| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2019/0129/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/132 |
| Огноо | 2019-08-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Р.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 1936000000150 дугаартай, 178/2019/0129/Э/ индекстэй хэргийг 2019 оны 08 сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1996 оны 06 сарын 06-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс-дөрвөд, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 38 айлын орон сууцны 10 тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Р.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэн Д.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн ******* сумын Жаргалан багийн 30 тоотод оршин суух, 1977 оны 09 сарын 02- ны өдөр төрсөн, эрэгтэй, 41 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ХХК-д менежер, / ******* овогт *******гийн *******ын өгсөн... 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай ажилтнууд цалингаа аваад Ц.*******, Д. бид гурав 0.75 гр-ийн Соёрхол архи аваад хувааж уусан.Архи ууж байхдаа Р.******* бид хоёр ажлын талаар маргалдаад хоорондоо барилцаж авсан чинь Д. бид хоёрыг салгах гээд дундуур ороход Ц.******* миний нүүр лүү цохисон.Тэгтэл миний зүүн нүдний дээд хөмсөг задарч цус гарахаар нь би угаах гээд Ц.*******ийг “ус аваад ир” гэхэд дахиад надтай хэрүүл өдөж миний толгой руу 2 удаа цохихоор нь би цагдаа дуудсан... гэх мэдүүлэг / хэргийн 9-10 дүгээр хуудас/
Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн үед манай цалин буугаад инженер Р.*******, Д.******* бид гурав 2 шил архи хувааж уугаад байж байтал Р.******* Д.*******тай маргалдаж байгаад нүүр лүү нь цохиход Д.*******ын хөмсөг задраад цус гарсан.Тэгээд би тэр хоёрыг салгаад гэр лүүгээ явсан... гэх мэдүүлэг / хэргийн 13-14-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 422 дугаартай шинжээчийн ... Д.*******ын биед зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн өвдөгний дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Д.*******ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.Д.*******ын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 23-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн... 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 19 цагийн үед 7 дугаар сургуулийн барилга дээр ажиллаад амарч байх хугацаандаа Д., Д.*******, д нарын хамт 2 шил 0.75 гр-тай Соёрхол архи хувааж уусан.Архи ууж байхдаа би Д.*******тай ажлын талаар маргаад Д.******* над руу босоод ирэхээр нь би урдаас нь босоод Д.*******ын нүүр хэсэгт 2 удаа баруун гараараа цохисон.Тэгтэл Д.******* газарт унаад босож ирэхдээ хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан.Би Д.*******ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.Д.*******т хохирол төлсөн, одоо бидний дунд ямар нэгэн хохирол, маргааны асуудал байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 27-28-р хуудас/
Хохирогч Д.*******ын ... Р.******* намайг зодож миний биед гэмтэл учруулсан боловч надад учирсан хохирол төлбөрийг төлсөн. Р.******* бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ... гэх хүсэлт / хэргийн 53-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүгдэгч Р.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч Р.******* нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны орой хамт ажиллаж байсан Д.*******, Д. нарын хамт архи ууж согтуурсан үедээ Д.*******тай марган түүний нүүрэн хэсэгт цохиж биед нь гэмтэл учруулсан болох нь хохирогч Д.*******ын мэдүүлэг, тухайн зодоон болох үед хажууд нь байсан гэрч Д.гийн мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 422 дугаартай “...Д.*******ын биед зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн өвдөгний дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, шүүгдэгч Р.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:
Шүүгдэгч Р.******* нь тухайн орой хамт ажиллаж байсан Д.*******, Д. нарын хамт архи ууж согтуурсан үедээ Д.*******тай марган түүний нүүрэн хэсэгт цохисноос Д.*******ын хөмсөг задарч биед нь хөнгөн гэмтэл учирсан хэргийн бодит байдал, үйл баримт тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Р.*******ийг хохирогч Д.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ... гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Р.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Д.*******ын... Миний эмчилгээний зардал 300000 төгрөг гарсныг Р.******* бүрэн төлж барагдуулсан, одоо нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг, шүүгдэгч Р.*******ийн .... хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлсөн... гэх мэдүүлгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Р.*******оос хохирогч Д.*******т эмчилгээний зардлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хохирол төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Р.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 32 дугаар хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.*******ийн хувийн байдлын талаар Б.Батзаяагийн гэрчээр өгсөн...Р.******* бид хоёр багаасаа үерхэж нөхөрлөж байгаа. Р.******* даруухан, дуу цөөтэй, хүнд их тусархуу, тогтуун тайван, нийтэч хүн юм.Хааяа найз нөхөдтэйгөө архи уухаар зан ааш нь өөрчлөгдөөд байсныг хараагүй...гэх мэдүүлэг , Д.гийн гэрчээр өгсөн...Р.******* манай том хүү байгаа юм. Даруу төлөв зантай, хүнд тусархуу, нйитэч хүүхэд. Одоо гэртээ аав, ээж дүүгийнхээ хамт амьдарч байгаа. Багадаа сагсан бөмбөгөөр хичээллэдэг байсан... гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Р.*******ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учирсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов.
Эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Р.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй , хохирогчид учирсан хохирол 300000 төгрөгийг төлснийг тус тус дурдаж, шүүгдэгчийн Ротензо маркийн гурван хаалгатай хөргөгч битүүмжилсэн прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх ... дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Миний бие нь гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан.Улсын яллагчийн санал болгосон торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч байна ... гэх дүгнэлт тайлбар гаргав.
Шүүхээс шүүгдэгч Р.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосон тул Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг бодит байдлаар төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.*******т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн 1936000000150 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 300000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Р.*******т торгох ял шийтгэсэн тул түүний эзэмшлийн Ротензо маркийн 3 хаалгатай хөргөгчийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 5/82 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгч Р.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Р.*******т оногдуулсан 500000 төгрөгний торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.*******т тайлбарласугай.
5. Эрүүгийн 1936000000150 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 300000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Р.*******ийн эзэмшлийн Ротензо маркийн 3 хаалгатай хөргөгчийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 5/82 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр хэргэлсүгэй.
7. Шүүгдэгч Р.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА