Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 207/ма2025/00042

 

 

 

2025        05          08                                          207/МА2025/00042

 

 

............ СӨХ-ны нэхэмжлэлтэй,

хариуцагч Ц.............эд

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2024/01278 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : ............ СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.............эд холбогдох,

“СӨХ-ны төлбөр 5,892,333.33 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч Ц.............ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ............ СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай ............ Сууц Өмчлөгчдийн Холбоо нь 2020 оны 05 дүгээр сарын 01-ний өдөр ............Засаг даргаас олгосон 20/13 дугаар гэрчилгээтэй. Бид иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Монгол Улсын Иргэний хууль, Сууц Өмчлөгчдийн Холбооны эрх зүйн байдал , нийтийн зориулалттай амины орон сууц байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа хэвийн явуулсаар өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд хотхоны нийт сууц өмчлөгчдөдөө нэгэн адил үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ дундын өмчлөлийн гэрэлтүүлэг, хог хаягдал, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээг цаг тухайд нь гүйцэтгэж ирсэн болно. Дундын өмчлөлтэй холбоотой үйлчилгээ, эд зүйлсийг тухайн нутаг дэвсгэрт орон сууц эзэмшиж байгаа л бол хүссэн, эс хүссэнээс үл хамааран хамтран эзэмшигчид төлөх үүрэгтэй боловч тус хотхоны ............тоотын эзэмшигч нь СӨХ-д төлбөл зохих төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд ............4 дүгээр хороо, ............ вилла хотхоны ............тоот 320 м.кв орон сууцанд оршин суудаг Ц.............ээс 2022 оны 07 дугаар сараас 2023 оны 12 сарыг хүртэлх төлбөр болох 5,892,333.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц............. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Ц............. нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, ............ вилла хотхон ............тоот байшин ............ХХК-ийн захирал ............гаас худалдаж авсан. 2021 он 08 сарын 02-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирлаар томилогдсоноос хойш энэ байшинд амьдраагүй болно. ............ СӨХ нь гадна, дотно талбайн цэвэрлэгээ цэцэрлэгжүүлэлтийн үйлчилгээ хийж байгаагүй. Энэхүү нэхэмжлэл гаргаж буй ............ СӨХ-ны захирал ............нь ............гийн төрсөн дүү бөгөөд сантехникийн чанаргүй материал ашиглаж муу барилга барьсны улмаас өөрийн хөрөнгөөр дотоод засал хийж тохижуулсан байшинг ус алдуулж 50,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2024/01278 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг баримтлан хариуцагч  Ц.............ээс орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал 5,647,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “............” СӨХ-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 245,333 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,227 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.............ээс 105,302  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “............” СӨХ-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц............. шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2024/01278 тоот шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргах нь: Миний бие Ц............. нь иргэн ............гаас Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4 хороо ............ вилла хотхон ............тоот орон сууцыг худалдан авсан ба 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр орон сууцанд ус алдаж, их хэмжээний хохирол учирсан ба орон сууцны дундын өмчлөлийн сантехникийн муу материалаас болж ус алдсан болох нь тогтоогдсон ба СӨХ нь орон сууцны дундын өмчлөлийн сантехникийн засвар үйлчилгээний эзэмшил ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах, орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалах үүргээ цаг тухай бүрт нь биелүүлээгүйгээс их хэмжээний хохирол учруулсан. Энэхүү орон сууцыг хүн амьдрах боломжгүй болгосонтой холбоотойгоор орон сууцаа завсарлах зайлшгүй шаардлагатай болж, орон сууцны бүх өрөөний тааз, хана, цахилгаан сантехник зэрэг бүх засварыг өөрийн зардлаар бүхэлд нь хийхтэй холбогдон их хэмжээний зардал гарсан. Энэ байдлыг СӨХ мэдэж байсан атлаа ус алдаж, их хэмжээний завсар үйлчилгээ хийхтэй холбоотойгоор амьдрах боломжгүй байсан хугацааны төлбөрийг хуулийн дагуу “төлбөр” гаргуулна” гэж шүүхэд нэхэмжлэл өгч, уг төлбөрөө гаргуулан авахаар болсон байна.

Анхан шатны шүүх хуралдааны зар надад ирээгүй атлаа 2024 оны 10 дугаар сарын 01 -ний өдөр надад зар өгсөн гэж шүүхийн шийдвэрт тэмдэглэгджээ. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн үндэслэлдээ: ............ СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16-р зүйлийн 16.5.-т заасны дагуу Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэх заалтын дагуу СӨХ төлбөр зардлыг эрх бүхий этгээд шийдвэрлэсэн эсэх нотлох баримтгүй байхад Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 заалт, 148 -р зүйлийн 148.2.3 -т заасныг баримтлан 5,647,000 төгрөгийн зардлыг гаргуулсан нь үндэслэлгүй байна. Сарын 328,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.5, 147.6 дахь заалтуудад миний төлбөл зохих зардал шийдвэрлэгдэх бөгөөд надаас ямар ямар зардлуудыг гаргуулах асуудлаар санал аваагүй атлаа авсан мэт ямар мар зардлуудыг бүхэлд нь хариуцуулан гаруулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Дундын өмчлөлийн завсар үйлчилгээг стандартын дагуу хийлгээгүйгээс би маш их хэмжээний эд хөрөнгөөр хохирсон. Үүүнийг СӨХ мэдэж байсан ба энэ талаар асуудлыг тавихаар Миний өмчлөлийн орон сууцыг хариуцдаг эсэх нь тодорхойгүй, энэ талын баримтыг гаргаж өгдөггүй атлаа хариуцдаг гэж шийвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй эсэх нь бүрэн нотлогдоогүй байхад мөн СӨХ -ийн төлбөрийг сарын 328,000 төгрөгөөр тооцдог талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад нь хариуцагч татгалзлаа нотлоогүй гэх үндэслэлээр төлбөрийг гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2024/01278 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаан дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч  ............ СӨХ нь хариуцагч Ц.............эд холбогдуулан “СӨХ-ны төлбөр 5,892,333.33 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг баримтлан хариуцагч  Ц.............ээс орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал 5,647,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “............” СӨХ-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 245,333 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй  байна.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06 ны өдрийн 58 дугаар магадлалын Хянавал хэсэгт “...Хавтас хэрэгт авагдсан “............” СӨХ-ийн гэрчилгээ нь 2022 оны 06 дугаар сарын 29 ний өдрөөс 1 жилийн хугацаатай олгогдсон бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 29 ний өдрөөс хойш хойш сунгагдсан баримт байхгүй нь “............” СӨХ нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй болно...” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т зааснаар хавтаст хэргийн 24, 25 дугаар хуудсанд авагдсан  нотлох баримтууд нь шаардлага хангаагүй баримтууд  байна...” гэсэн үндэслэлийг зааж  Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 451 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц............. нь “...Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2024/01278 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаан дахин хэлэлцүүлж өгнө үү ...” гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргасан боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Анхан шатны шүүх “...Нэхэмжлэгч “............” СӨХ нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ............Засаг даргаас олгосон 20/13 дугаар гэрчилгээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд хэрэгт нотлох баримтаар 2023 оны 07 дугаар сарын 20-ноос 1 жилийн хугацаатай олгосон 22/112 дугаартай гэрчилгээ, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд сунгагдсан гэрчилгээг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн...” гэсэн дүгнэлтийг хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

............Засаг даргаас 22/112 дугаартай 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс  1 жилийн хугацаатай олгосон гэрчилгээг  2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар сунгажээ. Энэхүү гэрчилгээг  нотариатчаар хэзээ гэрчүүлсэн нь тодорхойгүй байна. /х/х-ийн 105 дугаар хуудас/

Мөн хавтас хэргийн 106 дугаар хуудсанд дээрх гэрчилгээг нотлох баримтаар нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн ба дээрх гэрчилгээг сунгасан огноо байхгүй байна.

Ийм 2 өөр зөрүүтэй нотлох баримтыг анхан шатны шүүхээс нотлох баримтаар  үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан  шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...”,  40.2.-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ…”, 38 дугаар зүйлийн 38.9.-д шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч  ............ СӨХ-г  төлөөлж захирал ............нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэгт нотлох баримтаар өгсөн баримтуудаар нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй болох нь тогтоогдохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэдгийг зөрчжээ.

Дээрх нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана...” гэсэн үндэслэлийг бий болгож байгаа тул нэхэмжлэгч  ............ СӨХ нь хариуцагч Ц.............эд холбогдуулан “СӨХ-ны төлбөр 5,892,333.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаасан үндэслэлийг зөвтгөж хэргийг хянан шийдвэрлээгүй байгааг тэмдэглэх зүйтэй байна.

Хариуцагч Ц.............ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 105,302  төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар  сарын 17-ны өдрийн 142/ШШ2024/01278 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Ц.............ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 105,302  төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч

буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.ҮҮРИЙНТУЯА

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР