| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2024/04293/И |
| Дугаар | 210/МА2025/01065 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/01065
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/03024 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******с, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* нь ******* ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны хэлтэст баяжуулалтын операторчоор ажилладаг бөгөөд 2024 оны 05 сарын 11-ний өдөр 3.5 лот /нэг лот нь 320 шуудай/ савлах үүрэг даалгаврыг ахлахаасаа аваад савлах хэсэгт ажиллаж буй хүмүүсийг удирдлагаар ханган ажиллаж байхад цахилгаан, тоног төхөөрөмжийн саатал гарснаас ажиллагаа удааширсан. Ахлах надад 3.5 лот амжихааргүй болох шинжтэй байвал та нар ярилцаад 16:00 цагийн цайны завсарлагаанд орохгүйгээр ажлаа амжуулаарай гэж хэлснийг хүмүүстээ дамжуулан зөвшөөрөл авсны үндсэн дээр үргэлжлүүлэн ажиллаж 18:10 цагт дуусгахаар төлөвлөн ажилласан. Гэтэл кран дээр ажиллаж байсан ******* удаа дараа зөвхөн ажилдаа ашигладаг станцаар хувийн шинжтэй зүйл асуугаад уурлаад байсан, нэг их ач холбогдол өгөөгүй бөгөөд асуусан асуултуудад нь товч бөгөөд тодорхой хариултуудыг өгч байсан. Сүүлдээ аргаа бараад ******* чи буучих аа, буучих гэж хэлтэл амралтын өрөө рүү яваад орсон. ******* бүх ажлаа дуусгаад ******* ХХК-ийн уурхайн Баяжуулах үйлдвэрийн савлах үйлдвэр дэх эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд орж ирээд *******д чи ямар аймаар уурладаг юм бэ, ******* явах автобус чинь 19:20 цагт явдаг юм байна шүү дээ гэж хэлтэл ******* чи ер нь ажлаа мэддэг юмуу, чи бид нарыг хойшоо ******* явна гэдгийг мэдэж байгаа юмуу, чам шиг балай авгай, гичий янхан, чам шиг хүүхнийг ажлаас нь халахад асуудал алга, би *******од амьдардаг болохоор 100 сая төгрөгийг хаанаас л бол хаанаас олно чам шиг гуйлгачин амьтан ажилгүй болчихвол шууд гудамжинд гуриатаж үхнэ гэж хэлээд хөл рүү хатуу биетээр цохиж хөхрөлт үүсгэсэн. Энэ үйлдлийнх нь хариуд өөрөөсөө холдуулах зорилго агуулаад түлхээд, гараа урдаа барьж байтал *******гийн үс гарт хүрсэн. Бидний хажууд байсан ******* эгч бүх зүйлийг мэдэж байгаа. Гэтэл ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 сарын 06-ны өдрийн Б/1727 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй. ******* ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан бөгөөд талууд эвлэрэх боломжгүй гэсэн тул 2024 оны 06 сарын 25-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг 2024 оны 08 сарын 07-ны өдөр гардан авсан. ******* нь *******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж хохирол, гэмтэл учруулаагүй бөгөөд ажил олгогч ******* ХХК-аас энэ асуудалд бодитой дүгнэлт хийгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4-т заасан ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах үүргээ биелүүлээгүйд гомдолтой байна. Мөн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны Б/1727 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон түүний эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь 2024 оны 05 сарын 11-ний өдөр үүрэгт ажлаа хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй байсан тул удирдах албан тушаалтны үүрэг даалгаврын дагуу хариуцсан албан хаагч нарт чиглэл өгч, илүү цагаар ажиллах шаардлага үүссэн мөн илүү цагаар ажиллах цалин хөлсийг олгох талаар ч ярилцаж тохиролцсон хэдий ч ******* хувцас солих өрөөнд хэрүүл маргаан үүсгэж, бүдүүлгээр харьцаж, биед нь халдаж өөрийгөө хамгаалах, зодуулахаас зайлсхийх, гадны халдлагаас хамгаалсан аргагүй хамгаалалтыг хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцон ажлаас халсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь тус байгууллагад 12 жил ажиллаж байгаа ажилдаа хариуцлагатай, дуртай, хичээл зүтгэлтэй ажилладаг бөгөөд сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно.
Иймд ******* ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны хэлтэст баяжуулалтын операторын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Хариуцагч ******* ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн савлах үйлдвэрт цахилгааны гэмтэл гарснаар төлөвлөгөөт ажил тасарсан, савлах үйлдвэрийн ажилчдыг ахалж байсан ******* нь ажилчдадаа төлөвлөгөөт ажил бага зэрэг хойшилсон талаар мэдэгдсэн. Ингэснээр ажилтан ******* бухимдлаа *******д илэрхийлсэн, савлах үйлдвэрт болсон бага зэргийн бухимдал процесс явагдаад ажилчид хувцас солих өрөөнд ажилтан *******, ******* нар өмнөх бухимдлаасаа болж маргалдсан. Улмаар хувцас солих өрөөнд 3 ажилтан зэрэгцэн зогсож байхад ******* нь ёс зүйгүй үг хэлж *******д хандсан, энэ үед ******* нь ажилтан *******ийн ардуур орж *******г үстсэн, энэ талаар ажилчидтай ярилцсан тэмдэглэлд тусгасан. Энэ үйл баримтыг компанийн зүгээс дотоод хяналт шалгалт явуулах баг томилж, холбогдох этгээдээс тайлбар авч танилцуулагдсанаар гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Тус компани 5,000 гаруй ажилчидтай тул эдгээр ажилчдыг дүрэм журамтай байлгах үүднээс ажлын талбай, аюулгүй ажиллагааны журмыг өндөр хэмжээнд баримталдаг, ажилтан ажлын байранд ажиллахдаа ёс зүйн дүрэм журмыг баримтлах үүрэгтэй, бүх ажилчид сургалтад хамрагдсан, нэхэмжлэгч ийм зөрчил гаргаж болохгүйг сайн мэдэж байсан. Ажилтан стрестсэн байлаа гэхэд хүний бие эрх чөлөөнд халдаж болохгүй, зүй зохисгүй хандлага гаргасан хоёр ажилтныг хоёуланг нь ажлаас чөлөөлсөн. Ажилтан ажлын байран дээр сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал хууль зүйн үндэслэлтэй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан ******* ХХК-д холбогдох гүйцэтгэх захирлын 2024 оны 06 сарын 06-ны өдрийн Б/1727 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар *******ын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасантай зөрчилтэй хөдөлмөрийн гэрээ, дотоод журам баримталж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь миний үйлчлүүлэгчийг бусдын биед хүрсэн хэмээн үүрэгт ажлаас халсан бөгөөд ингэхдээ хэний буруутай үйлдлээс болж тухайн үйл явдал бий болсон, аргагүй хамгаалалт, гарцаагүй байдал байсан эсэх, түүнчлэн хүний биед хүрсэн гэж үзэж буруутгаж байгаа бол тухайн этгээд нь ямар бэртэл, гэмтэл авсан эсэх үйл баримтыг тогтоогоогүй.
4.2. Хүний биед хүрсэн халдсан асуудал нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл бөгөөд энэ төрлийн процесс ажиллагааг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар цагдаагийн байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахаар хуульд заасан боловч хариуцагч байгууллага өөрөө энэ талаар ажиллагаа явуулсан гэх боловч тухайн байгууллага уг асуудлыг шалгах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй бөгөөд энэ үйлдэлд дүгнэлт хийх эрхгүй байгууллага юм. Хөдөлмөрийн гэрээ дотоод журамд энэ талаар заагаагүй. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутай эсэх үйл баримт нь тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд үл тооцох зохицуулалттай бөгөөд миний үйлчлүүлэгчийн гэм буруу буюу хүний биед халдсан эсэх халдсан байлаа гэхэд аргагүй хамгаалалт, гарцаагүй байдал байсан эсэх үйл баримт шүүхээр тогтоогдоогүй байхад хариуцагч байгууллага шүүхийн чиг үүргийг хэрэгжүүлсэн дүгнэлт хийж ажлаас халсан.
4.3. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээ, журамд хохирогчийн буруутай үйлдлээс үүдэлтэй хүний биед хүрсэн тохиолдолд хэрхэх талаар тусгаагүй, зохицуулаагүй байхад шүүх хүний биед хүрсэн гэж ерөнхий зохицуулалт хэрэглэсэн нь буруу. Гэрчийн мэдүүлснээр *******тай маргалдагч этгээд нь 10 орчим минутын турш үгийн муухайгаар доромжилж ямар ч хүн тэсэж тэвчих, сонсоод зогсоод байхааргүй хэл амаар доромжилсон гэж мэдүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь иргэний үндсэн үүрэг гэж заасан. Хүний сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан үедээ хүний биед халдах гэдэг өөр ойлголт бөгөөд *******ын хувьд санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үедээ хүний биед хүрсэн байхыг үгүйсгэхгүй. Маш энгийнээр уур бухимдал дээд цэгтээ хүрч хяналтаа алдах ойлголт юм. Гэвч 10 орчим минутын турш хэл амаар доромжлуулж зогссон түүний сэтгэл зүйн байдал, гомдол шаналал, уур бухимдал ямар түвшинд байсан эсэх үйл баримтыг тогтоогоогүй бөгөөд ийм нөхцөл байдлын улмаас хүний биед хүрсэн асуудлыг хэрхэх талаар гэрээ болон журамд заагаагүй.
4.4. Анхан шатны шүүх гэрээн дээр ямар ч тохиолдолд хүний биед халдсан бол ажлаас халахаар заасан байна гэж дүгнэсэн буруу. Ажлаас халагдахаас айгаад өөрийг нь алах, эрүүл мэндэд нь халдах үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авах нь буруу гэж дүгнэж буйтай адил зүйл юм. Тухайн ажилтан гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж үзсэн тохиолдолд тухайн асуудлыг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шалгуулж гэм буруутайг нь тогтоолгох бөгөөд түүний дараа ажилтныг халах арга хэмжээ авах хуульд заасан зөв процесс ажиллагаа юм. Тухайн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж, прокурор хяналт тавьж, шүүх шийдвэрлэсэн бол гэмт хэрэг зөрчлийн шинжгүй эсхүл, аргагүй хамгаалалт, гарцаагүй байдал гэж дүгнэх байсныг үгүйсгэхгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч компанийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал хууль зүйн үндэслэлтэй. ******* ХХК нь бүх ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр хөдөлмөрийн харилцаа үүссэн. *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал нь ******* ХХК-ийн сахилгын шийтгэл ногдуулах журамд заасны дагуу хяналт шалгалт явагдаад, 2 ажилтны дунд 2024 оны 05 сарын 14-ний өдөр баяжуулах үйлдвэрийн хэлтсийн хувцас солих өрөөнд 2 ажилтан хоорондоо маргалдсаны улмаас ******* нь *******ыг зүй бус үг хэллэг хэлсэн байдаг. ******* нь *******гийн биед халдсан нөхцөл байдал тогтоогдсон. Мөн сахилгын шийтгэл ногдуулах журамд зааснаар тухайн хүний биед халдсан нь ямар нэгэн хохирол хор уршиг учирснаас үл хамаарч халдсан тохиолдолд ноцтой зөрчилд хамаардаг. Аливаа бусад ажилтнуудаа зүй бус үг хэлэхээр доромжлох нь ноцтой зөрчилд хамаардаг учраас *******, ******* нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд энэ талаар ажиллагаа хийх байтал уг зөрчил шалгах ажиллагааг ******* ХХК хийх эрхгүй атлаа шалгасан гэж дурдсан. ******* ХХК нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг барьж хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гаргаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх бүхий байгууллагын эрхийг хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл ногдуулах журам буюу ажилтан, ажил олгогч хоёрын хооронд гарсан хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргааныг зохицуулж, энэ зөрчлийг тогтоосон. *******, ******* нар хоорондоо маргалдсан зөрчлийг ******* ХХК-ийн хянан шалгах баг анх *******гийн гомдлоор мэдсэн. ******* ХХК-д 12 жил ажилласан ******* ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд хяналт шалгалтын багт мэдэгдэх ёстой үүргээ сайн мэддэг атлаа энэ үүргээ биелүүлээгүй буюу нөгөө талаас ******* мэдэгдсэнээр хяналт шалгалтын баг шалгасан. Гомдолд нэхэмжлэгч *******ыг 18:00 цагт тарах ёстой байсан гэж дурдсаныг залруулах нь зөв байх. ******* ХХК тухайн үед ажлын цаг нь 19 цагт тарах байсан. Тухайн өдөр 19 цагт автобус ******* руу хөдлөх байсан. Энэ автобусанд амжихгүй байна гэх байдлаар маргаан үүсэж маргаан 18 цаг 30 минутаас 40 минутын хооронд хувцас солих өрөөнд ажилчид орж ирээд тарцгаасан. Үүнээс үзэхэд ажлын цагт гарсан зөрчил гэж үзнэ.
Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан баяжуулалтын операторын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2015 оны 12 сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь баяжуулалтын операторын ажилд ажиллах, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх, ******* ХХК нь цалин хөлс олгох, ажлын аятай таатай нөхцөлөөр хангах үүргийг тус тус хүлээж, талуудын хооронд хөдөлмөрийн эрхийн харилцаа үүссэн байна. /1хх 149-154/
4. Улмаар, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 сарын 06-ны өдрийн Б/1727 дугаар тушаалаар *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр тасалбар болгон цуцалсан байх ба уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, хөдөлмөрийн гэрээний 10.2.1, 10.2.1.(и), кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 19.3, 19.4-т заасныг тус тус удирдлага болгож, ... ******* нь 2024 оны 05 сарын 11-ний өдөр ******* уурхайн Баяжуулах үйлдвэрийн савлах үйлдвэр дэх эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд бусдын бие махбодид халдсан, хүч хэрэглэсэн хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон ... гэсэн үндэслэлийг заажээ. /1хх 4/
Дээрх тушаалд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаас итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийн дагуу боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер ******* гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасантай нийцжээ. /1хх 130, 131/
5. Ажилтан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд гаргажээ. /1хх 5-8/
6. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийн нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, ажилтан ******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон гэж зөв дүгнэж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Тодруулбал:
6.1. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 10.2.1, 10.2.1.(и)-д ажилтан ... компанийн дотоод журам, кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, ... -д ноцтой зөрчил гэж тооцсон зөрчил гаргасан ... тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тусгажээ.
Ийнхүү, компаниас баталсан аливаа дүрэм, журамд ноцтой зөрчил гэж тооцохоор тусгасан зөрчлийг ажилтан гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд ишлэн зааж өгснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу ... хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ...-тай адилтган үзнэ.
6.2. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 04 сарын 30-ны өдрийн 15/21 дугаар тушаалаар батлагдсан кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1, 9.1.2-т бусдын биед хүч хэрэглэх, бие махбодид халдах үйлдлийг ёс зүйн зохисгүй хэм хэмжээ гэж үзэхээр, мөн 19.3-т журмын 9.1.1-9.1.15-д заасан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцохоор, 19.4-т журмын 9.1.1-9.1.5-д заасан ноцтой зөрчил гаргасан ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар тус тус журамлажээ. /1хх 110-111, 127/
Ажилтан ******* нь 2024 оны 05 сарын 11-ний өдөр 18:40 цагийн орчим ажилтан *******тэй эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд маргалдаж, *******г үсдэж, дээрх журмын 9.1.2-т заасан бусдын биед хүч хэрэглэх, бие махбодид халдах ноцтой зөрчлийг гаргасан болох нь ******* ХХК-аас 2024 оны 05 сарын 12-ны өдрөөс 05 сарын 29-ний өдрүүдэд хийсэн магадлан шалгалтын тайлан, шалгалтын явцад ажилтан *******, *******, *******ийн өгсөн ярилцлага, тэмдэглэл, осол зөрчлийн тайлбар авах хуудас зэргээр тогтоогдсон. /1хх 46-52, 53-59, 60-71, 72-74, 75-80, 132-134, 136-139, 140-142/
Иймд, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 сарын 06-ны өдрийн Б/1727 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
6.3. Ажилтан ******* нь кэмпийн дотоод журам болон ёс зүйн дүрэмтэй танилцаж, ойлгосон талаар баримт үйлдэж, гарын үсэг зурсан, мөн компанитай хийсэн ярилцлагын үед компанийн дотоод дүрэм, журмаар бусдын биед халдах, хүч хэрэглэх нь ноцтой зөрчилд тооцогдох-ыг мэдэж байгаа тухайгаа өөрөө хэлж, тэмдэглэлд гарын үсэг зурсан байна. /1хх 58, 148/
Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 8.(г)-д ажилтан нь компанийн бодлого, журам, стандарт болон холбогдох бусад баримт бичгүүдтэй өөрөө танилцах үүрэгтэй талаар тусгасан байгааг дурдах нь зүйтэй. /1хх 150/
7. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, сахилгын шийтгэл ногдуулах журам зэрэгт заасан үндэслэл, журмын дагуу буюу хөдөлмөрийн эрхийн харилцааны хүрээнд ажилтны гаргасан зөрчлийг шалган тогтоож, зохих сахилгын шийтгэлийг ногдуулсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан ... Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллага тогтооно ... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангахгүй.
Түүнчлэн, хөдөлмөрийн гэрээ, кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэмд заасан бусдын биед хүч хэрэглэх, бие махбодид халдах ноцтой зөрчил нь заавал бусдын эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүйгээс гадна маргааныг хэн эхлүүлсэн нь чухал бус тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан ... анхан шатны шүүх хэний буруугаас тухайн үйл явдал болсон, тухайн этгээд ямар бэртэл гэмтэл авсан эсэхийг харгалзан үзээгүй ... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг мөн хангахгүй.
8. Нэхэмжлэгчийн тодорхойлсон ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 сарын 06-ны өдрийн Б/1727 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин ажилд эгүүлэн тогтоолгох, түүний үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах тул шийдвэрийн тогтоох хэсэгт уг шаардлагыг шийдвэрлэсэн хэсгийг хассан өөрчлөлтийг оруулна.
Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа ажилтныг ажлын байранд нь эгүүлэн тогтоосонтой холбоотой ажил олгогчоос гаргуулах олговрын хуулийн зохицуулалтыг баримталсан нь оновчгүй тул шийдвэрийн тогтоох хэсэгт уг хуулийн зохицуулалтыг хассан өөрчлөлтийн мөн оруулна.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/03024 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хариуцагч ******* ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.НЯМБАЗАР