| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2023/01661/И |
| Дугаар | 207/ма2025/00047 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 207/ма2025/00047
2025 05 12 207/МА2025/00047
И.............ын нэхэмжлэлтэй,
хариуцагч Г.............д холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярхүү, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 312/ШШ2025/00229 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : И.............ын нэхэмжлэлтэй,,
Хариуцагч: Г.............д холбогдох,
“Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 5,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгч И.............ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Майцэнгэл цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И............. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г............. миний дүү ............тай машинтай ирж танилцаад дүү ............, хүү ............ нарыг ГОК-ын цагдаад ажилд оруулж өгнө. Нэг хүний 4,200,000 төгрөг гэсэн. Тэгээд би мөнгө байхгүй гэсэн. Та мөнгөө хүн амьтнаас олоод өгчих, сарын дараа 1,000,000 төгрөгийн цалинтай болно гэхээр нь хүнээс мөнгө олж өгсөн. Та эхлээд хүнээс мөнгө олоод өгчих дараа нь танд зээл гаргуулаад өгчихнө, таньдаг эдийн засагч байгаа гэсэн. Би уг нь зээлийн хэрэг байхгүй байсан. Тэгээд ажилд оруулаад өгнө гээд баталгаатай гэсээр зээл авхуулсан. Тэгээд ............ ББСБ-аас эдийн засагч ............тэй ярьчихлаа гээд 20,000,000 төгрөгийн зээлийг миний хүү ............ын нэр дээр гаргаж өгөөд тэр өдөртөө 8,400,000 төгрөг өгөөд байж байтал ............ эдийн засагч танд би тус болоо. Тийм болохоор та надад 7 хоногийн хугацаатай 5,000,000 төгрөг зээлээч гэж байна, ............ та хүнээр туслуулсан юм чинь 5,000,000 төгрөгийн зээл өгчих, цаадах чинь зээлээ хаагаад буцааж гаргаад найдвартай өгнө гэсээр нэмж 5,000,000 төгрөгийг авч явсан байдаг. Тэгээд нийт тэр зээлээс 13,500,000 төгрөг авснаа шүүх хурал дээр зөвшөөрсөн байдаг юм. Гэвч манайх тэр хооронд зээл хэтэрч ............ ББСБ биднийг шүүхэд өгсөн юм. Тэр хооронд манайх зээлэндээ 960,000 төгрөгийн төлөлтөөр 5 сар төлөөд дийлэхгүй болсон. Энэ хугацаанд шүүхээр явж хугацаа их орсон. Энэ зээлийн 8,400,000 төгрөгийг увуулж цувуулаад 2 жилийн дараа өгсөн. Энэ хооронд манайх шүүхийн шийдвэрээр хашаа байшингаа, нэмээд вакум цонхыг тоног төхөөрөмжийн хамт бүгдийг нь хураалгаж тухайн үед граш 8х14 хэмжээтэй, газар нь 270 м.кв барьцаанд нийт 20,000,000 төгрөг барьцаалж авсан боловч тоног төхөөрөмж /15 саяын үнэтэй/ ороогүй байсныг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч ............ дарамталсаар байж бүгдийг нь гарын үсэг зуруулж авсан. Би тухайн үед группт байдаг. өмгөөлөгч авах боломжгүй байсан. Хуулийн тухай мэдлэггүй байсан. ............ ингэж манайхыг залилан мэхэлж зээл авхуулж амьдралын минь 7 жилийг хохироож байна. Одоо болтол 5,000,000 төгрөг төлөөгүй өдийг хүртэл хохироолоо. Би маш их гомдолтой. Би энэ хохирлоо ............аар төлүүлмээр байна. Сая нэг сураг гарч би ирж мэдүүлэг өгч байна. Залилангийн золиос болж 7 жилийг үдлээ. Энэ хооронд би Улаанбаатар хотын гудамжны чулууг бараг л долоож амьдарч явна. Орох оронгүй оочих аягагүй болж амьдарч явна. Шүүх хурал дээр ............ би 5,000,000 төгрөгийг нь авсан нь үнэн, банкны зээлийн графикийн дагуу төлнө гэж авсан гэж худлаа ярьдаг, зальтай аймаар хүн шүү дээ. Иймд Г.............аас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаагийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.
Хариуцагч Г............. шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би И............. эгчийн дүү ............, хүү ............ нараас авсан 8,400,000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулж бүрэн төлж барагдуулсан. ............ эгчээс би 5,000,000 төгрөг огт аваагүй, харин хүү болох ............ нь зээл авах гэсэн чинь банк зээл олгохгүй байна, урьд нь хугацаа хэтэрч байсан гээд зээл авч чадахгүй, чамд банкинд таних хүн байна уу? гэсэн. Тэгэхээр нь би ............ ББСБ зээл өгдөг гэсэн, та хэдэн төгрөгийн зээл авах гэсэн юм гэж асуухад 15,000,000 төгрөг гэхээр нь та надад 15,000,000 төгрөг дээрээ 5,000,000 төгрөг нэмээд аваад өгөөч дүү нь 5,000,000 төгрөгийг чинь графикийн дагуу төлье гэж хэлэхэд тэг тэг миний дүү гэж хэлээд надтай цуг зээл хөөцөлдсөн юм. Тэгээд зээл нь 20,000,000 төгрөгөөр гараад надад 5,000,000 төгрөг өгсөн, би авсан 5,000,000 төгрөгөө графикийн дагуу төлсөн. Иймд ............д ямар ч өр байхгүй. ............ эгчээс огт мөнгө авч байгаагүй. Энэ ............ гэгч хүнийг би 7 жил хохироогоогүй, намайг сураггүй алга болсон гэж ярьж байна. ............ эгч ............ эгчийн дүү болох ............аа хүргэн Зандарьяа нар нь манай гэрийг сайн мэднэ. Энэ хүн намайг хайсан, олдохгүй байсан гэж худлаа ярьж байна. Би хүнээс мөнгө авсан бол удсан ч заавал өгдөг. Би И............. эгчид төлөх өр байхгүй. ...И.............ын хувьд энэ олон жил шүүхэд хэргийн оролцогчоор оролцчихоод юу ч мэдэхгүй мэтээр тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 75.2.1-т зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэдгийг нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 312/ШШ2025/00229 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1., 82 дугаар зүйлийн 82.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч И.............ын хариуцагч Г.............аас 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И.............ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч И............. шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 312/ШШ2025/00229 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие И............. нь иргэн Г.............д холбогдуулан 5,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Тухайн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Учир нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцно гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тооцвол мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж гомдол гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч И............. хариуцагч Г.............д холбогдуулан гүйцэтгээгүй үүргийн дүн 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан./хх1,2х/
Хариуцагч Г............., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “...Би авсан 5,000,000 төгрөгөө графкийн дагуу төлсөн. Иймд ............д ямар ч өр байхгүй. ............ эгчээс огт мөнгө авч байгаагүй. Энэ асуудлаар эрүүгийн журмаар шалгагдаад дууссан. Мөн уг нэхэмжлэл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, уг асуудлаар шүүхийн шийдвэр гарсан” гэсэн үндэслэл зааж, зөвшөөрөхгүй гэж маргасан./хх18, 42,82х/
3. Хариуцагч Г............. нь нэхэмжлэгч И.............аас хүү Д.............ынх нь 2015 оны 05 сарын 20-нд ............ ББСБ-аас зээлж авсан 20,000,000 төгрөгнөөс 5,000,000 төгрөгийг зээлж авсан үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт болох Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 437 дугаартай шийдвэр, гэрч Г.Өлзийбатын мэдүүлэг, зохигчдын тайлбарт үндэслэн зөв тогтоожээ.
4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, И............. хариуцагч Г............. нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.
5.Нэхэмжлэгч И.............ын өмгөөлөгч Ю.Майцэнгэл шүүх хуралдаанд “…нэхэмжлэгч И............. эрх зөрчигдсөн гэдгээ 2023 онд мэдсэнээс хойш нэхэмжлэл гаргасан тул тэрээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй” гэж мэтгэлцсэн.
5.1 Гэвч И.............ын хүү Д............. 2015 оны 05 сарын 20-нд ............ ББСБ-аас 20,000,000 төгрөг зээлж авсан, энэ 20,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч И............. хариуцагч Г.............д 5,000,000 төгрөгийг зээлсэн болох нь зохигчдын тайлбар, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 437 дугаартай шийдвэр, гэрч Г.Өлзийбатын мэдүүлэгээр тогтоогдсон.
5.2 Дээрх үйл баримтаас нэхэмжлэгч И............. нь Г.............д 5,000,000 төгрөгийг 2015 онд зээлсэн нь тогтоогдож байх тул түүнийг эрх зөрчигдсөн тухай 2023 онд мэдсэн гэж үзэх боломжгүй.
6. Иймд “...нэхэмжлэгч И............. нь 2015 онд өгсөн зээлийн төлбөрийг 2023 онд нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчиж шүүхэд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргасан....хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хариуцагч зээлийн төлбөрийг төлөхөөс татгалзах эрхтэй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй байна.
6.1 Нэхэмжлэгчийн “...Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцно гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тооцвол мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй” гэсэн агуулга бүхий гомдол үндэслэлгүй.
7. Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримталсныг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 312/ШШ2025/00229 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1., 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч И.............ын хариуцагч Г.............аас 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай....” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч И.............ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА