Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 111/ШШ2017/0018

 

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би,Н.Г-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор сумын Засаг дарга Ж.М-д холбогдох “С.Г-д газар эзэмших гэрчилгээ олгосон шийдвэрийг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн 2-31-7 тоотод байрлах хашааны газрыг миний бие Н.Г-д газар эзэмших гэрчилгээг олгохыг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие нь тус шүүхэд Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар иргэн н.Ганболдод өмчлүүлсэн газрыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан билээ. Гэвч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад сумын Засаг даргын даамал н.Г иргэн надад өөр газар олгохоор болсон. Бид харилцан ойлголцож эвлэрч байна. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дурын үндсэн дээр ямар нэгэн дарамт шахалтгүй бүрэн татгалзаж байгааг минь хүлээн авна уу.” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Н.Г Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга Ж.М-д холбогдуулан гаргасан “С.Г-д газар эзэмших гэрчилгээ олгосон шийдвэрийг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн 2-31-7 тоотод байрлах хашааны газрыг миний бие Н.Г газар эзэмших гэрчилгээг олгохыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахьхэсгийг баримтлан Н.Гарваагийн нэхэмжлэлтэй, Баянхонгор сумын Засаг дарга Ж.М-д холбогдох “С.Г-д газар эзэмших гэрчилгээ олгосон шийдвэрийг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн 2-31-7 тоотод байрлах хашааны газрыг миний бие Н.Г-д газар эзэмших гэрчилгээг олгохыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Н.Г-д 35100 /Гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар Нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүгчийн энэ захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН