| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2016/5580/и |
| Дугаар | 5396 |
| Огноо | 2016-08-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 5396
| 2016 оны 08 сарын 08 өдөр | Дугаар 101/ШШ2016/05396 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ....тоотод оршин суух, 37 настай, эрэгтэй, Д Дийн /РД: ..../ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б........ тоотод оршин суух, .. настай, эмэгтэй, Б. Бд /РД: / холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 16.100.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Д би хариуцагч Б.Бтай 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 15 хоногийн хугацаатай, 15 хоногийн 8 хувийн хүү тооцож авахаар харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан.
Б.Б нь 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр зээлийн 15 хоногийн хүүний 50 хувь болох 200.000 төгрөгийг Хаан банкны 5003602451 тоот данснаас миний Хаан банкин дахь 000000 тоот дансанд шилжүүлсэн.
Үүнээс хойш хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүргийг огт биелүүлээгүй бөгөөд хариуцагчаас үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн гэрээний 2.2-т заасан 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл зээлийн хүү 8.600.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг, нийт 16.100.000 төгрөгийг нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд байгуулсан гэрээний ерөнхий агуулгын хүрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлохдоо талууд зээлийн гэрээний хугацааг 15 хоногоор тогтоосон боловч уг хугацаа хэтэрвэл зээлийг төлж дуусах хүртэл гэсэн тодорхой бус хугацаатай болгохоор гэрээний нөхцлийг тодорхойлсон.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч зээлийн хүүгийн 50 хувийг төлж үндсэн зээлийг төлөөгүй тул уг гэрээний 2.2-т зааснаар зээлийн гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзнэ.
Иймд хариуцагч Б.Бгаас үндсэн зээл 5.000.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг, хүү 8.600.000 төгрөг, нийт 16.100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Д.Д нь Б.Бд хандан их хэмжээний мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Б нь Д.Дийг таних боловч их хэмжээний мөнгө зээлж байсан удаа байхгүй.
2015 оны 5 дугаар сарын орчимд 5.000.000 төгрөг зээлэх боломжтой эсэх талаар Д.Доос лавлахад хүнээс мөнгө орж ирвэл зээлж болно. Маргаашнаас мөнгө ороод ирэх учир өнөөдөр гэрээнд гарын үсэг зурчих, нотариатаар орьё гэсэн. Гэрээнд гарын үсэг зурснаас хойш 2 хоногийн дараа мөнгөө хэзээ авах бэ гэхэд мөнгө орж ирэхээ больсон гэсэн.
Би дээрх гэрээг нотариатаар ороогүй учраас ямар нэгэн асуудал байхгүй гэж бодсон бөгөөд тухайн үед Д.Доос гэрээг нэхэж аваагүй. Мөнгө авсан бол гэрээг нотариатаар батлуулах байсан. Хуулийн байгууллагад худал зүйл бичиж миний нэр төрийг гутааж асар их хэмжээний мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Д, Б.Б нарын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 16.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Б.Бтай харилцан тохиролцож, түүнд 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алданги тооцохоор харилцан тохирч зээлсэн нь зохигчийн шүүхэд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
/ХХ-ийн 4 дүгээр тал/
2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ нь хэлцэл хийхэд тавигдах шаардлага болон талуудын хүсэл зоригийг илэрхийлэх хууль зүйн шаардлагыг хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Зээлийн гэрээ нь энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл бөгөөд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээдүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох тул зайлшгүй нотариатчаар гэрчлүүлэх шаардлагагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч Д.Доос 5.000.000 төгрөгийг аваагүй гэсэн хэдий боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, энэ талаархи баримтаа ирүүлээгүй болно.
Хариуцагч Б.Бгийн 5.000.000 төгрөг зээлж аваагүй гэх тайлбар нь нэхэмжлэгч Д.Дийн Хаан банк дахь төгрөгийн 000000 тоот дансанд өөрийн мөн банк дахь 5003602451 тоот данснаас зээлийн гэрээ ёсоор тохирсон хүүг буюу 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 15 хоногийн хүү тооцон 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 200.000 төгрөгийг төлсөнөөр үгүйсгэгдэж байна.
/ХХ-ийн 19 дүгээр тал/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,
232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анкын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй“,
232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ“ гэж тус тус заажээ.
Хариуцагч Б.Б нь 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн гэрээгээр тохирсоны дагуу зээлийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Д.Д түүнээс зээлийг буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.
Үндсэн зээл-5.000.000 төгрөг, алданги-2.500.000 төгрөг /алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/, нийт 7.500.000 төгрөг нь хариуцагч Б.Бгийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх ёстой үүрэг болно.
5.000.000 төгрөг*8 хувь=400.000 төгрөг /30 хоног буюу 1 сарын хүү/
Гэрээ ёсоор тохирсон хүү буюу 15 хоногийн хүү 200.000 төгрөгийг хариуцагч Б.Б нь төлсөн бөгөөд төлсөн талаар нэхэмжлэгч Д.Д маргаагүй.
2015 оны 5 дугаар сарын 19-ний гэрээний 2.2-т “Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү гэрээний 2.1.2-д заасан хүүг төлнө...“ гэж заасан ба уг заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т заасны дагуу тайлбарлавал гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулаагүй бол зээл бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаагаар хүү тооцох эрхийг зээлдүүлэгчид олгосон гэж үзэхээр байх ч энэ нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцээгүй тул 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү 8.600.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн болно.
Иймд хариуцагч Б.Бгаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 7.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дид олгох нь зүйтэй.
Хариуцагчийн төлөөлөгч дээрх зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан “үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл“ тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан ба энэ зүйлд заасан хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийн 1 төрөл.
Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцэл юм.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан хэлцэл нь уг хэлцлийг байгуулах хүсэл зориг байгаагүй, эрх зүйн бус үндэслэл буюу сэтгэлийн хөдлөлд тулгуурлан хүсэл зоригоо илэрхийлсэн байдал нь хожим зайлшгүй илэрнэ гэж үндэслэл муутай тооцоолсон субьектив санаанаас үүсдэг учир уг зээлийн гэрээг хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарласанчлан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжгүйг дурьдлаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Бгаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 7.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8.600.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Дийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас 134.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Байгалмаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН