Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 768

 

           

 

 

 

 

 

 

 

2019           08           20                                   2019/ШЦТ/768

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол, даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Г.Ганбагана, шүүгдэгч Ж.Л, түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Жаргалсайханы Лхагважаргалд холбогдох эрүүгийн “1909021770636” дугаартай, 185/2019/0757/э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шүүн  хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 17 дугаар гудамж 291 тоотод оршин суух хаягтай боловч оршин суудаггүй, тэнэмэл байдлаар гадуур амьдардаг,

 

-урьд нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 05 дугаар сарым 18-ны өдрийн 202 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасиаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жил 6 сарын хугацаагаар ял хойшлуулсан,

 

Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсныг Нийслэлийн шүүхийн 74 тоот магадлалаар 1 жил 6 сарын хорих ял болгон өөрчилж, 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 151 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 cap 17 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан,

 

Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ял оногдуулж, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 cap 3 хоногийн хорих хугацааны өмнө тэнсэн сулласан, хэрэг хариуцах чадвартай,  Ж.Л /РД:ХЙ84032811/,

 

         Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Ж.Л нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5 дугаар гудамжны 183 тоотод оршин суух Ө.Төмөрсүхийн өмчлөлийн хүн байнга амьдрах гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч /РИSХ/ гэсэн бичигтэй цэнхэр өнгийн унадаг дугуйг нууцаар авч 126.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:   Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

    1.1.Шүүгдэгч Ж.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Гадуур явж байгаад Отгонсайхантай тааралдаад Хүрэлбатын унтдаг траншейнд очиж 1 шил архи хувааж уусан. Тэгээд гараад явж байсан нэг айлын хаалга онгорхой байсан. Гэрийнх нь хаалгыг би эвдээгүй. Гэрийн гадна байсан дугуйг авсан. Дугуйг түрээд гудамжинд явж байсан энгийн машинтай цагдаа ирсэн. Алаг машин дуудаад намайг аваад явсан, дугуй авсандаа харамсаж байна гэв.

          Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ө.Төмөрсүхийн:..2019 оны 06 дугаар сарын 05-ны өглөө ажилдаа гарсан өдөр 14 цагт манай эхнэр руу хүн утсаар яриад хулгай орсон байна гэж хэлсэн гэсэн. Гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоожийг эвдэн орны дээр бүтээсэн байсан манай хүүгийн унадаг дугуйг аваад явсан байсан. Гэрийн хаалга цоожтой байсан цоожийг нь эвдээд даруулгын хамт шороон дээр шидсэн байгааг цагдаа нар зургийг нь авсан. Унадаг дугуй алга болсон өөр ямар нэгэн эд зүйл алдагдаагүй. Үнэлгээтэй танилцсан, ямар нэгэн санал хүслэт байхгүй гэх мэдүүлэг. /хх-н 28-29, 31/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Отгонсарнайгийн:.. би цааш яваад 1 гудамж эргэж байтал араас Хүрлээ цэнхэр өнгөтэй хүүхдийн унадаг дугуй барьчихсан Лхагважаргалтай цуг ирсэн, юун дугуй юм гэхэд манай хүүхдийн дугуй гэж хэлсэн. Би айл руу орохын хараагүй, түрүүлээд явчихсан байсан гэх мэдүүлэг. /хх-н 35/,

2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Хүрэлбатын:..траншейндаа унтаж байтал Б.Отгонсарнай, Ж.Л хоёр ирсэн. Гараад ир ганц юм ууя гэж хэлсэн. Тэгээд би гарч ирээд нэг шил архи уусан тэгээд 32-н тойрог руу явсан, явах замд  Ж.Л нэг хашаа руу заагаад энэ манай гэр байгаа юм би ороод ирье та хоёр дээр очоод байж бай гэж хэлсэн. Бид хоёрыг явж байхад Ж. Лхагважаргал унадаг дугуй үүрээд гараад ирсэн. Тэгээд гудамж эргэтэл цагдаагийн машин ирээд бариад авсан гэх мэдүүлэг. /хх-н 37/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч:..Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбагана би өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар шүүгдэгч  гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс Хавтаст хэргээс 9 дүгээр хуудас яллагдагч Ж.Лхагвадоржийн мэдүүлэг, 11 дүгээр хуудас гэрч Ж.Лын мэдүүлэг, 18 дугаар хуудас хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, 18 дугаар хуудас гэрэл зураг №3, №4, 22 дугаар хуудас илтгэх хуудас, 31 дугаар хуудас хохирогчийн мэдүүлэг, 98 дугаар хуудас хохирогчийн гомдолгүй

гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч:..монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч П.Эрдэнэтуяа би өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн үйлчлүүлэгч хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 9 дүгээр хуудас яллагдагчийн мэдүүлэг, 18 дүгээр хуудас гэрч Г.Сайханбат, Ж.Мягмарнаран нарын мэдүүлэг, 20 дугаар хуудас  хаалганы цоож, хаалганы зураг, 22 дугаар хуудас илтгэх хуудас, 31 дүгээр хуудас хохирогчийн мэдүүлэг, 98 дугаар хуудас хохирогчийн гаргасан гомдол саналгүй гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулъя гэв.

Шүүгдэгч:..шинжлэн судлуулах баримт байхгүй гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч Ж.Л нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5 дугаар гудамжны 183 тоотод оршин суух Ө.Төмөрсүхийн өмчлөлийн хүн байнга амьдрах гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч /РИSХ/ гэсэн бичигтэй цэнхэр өнгийн унадаг дугуйг нууцаар авч 126.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч   Ө.Төмөрсүх, гэрч  Б.Отгонсарнай, Ц.Хүрэлбат нарын мэдүүлэг, Дамно хөрөнгө үнэлгээ,  зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээ , шүүгдэгчийн  шүүх хуралдаанд  хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг  хавтаст хэрэгт авагдсан бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

              Иймд Прокуророос шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байх тул гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

              Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.Лын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруу болон оногдуулах ялын талд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч Б.Лхагважаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангийн 17. Дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан болно.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд гаргасан саналдаа гэмт хэрэг үйлдсэн арга хэрэгсэл, хэргийн газрийн үзлэг тэмдэглэл зэрэг нь шүүгдэгчийг орон байранд нэвтэрсэн гэж үзэхгүй, өөрөөр хэлвэл хэрхэн ямар аргаар яаж эвдсэн, зам шалгалтаар явж шалгаагүй эргэлзээтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь хохирогч Ө.Төмөрсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт ...гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоожийг эвдэн орны дээр бүтээсэн байсан манай хүүгийн унадаг дугуйг аваад явсан байсан. Гэрийн хаалга цоожтой байсан цоожийг нь эвдээд даруулгын хамт шороон дээр шидсэн байгааг цагдаа нар зургийг нь авсан. Унадаг дугуй алга болсон өөр ямар нэгэн эд зүйл алдагдаагүй...гэх мэдүүлэг, /хавтас хэргийн 28-29 хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /20-22 хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-40 хуудас/, гэрч Б.Отгонсарнай мэдүүлэг /хавтас хэргийн 34-35 хуудас/, гэрч Ц.Хүрэлбат мэдүүлэг /хавтас хэргийн 36-37 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Лхагважаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь тогтоогдож байна.

 

Шүүх шүүгдэгчийг учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1.3 дах хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах  буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.Л нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

       Шүүгдэгч Ж.Лын цагдан хоригдсон 37 хоногийг эдлэх яланд оруулан тооцох, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн  баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Ө.Төмөрсүх нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдаж  шийдвэрлэлээ.

           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт  Ж.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  хэсэгт зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж авсан гэмт хэрэгт,  

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-дэх хэсэт  зааснаар шүүгдэгч Ж.Л д 1 /нэг/  жилийн хугацаагаар  хорих ялаар,

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Ж.Л д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.    

 

4.Шүүгдэгч Ж.Л аас хохирогч Ө.Төмөрсүх нь  нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй,  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус   дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Л ын цагдан хоригдсон 37  /гучин долоо/ хоногийг нь ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

 

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Л д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  эдлэх ялыг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ