| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2024/02300/И |
| Дугаар | 207/ма2025/00043 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 207/ма2025/00043
2025 05 08 207/МА2025/00043
Д.............ын нэхэмжлэлтэй,
хариуцагч Д.............д
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 312/ШШ2025/00217 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : Д.............ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.............д холбогдох,
“Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 2,850,300 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.............ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д............. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Д............. нь Вокзалын ............ тоотод амьдран суудаг бөгөөд 2024 оны 8 сараас эхэлж дээд айлаас ус алдаж тухай бүр хэлж ус алдалтыг зогсоодог байсан бөгөөд 9, 10, 11 сард удаа дараа байнга ус алдуулж амьдрах ая тухтай орчныг байхгүй болгодог. Янз бүрийн хүмүүст түрээсэлдэг гэх шалтгаанаар зарим үед хүн байхгүй хэдэн өдөр ус алдуулж хариуцлагагүй ханддаг. Бусдын ая тухтай амьдрах нөхцлийг үгүй болгодог.
Өөрөө УБТЗ-ын барилга үйлчилгээ, ашиглалтын ангид удаа дараа дуудлага өгч байж 2024 оны 11 дүгээр сарын 24-нд засуулж авснаар одоогоор дээрээс ус гоожихгүй байгаа хэдий ч байнга ус шүүрүүлж ус гоождог болсоноос шалтгаалж том өрөө, жижиг өрөө, 00 ванны хаалга, хана шарлан шохой унаж, обой хууларсан. Хаалга нь салж байгаа тул Д............. эзэмшигчтэй Вокзалын ............тоотод гомдолтой байх тул хохирлыг барагдуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Д.............эс нийт учирсан хохирол болох 2,850,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д............. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Энэ миний нэр дээр байдаг байр байгаа юм. Байранд манай эгч, ээжтэй, 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Би хажуу талын байранд амьдардаг. Би 2024 оны 06 сард энэ байрыг худалдаж авсан. Зуны туршид хальт орж гараад яваад байсан. 8 сард ороход хальт ус дуссан байсан. Хаанаас нь ус дуссан нь мэдэгдэхгүй байсан. 3 дахь удаа орж харахад ус дуссан байхаар нь дээрээс ус дуссан юм байна гэж бодсон. 09 сарын 03-ны өдөр хамгийн эхний дуудлагаа өгсөн байсан. Дээшээ гарахад айл байгаагүй. Урьд нь очиход нэг айл нүүж байх шиг байсан.
Наана чинь байсан айл өчигдөр нүүж явсан гэж хэлсэн. Жаахан жаахнаар шүүрээд хатаад байсан юм шиг санагдсан. 10, 11 сард солихгүй явсаар байгаад хэмжээ нь ихсээд их гоождог болоод баннтай залгадаг том өрөөний хана, унтлагын өрөөний хана, жижиг өрөөний булангийн хэсэгт ус нэвтэрсэн. Янзлуулах гэж дээшээ гарахаар ихэнхдээ жаахан хүүхэд, хөгшин хүн байдаг байсан.
Манайд хүн байдаггүй, хаалгаа тайлж өгдөггүй, оруулдаггүй гэсэн юм ярьсан байсан. Гэтэл манай эгч жаахан хүүхэдтэйгээ байдаг болохоор орж үзье гэвэл боломжтой байсан. Бид нар өөрсдөө дээшээ гараад учрыг нь олох гээд олж чаддаггүй. Энэ хүнд хэлэхээр би түрээсэлсэн байгаа, надад хамаагүй гэсэн зүйл хэлдэг. Хэрвээ манайх ус алдсан бол хурдан үзүүлээд засна. Гэтэл энэ хүнд тийм хариуцлага хүлээх зүйл байхгүй, засаж өгье гэж байгаа үгэнд нь итгэхгүй байна. Тэр мөнгөөр нь өөрөө засуулсан нь дээр, анх 6 сард авч байхад жижигхэн байсан боловч тэр нь нэмэгдсээр байгаад одоо хаалга үүд нь нээгдэж хаагдахаа больсон.
Манай ажлынхан 4 дүгээр байрны 1, 2, 3, 4 дүгээр блоконд байдаг. Ус орсон талаар би мэдэж байгаа. 1 дүгээр орцны дээврээс болоод ус алдаж байсныг мэднэ. Зөвхөн 1 дүгээр блоконд дээврийн засвар хийсэн. Манайх 2 дугаар орцонд байдаг. Манай ажилчид 2, 3, 4, 5 давхарт амьдардаг. Би өчигдөр хүртэл танайх руу ус орсон уу гэж асуухад үгүй гэсэн. 1 дүгээр блок руу ус орсон гээд Баянцагаан багаас дээвэр дээр засвар хийгдсэн.
Тэгэхээр тайлбар дээрээ борооны устай холбож бичсэн байсан. Дээд давхруудад ус ороогүй байхад нэг давхар хүртэл ус орсон гэж байгаа нь худлаа. 18 тоотын эсрэг талд 20 тоотод манай ажлын эгч амьдардаг. Урьд нь амьдардаг байсан хүн ч гэсэн дээрээс ус алдуулаад байна гээд гүйгээд байдаг байсан талаар хэлсэн. Өөрөө байдаггүй бусдад түрээслүүлдэг гэх шалтгаанаар бусдын эд хөрөнгөд хохирол учруулж хариуцлагаас зайлсхийх чөлөөлөгдөх боломжгүй гэж үзэж байна. ............ үнэлгээний компаниар үнэлүүлсэн үнэлгээний мөнгө болон үнэлгээ хийлгэхэд гарсан зардал гээд нийт 2,850,300 төгрөг гарсан.
Энэ мөнгөө гаргуулах хүсэлтэй байна... 8 сарын сүүлээр дугаарыг нь олж аваад анх удаа ярьсан. 9 сарын эхээр би өөрөө дуудлага өгсөн. Өрх толгойлсон гэдгээ ярьвал би ч адилхан 3 хүүхэдтэй, эцгийгээ асардаг. Амьдралаараа өрөвдүүлэх шаардлага байхгүй. Дээврийн цас хайлаад ус орсон тийм юм байхгүй 4 давхрын айл руу ус ороогүй байхад яагаад 1 давхарт байгаа манайх руу ус ордог юм. Би өдөр, шөнийн цаг, хэн рүү хэдэн цагт утасдах ёстойг мэднэ.
Шөнийн цагт залгаж хүн рүү орилж чарлах хүн би биш. Өдрийн цагт ус алдсан үед ус алдаад байна, хаагаад болиулаад өгөөч гэсэн шаардлага тавьсан. Өөрийн чинь нэрийг өнөөдөр л сонсож байна. Одоо дээд талын эмжээр бүх зүйл нь салаад уначихсан.
Намайг анх авахад тийм байгаагүй. Нойл, банны ханаа дагаад ус нь урсчихсан. Төмөр замын байр Эрдэнэт үйлдвэрээс халуун, дулаанаа авдаг. Ус нь маш их даралттай ирдэг. 100 айлаас авсан холигч нь дороо эвдэрдэг. Нойлын хөвөгч хүртэл хурдан эвдэрдэг. Би нөгөө талын байранд нь амьдардаг болохоор сайн мэдэж байна. Доод талын айл руу ус оруулж өрөнд орохгүйн тулд 80,000 төгрөгөнд засуулах зүйлээ засуулна. Би тэгж амьдардаг, гэтэл энэ хүн тэгээгүй. Банны крантны тэндээс нь ус алдаад байсан юм байна лээ. Тэрийг нь солиод 11 сараас хойш одоо ус гоожоогүй зүгээр байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т............. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Тухайн орон сууцыг өмчлөгч мөн боловч тухайн байранд огт амьдардаггүй. Одоо Э............. Т............. нар амьдардаг. Эдгээр хүмүүс нь 2024 оны 09 дүгээр сарын 08-наас хойш амьдарч байгаа. Түрээсийн гэрээний дагуу байрыг хөлслөн амьдардаг. Э............. Т............. нараас ус алдалт болсон эсэх талаар тодруулахад айл руу ус алдалт болоогүй, ус алдалтын талаар нэг удаа гомдол гаргасан гэх ба тухайн айлд ус алдсан эсэхийг үзэхээр орох гэтэл оруулаагүй, үзүүлээгүй гэдэг. Манайх ус алдалт болоогүй харин СӨХ дээврийн хуулга хийж дээврийн засвар хийж байх явцад бороо орж ханын заадсаар ус бүхий л айл руу орсон. Энэ үед тухайн байрыг худалдан аваагүй байсан гэдэг.
Сүүлд буюу 2024.12.20-ны орчим гомдол гаргасан гэхээр нь тухай айлд орж үзэхэд хуучин ус алдалтын толботой, их удсан бололтой толбо байсан ба түүнийг төлөх ёстой гэсэн. Хэрвээ ус алдсан гэх даруй бидэнд үзүүлж харуулах боломжтой байсан ба шалтгаан нөхцлийг нь даруй шийдвэрлэх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т............. шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа:
Энэ ярьсан уу, эгч нь ярьсан уу мэдэхгүй байна над руу 6 сард ярьж байсан. Ус гоожоод байна гэхэд нь манайх хүнгүй байгаа, гэхдээ дуудлага өгөөд үзүүлж харуулъя гэж хэлсэн. Манайх руу угаасаа л ус ордог байсан. Тэр үед цас хайлаад дээврийн засвар орж байсан. 5 сард л дээвэр рүү орсон байсан, эднийд 6 сард мэдэгдсэн байх. Засварын газраас хүн ирээд ус ороогүй байна гэсэн. Би зарах гээд зар тавьчихсан байсан. Гэтэл 8 сард залгасан. Хүн байхгүй, ямар сонин юм бэ. Би хөдөө байна, дүүгээ явуулж үзүүлье гэсэн. Доод талын айлаа оруулж үзүүлээд зүгээр байна гээд гарсан гэсэн. 9 сарын сүүлээр энэ хүн над руу шөнийн 2 цагт орилж хашгичиж залгасан.
Би асаргааны хүнтэй байдаг учраас шөнийн хэдэн цагт ч хамаагүй сэрэнгэ байдаг. Яасан бэ гээд асуухад ус гоожсон гээд хашигчсан. Үнэхээр ус гоожсон байвал засахгүй бол болохгүй гэж бодчихоод нөгөөдөр нь усны тоолуур бичдэг хүн, сангийн засварчин явж байхаар нь манайхаас ус алдаад байна гэж доод айл хэлсэн, ус гоожоод байгаа эсэхийг шалгаад өгөөч гэж хэлэхэд гоожоогүй байна гэж хэлсэн. Усны тоолуур 90,000 төгрөгөөр засдаг гэсэн. Дараа нь 11 сарын эхээр үүрийн 5 цагт хашгичаад залгасан. Би эрчимт эмчилгээнд хүн сахиад байж байсан. Би өөрөө байгаагүй учраас яаралтай зүйл гарвал холбогдоорой гээд амьдарч байгаа хүнийх нь дугаарыг өгсөн.
Хэд хоногийн дараа юу болсон талаар асуухад ус гоожсон гэнэ, 80,000-90,000 төгрөгөөр солино гэж хэлсэн гэхэд нь Городод усны хаалтыг 18,000 төгрөгөөр сольдог, чи дахиад лавлаад асуугаарай гэж хэлсэн. Буцаагаад хариу өгөөгүй, би ч мартчихсан байсан. Хавар цас хайлахаар шугамын дундаас ус дусаад байдаг гэж энэ хүнд хоёр ч удаа хэлж байсан. Зун бороо орж байхад засвар хийнэ гээд дээврээ хуулж байсан. 1 блок 2 орцтой байдаг. Ус алдаад байна гэнээ та очоод үзээдхээч гэж ............ гуайд хэлэхэд ус гоожсон байна гэсэн.
Тэгэхээр нь засахгүй бол болохгүй юм байна гэж бодсон. Маргааш өглөө нь энэ хүн над руу дахиж залгаад хашигчаад байсан. Нэг хүнийг өвчинтэйгээ тэмцээд сар ч гэсэн амьд байгаасай гээд хажууд нь байгаа болохоор хамаагүй чанга ярьж чадахгүй, үнэхээр ус гоожиж байвал хэрэлдэхийн оронд засварлах нь чухал байна гэж хэлсэн. Энэ хүн над руу ярихдаа таньдаг засварчнаа авчирсан байхад чи тэр дор нь засуулахгүй, мөнгөө харамлалаа гэсэн. Гэтэл цаанаас нь засварчин нь наадхаа шүүхэд өг, ингэх тусам нь шүүхэд өг, шүүхдэж байхдаа таарсан юм гэж намайг хэлсэн.
Би эмнэлэгт байсан болохоор надад их эвгүй санагдаад утсаа тасалсан. Би засварын хүн рүү нь яагаад үнэтэй засаж байгааг нь асуухад их хэцүү харилцаатай хүн байсан болохоор энэ хүнээр засуулаад яахав дээ гэж бодоод 100 айлын барилгын материалаас усны хаалтыг өөрөө аваачиж өгсөн. Би тэнд удаж болохгүй учраас тэрийгээ өгчихөөд эмнэлэг рүү явтал араас чи усны хаалтаа авчирсан юм бол энийгээ солиул гэж мессеж бичсэн. Би засварчин биш учраас сольж чадахгүй, дуудлага өгсөн байгаа битгий орилоод бай, энийгээ даруй солих нь чухал байна гэж хэлсэн... Би уг нь хотын төвөөс сангийн засварын хүнийг дуудъя гэж байсан. Арай хямд үнэтэй байдаг. Гэтэл энэ хүн надад тийм завдал өгөөгүй. 5 дахь өдөр өнгөрөөд хагас бүтэн сайны үе таарсан, яаралтай дуудлага гэвэл очиж болно гэхдээ үнэ хөлс нэмэгддэг гэсэн. Тэгээд дуудлага өгтөл ажлаа барсангүй гээд ирж чадаагүй, нэг дэх өдрийн өглөө төмөр замын сангийн засварын хүнээр 100,000 төгрөгөөр засуулсан. Мөнгө шилжүүлсэн баримт нь байгаа. Танил найз нөхдөөрөө далимдуулаад тэр хүний амьдралыг мэдсээр байж санхүүгийн дарамт үзүүлсэн.
Эвдрэлийг нь засчихаад байхад яагаад бүтэн байрны засвар нэхээд байгаа юм бэ. Танайх хэзээ хамгийн сүүлд засвар хийсэн юм бэ. Үнэхээр засвар хийсэн бол бид нар засварыг нь хийж болно. Зөвхөн банны өрөөнөөс гоожсон ус яаж жижиг өрөө рүү орох юм бэ. Тэр чинь доошоогоо л урсмаар юм, бүх хаалга үүд, нойл банныг засаад өгье гэхэд үгүй гэж хэлсэн. Засаж өгье засаж өгөхгүй гэж хэлээгүй. Би өөрөө крант аваачиж өгсөн. Намайг очиход ганц нэгхэн дусаад доор нь төмпөн тоссон байсан. Ээж хөдөө байдаг болохоор надад байраа өгсөн. Байрыг 2023 оны намар худалдаж авсан санагдаж байна. Манай ээж надад байраа өгсөн юм. Эзэмшигч нь би байгаа юм, өмчлөгч нь манай ээж ............х. 2024 оны 11 сарын 24-ний өдөр янзлуулсан гэв.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 312/ШШ2025/00217 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.............эс 2,850,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.............д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.............эс 60,555 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.............д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г............. шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 312/ШШ2025/00217 дугаар шийдвэрт дараах гомдлыг гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-д “2024 оны 08 сараас Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзалын ............тоот орон сууцны өмчлөгч Д............. Ванны өрөөний усны хаалт буюу винтель муудсанаас ус гоожиж доод айл болох 16 тоот Д.............ынх руу хохирол учирсан үйл баримт болсон байна.” Мөн 9-д “Иймд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд зааснаас бусад ” үүргийг хуульд зааснаар хариуцагч хариуцах үүрэгтэй байна.” гэсэн байна.
Гэтэл шүүх нэхэмжпэгчийн нотлох баримтаар өгсөн “............” ХХК үнэлгээний тайланд үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дүгээр хуудсанд “...Хавар цас хайлахаар шугамын дундаас ус дусаад байдаг гэж...” ярьсан байдаг. “............” ХХК-ийн үнэлгээний тайланд тухайн айлд засвар хийхэд шаардлагатай үнэлгээг хийсэн болохоос биш дундын шугамаас ус алдсан уу эсвэл манайхаас ус алдсан уу гэдгийг мэргэжпийн байгууллагаар шалгуулж дүгнэлт гаргуулахгүйгээр нотлох баримтыг дутуу бүрдүүлэн шийдвэр гаргасан байна.
Мөн Тэмдэглэлийн 8-д “Айл байсан бол тог усны мөнгө 9510 төгрөг гаргахгүй гэв” гэж ярьсан нь манайхаас ус алдаагүйг нотолж байхад усны мөнгө төлсөн баримтыг авалгүйгээр нотлох баримтыг дутуу цуглуулан нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д “Нэхэмжлэгч Д............. нь Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзалын ............ тоот орон сууцны өмчлөгч болох нь “...2024 оны 06 сард би худалдаж авсан....” гэсэн тайлбаруудаар нотлогдож байх бөгөөд байрны өмчлөлийн талаар хэн аль нь маргаагүй.” гэсэн байна.
Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэл 7 дугаар хуудсанд “Даргалагчаас: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжпэн судалъя гээд нэхэмжпэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар.... баримтуудыг судлав.” гэжээ. Хавтаст хэрэгт иргэн Д.............ын иргэний үнэмлэх байх ба иргэний үнэмлэхийн хаяг нь ............ хаягтай байхад байрны гэрчилгээг нь хэний нэр дээр байгааг тодорхой болгож нэхэмжлэгч мөн эсэхийг тогтоохгүйгээр шийдвэр гарсанд гомдолтой байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 312/ШШ2025/00217 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д............. нь хариуцагч Д.............д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2,850,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч Д.............эс 2,850,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.............д олгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
............багийн Вокзалын ............тоот орон сууцны өмчлөгч хариуцагч Д............. банны өрөөнөөс 2024 оны 08 сараас эхлэн усны хаалт буюу винтель муудснаас ус гоожиж доод давхарын айл болох 16 тоот нэхэмжлэгч Д.............ын гэр лүү ус алдаж хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.-т Орон сууц өмчлөгч нь 148.2.1.-т дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх, 148.2.2.-т Сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх, 497 дугаар зүйлийн 497.1. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. 510.1. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Д............. нь өөрт учирсан хохирлыг хариуцагч Д.............эс шаардах, хариуцагч Д............. нь эд хөрөнгөнд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г............. нь шүүхэд “...............” ХХК-ийн үнэлгээний тайланд тухайн айлд засвар хийхэд шаардлагатай үнэлгээг хийсэн болохоос биш дундын шугамаас ус алдсан уу эсвэл манайхаас ус алдсан уу гэдгийг мэргэжпийн байгууллагаар шалгуулж дүгнэлт гаргуулахгүйгээр нотлох баримтыг дутуу бүрдүүлэн шийдвэр гаргасан байна...” гэсэн агуулгатай давж заалдсан гомдол гаргасан боловч 2024 оны 12 дугаар сарын 03 ны өдрийн “............” ХХК-ийн үнэлгээний тайланд :“...Үнэлгээний ажлын зорилго нь захиалагчийн ирүүлсэн хүсэлтийн дагуу ............хаягт байрлалтай орон сууцны дээд айлаас ус алдсаны улмаас учирсан хохирлын өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлоход оршино. Үзлэг хийхэд уг орон сууцны дээд айлаас ус алдаж том өрөө, унтлагын өрөө болон кордор хэсгийн таазны эмульс замаска шаралсан, ханын цаас хуурсан 2 ш хаалга, хаалганы хроп хөөж салсан байв...” гэж дүгнэснээс үзэхэд хариуцагч Д............. банны өрөөнөөс 2024 оны 08 сараас эхлэн усны хаалт буюу винтель муудснаас ус гоожиж доод давхарын айл болох 16 тоот нэхэмжлэгч Д.............ын гэр лүү ус алдсан болох нь тогтоогджээ.
“...Хавтаст хэрэгт иргэн Д.............ын иргэний үнэмлэх байх ба иргэний үнэмлэхийн хаяг нь ............ хаягтай байхад байрны гэрчилгээг нь хэний нэр дээр байгааг тодорхой болгож нэхэмжлэгч мөн эсэхийг тогтоохгүйгээр шийдвэр гарсанд гомдолтой байна...” гэж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй анхан шатны шүүхээс байрны өмчлөлийн талаар хэн аль нь маргаагүй гэж дүгнэсэн нь зөв байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г............. нь “...Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 312/ШШ2025/00217 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж хариуцагч Д.............эс 2,850,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.............д олгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.............ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул түүний шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.............ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 60,555 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 312/ШШ2025/00217 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.............ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.............ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 60,555 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР