Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 776

 

 

 

 

 

 

 

 

 

2019           08           22                                   2019/ШЦТ/776

 

 

                                                                                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Б.Дэлгэрмаа, шүүгдэгч Д.Т хохирогч Ц.Гэрэлцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Д.Тд холбогдох эрүүгийн “1903005220261” дугаартай, 185/2019/0768/э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн,1985 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, "Блю Бус" ХХК-д автобусны жолооч, ам бүл 2 эхийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар байр 58 тоотод оршин суух бүргтэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Т/РД:ШБ85031213/,

      Холбогдсон хэргийн талаар;

        Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 19 цаг 25 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Байгалийн түүхийн музейн урд замд Хюндай аеросити маркийн 27-42 УНВ улсын дугаатай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй  байх хэмжээний хоорондын зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэснийг зөрчин огцом тоормос хийсний улмаас зорчигч Ц.Гэрэлцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг:  Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Д.Т нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Тухайн өдөр буюу 5 сарын 13-ны өдөр ажлаа хийж явж байгаад хажуунаас гэнэт тэрэг орж ирээд огцом тооромзлоод Зорчигч Гэрэлцэцэг автобусанд унасан. Хохирогч Гэрэлцэцэгт учирсан хохирлыг жолоочийн хариуцлагын даатгалаас гаргаж өгнө. Одоогоор өөрөөсөө боломжийнхоо хэмжээнд 650.000 төгрөг өгсөн гэв.

 

1.2.Шүүгдэгч Ц.Гэрэлцэцэг нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Би хөлний хагалгаанд орж хөлөө хадуулсан байгаа. Миний зүрх муу учраас хагалдаанд орж байхдаа 2 удаа ухаан алдаж унасан. Миний мөр өвчинтэй байгаа болохоор суга таяг барих боломжгүй байгаа. 5-н сарын дараа хөлөнд суулгасан төмрийг авна. Ирээдүйд учирч болох хохиролтой холбоотой мөнгийг гаргуулмаар байна. Жолооч маань аюулгүй байдлаа хангаж хурдаа тохируулж явах хэрэгтэй байна. Би одоогийн байдлаар 4.189.986 төгрөг нэхэмжилж байгаа үүнээс шүүгдэгчийн өгсөн 650 000 төгрөгийг хасч тооцно, одоогоор гаргах санал, гомдол байхгүй гэв.

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

   2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ц.Гэрэлцэцэгийн:..Би 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд Монгол Улсын Их сургуулийн автобусны буудлаас гэртээ харих гээд "Max импекс-Улаанхуаран" чиглэлийн автобусанд суусан. Би автобусанд ороод хойд буух хаалганы эсрэг талын бариулаас бариад зогсоод явж байтал Байгалийн түүхийн музейн урд талын уулзвар өнгөрөөд явж байтал автобус гэнэт маш хүчтэй тоормослоод миний гар бариулаас мултараад урагшаа жолоочийн арын суудал хүртэл шидэгдэж унасан гэх мэдүүлэг. /хх-н 20-21/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч М.Дэлгэрмаагийн:..Миний хүү Д.Т нь 1985 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр төрөхөд айлын ганц хүү болон мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр ясли, цэцэрлэгээр хүмүүжин 1991 онд Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж, суралцан, 2001 онд 10 дугаар ангиа төгссөн, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2003 онд БНХАУ-ын Хөх хотын Тэнжинь дээд сургуульд хүнсний технологи мэргэжлээр 2.5 жил суралцан төгссөн. Сургуулиа төгсөөд 2007 онд Чех улсад ажлын гэрээгээр 4-5 жил амьдарч байгаад 2010 онд Монголдоо ирж жолоочийн ажил хийж байгаад 2016 оноос одог хүртэл Блю бус ХХК-д автобусны жолооч ажил хийж байгаа. Хүү маань төлөв даруу зантай, маш их ажилсаг, үнэн шудрага, аливаа зүйлийг хийхдээ их зарчимч, хүнд тусархуу хүүхэд байгаа, Хүү маань гэр бүлдээ анхаарал халамж сайтай, архи дарс уудаггүй, тамхи татдаг. Элдэв муу зуршилгүй, маш их өрөвчхөн сэтгэлтэй гэх мэдүүлэг. /хх-н 26/,

2.3.Шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэнгийн №5953 тоот актын:

1.Ц.Гэрэлцэцэгийн биед зүүн атгаал, дунд чөмөгний битүү хугарал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч, цагдаагийн ахмад Ч.Эрдэмболор гэх дүгнэлт. /хх-н 38/,

2.4.Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан  техникийн  хяналтын үзлэгийн төв №40033 тоот актын:

1.Уг автомашины ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд эдэлгээний явцад гандаж өнгө үзэмж муудсан байна. Улсын дугаарын гэрэл асахгүй. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 43700сd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 12500 cd, /стандарт 10.000-225.000 cd/ байгаа нь стандартын шаардлага хангаж байна. Уг тээврийн хэрэгслийг Шведулсад үйлдвэрлэгдсэн EWJ

тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхэлэгийн хажуу гулсалтын хайзалтын хэмжээ-8 мм, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 12.4 кH, баруун талдаа 13.0кН, зөрүү нь 4.62% /стандарт <20%, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 26.4кН баруун талдаа 25.8кН зөрүү  нь 2.27% /стандарт <30%/. Зогсоолын тоормоз зогссон. Дугуйн хэний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 2мм /стандарт автобусны дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 2мм-ээс багагүй байх/ буюу дугуйнуудын хээний гүний хэмжээ стандарт шаардлага хангасан байна.

2.Автомашин нь ерөнхий байдал, бүрдлийн хувьд стандартын шаардлага хангахгүй байна. Үүнд: Уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд эдэлгээний явцад гандаж, өнгө үзэмж муудсан байна. Мөн улсын дугаарын гэрэл асахгүй.

3.Энэ эвдрэл, гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй. Ослоос өмнө үүссэн.

4.Тоормосны систем нь хийн дамжуулагатай, тоормос нь хэвийн ажилгаатай.

5.Тоормосны хий дамжуулгатай тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд мөр дам дээр үүснэ.

6.24-42 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн хурд хэмжигч /спидометр/ ажиллаж байсан. Шинжээч Б.Зул, Ж.Доржготов, М.Галбадрах гэх дүгнэлт. /хх-н 44-47/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч:..хавтаст хэргээс 26 дугаар хуудас гэрч М.Дэлгэрмаагийн мэдүүлэг, 28 дугаар хуудас гэрч Д.Уянгын мэдүүлэг, 29-30 дугаар хуудас гэрч А.Оюунгэрэлийн мэдүүлэг, 33-34 дүгээр хуудас иргэний хариуцагч А.Отгонзаяагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч:..хавтас хэргээс шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч:... хавтас хэргээс шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 19 цаг 25 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Байгалийн түүхийн музейн урд замд Хюндай аеросити маркийн 27-42 УНВ улсын дугаатай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй  байх хэмжээний хоорондын зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэснийг зөрчин огцом тоормос хийсний улмаас зорчигч Ц.Гэрэлцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч Ц.Гэрэлцэцэг, гэрч М.Дэлгэрмаа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэнгийн №5953  дугаар дүгнэлт, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан  техникийн  хяналтын үзлэгийн төв №40033 дугаар дүгнэлт,  шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Тг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Д.Тхохирогч Ц.Гэрэлцэцэг нарыг  өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх хуралдаанд хохирогч Ц.Гэрэлцэцэг нийт эмчилгээнд 3 439 986 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 15-наас 2019 оны 09 дүгээр сарын 15-н хүртэл 1 сар хугацаатай асаргаа, сувилгаа хийлгэсэн 750 000 төгрөг буюу нийт 4 189 986 төгрөг нэхэмжилснээс шүүхийн хэлэлцүүлэг, хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Т нь 650 000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Иймд уг нэхэмжлэлийн шаардлага буюу 4 189 986 төгрөгнөөс 650 000 төгрөгийг хасч, үлдэгдэл хохирол 3 539 986 төгрөгийг шүүгдэгч Д.Тгээс гаргуулж хохирогч Ц.Гэрэлцэцэгт олгох нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, зарим хэсгийг төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь цаашид эмчлүүлэхэд гарсан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар жич нэхэмжлэх эрхэй болохыг тус тус  дурьдаж шийдвэрлэв.

 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Чонос овогт Д.Т д авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Тд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний бую 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Тд оногдуулсан торгох ялыг  3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тгээс 3 539 986 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Гэрэлцэцэгт олгосугай.

 

6.Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлээгүй, цаашид эмчлүүлэхэд гарсан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар жич нэхэмжлэх эрхэй болохыг тус  тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Д.РЕНЧЕНХОРОЛ