Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2025/0060

 

      ...... аймгийн ........... сумын иргэдийн

        Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ц, Э.А,

          О.А, Д.Б нарын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн

           Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн

            Хуралд холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч     П.Соёл-Эрдэнэ

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                     М.Батсуурь

                                        Х.Батсүрэн                           

Илтгэгч шүүгч:         Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 116/ШШ2025/0003 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2025/0213 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч М.Ц, Э.А, О.А, Д.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Б нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШХТ2025/0243 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэл байгаа эсэхийг нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

....... аймгийн ...... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ц, Э.А, О.А, Д.Б нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/02 дугаар тогтоолын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5 дахь заалтын “нэг хүний нэр дэвшсэн бол илээр ...” гэсэн заалтыг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хурлын даргыг сонгох тухай” 01/04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал:

Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хуралдааны дэг батлах тухай” 01/02 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг хавсралтаар баталж, тухайн дэгийн дагуу мөн өдрийн Хурлын “Хурлын даргыг сонгох тухай” 01/04 дүгээр тогтоолоор Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Д.Т-ыг сонгож тогтоолыг баталгаажуулсан байна.

3.Нэхэмжлэгч нараас дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

“... Хуулиар тодорхой заасан журам, зарчмыг өөрчлөн Хурлын дэгийг баталсан нь хууль бус, мөн тус дэгийн дагуу санал хураалт явуулж 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/04 дүгээр тогтоолоор Хурлын даргыг сонгосон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т заасныг зөрчсөн. Энэ нь ..... аймгийн ..... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон МАН-ын гишүүн төлөөлөгч нарын хуульд нийцүүлэн нэр дэвшүүлж сонгох, сонгогдох ажиллагаанд оролцох эрхийг хөндсөн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дэгдээ хуулийн заалтыг илтэд зөрчсөн агуулгатай заалт оруулан баталж, үүний дагуу санал хураах ажиллагааг явуулж, хууль зөрчиж байгаа тухай төлөөлөгчдөөс мэдэгдэж, залруулах шаардлагатай гэсээр байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулж тогтоол гаргасан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу үйл ажиллагаа явуулах, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн. Санал авах ажиллагааг хууль зөрчиж явуулсан тул МАН-аас сонгогдсон төлөөлөгч бид Хурлын даргад нэр дэвшүүлэх ажиллагаанд оролцоогүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байсан учир хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах боломжгүй. Хуульд нууцаар санал хураах талаар хуульчилсан. Хурлын дэг батлагдсан, үүнээс хойш гарч байгаа бүхий л шийдвэр нь хүчингүй болох үндэслэлтэй. Хурлын тогтоолтой маргаж байгаа учраас захиргааны хэргийн шүүхийн харьяалах маргаан мөн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.  

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “ ... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус үндэслэн  хуралдааны дэгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан. Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгоход дэгээ мөрдөж, дэгд заасны дагуу санал хураалт явагдаж, тогтоол батлагдсан тул дэгийн дагуу явагдсан Хурлын 01/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй, харин хуульд заасан хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байх тул  нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Дэг батлах гэдэг нь өөрөө гадагш чиглэсэн захиргааны актын шинжийг агуулаагүй, дотогш чиглэсэн шийдвэр байна. Тухайн хуралдаан дээр өөрийн болон бусдын нэрийг дэвшүүлэх эрхээ эдгээр төлөөлөгч нар эдэлсэн бол нууц санал хураалт руу шилжих бүрэн боломжтой байсан. Тухайн үед өөрсдөө эрхээ эдлээгүй байж дэгээс шалтгаалсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.  Тогтоолын үйлчлэлээр сонгох болон сонгогдох эрхэд халдсан зүйл огт харагдахгүй байна. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол  зөрчигдөөгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5.Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 116/ШШ2025/0003 дугаар шийдвэрээр “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 53 дугаар зүйлийн 53.3-т заасныг баримтлан, нэхэмжлэгч ..... аймгийн ....... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ц, Э.А, О.А, Д.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/02 дугаар тогтоолын Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5 дахь заалтын “нэг хүний нэр дэвшсэн бол илээр ...” гэсэн заалт, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/04 дүгээр “Хурлын даргыг сонгох тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: 

5.1.“... Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5-д заасныг үндэслэн илээр санал хураалт явуулсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсгийг илт зөрчсөн. Өөрөөр хэлбэл хуулийг зөрчиж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5-д “Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж оролцсон төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан Төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно.” гэсэн заалтыг оруулж санал хураалт явуулсан нь хууль бус ...

5.2.Мөн дээрх заалтын дагуу Хурлын даргыг сонгохдоо илээр санал хураалт явуулсан атлаа 01/04 дүгээр тогтоолд ... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т заасныг баримтлан нууц санал хураалт явуулж, Хурлын даргыг сонгосон тогтоолыг албажуулсан нь хоорондоо зөрүүтэй, дээрх хуулийн заалтыг зөрчсөн.

5.3.Хурлын дэгийн заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, үндсэн шаардлагатай холбогдуулан нэмэгдүүлэн гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Хариуцагч уг тогтоолыг захиргааны акт биш гэж маргаж байгаа нь үндэслэлгүй ...” гэх зэргээр дүгнэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2025/0213 дугаар магадлалаар “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын “Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/02 дугаар тогтоолын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5 дахь заалтын “нэг хүний нэр дэвшсэн бол илээр ...” гэсэн заалт, “Хурлын даргыг сонгох тухай” 01/04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн. Үүнд:  

6.1.“... Хуулийн “илээр” гэсэн дэгийн заалт нь хуульд нийцээгүй байх боловч Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01/02 дугаар тогтоолын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5 дахь заалтын “нэг хүний нэр дэвшсэн бол илээр ...” гэсэн заалтыг хурлаараа хэлэлцүүлж, олонхын саналаар баталсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-д заасны дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан байх бөгөөд энэ нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.8-д заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчөөгүй, ... дээрх тогтоол нь тухайн Хурлын дотоод зохион байгуулалтын шинжтэй байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байна. Иймд уг маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй.

6.2.Хуралдааны дэгийг олонхын саналаар баталсан тогтоол нь захиргааны актын шинжийг агуулаагүй, захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байх тул уг баталсан дэгийн дагуу ил санал хураалтаар 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тус Хурлын даргаар Д.Т-ыг сонгосон 01/04 дүгээр тогтоолыг мөн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзнэ.

6.3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн тогтоолууд нь тухайн Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах улс төрийн шийдвэр тул энэхүү тогтоолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй, захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ нь Хурлын үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхээр хязгаарлагдах тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцэхгүй ...” гэжээ.

7.Нэхэмжлэгч ...... аймгийн ....... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ц, Э.А, О.А, Д.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.“... Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “хуралдааны дэг болон дарга сонгосон тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т заасныг илт зөрчсөн, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/02 дугаар тогтоолыг батлахдаа санал хураалтыг илээр явуулсан нь хуралдааны тэмдэглэлээр нотлогдсон, дээрх хуулийн заалтыг үндэслэн тогтоол гаргасан нь үндэслэлгүй” гэдгийг дурдаж нэхэмжлэл гаргасаар байхад давж заалдах шатны шүүх Хурлын шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхийг хянана гэж дүгнэсэн атлаа захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзсэн нь үндэслэлгүй. Улсын дээд шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний  өдрийн 001/ХТ2024/0048 дугаар тогтоол болон захиргааны хэргийн шүүхийн практикт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг захиргааны актын шинж агуулсан бол хянаад явдаг.

7.2.Гэтэл Хурлын 2024 оны 01/04 дүгээр “Хурлын даргыг сонгох тухай” тогтоолыг захиргааны актын шинжийг агуулаагүй гэж үзэхдээ Захиргааны ерөнхий хуулийн захиргааны актын аль шинжийг агуулаагүй гэж үзсэн талаар тодорхой дурдалгүй иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дэгээ батлах эрхтэй, уг дэгийн дагуу гарсан тогтоол гэж үзэж хүлээн авахаас татгалзсан нь Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсанаас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, хууль зөрчсөн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан дээрх үндэслэлээр бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гаргасан бүх тогтоолыг захиргааны актын шинжгүй гэж үзэж татгалзаж болохоор дүгнэлт хийсэн. Иймд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гаргасан тогтоол бүрийг захиргааны актын шинж агуулаагүй, захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзэх эсэхийг тодруулах нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой. Бид Хурлын дэг батлахтай холбогдуулан бүлгийн завсарлага авч Хурлын даргад төлөөлөгч О.А-г нэр дэвшүүлэхээр тогтсон. Харин олонхын бүлэг нь хэлж сануулсаар байтал хүч түрж хууль зөрчсөн дэг баталсан.

7.3.Хууль зөрчсөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5 дахь заалтыг үндэслэж Хурлын дарга сонгосон акт нь хууль зөрчсөн акт болох тул хууль зөрчихгүйн тулд нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлаж байна гэж удаа дараа хэлж МАН-ын бүлгээс нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд оролцож нэр дэвшигч О.А-гийн нэрийг дэвшүүлээгүй болох нь хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байгаа. Анхан шатны шүүхээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, дэг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т заасныг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн бол, давж заалдах шатны шүүхээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн атлаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэг, тогтоолыг хууль зөрчсөн эсэхийг хянах боломжгүй гэж дүгнэж байгаа нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль зөрчиж дэгээ батлаад хууль зөрчсөн тогтоол, шийдвэр гаргаад явахыг зөвтгөсөн шийдвэр болж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

8.Хариуцагч тал “нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.

9.Хяналтын шатны шүүх нэхэмжлэгч нарын гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.

ХЯНАВАЛ:

10.Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан “давж заалдах шатны шүүх хэргийн харьяаллыг буруу тодорхойлсон” гэх агуулгатай гомдол үндэслэлтэй.

11.Нэхэмжлэгч ......... аймгийн ........... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ц, Э.А, О.А, Д.Б нараас Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/02 дугаар тогтоолоор батлагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5 дахь заалтын “нэг хүний нэр дэвшсэн бол илээр ...” гэсэн заалтыг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хурлын даргыг сонгох тухай” 01/04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг давж заалдах шатны шүүх “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна.

12.Учир нь, захиргааны дотоод акт нь бусдад эрх зүйн шууд үр дагавар үүсгэдэггүй буюу гадагш чиглэсэн нөлөөлөл нь “шууд бус” байдгаараа захиргааны акт болон захиргааны хэм хэмжээний акт зэрэг гадагш чиглэсэн шийдвэрүүдээс ялгагддаг. Гэвч хэрэв захиргааны дотоод акт нь гадагш чиглэсэн зохицуулалтыг агуулж байгаа бөгөөд түүний улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байвал тухайн зохицуулалтыг захиргааны актад тооцно.    

13.Маргаан бүхий акт болох Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/02 дугаар тогтоолоор батлагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг нь зорилго, агуулга, үйлчлэх хүрээгээрээ захиргааны байгууллагын дотоод харилцаанд үйлчлэх боловч маргаан бүхий 7.5 дахь заалтын “нэг хүний нэр дэвшсэн бол илээр ...” гэх зохицуулалт нь бусдын буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хуулиар хамгаалагдсан “нууцаар санал өгөх” эрхийг хөндсөн байх тул энэ тохиолдолд тухайн зохицуулалтыг захиргааны актад тооцох үндэслэлтэй.

14.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь орон нутгийн иргэдийн эрх, ашиг сонирхлыг төлөөлж шийдвэр гаргадаг, нутгийн өөрөө удирдлагыг хэрэгжүүлэгчийн хувьд захирах-захирагдах зарчмын дагуу ажилладаг захиргааны бусад албан хаагчдаас ялгаатай. Ийм ч учир Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар “иргэдийг төлөөлөх төлөөлөгч”-д тодорхой эрх, үүргийг олгож, тэдгээрийн хэрэгжих баталгааг нь хангасан байдаг. Энэхүү иргэдийг төлөөлж буй төлөөлөгчийн хуулиар олгогдсон эрх, үүрэг нь захиргааны шийдвэрийн улмаас зөрчигдсөн тохиолдолд эрхээ сэргээлгэхээр шүүхэд маргах эрхтэй, шүүх маргаан бүхий захиргааны шийдвэр хууль зөрчсөн эсэх, үүний улмаас төлөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг шалгаж шийдвэрлэнэ. 

15.Гэтэл давж заалдах шатны шүүх “... “илээр” гэсэн дэгийн заалт нь хуульд нийцээгүй байх боловч 7.5 дахь заалтыг хурлаараа хэлэлцүүлж, олонхын саналаар баталсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-д заасны дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан байх бөгөөд энэ нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.8-д заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчөөгүй, ... дээрх Хурлын тогтоол нь тухайн Хурлын дотоод зохион байгуулалтын шинжтэй байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байна ...” гэж дүгнэсэн нь буруу байна.

16.Түүнчлэн, маргаан бүхий хоёр дахь акт болох Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хурлын даргыг сонгох тухай” 01/04 дүгээр тогтоолыг давж заалдах шатны шүүхээс “Хуралдааны дэгийг баталсан тогтоол нь захиргааны актын шинжийг агуулаагүй, захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байх тул уг дэгийн дагуу ил санал хураалтаар нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тус Хурлын даргаар Д.Т-ыг сонгосон тогтоолыг мөн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзнэ” гэсэн алдаатай дүгнэлт хийсэн.

17.Учир нь, захиргааны актыг хуулиар юм уу, захиргааны дотоод актаар (жишээ нь хурлын дэгээр) тогтоосон журмаар баталж болох бөгөөд баталсан журам нь ямар байхаас хамаарч гарсан шийдвэрийн эрх зүйн шинж тодорхойлогдохгүй. Өөрөөр хэлбэл, захиргааны дотоод журмын дагуу баталсан л бол захиргааны акт биш гэж үзэхгүй юм. Иймд хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар баталсан тогтоол бүрийн эрх зүйн шинж, үүсгэж буй үр дагаврыг шалгаснаар тухайн шийдвэрийн эрх зүйн хэлбэрийг тодорхойлно.

18.Мөн давж заалдах шатны шүүх “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн тогтоолууд нь тухайн Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах улс төрийн шийдвэр тул энэхүү тогтоолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй, захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ нь Хурлын үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхээр хязгаарлагдана ...” гэсэн эсрэгцэлцсэн дүгнэлт өгчээ.

19.Аливаа захиргааны байгууллагын шийдвэрлэсэн асуудал нь түүний “онцгой бүрэн эрхэд хамаарах” эсэх нь гарсан шийдвэрийнх нь эрх зүйн шинжийг бус, харин хууль ёсны эсэхийг шалгах шалгуур нь болдог. Хэрэв захиргаа өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан бол хууль бус болно. Иймд шүүхийн зүгээс захиргааны байгууллагын онцгой бүрэн эрхийн хүрээнд гарсан шийдвэр  захиргааны актын шинжийг агуулж байна уу, эсхүл шүүхээс хянах боломжгүй улс төрийн шийдвэр үү гэдгийг тодорхойлох учиртай.

20.Түүнчлэн, улс төрийн шийдвэрийн хувьд ч шүүхээс эрх зүйн хувьд хянах боломжтой эсэхийг хянана. Учир нь, шүүх улс төрийн шийдвэрийг агуулгын хувьд зөв, буруу эсэхийг нь хянах боломжгүй ч, хэрэв хуулиар тодорхой шаардлага, шалгуур тавьсан бол (жишээ нь шийдвэр гаргах ажиллагаанд нь, эсхүл нэр дэвшигчид тавигдах шаардлага гэх мэт) түүнийг хангасан эсэхийг хянадаг. Гэтэл давж заалдах шатны шүүх “захиргааны хэргийн шүүхийн хяналтын хүрээ нь Хурлын үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхээр хязгаарлагдана” гэсэн атлаа “Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах улс төрийн шийдвэр тул хянахгүй” гэсэн нь зөрчилтэй болжээ.

21.Ийнхүү давж заалдах шатны шүүх маргаан бүхий актуудын эрх зүйн шинжийг буруу тодорхойлсноос “захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш” гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдох бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

22.Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтын талаар, тухайлбал маргаан бүхий акт хууль ёсны эсэх, нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

23.Иймд шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2025/0213 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч М.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Д.МӨНХТУЯА

             ШҮҮГЧИД                                                            М.БАТСУУРЬ

                                                                                             Х.БАТСҮРЭН 

                                                                                               Г.БАНЗРАГЧ