тэр өдрийн маргааш нь Баялагын хонхор дээр Зулаатай тааралдаад “өчигдөр та 2 яасан бэ, нэмж уусан уу” гэж асуухад Зулаа “Отгонцэцэг бид 2 үлдсэн архиа уучихаад, Отгонцэцэг манай гэрт жаахан сууж байгаад явсан. Би тэгээд шууд унтаад үлдсэн” гэж байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 35-36 дугаар хуудас/

 

            Гэрч А.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр би Налайх дүүргийн 3 дугаар хороо Баялагын хонхор гэх хогын цэг дээр хогоо түүчихээд ажлаасаа буусан. Хэдэн цагийн үед буусан болохыг мэдэхгүй байна нар жаргаагүй байсан. Бид нар түүхий эд авах газарт түүсэн түүхий эдүүдээ тушаасан. Тухайн үед талийгаач Б, Отгонцэцэг 2 хамт юмаа тушаалцаад харилаа гээд явсан. Би Ээнээ буюу Энхтуяа эгчтэй хамт замдаа түүхий эд тушааж олсон мөнгөөрөө 0,5 литрийн Сайхан архи аваад манай гэрт очсон. Манайд очоод Ээнээ бид 2 архи ууж байтал Отгоо эгч гаднаас орж ирсэн. Тэгээд бид 3 нэг шил архиа хувааж ууж дуусгатал Отгоо эгч нэг шил 0,5 литрийн Сайхан архи гаргаад ирсэн. Тэгээд бид 3 тэр архиа нийлээд уугаад дуусахын алдад Ээнээ эгч “явлаа” гээд түрүүлээд яваад өгсөн. Тэгээд үлдсэн архиа дуусгаад Отгоо эгч жаахан агсам тавьчих гээд авир гаргах гээд байх шиг байсан. тэгээд би манай гэрийн ардхан талд байдаг “ээжийнхээ гэр рүү орж унтлаа” гээд орсон. Отгоо эгч ч “харилаа” гээд яваад өгсөн. Тэрнээс хойш Отгоо эгчтэй уулзаагүй. Сүүлд сонсоход нөхөр Б нь нас барчихсан гэж сонссон...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 37-38 дугаар хуудас/

 

            Гэрч Т.Саранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 07 цаг өнгөрч байхад би Налайх дүүргийн 3 дугаар хороо Наран 6-462 тоот гэртээ ажилдаа явах гээд байж байтал хашааны хаалга нүдээд байхаар нь гараад хартал Отгонцэцэг “та манай нөхрийг үзээд өгөөч, болохгүй байна” гэж байсан. Тэгээд би Отгонцэцэгийг дагаад Отгонцэцэгийн гэрт нь очтол хашаан дотор нь хүү Александр нь хашаандаа “манай аав өөд болчихсон байна, та түргэн дуудаад өгөөч” гээд зогсож байсан. Тэгээд би гэрээс гараад утсаараа эмнэлэг дуудаж өгөөд, дахиад цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд удалгүй эмнэлэг цагдаа ороод ирсэн. Тэгээд би ажилтай тул яараад ажилдаа явсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

 

            Гэрч Т.Минчинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 15-ны өглөө 08 цагийн орчимд би ажил дээрээ байж байтал манай дүү Наранцэцэг над руу залгаад “Б өнгөрчихсөн юм шиг байна, та нэг очоод үзээдэхээч” гэж байсан. Тэгээд би эмнэлэгт ажилладаг учир тухайн өдрийн түргэн тусламжийн эмч Жавхлангаас “Налайх дүүргийн 3 дугаар хороо Наран 14-516 тоотоос дуудлага ирсэн үү” гэтэл Жавхлан эмч уг дуудлаганд оччихоод ирсэн байсан. “Тэр тоотод байсан хүн цус алдсан байдалтай нас барсан байна лээ” гэж хэлсэн. Тэгээд би дүү нар руугаа залгатал “талийгаачийн гэрт ирчихсэн байна, та ээж, аавд хэлээд хэрэггүй шүү очоод байж бай” гэхээр нь би ээж, аавынхаа гэрт очоод байж байсан юм. Яг хэрэг явдлынх нь талаар сайн мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 41-42 дугаар хуудас/

 

            Гэрч Д.Жавхлантын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 15-ны өглөө 8 цагийн орчим би Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн эмчээр ажиллаж байтал “Налайх дүүргийн 3 дугаар хороо Наран 14 дүгээр гудамж 516 тоотод хүн нас барсан байх шиг байна” гэсэн дуудлага ирсний дагуу уг тоотод тэр даруй яваад очиход Налайх дүүргийн 3 дугаар хороо Наран 14 дүгээр гудамж 516 тоот хашааны гадна талд нэг эрэгтэй хүүхэд хажуу айлынх нь гэх дуудлага өгсөн эмэгтэй, талийгаачийн эхнэр гэх намхан эмэгтэй нар гэрийнхээ гадаа байцгааж байсан. Тэгээд би гэрт ортол гэрийн хойд талд шалан хажуу тийшээ харсан гадуураа зузаан цамцтай эрэгтэй хүн цус нөж болчихсон хэвтэж байсан. Тэгэхээр нь би уг хүний биед үзлэг хийж, уг хүний зүүн гарын цамцны ханцуйг сөхөж үзэхэд зүүн гарын тохойн үений дотор талд том хэмжээний зүсэгдсэн шархтай байсан. Өөр ямар нэгэн ил гэмтэл харагдаагүй. Тэгээд бие нь хөрж, хөшсөн, хүүхэн хараа өргөссөн, нас бараад ойролцоогоор 2 цаг орчим болсон болов уу гэмээр байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар асуухад эхнэр нь согтуу байдалтай, тодорхой юм хэлэхгүй байсан. Хүүхэд нь айлд байж байгаад өглөө ирсэн гэж байсан. Тэгээд бид нар Налайхын цагдаад дуудлага өгчихөөд буцаж явсан юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 43 дугаар хуудас/

           

            Гэрч Т.Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөө өглөө 06 цаг 55 минутын үед Александр над руу “манай аав нас барсан байна” гэж залгахаар нь би гэрт нь ирэхэд эмч ирээд явчихлаа цагдаа дууд гэсэн гэхээр нь цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 44 дүгээр хуудас/

 

            Гэрч М.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач Б зан аашны хувьд тайван хүн байсан, өдөр болгон л эхнэртэйгээ нийлээд архи уугаад байгаа харагддаг...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 47 дугаар хуудас/

 

            Гэрч С.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б манай ээжийн төрсөн дүүтэй суусан хүргэн ах байгаа юм. Архи бол уудаг байсан, эхнэртэйгээ нийлээд архи уудаг, зан аашийн хувьд төлөв даруу дуугүй хүн байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 50 дугаар хуудас/

 

            Гэрч Ц.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач хүн амьтантай маргаад байдаггүй, архи уудаг хүн байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 51 дүгээр хуудас/

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/40 дүгээр: “1. Талийгаач нь зүүн шууны хураагуур судасыг тасалсан шархны улмаас хурц цус алдаж нас баржээ. 2. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн биед зүүн шууны дунд калибрийн хураагуур судасны бүрэн бус тасрал, зүүн тохойн үенд 4х2 см зах ирмэг нь тэгш шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Талийгаач спиртын архаг хордлоготой байсан нь үхэлд нөлөөлөөгүй болно. 5. Талийгаачийн цусанд 4,2 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. 6. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой. 7. Талийгаач нь О/I/ бүлгийн цустай байна.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 56-57 дугаар хуудас/

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/213 дугаар: “1. Т.Оийн биед зүүн бугалга, цээж, зүүн ташаа, зүүн өгзөгөнд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой. 6. Т.О нь АВ/IV/ бүлгийн цустай байна.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 61 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08/024 дүгээр: “1. Шинжилгээнд ирүүлсэн хараа архины шилний хүзүүн дээрээс гарын мөр илрэхгүй байна. 2. Дүгнэлт гаргах явцад шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 65-66 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2509 дүгээр: 1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх хувцаснууд бүгд үмхийрч муудсан тул шүүх биологийн шинжилгээ хийх боломжгүй байна.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 70 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2160 дугаар: 1. Шинжилгээнд ирүүлсэн саарал судалтай хөх цамцны зүүн ханцуй хэсэгт, юүдэнтэй, саарал эрээн цамцны зүүн ханцуй мөн тэр хэсэгт хурц иртэй зүйл /багаж, хэрэгсэл/-ийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн хувцасанд байх хуучин гэмтлүүдийг үзлэг шинжилгээний хэсгээс хэсгээс харна уу.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 72-75 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2508 дугаар: “1. Шинжилгээнд ирүүлсэн заазууран дээр цус илрээгүй. 2. Бусад эд зүйлс дээр цус илэрсэн. АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 80 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2161 дүгээр: “1. Шинжилгээнд ирүүлсэн Монгол дээл гэмтэлгүй байна. Харин саарал өнгийн ДСП модны хэсэг, “Хараа” гэсэн бичигтэй шилэн лонхны хэсэгт зах ирмэг тэгш бус гэмтэл байна. Гэмтлийг ямар хүчин зүйлийн үйлчлэлээр гарсан, шинэ хуучныг тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 81-84 дүгээр хуудас/

 

            Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 674 дугаар: “1. Т.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. 2. Т.О нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. Т.О нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 89-90 дүгээр хуудас/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 04-13 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  /хх-ийн 14-16 дугаар хуудас/

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 20-23 дугаар тал/

 

Эд мөрийн баримтаар хурааж авсан тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 108 дугаар хуудас/

 

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 109 дүгээр хуудас/

 

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 112 дугаар хуудас/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 130 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.О нь согтуурсан үедээ Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарангийн 14 дүгээр гудамж 516 тоотод 2019 оны 4 дүгээр сарын 14-нөөс 4 дүгээр сарын 15-нд шилжих шөнө өөрийн нөхөр болох 48 настай Самдан овогтой Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар архины шилний хагархай үзүүртэй хэсгээр түүний зүүн шууны хураагуур судасыг 4х2 см хэмжээтэй зүсэн хурц цус алдуулан алсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Т.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай хүн жаахан согтуу уур хүргээд байхаар нь би согтуудаа гарыг нь зүсчихсэн. Харанхуй байсан болохоор. Миний буруу, гэм буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг,  Хохирогч С.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ажилдаа явж байтал гэнэт над руу утасдаад “дүү чинь өнгөрчихлөө” гэсэн мэдээ авсан. Одоо миний зүгээс хэлэхэд хоёулаа л архины хамааралтай, архи дарс уудаг, бие биенийгээ зодож нүддэг байсан хүмүүсийг хэнийг нь хэн гэж хэлэхэв миний зүгээс санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлмээр байна гэсэн мэдүүлэг,     Шүүгдэгч Т.Оийн нь яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед манай гэрт тас харанхуй байсан, манай гэрт ямар нэгэн тог цахилгаан байдаггүй, гэрт байсан лаа унтарчихсан байсан. Тухайн үед би асаагуурын гэрэлтэй байхад Бийг намайг доромжлоод байхаар нь гартаа барьчихсан байсан шилээр нэг удаа хутгалсан. Тэгтэл “ёо, ёо” гээд цааш нь явчихсан. Тэгээд би “миний хөгшин яасан бэ” гэтэл Б уурлаад “яах гээд байгаа юм” гээд гараа татаад надад үзүүлээгүй. Тэгээд би тухайн үед уусан архиндаа болоод нам унтаад өгсөн. Тэгээд би шөнө дунд сэрээд шээчихээд буцаад гэртээ орж ирээд асаагуурын гэрлээ асаатал нил цус болчихсон, нас барчихсан байсан юм. Тэгээд би шууд хүүхэд рүүгээ гүйж очсон гэсэн мэдүүлэг ,Насанд хүрээгүй гэрч О.Александрын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би хүзүү толгойгоо угаачихаад цай чанаад, хувцасаа өмсөөд 2 цаг орчим гэртээ болсон боловч ээж ирэхгүй байхаар нь аавд хэлчихээд эмээгийнхээ гэр рүү явсан. Намайг гэрээс гарахад аав “унтлаа” гээд орон дээрээ хэвтээд үлдсэн. Би тэгээд Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралд байх эмээгийнхээ гэрт очоод тэндээ хоносон. Тэгээд өглөө 6 цагийн үед манай ээж Отгонцэцэг царай нь нэг их сонин болчихсон уйлчихсан, гар нь салганачихсан “аав чинь үхчихсэн юм шиг байна” гээд орж ирсэн. Тэгээд би босоод хувцасаа өмсөөд гэр рүүгээ хамт явцгаасан. Тэгээд 07 цаг гэхэд гэртээ очоод би гэр рүүгээ яваад орсон. Тэгэхэд аав авдарны орчим шалан дээр дээшээ харсан, цус нь гоожчихсон байдалтай, нас барчихсан бололтой байсан. Тэгээд би судасыг нь барьж үзэхэд судас нь цохилохгүй, амьсгалахгүй, бие нь хүйтэн болчихсон байсан. гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Эрдэнэтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид 2 тэрийгээ уугаад талд нь орж байтал 19 цагийн орчимд болов уу Отгонцэцэг манай гэрт ганцаараа орж ирсэн. Орж ирэхдээ ямар нэгэн архи дарс хэрэглээгүй эрүүл бололтой орж ирсэн. Тэгээд бид хоёртой нийлээд тал шил архийг хувааж ууж дуусгасан. Тэгээд Отгонцэцэг нэг шил Сайхан архи гаргаж ирээд тэр архийг нь бид 3 хувааж ууж сууж байгаад би 20 цаг өнгөрөөгөөд гадаа харанхуй болох тийшээ хандахаар нь хоёр дахь шил дундарч байх үед “би харилаа” гээд явсан. Харин тэр өдрийн маргааш нь Баялагын хонхор дээр Зулаатай тааралдаад “өчигдөр та 2 яасан бэ, нэмж уусан уу” гэж асуухад Зулаа “Отгонцэцэг бид 2 үлдсэн архиа уучихаад, Отгонцэцэг манай гэрт жаахан сууж байгаад явсан. Би тэгээд шууд унтаад үлдсэн” гэж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч А.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид 3 тэр архиа нийлээд уугаад дуусахын алдад Ээнээ эгч “явлаа” гээд түрүүлээд яваад өгсөн. Тэгээд үлдсэн архиа дуусгаад Отгоо эгч жаахан агсам тавьчих гээд авир гаргах гээд байх шиг байсан. тэгээд би манай гэрийн ардхан талд байдаг “ээжийнхээ гэр рүү орж унтлаа” гээд орсон. Отгоо эгч ч “харилаа” гээд яваад өгсөн. Тэрнээс хойш Отгоо эгчтэй уулзаагүй. Сүүлд сонсоход нөхөр Б нь нас барчихсан гэж сонссон...” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Саранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 07 цаг өнгөрч байхад би Налайх дүүргийн 3 дугаар хороо Наран 6-462 тоот гэртээ ажилдаа явах гээд байж байтал хашааны хаалга нүдээд байхаар нь гараад хартал Отгонцэцэг “та манай нөхрийг үзээд өгөөч, болохгүй байна” гэж байсан. Тэгээд би Отгонцэцэгийг дагаад Отгонцэцэгийн гэрт нь очтол хашаан дотор нь хүү Александр нь хашаандаа “манай аав өөд болчихсон байна, та түргэн дуудаад өгөөч” гээд зогсож байсан..” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Минчинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 15-ны өглөө 08 цагийн орчимд би ажил дээрээ байж байтал манай дүү Наранцэцэг над руу залгаад “Б өнгөрчихсөн юм шиг байна, та нэг очоод үзээдэхээч” гэж байсан. Тэгээд би эмнэлэгт ажилладаг учир тухайн өдрийн түргэн тусламжийн эмч Жавхлангаас “Налайх дүүргийн 3 дугаар хороо Наран 14-516 тоотоос дуудлага ирсэн үү” гэтэл Жавхлан эмч уг дуудлаганд оччихоод ирсэн байсан. “Тэр тоотод байсан хүн цус алдсан байдалтай нас барсан байна лээ” гэж хэлсэн. Тэгээд би дүү нар руугаа залгатал “талийгаачийн гэрт ирчихсэн байна, та ээж, аавд хэлээд хэрэггүй шүү очоод байж бай” гэхээр нь би ээж, аавынхаа гэрт очоод байж байсан юм. Яг хэрэг явдлынх нь талаар сайн мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Жавхлантын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн 3 дугаар хороо Наран 14 дүгээр гудамж 516 тоот хашааны гадна талд нэг эрэгтэй хүүхэд хажуу айлынх нь гэх дуудлага өгсөн эмэгтэй, талийгаачийн эхнэр гэх намхан эмэгтэй нар гэрийнхээ гадаа байцгааж байсан. Тэгээд би гэрт ортол гэрийн хойд талд шалан хажуу тийшээ харсан гадуураа зузаан цамцтай эрэгтэй хүн цус нөж болчихсон хэвтэж байсан. Тэгэхээр нь би уг хүний биед үзлэг хийж, уг хүний зүүн гарын цамцны ханцуйг сөхөж үзэхэд зүүн гарын тохойн үений дотор талд том хэмжээний зүсэгдсэн шархтай байсан. Өөр ямар нэгэн ил гэмтэл харагдаагүй. Тэгээд бие нь хөрж, хөшсөн, хүүхэн хараа өргөссөн, нас бараад ойролцоогоор 2 цаг орчим болсон болов уу гэмээр байдалтай байсан. гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөө өглөө 06 цаг 55 минутын үед Александр над руу “манай аав нас барсан байна” гэж залгахаар нь би гэрт нь ирэхэд эмч ирээд явчихлаа цагдаа дууд гэсэн гэхээр нь цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/40 дүгээр: “1. Талийгаач нь зүүн шууны хураагуур судасыг тасалсан шархны улмаас хурц цус алдаж нас баржээ. 2. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн биед зүүн шууны дунд калибрийн хураагуур судасны бүрэн бус тасрал, зүүн тохойн үенд 4х2 см зах ирмэг нь тэгш шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2160 дугаар: 1. Шинжилгээнд ирүүлсэн саарал судалтай хөх цамцны зүүн ханцуй хэсэгт, юүдэнтэй, саарал эрээн цамцны зүүн ханцуй мөн тэр хэсэгт хурц иртэй зүйл /багаж, хэрэгсэл/-ийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна. гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2508 дугаар: “1. Шинжилгээнд ирүүлсэн заазууран дээр цус илрээгүй. 2. Бусад эд зүйлс дээр цус илэрсэн. АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.” гэсэн дүгнэлт, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч уг гэмт хэргийн үйлдэхдээ  хэрэг хариуцах чадвартай байсан болох нь Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 674 дугаар: “1. Т.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. 2. Т.О нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. Т.О нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

 Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Т.От холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           

            Шүүхээс Урианхан овогтой Т.Оийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ял оногдуулах тухай дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулинд зааснаас доогуур ял оногдуулах талаар санал гаргаж оролцлоо.

 

            Шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонтой холбогдуулан талуудын гаргасан санал дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл харгалзан шүүгдэгчид ял шийтгэл оногдууллаа.

 

            Хохирогч С.О нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “шүүгдэгчид ямар нэг гомдол санал, нэхэмжлэх хохирол  байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Т.О нь урьд 48 цаг сэжигтнээр баривчлагдсан хугацааг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн монгол дээл 1 ширхэг, ДСП модны хугархай 1 ширхэг, цэнхэр өнгийн бариултай ажлын хэсэг нь 16.5 см урт, 6 см өргөн хэмжээтэй заазуур 1 ширхэг, Монгол гэрийн баруун хаяанд байх цус мэт зүйлээр бохирлогдсон норсон даавуу 1 ширхэг, урд гудамжны хашааны булангаас хураан авсан “Хараа” архын шилний хүзүү хэсэг 1 ширхэг, амь хохирогч С.Бийн цогцост хийсэн үзлэгээр хураан авсан хар өнгийн хөндлөн цагаан судалтай ноосон цамц 1 ширхэг, юүдэнтэй хар өнгийн саарал судалтай урд энгэртээ товчтой, гурвалжин захтай даавуун цамц 1 ширхэг, саарал өнгийн эрэгтэй хүний жинсэн өмд 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүллээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхан овогт Т.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От 8 /найм/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От оногдуулсан 8 /найм/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Оийн  2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 4 дүгээрг сарын 17-ны өдрийг хүртэл сэжигтнээр баривчлагдсан 48 цагийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Т.О нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн монгол дээл 1 ширхэг, ДСП модны хугархай 1 ширхэг, цэнхэр өнгийн бариултай ажлын хэсэг нь 16.5 см урт, 6 см өргөн хэмжээтэй заазуур 1 ширхэг, Монгол гэрийн баруун хаяанд байх цус мэт зүйлээр бохирлогдсон норсон даавуу 1 ширхэг, урд гудамжны хашааны булангаас хураан авсан “Хараа” архын шилний хүзүү хэсэг 1 ширхэг, амь хохирогч С.Бийн цогцост хийсэн үзлэгээр хураан авсан хар өнгийн хөндлөн цагаан судалтай ноосон цамц 1 ширхэг, юүдэнтэй хар өнгийн саарал судалтай урд энгэртээ товчтой, гурвалжин захтай даавуун цамц 1 ширхэг, саарал өнгийн эрэгтэй хүний жинсэн өмд 1 ширхэг зэргийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД

                                    ШҮҮГЧИД                              Д.ЧИНЗОРИГ

                                                                                   Г.МӨНХЗУЛ