Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/01096

 

  *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/02998 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******өд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 42,800,000 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* нь 2021 онд зарын дагуу *******тэй холбогдоход Сонгинохайрхан дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа ******* хотхонд 2 өрөө байр захиалсан, төлбөрийг 100 хувь төлсөн, 2022 оны ******* улиралд багтаад ашиглалтад орох тул асуудалгүй гэж хэлсэн. Мөн 2021 оны 08 сарын 04-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ, төлбөрийг бүрэн төлсөн тухай "*******" ХХК-ийн албан тоотыг тус тус үзүүлсэн. Тухайн үед түүнтэй хамт баригдаж буй барилга дээр очиж танилцсан бөгөөд *******тэй хамт "*******" ХХК-ийн оффист орон сууц захиалгын гэрээг шилжүүлэх талаар компанийн бүртгэлийн ажилтантай уулзахад захирал байхгүй, тамга тэмдэг алга байна, гэрээг өөрчлөх боломжгүй, мэдээллийг нь оруулчихна гэж хэлээд явуулсан. Тодорхой хугацааны дараа ******* ХХК дээр очиж ажилтнаар шүүлгэхэд орон сууц захиалгын гэрээ бүртгэгдээгүй байна гэж тайлбарласан. Иймд ******* нь *******өд итгэн Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, ******* хотхон, ******* байр, ******* давхрын ******* гэх хаягт баригдах 34.27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв нь 1,248,906 төгрөгөөр тооцон 2021 оны 10 сарын 25-ны өдөр *******ийн Хаан банкны ******* тоот дансанд гэрээний үнэ 42,800,000 төгрөгийг төлсөн. Гэтэл ******* орон сууцны захиалгын гэрээг *******гийн нэр дээр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, удаа дараа шаардсан боловч тодорхой үр дүн гараагүй. *******гийн захиалсан орон сууц ашиглалтад ороогүй, барилгын гүйцэтгэгч "*******" ХХК-д албан шаардлага тавихыг хүссэн боловч орон сууцны захиалагч биш тул та гомдол, шаардлага гаргах эрхгүй гэж огт хүлээж аваагүй.

Иймд, *******өөс 2024 оны 10 сарын 25-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн 42,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: ******* нь 2021 оны 08 сарын 24-ний өдөр "*******" ХХК-тай гэрээ хийхдээ Сонгинохайрхан дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* хотхоны ******* байр, 6 давхрын 34.27 м.кв талбайтай, 2 өрөө байрыг 44,208,300 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож орон сууц захиалгын гэрээ байгуулж төлбөрийг бүрэн төлсөн. Үүний дараа хариуцагчид бэлэн мөнгөний хэрэгцээ гарсан учраас үл хөдлөх хөрөнгө зуучлалын газраар зуучлуулж 2021 оны 10 сард нэхэмжлэгч *******тай холбогдож тус байрны захиалгын гэрээг өөртөө шилжүүлэн авах хүсэлт илгээсэн. Хариуцагч нь барилгын гүйцэтгэгч ******* ХХК-д захиалсан байраа бусдад худалдах талаар мэдэгдээд орон сууцны төлбөрийг төлсөн талаар албан бичиг гаргуулан нэхэмжлэгчид танилцуулсан. 2021 оны 10 сарын 25-ны өдөр талууд харилцан тохиролцож орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж нотариатаар батлуулж, хариуцагчаас захиалгын гэрээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж, энэ тухай барилгын гүйцэтгэгч ******* ХХК-д мэдэгдсэн. Шинээр гэрээ хийж бүртгэнэ гэдгээ "*******" ХХК-аас илэрхийлсэн. Тухайн үед барилгын явцтай нэхэмжлэгч өөрийн биеэр танилцсан. Орон сууц захиалгын гэрээний эрхийг бүрэн шилжүүлсэн.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******өөс 42,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******өөс 371,950 гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах зорилгоор шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах тухай хүсэлт гаргахад шүүх хангалттай хугацаа байсан, түүнийгээ хэрэгжүүлээгүй гэж өмгөөлөгч оролцуулахгүй хэргийг шийдвэрлэсэн нь талуудын мэтгэлцэх зарчмыг хангаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс барилгын гүйцэтгэгч "*******" ХХК-аас тайлбар гаргуулах, *******тай орон сууц захиалгын гэрээг шинэчлэн байгуулсан эсэх, *******аас хэргийн 17-18-р талд авагдсан бичвэрийн талаар тодруулах зорилгоор гэрчээр оролцуулах хүсэлтүүдийг гаргасан бөгөөд хэн аль нь ирээгүй тул бодит байдлыг тогтоох боломжгүй болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дээр дурдсан ажиллагаануудаас шалтгаалан сунжирсан бөгөөд хариуцагчаас хугацаа хожих, сунжруулах зорилго агуулаагүй атал хуульд заасан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг хүлээж аваагүйд гомдолтой байна.

4.2. Хариуцагч нь 2022 оны ******* улиралд ашиглалтад орох ******* хотхоны ******* байрны 34.27 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг захиалан 2021 оны 08 сард гүйцэтгэгчтэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн. Улмаар 2021 оны 10 сард *******тай орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхийг шилжүүлэх үед орон сууцны барилгын ажил хэвийн явагдаж байсан бөгөөд нэхэмжлэгч барилгын явцтай өөрөө танилцаад гэрээ байгуулсан, энэ тухай тайлбартаа хэлдэг. Гэтэл шүүх хариуцагчид захиалан бариулсан гэх, худалдан авсан гэх хөрөнгө байхгүй байна гэж дүгнэсэн нь туйлын ойлгомжгүй байна. Барилгыг барих, ашиглалтад оруулах үүрэг нь гүйцэтгэгч буюу барилгын компанид бий. Үүнтэй холбоотой шаардлага гаргах эрх нь захиалагчид байдаг. Захиалагч орон сууц захиалгын гэрээний дагуу барилгын ажил хэвийн явагдаж байх үед захиалагчийн эрхийг шилжүүлж авсан. Хэрэв гүйцэтгэгч орон сууц захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол тус гэрээний дагуу шаардлага гаргах эрх нь нэхэмжлэгч *******д шилжиж хариуцагч *******ийн хувьд дуусгавар болсон. Гэтэл гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй асуудалд холбогдуулан захиалагчийн шаардах эрх дуусгавар болсон *******ийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

4.3. Нэхэмжлэгч нь захиалагчийн эрхийг 2021 оны 10 сард шилжүүлж авснаас хойш 3 жилийн дараа буюу 2024 оны 07 сард орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээс татгалзах агуулгаар шүүхэд хандсан. Энэ хугацаанд барилгын ажлыг гүйцэтгэгч "*******" ХХК-д хандаж шаардах эрхээ хэрэгжүүлэх бодит оролдлого хийгээгүй, шүүхэд хандаагүй, энэ тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны явцад /шүүх хуралдааны тэмдэглэлийн 4-р талд/ удаа дараа хүлээн зөвшөөрдөг.

4.4. Мөн анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээнд алдаатай дүгнэлт хийж, үл хөдлөх эд хөрөнгө худалдсан мэтээр тайлбарлан, түүнийгээ шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй байна.

Иймд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Эрх шилжүүлэгч нь эрх хүлээн авагчид гүйцэтгэгчтэй шинэчилсэн гэрээ байгуулах үүрэг хүлээсэн. Энэ үүргээ биелүүлээгүй, тухайн үед компани дээр хамт очиход шилжүүлж өгнө гэсэн боловч захирал байхгүй гэдэг шалтгаанаар шилжүүлж өгөөгүй. Энэ хугацаанд *******тэй олон удаа холбогдож мөнгөө нэхсэн боловч хөдөө ажиллаж байгаа, ирж чадахгүй гэсэн шалтгаанаар удааширсан ба гэрээ шилжээгүй.

Иймд, төлбөр төлсөн этгээдээс буюу *******өөс мөнгөө нэхэмжилсэн гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон техникийн өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******өд холбогдуулан гэрээний үнэд төлсөн 42,800,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. ******* ХХК, ******* нар 2021 оны 08 сарын 04-ний өдөр Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, ******* хотхоны ******* байр, ******* орц, ******* давхар, ******* тоот, 34.27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2022 оны ******* улиралд багтаан барьж, ашиглалтад оруулж, өмчлөлд нь хүлээлгэн өгөх, ******* нь гэрээний үнэд нийт 44,208,300 төгрөг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон.

3.2. *******, ******* нар 2021 оны 10 сарын 25-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь Сонгинохайрхан дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* хотхоны ******* байрны 2 орц, ******* давхрын ******* тоот, 34.27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны захиалагчийн эрх, үүргээ шилжүүлэх, ******* нь гэрээний үнэд 42,800,000 төгрөг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон.

3.3. ******* нь 2021 оны 10 сарын 25-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр нийт 42,800,000 төгрөгийг *******ийн өмчлөлд шилжүүлсэн.

4. Дээрхээс үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан шаардах эрхээ шилжүүлэх гэрээний харилцаа үүссэн, улмаар ******* нь уг гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд төлсөн 42,800,000 төгрөгийг *******өөс буцаан гаргуулах тухай шаардлага гаргажээ гэж дүгнэхээр байна. Тус дүгнэлттэй холбоотойгоор анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.  

5. Анхан шатны шүүх хариуцагч *******өөс 42,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь зөв байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь:

5.1. *******, ******* нарын хооронд 2021 оны 10 сарын 25-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-ний 3.1-д ...Эрх шилжүүлэгч нь эрх хүлээн авагчийг гүйцэтгэгчтэй шинэчлэн гэрээ байгуулуулах үүрэг хүлээнэ. гэж заажээ.

Эрх шилжүүлэгч ******* нь эрх хүлээн авагч *******г гүйцэтгэгч ******* ХХК-тай Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ-г шинэчлэн байгуулуулах үүргээ биелүүлээгүй байна.

5.2. Түүнчлэн, ******* ХХК болон *******ийн хооронд 2021 оны 08 сарын 04-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ-ний 7.4-т Талууд гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ нөгөө талынхаа бичгээр илэрхийлсэн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно. гэж заажээ.

Хэрэгт ******* ХХК-аас *******өд эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг зөвшөөрсөн тухай бичиг авагдаагүй байна.

5.3. Иймд, нэхэмжлэгч ******* нь 2021 оны 10 сарын 25-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-нээс татгалзаж, уг гэрээний дагуу шилжүүлсэн 42,800,000 төгрөгийг *******өөс буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...анхан шатны шүүх өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй... гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Учир нь:

6.1. Анхан шатны шүүх 2024 оны 07 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2024 оны 07 сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагч талд гардуулан өгч, эрх, үүргийг нь тайлбарлан өгчээ.

6.2. Улмаар, анхан шатны шүүх 2025 оны 04 сарын 16-ны өдөр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-т тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн болон нэмэлт хугацаа аль аль нь өнгөрсний дараа хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

6.3. Энэ тохиолдолд хариуцагч талд хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа байсан гэж үзнэ.

7. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...олгосугай. гэхийг ...олгсугай. гэж бичин техникийн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон техникийн өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/02998 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт... гэснийг ...123 дугаар зүйлийн 123.1, 205 дугаар зүйлийн 205.1-д... гэж, ...олгсугай. гэснийг ...олгосугай. гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******өөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 371,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ 

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР