Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 207/ма2025/00045

 

 

 2025       05         12                                           207/МА2025/00045

 

 

   Ч.............ын нэхэмжлэлтэй,

  хариуцагч ............банк ХК-нд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярхүү, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 312/ШШ2025/00310 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Ч.............ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............банк ХК-нд холбогдох,

“Хууль бус үйлдлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэбатын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэбат, Г.Отгонбилэг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие “............” ТӨҮГ-ын ЗМЗ-д цахилгаанчнаар ажилладаг бөгөөд 2019 оноос хойш арилжааны банкуудаас зээл авах гэхээр “найдваргүй зээлдэгч” гэсэн ангилалд байна гээд зээл олгох ямар ч арилжааны банк байхгүй болсон учир 5 жилийн турш миний хүссэн банкнаасаа зээл авах эрх маань хаалттай байгаа юм. Хариуцагч “............банк” ХК-ийн Орхон салбар намайг найдваргүй зээлдэгч гэсэн хар жагсаалтад оруулсан байгаа тухай уулзаж шалтгааныг нь асуухаар ямар нэгэн хариу өгөхгүй өөрсдийнхөө алдааг засахгүй өнөөдрийг хүрлээ. Учир нь гэвэл 2017 оны 6 сарын 06-ны өдөр өөрийн хамт ажилладаг байсан С.............гийн тус банктай байгуулсан ............ дугаартай зээлийн гэрээ байгуулж авсан 5.0 сая төгрөгийн зээлийн гэрээнд батлан даагчийн үүрэг гүйцэтгэхээр гарын үсэг зурж банктай батлан даалтын гэрээг байгуулсан. Банк зээлдэгч С.............г олдохгүй зээлээ төлөхгүй байна гэсэн үндэслэлээр 2019 оны 10-р сард Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд надаас 7,312,917 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд тус шүүх 2019 оны 11 сарын 8-ны өдрийн 142/ШШ2019/01282 дугаартай шийдвэр гаргаж Ч............. намайг үндсэн зээлдэгч биш бөгөөд гэрээнд батлан даагчийг төлөөлж гарын үсэг зурсан, ...С............. өөрийн цалинг барьцаалж зээл авсан нь зээлийн гэрээний 4.1-ээр нотлогдож байна гэсэн дүгнэлтийг хийж шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор бараг 5 жил болж байхад банк миний эрхийг 5 жил зөрчиж намайг “чанаргүй зээлтэй” гэсэн ангилалд оруулснаар би аль ч арилжааны банкуудаас зээл авч чадахгүй хохирч явна. Иймд Орхон аймаг дахь “............банк” ХК-ийн салбарын Ч............. намайг “Чанаргүй зээлдэгч” гэсэн ангилалд оруулсан хууль бус үйлдлийг нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

............банк ХК нь 2017 оны 6 сарын 6-ны өдөр иргэн С............., Ч............. нартай ............ тоот зээл болон барьцааны гэрээ, ............тоот батлан даалтын гэрээ байгуулан цалингийн зээл олгосон. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдахгүй байсан тул 2019 оны 3 сарын 14-нд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлдэгч С.............г эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж эхэлсэн. Мөн ............банк ХК-ийн Орхон салбараас 2019 оны 10 сарын 10-нд шүүхэд уг цалингийн зээлийн хамтран зээлдэгч, батлан даагчаар орсон Ч.............аас зээл хүүний төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 2019 оны 11 сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/01282 тоот шүүхийн шийдвэрээр Ч............. нь хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн орлогыг барьцаалаагүй, С............. нь зээлийн мөнгийг өөрийн дансаараа авч зарцуулсан, төлбөр төлөх барьцаа нь зээлийн гэрээнд С.............гийн данс тусгагдсан тул гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Уг шүүхийн шийдвэрт давж заалдах хүсэлт гаргаж 2019 оны 12 сарын 19-ий өдрийн Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 172 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Уг шүүхийн шийдвэр, магадлалд Ч.............ыг уг зээлийн гэрээгээр байгуулсан зээл олголтыг өөрийн дансаар хүлээж аваагүй, өөрийн орлогыг барьцаалаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон зүйл болохоос биш Ч.............ыг хамтран зээлдэгч, батлан даагч биш гэдэг зүйл огт тусгагдаагүй болно. Тодруулбал энэ нь Ч.............ыг Иргэний хуулийн 460.1, 460.2 дах хэсэгт заасан “батлан даагчийн хариуцлага”-ын хувьд дүгнээгүй болохыг илтгэж байна. Энэ талаар ч анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны магадлалд тодорхой тусгасан байна. Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.3 дах хэсэгт "Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зохицуулсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дурдагдсан ............ тоот зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсонд тооцох боломжгүй буюу үндсэн зээлдэгч, батлан даагчийн нөхөх хариуцлага хүлээсэн үүрэг биелэгдээгүй байгааг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 312/ШШ2025/00310 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7-д заасныг  баримтлан нэхэмжлэгч Ч.............ыг муу зээлдэгч гэсэн ангилалд оруулсан ............банк ХК-ийн хууль бус үйлдлийг хүчингүй болгож, зээлийн мэдээллийн санд Ч.............ын зээлийн ангиллыг хэвийн болгохыг Орхон аймгийн ............банк ХК-ийн Орхон салбарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.............ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “............банк” ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.............т олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч Я.Эрдэнэбатын шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 312/ШШ2025/00310 тоот шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч тал гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.............ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж зээлийн мэдээллийн сангийн муу ангиллыг хэвийн болгохоор шийдвэрлэсэн. 1.2017 оны 06 сарын 06 нд С............. болон Ч............. нь ............ тоот зээл болон барьцааны гэрээ ............тоот барьцааны гэрээ байгуулан 5,000,000 сая төгрөгийн зээл авсан бөгөөд зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул Банк 2018 онд Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгчийг хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэл гаргахад Үндсэн зээлдэгч гадаад явсан нь тогтоогдож 2018 оны 10 сарын 25-ны 142/11132018/04523 тоот захирамж гарч С.............г эрэн сурвалжилж эхэлсэн. Мөн 2019 оны 10 сарын 10-нд ............ тоот цалингийн зээлийн хамтран зээлдэгч батлан даагч Ч.............аас зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэхэд 2019 оны 11 сарын 08-ны 142/1111112019/01282 тоот шүүхийн шийдвэрээр Ч............. хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн орлогыг барьцаалаагүй, зээл олголтыг өөрийн дансаар дамжуулаагүй, төлбөр төлөх барьцаа нь зээлийн гэрээнд С.............гийн данс тусгагдсан гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, уг шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 172 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Уг шүүхийн шийдвэр нь Ч.............ыг зээлийн гэрээгээр байгуулсан зээл олголтыг өөрийн дансаар хүлээж аваагүй, өөрийн орлогыг барьцаалаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй зүйл бөгөөд Ч.............ыг хамтран зээлдэгч болон батлан даагч биш гэдэг зүйл тусгагдаагүй байна. 2.Нэхэмжлэгчийн зээлийн мэдээллийн санг засахад С.............гийн хамтран зээлдэгчээс татгалзаж хамтран зээлдэгчийн мэдээллээс хасаж засах ба энэ нь Банк Ч.............ыг зээлийн гэрээний үүрэг болон батлан даалтын гэрээний үүргээс чөлөөлж байгаа ойлголт болох билээ. Ч.............ын хувьд 2017 оны 06 сарын 06-ны өдөр банканд хамтран зээлдэгч болон батлан даагчаар орох хүсэлтээ өгсөнөөр илэрхийлсэн байна. Энэ нь Иргэний хуулийн 42.1 . Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ. 42.2.Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Иргэний хуулийн 242.1.Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. Иргэний хуулийн 460.1 .Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ. 460.2. Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэх хуулийн заалтуудад үндэслэн Ч............. нь хамтран үүрэг хүлээх, батлан даах хүсэл зоригоо илэрхийлж гэрээнд гарын үсэг зурсан нь банкны хүчин төгөлдөр гэрээний дагуу Ч.............ыг ............ тоот зээлийн гэрээний хамтран зээлдэгч, ............батлан даалтын гэрээний үүргээс татгалзах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Ч.............ыг уг зээлийн хамтран зээлдэгч, батлан даагч биш гэж үзэн банктай байгуулсан хүчин төгөлдөр гэрээнд дүгнэлт хийхгүйгээр дүгнэсэн, мөн нөгөөтэйгүүр зээлийн мэдээллийн сангаас хамтрангаар орсон зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг банк засах хууль зүйн боломж байхгүй гэж үзэж байгаа тул анхан шатны 312/ШШ2025/00310 тоот захирамжийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэбатын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч Ч............. нь хариуцагч ............банк ХК-д холбогдуулан Ч.............ыг муу зээлдэгч гэсэн ангилалд оруулсан хууль бус үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан./хх1х/

Хариуцагч “...Ч.............ыг Иргэний хуулийн 460.1, 460.2 дах хэсэгт заасан батлан даагчийн хариуцлагын хувьд дүгнээгүй болохыг илтгэж байна. Энэ талаар ч анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны магадлалд тодорхой тусгасан байна. Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.3 дах хэсэгт "Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зохицуулсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дурдагдсан ............ тоот зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсонд тооцох боломжгүй буюу үндсэн зээлдэгч, батлан даагчийн нөхөх хариуцлага хүлээсэн үүрэг биелэгдээгүй байгааг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан./хх23х/

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1 Хариуцагч Ч............. нь хамт ажилладаг байсан С.............гийн ............банк ХК-иас авсан 5,000,000 төгрөгийн цалингийн зээлийн гэрээнд 2017 оны 06 дугаар сарын 06-нд хамтран зээлдэгчээр болон батлан даагчаар орж гарын үсэг зурсан, дээрх зээлийн төлбөрийг С............. төлөөгүйн улмаас ............банк ХК Ч.............аас зээлийн төлбөрийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

 Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1282 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 172 дугаартай магадлалаар ............банк ХК-ийн Ч.............аас зээлийн гэрээний төлбөр 7,312,917 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ.

 

3.2 ............банк ХК нь Монгол банкны зээлийн мэдээллийн санд нэхэмжлэгч Ч.............ыг дээрх зээлийн гэрээний үүрэг биелэгдэж, төлбөр барагдаагүй байгаа гэдэг үндэслэлээр зээлийн муу ангилалд оруулж бүртгэж, мэдээлсэн байна.

 

4. Иргэний эрхийг эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх, мөн бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох аргаар хамгаалахаар Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4., 9.4.2., 9.4.7-д хуульчилсан.

 

5.Нэгэнт С............. авсан зээлээ төлөөгүй учраас батлан даагч Ч.............аас зээлийн гэрээний төлбөр 7,312,917 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ............банк ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хариуцагч энэ шийдвэр, магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй.

 

5.1 Ийнхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Ч.............ыг С.............гийн авсан зээлийн гэрээний үүргээс чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болох ба хариуцагч ............банк ХК нь нэхэмжлэгч Ч.............ыг тус банкинд хугацаа хэтэрсэн зээлийн үүрэг хүлээгээгүй байхад зээлдэгч С.............гийн 2017 оны 06 сарын 06-нд ............банкнаас авсан 4,669,709.39 төгрөгийн зээл төлөгдөөгүй үндэслэлээр түүнийг хэвийн биш зээлийн ангилалтай буюу муу зээлийн ангилалтай гэж зээлийн мэдээллийн санд мэдээлсний улмаас нэхэмжлэгч Ч............. арилжааны банкнаас зээл авах боломжгүй болж хохирч байгаа болох нь тогтоогдож байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

5.2 Батлан даагч буюу баталгаа гаргагчийг үүргээс чөлөөлсөн явдал нь үндсэн үүрэг гүйцэтгэгчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, түүнчлэн батлан даагч С............. үүрэг гүйцэтгэгч С.............гийн даалгавраар үүрэг хүлээсэн, үүрэг гүйцэтгэгч С............. оршин суугаа /оршин байгаа/ газраа өөрчилсний улмаас түүнээс үүргийн гүйцэтгэлийг шаардахад хүндрэлтэй болсон тул Ч............. батлан даагчийн үүргээсээ татгалзах эрхтэй байна.

 

5.3 Нэгэнт Ч.............ыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлсөн тул зээлдэгч С.............гийн 2017 оны 06 дугаар сарын 06-нд ............банкнаас авсан 4,669,709.39 төгрөгийн зээл төлөгдөөгүй үндэслэлээр түүнийг хэвийн биш зээлийн ангилалтай буюу муу зээлийн ангилалтай гэж зээлийн мэдээллийн санд мэдээлсэн нь бусдын эрх зөрчсөн шийдвэр болсон, энэ шийдвэрийг хүчингүй болгож, иргэний эрхийг хамгаалах нь зүйтэй байна.

 

6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэбатын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 312/ШШ2025/00310 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэбатын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Я.Эрдэнэбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТТӨР

 

                                                    ШҮҮГЧ                                       Н.БАЯРХҮҮ

 

                                             ШҮҮГЧ                                      Р.ҮҮРИЙНТУЯА