| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0761/Э |
| Дугаар | 772 |
| Огноо | 2019-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 772
2019 08 21 2019/ШЦТ/772
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Ц.Гэрэлбаатар, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Б.А д холдбогдох эрүүгийн “1909013440635” дугаартай, 185/2019/0761/Э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11-225 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12-7-227 тоотод түр оршин суудаг гэх,
-урьд 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнм 69 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шйтгүүлж, 1 жил тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Б.А /РД:УЗ92042511/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” бааран дотор иргэн Л.Тулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Б.А нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад мэдүүлэгээ үнэн зөв өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Л.Тулгын:..2019 оны 03 дугаар
сарын 28-ны өдөр 05 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лакс баарны тамхины өрөөнд тамхилаад байж байтал манай найзыг цэвэрлэгч эгч нь хөлөөрөө шалны модоороо хөл рүү нь түлхээд байсан. Манай найз тэр цэвэрлэгч эгчийг өөр тийшээ яваад цэвэрлээч битгий хөл рүү шалны модоор түлхээд бай гэсэн чинь хажууд байсан үл таних залуу гарч яваад буцаад ах гэх хүний хамтаар буцаж орж ирээд чи миний дүүг яагаад байгаа гээд миний хамар луу мөргөсөн. Тэгсэн чинь тухайн газрын хамгаалагч нар хүрч ирээд болиулсан чинь тэр үл таних хүн гарч яваад дүү гэх үл таних хүн үлдээд би бүх хариуцлагыг хүлээн би бүр төлбөрийг чинь төлий гээд байсан. Тэгээд цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг. /хх-н 05-06/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч П.Эрдэнэбатын:..2019 оны 03 дугаар сарын 27-ноос 2019 оны 03 дугаар сарын 28-нд шилжих шөнө Зуу бааранд ах Амартүвшинтэй хамт сууж байгаад 04:00 цагийн үед Зуу баар хаахаар нь талбайн урд байдаг Лакс бааранд орсон. Би Лакс бааранд ороод тамхины өрөөнд тамхилаад зогсож байхад цэвэрлэгч эгч орж ирсэн. Цэвэрлэгч эгч орж ирээд цэвэрлэгээ хийгээд зогсож байх үед тамхины өрөөнд байсан хоёр залуугийн намхан залуу нь энэ цэвэрлэгч эгч танай ээж юм уу? Чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлсэн. Би тамхины өрөөнөөс гарч яваад тамхины өрөөнд болсон явдлыг Амартүвшинд хэлсэн. Амартүвшин намайг дагуулаад тамхины өрөө рүү хамт ороход нөгөө хоёр залуу зогсож байсан. Амартүвшин та хоёр одоо яагаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь нөгөө хоёр залуу Амартүвшинтэй маргалдсан. Амартүвшин хоёр залуугийн намхан залуугийн нүүр хэсэгт толгойгоороо мөргөсөн. Хамраа мөргүүлдэг залуугийн нөгөө залуу нь Амартүвшин рүү ойртохоор нь би цамцнаас нь татаад хойш нь холдуулсан гэх мэдүүлэг. /хх-н 16-17/,
2.3.Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн №3967 тоот актын:
1.Л.Тулгын биед хамар ясны хугарал, зүүн зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Ханхүү гэх дүгнэлт. /хх-н 12/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч:..хавтаст хэргээс 5-6 дугаар хуудас Хохирогч Л.Тулгын мэдүүлэг, 7-8 дугаар хуудас А.Хусэлбаярын хохирогчоор өгсөн мэдүүлэг, 16 дугаар хуудас гэрч П.Эрдэнэбатын мэдүүлэг, 12 дугаар хуудас Шүүх эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №3967 тоот дүгнэлт, 23-24 дүгээр хуудас яллагдагч Б.Амартүвшингийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч:..шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны
03 дугаар сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” бааран дотор иргэн Л.Тулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Л.Тулга, гэрч П.Эрдэнэбат нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3967 дугаар дүгнэлт, хохирогч П.Эрдэнэбат нь санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Амартүвшинг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Амартүвшинг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Б.А г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.А д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.А г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ