Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2020/0022

 

                        “А м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                           захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ү.А нарыг оролцуулан, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 111/ШШ2019/0024 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “А м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 111/ШШ2019/0024 дүгээр шийдвэрээр: “... Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “н”, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 35.3.7, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “А м” ХХК-ийн гаргасан Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Газар чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгох, уг хууль бус шийдвэрийн улмаас компанид учирсан хохирол болох 100.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, “А м” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа Заг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/163 тоот Ажил эхлүүлэхгүй байх тухай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/163 дугаартай “Ажил эхлүүлэхгүй байх тухай” шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй болжээ.

Учир нь энэхүү шийдвэр нь анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн “мэдэгдэл” биш Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулсан бөгөөд “үйл ажиллагаа явуулахгүй байх”-ыг шаардсан байдаг, түүнчлэн хуулиар байгаль орчны байцаагчийн актыг мэдэгдэх үүргийг сумын Засаг даргад хүлээлгээгүй зэргээс үзэхэд “захиргааны шинж”-ийг агуулсан тусдаа захиргааны акт болох нь тогтоогдож байна.

Гэтэл шүүхээс байцаагчийн акт гарах явцад хийгдсэн техник, эд хөрөнгө лацадсан ажиллагаа тусад нь акт гарсан мэтээр улмаар түүнд гомдол гаргаагүй байна гэж хэргийн үйл баримтыг буруу ойлгожээ.

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/109 дугаартай “Газар чөлөөлөх тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах тухайд:

Уг захирамждаа сумын Засаг дарга “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгээгүй, газар эзэмших зөвшөөрөлгүй” гэсэн 2 үндэслэл заасан.

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй гэдэгт нотолгоо болгосон албан бичиг нь өөрт нь бус Булган аймгийн Дашинчилэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид хаяглагдсан, нөгөөтэйгүүр уг албан бичиг алдаатай буюу “А м” ХХК нь 2017 онд “Ц Э м” ХХК байх үедээ MV-012197 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан тайлан байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэсэн байдаг.

Мөн уг шийдвэрээр “А м” ХХК MV-012197 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан тайлан, байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэсэн болохыг тогтоосон байдаг.

Үүнээс дүгнэхэд дээрх хууль бус шаардлага заасан захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Уг хууль бус шийдвэрийн улмаас компанид учирсан хохирол болох 100 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухайд:

Дээрх байдлаар нэхэмжлэгч компанийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулах үйл ажиллагааг хууль бусаар зогсоож, улмаар газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргаснаараа компанид илт хохирол учруулсан ба нэгэнт захиргааны албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас хуулийн этгээдэд учруулсан мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирлыг гаргуулахаар хавтаст хэрэгт өгсөн нотлох баримтуудаар 100 сая төгрөгийн хохирол тогтоогдох болно.

Заг сумын Засаг даргын “А м” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах тухайд:

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг “ашигт малтмал олборлох” зориулалтаар эзэмших эрхтэй байтал хариуцагчаас хууль бус шаардлага тавьж, улмаар албадан газар чөлөөлүүлэн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон тул газар эзэмших гэрээ байгуулах хүсэлтээ сумын Засаг даргад удаа дараа илэрхийлсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй нь хууль бус эх үйлдэхүй болно.

 Харин шүүхэд энэ талаар “аймгийн ИТХ-ын 2012 оны 16/2 дугаар тогтоолоор баталсан тусгай хамгаалалттай газартай давхацсан” гэсэн тайлбар өгсөн боловч тухайн тогтоол нь нэгдсэн санд бүртгэлгүй болох тухай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн, түүнчлэн аливаа тусгай зөвшөөрөлтэй газартай давхцаагүй учраас зохих журмын дагуу тусгай зөвшөөрлийг олгож, хүчин төгөлдөр байгаа болно.

Засаг дарга нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг олголгүй иргэдийн өргөдөл, гомдол нэрээр хууль бусаар эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль бус байна.

Мөн шүүхээс ашигт малтмал ашиглах харилцаа үүссэн байхад энгийн газар эзэмших, ашиглах хүсэлттэй андуурч, хэрэглэх ёсгүй хууль болох Газрын тухай хуулийг баримталжээ.

Эдгээрээс гадна, анхан шатны шүүх захиргааны шийдвэрийг өөрийн санаачилгаар нэмж, дэлгэрүүлэн, баримтлаагүй хуулийн зүйл заалтыг оруулж, захиргааны үйл ажиллагааг зөвтгөн тайлбарласан, мөн хөндлөнгийн байр суурьнаас хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбарт дурдсан үндэслэлийг дүгнэж чадаагүй, хариуцагчийн тайлбарт үндэслэж, нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгөөгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гарсан.

Түүнчлэн, хариуцагч болон гуравдагч этгээд нарын элдэв хүсэлтээр шүүх хуралдааныг 13 удаа, 6 сар гаруй хугацаагаар хойшлуулсан алтаа нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болохоо илэрхийлж нэг удаа хойшлуулах хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх боломжийг олгоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Иймд дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, маргааны зүйлд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “А м” ХХК нь Баянхонгор аймгийн Заг сумын “Их булаг” нэртэй газарт 283.35 гектар талбай бүхий уурхайн талбайд MV-012197 дугаар Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эзэмшигч байх бөгөөд Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1/163 дугаар “...уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх төсөлд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Н-ийн тодорхойлолт ирсэн, Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид хуралдан компанийн үйл ажиллагааг таслан зогсоох талаар сумын Засаг даргад уламжилсан, ...хариу шийдвэр иртэл Байгаль орчны улсын байцаагчийн тавьсан лацыг хөдөлгөж үйл ажиллагаа явуулахгүй байхыг уламжилсан” агуулга бүхий   ”“Ажил эхлүүлэхгүй байх тухай” албан бичгийг[1] “А м” ХХК-д хүргүүлжээ.

 Улмаар хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/109 дүгээр захирамжаар[2] Баянбулаг багийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолоор уламжилсны дагуу Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй, газар эзэмших зөвшөөрөлгүйгээр Баянбулаг багийн “Их булаг”-т үйл ажиллагаа явуулж буй “А м” ХХК-ийг албадан нүүлгэхээр шийдвэрлэж, үүний дагуу албадан нүүлгэх ажиллагаа хийгдсэн талаар хэргийн оролцогчид тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан MV-012197 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөс[3] үзвэл анх “Г э” ХХК-д уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын алба /хуучин нэрээр/-аас олгож, 2016 онд “Ц э м” ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн бүртгэл хийгджээ.    

Нэхэмжлэгч компани 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “Ц э м” ХХК-ийн оноосон нэрээ өөрчилж, “А м” ХХК нэрээр улсын бүртгэлд бүртгүүлж[4], үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 05/04/002/211 дугаар Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч тус компанид Зөрчил арилгуулах тухай албан шаардлага[5] хүргүүлсэн байна.  Үүнд: Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хилийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, тогтоосон тухай актыг баталгаажуулан ажиллах, Газрын тухай, Усны тухай хуулийн холбогдох заалтын дагуу тухайн жилийн үйл ажиллагаанд ашиглах тухай гэрээг эрх бүхий байгууллагатай байгуулан ажиллахыг шаардсан байна.     

Үүний дагуу нэхэмжлэгч “А м” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газрыг эзэмших хүсэлтийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр[6] Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргад гаргахад 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар албан бичгээр “..тус талбай нь Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16/2 дугаар тогтоолоор баталсан аймгийн тусгай хэрэгцээний газарт хамрагдаж байгаа тул газар эзэмших эрхийн гэрээ байгуулах, гэрчилгээ олгох нь хуульд нийцэхгүй” хэмээн хариу өгчээ.     

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын н/-д “нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах.” гэж заасны дагуу сумын Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэн Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэж заасны дагуу маргаан бүхий актыг гаргасан хэмээн хариуцагч тайлбарлаж байна.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол сумын Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол, сумын Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.” тус тус зохицуулжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн удирдлагын газрын дарга Г.Н баталж, ахлах мэргэжилтэн Б.С хянасан  “Ц э м” ХХК-ийн 2018 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө[7]”, мөн 2017 оны Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн[8]  нүүр хуудас хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд маргаан бүхий А/109 дүгээр захирамжаар “...Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй...” гэх үндэслэл зааж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар шүүх дүгнэлт өгөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримт, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзвэл “А м” ХХК уурхайн талбайд контейнер, бусад техник тоног төхөөрөмж байрлуулан газар шорооны ажил эхлээгүй байсан нөхцөл байдалд газар эзэмших хүсэлт гаргахад хариуцагч сумын Засаг дарга гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй байхдаа “Газар чөлөөлөх тухай” захирамж гаргасан улмаар эзэмшүүлэх боломжгүй талаар татгалзсан хариу өгсөн нь хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгаа тухай үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл хэргийн оролцогчдын маргааны үндэслэл бүрт дүгнэлт хийгээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:  “Ц э м” ХХК-ийн нэрээр байхдаа 2018 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулсан нь “А м” ХХК-д яагаад хамааралгүй болох, дахин батлуулахыг шаардаж байгаа хариуцагчийн шаардлага үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...байгаль орчны нарийвчилсан үнэлгээг мөн батлуулсан байсан” хэмээн дурдсаныг тодруулаагүй, холбоотой баримт цуглуулаагүй, “...өөрийн уурхайн талбайд техник тоног төхөөрөмжөө байршуулсан байсан” гэх нэхэмжлэгчийн, “...уурхайн талбайгаас гадна кемп байршуулсан тул газрыг чөлөөлсөн” гэх тайлбарыг хариуцагч нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж  байгаа нь маргаан бүхий актын зорилго, үндэслэл, бодит байдал дээр хэрхэн хэрэгжсэнээс хамаарч нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх талаар дүгнэхэд ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.      

Мөн түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 7/3092 дугаар албан бичгээр[9] “тус газрын Кадастрын мэдээллийн санд Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16/2 дугаар тогтоол бүртгэгдээгүй” талаарх лавлагааг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд энэхүү тохиолдолд анх тусгай зөвшөөрөл олгогдсон хугацаанаас хойш уурхайн талбай хэрхэн ашиглагдаж байсан, ийнхүү аймгийн тусгай хэрэгцээнд авагдсан гэх газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайтай давхацсан үед төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаандаа баримтлах зарчим буюу хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэх эсэх, Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдаж буй харилцаатай холбоотойгоор үүссэн маргааны тухайд хариуцагч байгууллагын үйл ажиллагаа нь хуульд нийцэж буй талаар тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхэд зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай байна.          

Ийнхүү хариуцагчийн газар албадан чөлөөлсөн захирамж, газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус эсэхийг хянан шийдвэрлэхэд шүүх шаардлагатай нотлох баримт дутуу бүрдүүлсэн, маргааны үндэслэлд дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан “...захиргааны шийдвэрийг өөрийн санаачлагаар дэлгэрүүлэн тайлбарлаж, нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгөөгүй, хэрэгт авагдсан баримт үнэлээгүй” гэх давж заалдах гомдол үндэстэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна.   

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.1.3 дах хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 111/ШШ2019/0024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

 

 


[1] Хавтас 1-20 хуудас

[2] Хавтас 1-21 хуудас

[3] Хавтас 1-8-15 хуудас

[4] Хавтас 1-23 хуудас

[5] Хавтас 1-52 хуудас

[6] Хавтас 1-41 хуудас

[7] Хавтас 1-100-126 хуудас

[8] Хавтас 1-16 хуудас

[9] Хавтас 2-199 хуудас