Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 86

 

 

Ч.Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч Ч.Ч-, түүний өмгөөлөгч Б.Сүрэнхүү,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О, түүний өмгөөлөгч О.Сарантуул,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 150А дугаар шийтгэх тогтоол,

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17 дугаар магадлалтай, 201414000561 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Ч-, иргэний хариуцагч Н.М нарын гомдлоор хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1957 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ч овогт Ч-ийн Ч- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироох” гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Ч-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар иргэний хариуцагч Н.М-оос 22,944,241 төгрөг гаргуулж хохирогч Л.О-д олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 9,329,542 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Ч-, иргэний хариуцагч Н.М нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Б.Сүрэнхүү, О.Сарантуул нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ч.Ч-, иргэний хариуцагч Н.М нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... шүүх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зохих ёсоор үнэлж дүгнээгүй. Замын хөдөлгөөний дүрмийг хохирогч Ж.Б зөрчсөн байдалд шүүх үнэлэлт, дүгнэлт хийгээгүй. Шүүх хохирлын хэмжээг тогтоохдоо ямар нотлох баримтад тулгуурлан, хэрхэн үнэлж шийдэж байгаа үндэслэлээ шийтгэх тогтоолд заагаагүй, тооцоог буруу гаргасан. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасанчлан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн судалж үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү. Хохирлыг буруу тооцсон” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Сарантуул хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлд заасан үндэслэл бүхий болж чадаагүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

 

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Шүүгдэгчийн гэм буруутай нь нотлогдож, тогтоогдсон. Хохирлыг зөв тооцож, тогтоосон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгч Ч.Ч- нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-иас гарсан туслах замаар “Mitsubishi Fuso” /Мицүбиши фусо/ загварын 50-30 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гол замаар хөдөлгөөнд оролцож явсан “Nissan Bluebird” /Ниссан Блювэрд/ загварын 99-52 УНС дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн жолооч Ж.Б-ын амь насыг хохироож, Ц.Г-ийн биед “хүзүүний 1-р нугалмын их биеийн хугарал, цээжний хөндийд шингэн хуралдалт үүсгэсэн баруун талын есөн хавирганы хугарал, цээжний 1-р нугалмын шахагдсан хугарал, хүзүүний 6 ба 7-р нугалмын хоорондох жийргэвчийн цүлхийлт, баруун ташаа, баруун гуянд цус хуралт” бүхий хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн Ч.Ч-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан үйл баримтыг тогтоож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч болон иргэний хариуцагч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О-гийн өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж дүгнэн иргэний хариуцагч Н.М-оос гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 150А дугаар шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17 дугаар магадлалд: “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Огийн өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч Н.М-оос 21,944,241 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Од олгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон иргэний хариуцагч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.ГАНЗОРИГ