Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2016/00831

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, хд 72 дугаар байр, 59 тоот хаягт оршин суух Боржигин овогт Батмөнхийн Хулан /РД:ТИ90100806/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Багшийн дээдийн уулзвар, Юу Би Эйч центрийн 1510 тоот хаягт байрлах Юу Би Эйч Проперти ХХК /РД:5574765/-д холбогдох

7 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тамир оролцов.

Зохигчдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг Юу би эйч проперти ХХК-тай байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороолол, Хэппи таун /Happy town/ хотхоны ХД-72 дугаар байрны 1 дүгээр орцны 12 давхарт 56.64 м.кв 2 өрөө орон сууц захиалж худалдан авсан. Гэвч манай орон сууцны талбайн хэмжээ захиалгын хэмжээнээс 4 м.кв-аар бага буюу 52.60 м.кв болох нь тогтоогдсон тул талбайн хэмжээний зөрүү төлбөр 7 200 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Хулан нь хариуцагч Юу Би Эйч Проперти ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд илүү төлсөн 7 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Зохигчид эвлэрлийн гэрээг шүүхэд бичгээр ирүүлсэн байх ба эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 5 000 000 төгрөг болгон багасгаж, хариуцагч нь 5 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг удирдлага болгон                                               

                                                                                                              ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

  1. Нэхэмжлэгч Б.Хулан нь нэхэмжлэлийн шаардлагаа 5 000 000 төгрөг болгон багасгаж, хариуцагч Юу Би Эйч Проперти ХХК нь 5 000 000 төгрөгийг 2016 оны 10 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Б.Хуланд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131 000 төгрөгийн 130 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тлүү төлсөн 850 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч  Юу Би Эйч Проперти ХХК-аас 94 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хуланд олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заалтад зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь заалтад зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.УУГАНБАЯР