Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 771

 

 

 

 

 

 

 

 

 

 2019.........08............21                                  2018/ШЦТ/771

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа , улсын яллагч Э.Халиун, шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Нэргүйн Хэрлэнд холдбогдох эрүүгийн “1910003980870” дугаартай, 185/2019/0779/Э индекстэй хэргийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эцгийн хамт Төв аймгийн Баянхангай 1 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд дарь эх гудамжны 1-774 тоотод түр оршин суудаг гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй.

-1994 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 134 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг 2 жилээр хойшлуулсан,

- 1995 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 376  дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,

- 2000 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 162 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт  зааснаар 1 жил 6 cap хорих ялаар,

- 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 424 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялаар шийтгүүлж 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

- 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 759 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл эдэлсэн.

Н.Х /РД:НЫ79010277/,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Нэргүйн Хэрлэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 501 дүгээр байрны 50 тоотод хамтран амьдрагч болох хохирогч Я.Бадмаанямбууг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу бусадтай хардан зодож улмаар түүний биед тархи доргилт, хамар зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, дээд уруулын зүүн хэсэг, баруун нүдний доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний зүүн хажуу доод хэсэгт цус хуралт, баруун хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн хацар, дээд уруулын хэсэгт зулгаралт, бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Н.Х хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Я.Бадамаанямбуугийн:...би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, дэнжийн 10-423 тоотод өөрийн хамтран амьдагч Нэргүйн Хэрлэнгийн хамт оршин суудаг. Би Н.Хэрлэнтэй хамтран амьдраад 3 жил болж байгаа бөгөөд 2016 онд анх танилцсан. Н.Хбид хоёр гэртээ хааяа л уудаг, бид хоёр хамт уухаар намайг барьж аваад зодчихдог болохоор нь би бараг л уудаггүй. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны орой 18 цагийн үед хамтран амьдрагч Хэрлэнгийн хамт Хангай хотхон руу Хэрлэнгийн найзынд очиж хоносон. Тэнд Хэрлэн болон түүний найз Мийгаа, Даагий, Долоонжин, Жагаа бид нар 0,75 литрийн хараа архи уусан. Хэрлэн архи ууж дуусаад унтаж байхад гэнэт нүүр рүү хоёр удаа өшиглөсөн. Даагий эгч хажуунаас Хэрлэн гуай чи яаж байгаан бэ гэж хэлсэн. Тэгсэн Хэрлэн намайг янхандсан гээд хардаад уурлаад зодох гээд дайраад байсан. Миний хамарнаас цус гоожоод тогтохгүй байсан. Би орой 22 цаг өнгөрч байхад тэр айлаас нь гарч яваад гэртээ ирж хоносон. Хэрлэн гэртээ ирж хоносон. Хэрлэн надтай хамт ирж хоносон. Манай хамтран амьдрагч Хэрлэн намайг Хангай хотхонд аваачиж зодсон. Харин энэ Хан-Уул дүүргийн 8-р хороо, дэнжийн 10-423 тоотод зодоон болоогүй. Хэрлэн миний зүүн тал руу 2 удаа өшиглөсөн. Миний нүүрний зүүн тал тэр чигээрээ битүү хавдаж хөхөрсөн, хамар гэмтсэн байна. Хэрлэн дунд зэрэг согтуу байсан. Тухайн үед намайг хардсан гэх мэдүүлэг. /хх-н 50/,

            2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Мишээлийн:...Манай ээж Я.Бадамаанямбуу нь над руу 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 8 цагийн үед 86924592 дугаараас залгаад Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо нүхтийн 7-119 тоотоос ирээд авчих би зодуулчихсан байна гэхээр нь би дуудсан газар нь яваад очсон ээжийн нүүрний зүүн талын хэсэг битүү хавдчихсан байхаар нь хэн зодсон талаар асуусан чинь Н.Хнамайг зодсон гэж хэлсэн. Тухайн үед тэнд Н.ХМөнхбаатар гэх хүнтэй хөзөр тоглоод байж байхаар чи яагаад манай ээжийг зодож байгаа юм гэхэд би зодоогүй гээд хүнд зодуулчихсан ирсэн гэхээр нь ээж чамайг зодсон байна гээд хэрэлдсэн чинь ээж чинь өөрөөсөө болоод надад зодуулсан гэсэн би Жагаа гэх ахаас ээжийг хэн зодсон талаар асуухад бид нар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Хангай хотхонд байдаг Мигаа гэх хүний гэрт ууж байсан чинь ээжийг чинь зодоод байсан гэх мэдүүлэг. /хх-н 59/,

 

2.3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1889 тоот актын:

1.Я.Бадамаанямбуугийн биед тархи доргилт, хамар, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, дээд уруулын зүүн хэсэг, баруун нүдний доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний зүүн хажуу доод хэсэгт цус хуралт, баруун хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн хацар, дээд уруулын хэсэгт зулгаралт  гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэх дүгнэлт. /хх-н 70/, 

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.2019 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 1889 дугаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт,

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Н.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 501 дүгээр байрны 50 тоотод хамтран амьдрагч болох хохирогч Я.Бадмаанямбууг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу бусадтай хардан зодож улмаар түүний биед тархи доргилт, хамар зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, дээд уруулын зүүн хэсэг, баруун нүдний доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний зүүн хажуу доод хэсэгт цус хуралт, баруун хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн хацар, дээд уруулын хэсэгт зулгаралт, бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хэрэгт авагдсан хохирогч Я.Бадамаанямбуу, гэрч Б.Мишээл нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1889 дугаар дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Я.Бадмаанямбуу нь Н.Хэрлэнгээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдол байхгүй, бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхэд бичгээр бичиж өгсөн хүсэлт, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Хнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллгааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж  бичгээр хүсэлт гаргасан, хохирогч хохирол нэхэмжлээгүй,  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Х г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. 1.Шүүгдэгч Боржигон овогт  Н.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Х г 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Н.Х д оногдуулсан  1260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг  өдөрт 4 цагаар тооцож  хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийг ажлын  нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Н.Х д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Х д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ