Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 207/ма2025/00044

 

 

  2025       05        08                                           207/МА2025/00044

 

 

С.............ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д............., Д............., Г.............

нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШШ2025/00210 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : С.............ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д............., Д............., Г............. нарт холбогдох,

“Барааны үнэ 7,750,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч С.............ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С............., нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.............ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

2.Нэхэмжлэгч С............. нь хариуцагч Д............., Д............., Г............. нарт холбогдуулан барааны үнэ 7,750,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан./хх1-6х/

Хариуцагч Д............. ...Би энэ хүнийг ерөөсөө танихгүй. ............ хоёулаа Болороогийн бараа авсан хүнтэй очиж уулзчихаад ирье дуудаад байна гэсэн. Би бараан зах орох ажилтай байсан болохоор дагаад явсан. ............ нь миний төрсөн дүү учраас хол өвчтэй зовлонтой явж байгаа хүний санааг нь зовоогоод яахав гээд ............ бид хоёр очиж уулзаж би өмнөөс нь 500,000 төгрөгийг өгсөн. Тэрнээс энэ хүнээс би юу ч аваагүй... гэж,/хх22х/

Хариуцагч Д............. ...би ............ эгчийг танихгүй, ............ нь манай эгч ............тай цуг зах дээр зогсож наймаа хийдэг байсан юм билээ. ............ эгч энэ хоёр дэлгүүр дотор нь ярьж хөөрөөд бараа зарагдахгүй байна гэхэд нь барааг чинь тавьж зарж өгье гэсэн. Зарагдсан тохиолдолд мөнгийг нь өгье гэж хэлээд барааг нь бичээд 10 сая гаран төгрөгийн бараа ачаад явж байсан. Түүнээс цааш худалдан борлуулах ажиллагааг нь би мэдэхгүй. Би ............ эгчээс авсан мөнгө төгрөг, бараа огт байхгүй, тухайн үед ............ эгчтэй явсан нь үнэн. ............ эгч энэ хүнтэй тохиролцож барааг нь зарахаар болж барааг нь би авалцаж машинд нь хийгээд явсан нь үнэн. ............ эгч 3 сарын эхээр Солонгосоос ирнэ, ирээд энэ хүнтэй учраа олно гэж байсан, утсаар ярьж ............ эгч, ............ хоёрын хооронд бараа өгөлцөж авсан, мөнгөний үлдэгдэл 3,660,000 төгрөг өгөхөөр тохиролцсон баримтыг тайлбартайгаа өгсөн байгаа... гэж, /хх24х/

Хариуцагч Г............. “...С............. танайх ийм бараа авсан шүүхэд өгнө гэсэн. Та мэддэг хүмүүстэй нь ярь гэдгээ хэлсэн. Би энэ хүнийг танихгүй, энэ хүнээс би юм аваагүй... гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан./хх36х/

3.  Д............. нь нэхэмжлэгч С.............аас барааг авч дэлгүүртээ худалдан борлуулж өгөхөөр тохиролцож, 10,450,000 төгрөгийн барааг өгсөн, Д............. авсан, Д............. нь С.............аас барааг авах үед  Д............. хамт явсан, Д............., Д............. нар нь барааг авч явсан,  Д............. нь зарж борлуулсан барааны үнэ 2,200,000 төгрөгийг нэхэмжлэгч С.............т өгч, зарагдаагүй 1,000,000 төгрөгийн барааг Солонгос улс руу явахаар боллоо гэж нэхэмжлэгч С.............т хүлээлгэн өгсөн, С............. цагдаад хандсан учраас хариуцагч Д............., Д............. нар очиж уулзаж, Д............. нь 500,000 төгрөгийг шилжүүлсэн, дараа нь Д............. 350,000 төгрөгийг өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн зөв тогтоожээ.

4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, С............., Д............. нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

5. Хэрэгт нотлох баримтаар авагдсан тэмдэглэлийн дэвтэрт 2023 оны 01 дүгээр сарын 20-нд 10,450,000 төгрөгийн бараа /Болороо хороолол дэлгүүрийн эзэн/, Болороогийн дүү Золоогоос 500,000 дансаар авлаа, 1 сая төгрөгийн бараа сольсон гээд Д............., Д............. нар гарын үсэг зурсан байна.

5.1 Мөн хэргийн 25 талд авагдсан үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл гэх баримтад 3,660,000 төгрөг өгөхөөр тохиролцов гээд С............., Д............. нар гарын үсэг зуржээ.

6.Дээрхи баримтуудад үндэслэн нэхэмжлэгч С............. Д............. нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, харин нэхэмжлэгч С............., хариуцагч Д............., Д............., Г............. нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, С............. нь хариуцагч нартай барааг зарж борлуулах талаар тохиролцоогүй, тэдэнтэй ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй байна.

7.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.............ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШШ2025/00210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.............ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар   зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч С.............ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  133,350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.БАТТӨР

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ

 

                                             ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА