| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2021/01459/И |
| Дугаар | 207/ма2025/00049 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 207/ма2025/00049
2025 05 29 207/МА2025/00049
Л............., Г............. нарын нэхэмжлэлтэй,
хариуцагч Б............., Д.............
нарт холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/01660 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : Л............., Г............. нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б............., Д............. холбогдох,
“Орхон аймгийн ............багийн нутаг дэвсгэрт байрлах банз, модны захын хашаанд өөрсдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байсан Канад технологиор барьсан 7,5х21м хэмжээтэй ажлын байрны байшинг хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгож, өмчийн үнээс Г.............д оногдох 13,871,966 төгрөг, Л.............д оногдох 13,871,966 төгрөгийг тус тус гаргуулах ” тухай үндсэн нэхэмжлэлтэй,
“2017 оноос хойш газар ашигласны төлбөр 19,500,000 төгрөг гаргуулах”,
“Тоног төхөөрөмж, машины үнэлгээнээс өөрт ногдох хувь болох 33,3 хувь 11,850,000 төгрөг, компанийн эзэмшлийн 483 м2 газрын үлдэгдэл төлбөр 2,660,000 төгрөг гаргуулах” тухай тус тус сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч Б.............гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л............., Г............., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагч Д............., Б............., хариуцагч нарын өмгөөлөгч М.Баяраа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л............., Г............. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2008 оны 03 дугаар сарын 19-нд иргэн Г............., Л............., Б............. гурав хоорондоо харилцан ярилцаж хүн бүр 6,0 сая төгрөг нийлүүлэн ............ ХХК-г үүсгэн байгуулсан. 2008 оны 05 дугаар сарын 10-нд ............ ХК-ийн ............багийн нутаг дэвсгэрт байрлах модны зах дээр сарын түрээс төлж үйл ажиллагаагаа эхэлсэн. Анх ажиллахдаа дээврийн төмрийн хэвлэх машин 1ш, 5 сая төгрөгөөр худалдан авсан хөх улаан өнгийн 2ш боодол төмөртэй байсан. 2008-2012 он хүртэл түрээс төлж ажиллаж байсан. ............н ХХК-г байгуулаад ажиллахдаа Б............. ............-т ажиллаж байсан учир компанийн өдөр тутмын ажиллагаанд оролцдоггүй байсан ба 6,0 сая төгрөгийн зээлийг төлж дуустлаа сард 340,000 төгрөг авах ба өвлийн улиралд дээврийн төмрийн үйл ажиллагаа зогсох тул энэ саруудад мөнгө авахгүй, харин хавар ажил эхлэхээр мөнгө болон дээврийн төмөр авч болно гэж хурал дээр харилцан тохиролцсон. Л............., Г............. нар модны зах дээр дээврийн төмрийн үйл ажиллагааг удирдан явуулах тул цалин хөлсийг тохиролцоно гэсэн.Дээврийн төмөр зарахад өнгөний сонголт, зузаан нимгэн төмөр шаардлагатай болсон. Компаний үйл ажиллагаагаа сайжруулахын тулд эргэлтийн хөрөнгийн зээлийг Л............. би ............ банкнаас 2009 онд 10 сая төгрөг, 2010 онд 28 сая төгрөг, 2011 онд 45 сая төгрөгийг авсан. Мөн Г.........................банкнаас зээл авч байсан. 2010 оны 03 дугаар 10-нд ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлд хамрагдах нөхцөлийн улмаас компанийг нэг хүний Г.............гийн нэр дээр болгосон. Компаниа нэг хүний нэр дээр болгосон ч компаний ашиг хуваах зарчим хадгалагдан үлдэнэ гэж хурлын протокол хөтөлж, гурвуулаа гарын үсгээ зурсан. 2011 оны 12 дугаар 07-нд ............ ХК-ийн модны зах дээр түрээс төлж байсан газраа эзэмшиж авахыг зөвшөөрсөн. Газар эзэмшлийн төлбөр 5.5 сая төгрөгийг Л............., Г............. нар ............ ХК-д төлсөн. Энэ эзэмшиж авсан газар дээрээ 2012 онд 7.5м х 21 м хэмжээтэй ажлын мужааны өрөө, бараа материал хадгалах зарах байшинг Л............., ............ нар 3 ажилчны хамт канад технологиор барьсан. ............ ХК-аас газар нэмж авч болно, газрын гэрчилгээг 1 хүний нэр дээр гаргана, хоорондоо хурал хийгээд итгэлтэй нэг хүний нэрээ өг гэсэн. Бид 3 хоорондоо ярилцаад ............ ааваасаа 8,124,000 төгрөг авч нийт 13,624,000 төгрөгөөр 1725м2 газрыг хамтран эзэмшигчээр Л............., Г............. нарыг газрын гэрчилгээг Б............. нэр дээр гаргуулахаар тохиролцсон. ............ ХК-аас 1м2 газрыг 7900 төгрөгөөр үнэлсэн. Модны зах 40 гаруй хүнтэй 6 хэсэгт хувааж газрын гэрчилгээ гарсан. Эдгээр хүмүүс одоо ч модны зах дээр ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа банкнаас авсан хөрөнгө оруулалтын зээлээр дээврийн төмөр хэвлэх машин 2ш, мужааны зориулалттай цахилгаан багажнууд, солонгос сунадаг шат, гагнуурын аппарат, цахилгаан мотор, оффисын ширээ сандал зэргийг авсан. Листэн төмөр тасдагч 1ш өөрсдөө хийсэн. Б.............д 2008 онд 1,620,000 төгрөг, 2009 онд 3,922,000 төгрөг, 2010 онд 1,700,000 төгрөг, 2011 онд 1,020,000 төгрөг, 2012 онд 4,083,545 төгрөг, нийт 12,346,045 төгрөг өгсөн. 2013 оны 10 дугаар сарын 03-нд 483м2 газрыг 20,000,000 төгрөгөөр зарсан. Хоорондоо харилцан тохиролцож Б.............д 4 сая төгрөг, Г ............, Л............. нар тус бүр 8 сая төгрөгийг авч банкнаас авсан зээлийн төлбөрт өгсөн. Бид 3 ажил байдлын талаар хэд хэдэн удаа уулзаж ярилцаад газар болон объектоо зарж хоорондоо харилцан тохиролцож хувааж авахыг зөвшөөрөлцсөн. 2014 онд Б............. манай хамаатны хүн газар болон объектыг худалдан авч байгаа, та хоёрт харилцан тохирсон ёсоор мөнгө төгрөгийг даруй өгнө гэсэн. Удалгүй ажлын байр болон бидний эзэмшсэн газарт блокон хашаа тойруулаад хойд талд нь хаалга гаргасан. 3-4 сарын дараа мөнгө бүтэхгүй болсон гэсэн хариу өгсөн. Дахиад зарах талаар ярилцсан. Зарагдахгүй байна гэсээр 2019 оны 01 дүгээр сарын 12-нд Б.............тай газар болон объектын талаар ярихад миний нэр дээр байгаа газар та нарт ямар ч хамаагүй дахин битгий утсаар ярь гээд тасалсан. 2019 оны 02 дугаар сард шүүхэд газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр тогтоож өгөх тухай нэхэмжлэл гаргахад 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Н.............т 628м2, өөрийн эхнэр Д.............д 614 м2, газрыг шилжүүлсэн байсан. Өөрийн хүсэлтээр нэхэмжлэлээсээ татгалзсан. 2021 оны 7 дугаар сард Газар худалдан авсан хүн барьсан байшингаа буулгаж ав гэж утасаар ярьсан. Өөрсдийн үйлдвэрлэлийг үйл ажиллагаа явуулж байсан 7.5м х 21м хэмжээтэй канад технологиор барьсан ажлын байрны байшинг буулгаж өөрт оногдох хувийг авахыг хүсэж байна гэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн уг ажлын байрыг хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгож, гурван тэнцүү хэсэг хуваалгах буюу тус бүр 10,0 сая төгрөг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч Л............., Г............. нар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:
Л............. би Орхон аймаг ............ багийн нутаг дэвсгэрт байрладаг банз модны захын хашаанд байрлах өөрсдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байсан канад технологиор барьсан /7,5м х 21м/ хэмжээтэй ажлын байрны байшинг буулгаж өөрт оногдох хувийг авах нэхэмжлэл гаргасан. Иргэн Г.............тай ярилцаад хамтран нэхэмжлэгчээр орох шийдвэр гаргасан. Өмнөх нэхэмжлэлийн шаарлагаа тодруулж Орхон аймаг ............ багийн нутаг дэвсгэрт байрладаг банз модны захын хашаанд байрлах өөрсдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байсан канад технологиор барьсан /7,5м х 21м/ хэмжээтэй ажлын байрны байшинг бүхэлд нь буулгаж, бидэнд олгох шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч Л............., Г............. нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:
Нэхэмжлэгч ............ ............ миний бие нь 2021 оны 10 дугаар сарын 26-нд Бадмааевын ............д холбогдуулан ............баг банз модны захын хажууд байрлах 7,5 х 21 метрийн хэмжээтэй канад технологийн модон байшинг буулгаж өөр ногдох хэсгийг авах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээр ............ ............ нэмэгдэж 2022 оны 01 дүгээр сарын 06-нд дээрх байршилд байх 7,5 х 21 метр хэмжээтэй байшинг бүхэлд нь буулгаж нэхэмжлэгч нарт олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хариуцагч Б............. шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 12-нд хариу тайлбар өгөхдөө байшингийн нэг хэсгийг буулгаж авахыг зөвшөөрсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.............ы эхнэр Д............. уг барилгад 2018 оны 02 дугаар сарын 26-нд ............дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн гэрчилгээг дангаараа авсан нь тодорхой болж энэ хэрэгт хариуцагчаар оролцох болсон бөгөөд уг эд хөрөнгийн өмчлөгч тул түүнээс нэхэмжлэгч нарт ямар нэгэн байдлаар өгөх үндэслэлгүй гэж 2022 оны 02 дугаар сарын 24-нд шүүхэд тайлбар гаргасан. Нэхэмжлэгч бид өмгөөлөгч авч маргаж байгаа зүйлийн эрх зүйн үндэслэлийг судалсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөн тодорхойлж байна. Үл хөдлөх эд хөрөнгө нь газраас салгамагц зориулалт нь алдагддаг онцлогтой, барилгыг албадан буулгах хууль зүйн үндэслэл багатай, буулгах нь нэхэмжлэгч, хариуцагч нарт хохиролтой болохыг ойлгож уг барилгыг барьсан хөрөнгө, түүний эх үүсвэр, барьсан хөдөлмөр оролцоо зэргийг үндэслэн: ............, ............ баг, банз модны захын хажууд байрлах 159 м.кв талбайтай агуулах, цехийн зориулалттай канад технологийн модон барилгыг Б............. нэгдмэл сонирхолтой түүний эхнэр Д............. болон иргэн ............ ............, мөн ............ ............ нарын адил тэнцүү 33,33 хувиар шаардах эрхтэй хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг тогтоож, уг өмчийн үнээс Г.............д ноогдох 10,000,000 төгрөг, Л.............д оногдох 10,000,000 төгрөгийг Б............., Д............. нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л............., Г............. нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:
Хариуцагч Л............. миний бие нь Б............., Д............. нарт холбогдуулан Канад технологиор барьсан 7.5x21 метр буюу 157,5 кв.м хэмжээтэй ажлын байрны байшинг хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгож, өөрт оногдох 10,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нарын хүсэлтийг үндэслэн шүүгчийн захирамжаар хийгдсэн үнэлгээгээр тус барилга 41,618,9000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй болох нь тогтоогдсон байна. Иймд энэ бодит үнэлгээг үндэслэн дээрх үнийг гурав хуваахад /41,618,900/ нэг хүнд 13,871,966 төгрөг ноогдож байна. Иймд Б............., Д............. нараас Л............., Г............. нарт тус бүр 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн шаардлагаа тус бүр 3,871,966 төгрөгөөр нэмэгдүүлж тус бүр 13,871,966 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэмэгдүүлж байна гэжээ.
Хариуцагч Б............. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Компани 2008 оны 6 дугаар сараас 2014 оны 10 сар хүртэл хэвийн үйл ажиллагаагаа явуулж байх үед ашигтай ажиллаж байсан. Тухайн үед хятадын юань 190 төгрөг байсан бид метр төмөрөө 5000-7000 төгрөгөөр зардаг байсан. Одоо юань 440 төгрөг метр төмөр 7000-9000 төгрөг байна. Үүнээс харахад компани маш их ашигтай ажиллаж байсан. Иймд компаний орлого зарлагын тайланг гаргаж ашгийг тэнцүү хуваах. Мөн Цахилгаан багаж хэрэгслүүд, барилгын багаж хэрэгслүүд, машины дугуйнд хадаас хаддаг буу зэрэг хичнээн тооны ямар ямар багажнууд байсныг тоо ширхэг үнийн жагсаалттай гаргаж тэнцүү хуваах. Мөн Компаний эзэмшилийн 483м2 газрыг хоорондоо харилцан тохиролцож 20 сая төгрөгөөр зарж надад 4 сая төгрөг өгсөн. Ашиг хуваах зарчимаар бол би 6,600,000 төгрөг авах ёстой байсан. ............ овогтой ............ 2 удаа нэхэмжлэл гаргасны улмаас ажлаасаа 4 удаа чөлөө авсан ба 4 өдрийн цалин болох 500,000 төгрөг, унаа болон бичиг хэргийн зардал 45,000 төгрөгийг нөхөж олгохыг шаардаж байна. Эдгээр шаардлагыг 2021 оны 12 дугаар 12-ны дотор биелүүлээгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах болно. Нэхэмжлэсэн байшингийн ............ ............ нарт ногдох хэсгийг буулгаж авахыг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Д............. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Л............., Г............. нар нь Д.............өмч болох үл хөдлөх хөрөнгийг /7.5:21 м.кв/ буулгаж, өөрт ногдох хэсгээ гаргуулан авах, шүүхийн шатанд дахин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж бүхэлд нь буулгаж авахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Бид ............ ХХК-ийг байгуулж хамтран ажиллаж байсан нь үнэн боловч энэ маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь Д.Нандин-Эрдэнийн өмч болоод 11 жил болж байгаа төдийгүй, анхнаасаа миний үл хөдлөх хөрөнгөөр 2018 онд бүртгэгдсэн байдаг. Л............., Г............. нар нь ямар нэгэн байдлаар биднээс юм салгаж авахаар удаа дараа тус шүүхэд хандаж байгаа. Жишээлбэл, Л............. нь газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргаж байсан боловч уг нэхэмжлэлээ үндэслэлгүй гэж үзээд тус нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №241 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Тухайн компани нь 2010 оноос ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, үүнээс хойш бид ч ямар ч харилцаагүй болсон. Л............., Г............. нар нь өөрсдөө компанийг ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд оруулсан. /Дур дураараа дээврийн төмрийг нууж худалдан борлуулж, компаний нилээдгүй хөрөнгийг авч ашигласан учраас ямар нэгэн хөрөнгийн маргаангүй салсан/. Хэрэв нэхэмжлэгч нар нь дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө дээр маргах байсан бол 2010 оноос хойш нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Гэтэл түүнээс хойш 11 жилийн хугацаа өнгөрч байхад уг нэхэмжлэлийг гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Байшинг буулгаж ав гэдэг дээр тайлбар хэлэхэд: Тухайн хашаан дотор хэвлэгч машины төмрийн сэг байдаг бөгөөд тухайн төмрийг авч газрыг чөлөөл гэснийг овжиноор ашиглаж байна гэж үзэж байна. Тухайн сэгийг нь одоог хүртэл байлгадаг. Дараа нь үүнийгээ нэхээд байх магадлалтай учраас үүнийгээ ирж аваач гэдэг шаардпагыг тавьсан байдаг. 2021 оны 11 дүгээр сарын 12-нд тайлбар гаргахдаа байшингийн нэг хэсгийг авахыг зөвшөөрсөн энэ нь хэл ам болж байхаар өгье гэж бодож байсан. Гэтэл одоо бүтнээр нь авна гэсэн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Ингэж бас үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байгаад нь хязгаар тавьж байгаа учраас бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Ер нь бол тал ч бай бүтэн ч бай авах үндэслэл байхгүй юм. Иймд нэхэмжлэгч нарт дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс авах үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д............. нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:
Иргэн Л............., Г............. нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэмэгдүүлсэн шаардлагад тайлбар гаргах нь: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу газар эзэмшиж эхэлсэн. Уг Газрыг эзэмшихдээ газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн дагуу шийдвэрлэгдсэн. Анхнаасаа нэхэмжлэгч иргэдийн нэр дээр гараагүй газар болон түүн дээрх /Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3/-т заасан эд хөрөнгө нь газрын эзэмшлийн /Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7/ дагуу газар эзэмшигч этгээдэд шилжих учиртай. Уг хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-т заасны дагуу тухайн хууль ёсны газар эзэмшигч миний эзэмшлийн газарт байгаа үл хөдлөх хөрөнгө нь газар эзэмшигчийн нэр дээр шилжих учиртай байна. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл гаргахдаа үйл баримтуудыг дурдсан байх бөгөөд тухайн газар үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч мөн болох болон үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны эзэмшигч мөн болохоо нотлох баримт гаргаагүй байна. Нэхэмжлэгч нар нь 2010 оноос хойш тус компани болон компаний үйл ажиллагаатай холбоотой ажиллагаа явуулаагүй байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 /Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна./, 75 дугаар зүйлийн 75.1 /Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна./ 75.2.2 /үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил/ байна гэснийг хэтрүүлсэн байна. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 /Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно/ гэж хуульд заасанчлан хэрвээ нэхэмжлэгч нар нь үнэхээр бидний эд хөрөнгө орсон бид эзэмших эрхтэй гэж маргах бол хамгийн багадаа 2016 он буюу зургаан жилийн дотор маргах байсан. Дээр дурдсанчлан 2010 оноос тус компаний үйл ажиллагаа зогссон цаашид ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь нэхэмжлэгч нарт тус шаардах эрхээ эдлэх хэрэгжүүлэх бүрэн хугацаа байсан байна. Энэ бүхний дараа одоо ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байх тул шүүх анхаарч үзэхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч Д............. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Г............. Д............. нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Д............. миний бие нь тус газрыг 2017 оноос хойш эзэмшиж ирсэн бөгөөд тухайн газар барьсан объектыг манай нөхрийн эзэмшилд үлдээж, нэхэмжлэгч нар нь компанийн тоног төхөөрөмж, машин тэрэгийг авсан байсан. Гэвч тус объект нь дээр хвь яригдаж байна. Иймд миний газар дээр барьсан объектыг би 6 жилийн турш харж хамгаалж, үл хөдлөхийн татвар төлж ирсэн. Тиймээс 2014 оноос хойш газар ашигласны төлбөр болох 19,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б............. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Г............., Д............. нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Б............. миний бие нь 2008 онд нэхэмжлэгч нартай хамтран дээврийн төмрийн үйлдвэрийн “............” ХХК-г байгуулсан бөгөөд 2012 оноос үйл ажиллагаагаа явуулахаа больсон бөгөөд ингэхдээ нэхэмжлэгч нар нь компаний тоног төхөөрөмж болох дараах хөрөнгийг аваад надад агуулахын объект болох 10 саяаар баригдсан байшинг үлдээсэн. Гэтэл одоо энэхүү агуулахын объектыг компаний өмч хэмээн ноогдох хувиа нэхэмжилж байх тул миний бие мөн нэхэмжлжгч нарын авсан компаний хөрөнгө болох дараах тоног төхөөрөмж, машины үнэлгээнээс өөрт ноогдох хувь болох 33,3 хувийг нэхэмжилж байна.
1. Компаний бүртгэлтэй хөрөнгийг зарсан жагсаалт:Хэвлэгч машин 3ш 18,000,000 төгрөг, хуйлсан төмөр тогтоогч хөл 10 ш 2,500,000 төгрөг, сунадаг шат 1ш 300,000 төгрөг, цахилгаан мотор 1ш 800,000 төгрөг, гагнуурын аппрат 1ш 300,000 төгрөг, мужааны бүх төрлийн багаж 1,200,000 төгрөг, машины дугуйн хадаас хадагч 1ш 450,000 төгрөг, KIA fronter ачааны автомашин 12,000,000 төгрөг, нийт 35,550,000 төгрөгийн 33,3% буй 11,850,000 төгрөг
2. Компаний эзэмшилийн 483 м2 газрыг хоорондоо харилцан тохиролцож 20 сая төгрөгөөр зарж надад 4 сая төгрөг өгсөн. Ашиг хуваах зарчимаар бол би бсая 660 мянган төгрөг авах ёстой байсан. Үлдсэн 2,660,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нийтдээ Г............., Л............. нараас 14,500,000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжилж байгаа тул сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/01660 дугаар шийдвэрээр:
Хариуцагч Б............. шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Нэхэмжлэгч Л............., Г............. нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Б............. миний бие нь 2024 оны 12 дугаар 12-ны өдрийн 142/ШШ2024/01660 дугаартай Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг 2025 оны 02 дугаар 03-ны өдөр гардаж аваад эс зөвшөөрч дараах давж заалдах гомдолыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь ажлын байрыг Л............., Г............., Б............., ............ нарын дундын өмч болох нь тогтоогдож байна гэж дүгнэн, хариуцагч Б............. болон манай эхнэр ............ бид нараас 13,872,966 гаргуулан Л.............д, 13,872,966 төгрөг гаргуулан Б............. нарт олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Л............., Б............. нар нь бидний хамтдаа үүсгэн байгуулсан гэх ХХК-н өмч болох эд хөрөнгийг өөрсдөө авсан бөгөөд үүнээс надад ногдох хувийг өгөөгүй, мөн маргаан бүхий байшинг барихад хөрөнгө оруулсан зүйл байхгүй бөгөөд энэхүү агуулах нь одоо ямар нэгэн байдлаар цаашид ашиглах буюу ялангуяа зориулалтын агуулах хэлбэрээр ашиглах боломжгүй, элэгдэж муудсан. Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий обектыг хэдэн төгрөгөөр баригдсан болон өөрсдөө уг байшинд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан, байшингийн бодит үнэ хэдэн төгрөг болсон гэдгийг огт хэлдэггүй нь энэхүү байшинд хөрөнгө оруулаагүй гэдгийг нотлож байна. Мөн энэ байшингийн үл хөдлөх хөрөнгийн татварыг байнга манай эхнэр хариуцагч ............ төлж ирсэн, арав гаран жил болж байхад ямар ч анхаарал тавьж, засан сайжруулах зэргээр ямар нэгэн өөрсдийн өмчөө гэх үйлдэл гаргаж байгаагүй. Нэхэмжлэгч нарын хувьд өөрсдийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй, харин нэхэмжлэгч нар нь тийнхүү өөрсдийн нэхэмжлэлээ нотлож чаддаггүй. Мөн тухайн байшин нь хэдэн төгрөгийн өртөгөөр баригдсан гэдгийг ч хэлж чадахгүй байгаа нь нэхэмжлэгч нарын өмч хөрөнгө биш гэдгийг нотож байна гэж үзэж байна. Иймд 142/ШШ2024/01660 дугаартай Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.............ы шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч Л............., Г............. нар хариуцагч Б............., Д............. нарт холбогдуулан Орхон аймаг ............ багийн нутаг дэвсгэрт байрладаг банз модны захын хашаанд байрлах 7.5м х 21м хэмжээтэй канад технологиор барьсан ажлын байрны байшинг буулгаж өөрт оногдох хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөн уг ажлын байрыг хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгож, гурван тэнцүү хэсэг болгон хуваалгах буюу тус бүр 13,871,966 төгрөг гаргуулахаар өөрчилсөн./1хх1-2х, 54,199, 2хх 212х/
Хариуцагч Б............. “...Л............., Г............. нарт ногдох хэсгийг буулгаж авахыг зөвшөөрч байна” гэсэн агуулгаар тайлбар гаргасан /1хх27х/, Б............., Д............. нар нэхэмжлэгч нарын өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагыг “...нэхэмжлэгч нар “............” ХХК-ийн хөрөнгийг аваад надад ногдох хувь өгөөгүй, ажлын байрны байшинг барихад хөрөнгө оруулаагүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэсэн үндэслэн зааж бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан./1хх178, 179, 215х/
Хариуцагч Б............. нэхэмжлэгч Л............., Г............. нарт холбогдуулан “............” ХХК-ийн хөрөнгөөс ногдох хэсэг 11,850,000 төгрөг, мөн компанийн эзэмшилийн 483 м2 газрын үнийн үлдэгдэл 2,660,000 төгрөг,
Хариуцагч Д............. нэхэмжлэгч Л............., Г............. нарт холбогдуулан 2014 оноос хойш төлсөн газар ашигласны төлбөр 19,500,000 төгрөгийг гаргуулаар тус тус сөрөг нэхэмжлэл гаргасан /2хх115, 117, 118х/
Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийг “…үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх олж авсан этгээд татвар төлөхөөр хуульд зохицуулсан тул Д............. газар ашигласны төлбөр 19,500,000 төгрөг шаардах эрхгүй, Б............. 2010 оны 03 сараас хойш энгийн хувьцаа болон компанийн хөрөнгийн талаар “............” ХХК болон түүнийг эзэмшигч Г............. нарт холбогдуулан ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, ...хэвлэгч машин Б............., Д............. нарын ажлын байранд байгаа, хуйлсан төмөр тогтоогчийг зарж компанийн өр төлсөн, сунадаг шат, мужааны багаж хуучирч муудсан Г.............д хэрэглэгдэж байгаа, цахилгаан мотор, гагнуурын аппрат ашиглалтын явцад шатсан, машины дугуйны хадагч Г............. ахаасаа авсан, KIA fronter ачааны автомашиныг Г............. өөрийн банкнаас авсан зээлийн эх үүсвэрээр бөгөөд хувь хүн дээр бүртгэлтэй, компанийн хөрөнгөд байхгүй тул шаардах эрхгүй, ... “............” ХХК-д бүртгэлтэй эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээтэй ямар ч газар байгаагүй” гэсэн үндэслэл зааж бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан./2хх131-134х/
3. Нэхэмжлэгч Л............., Г............., хариуцагч Б............. нар нь 2008 онд хамтран ажиллахаар тохиролцож, ............ ХХК-г үүсгэн байгуулсан, Б............. нь ............т ажилладаг тул компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй, харин компанийн үйл ажиллагааг Г............., Л............. нар удирдан явуулдаг байсан, Г............., Л............. нар нь Модны захын хашаанд дээврийн төмрийн үйл ажиллагаа явуулж, олсон орлогоосоо ашгаа хуваан авч байсан, мөн компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд Л............., Г............. нар банкнаас хэд хэдэн удаа зээл авч байсаг, үйл ажиллагаагаа явуулахын тулд ............ ХХК-тай 2009 оны 02 дугаар сараас нэг жилийн хугацаатай 200 м2 газрыг түрээсийн гэрээгээр ашиглаж, 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр газрын өмчийн төлбөр, газрын үнэ /эзэмшлийн/ 5 500 000 төгрөгийг ............ ХХК-д тушаасан, 2010-03-10-нд Г............. нь............банкнаас зээл авахын тулд банкны зээл олгох журмын дагуу компанийн гишүүнчлэлийн тоог цөөрүүлэн нэг гишүүнтэй болгож захирлаар нь Г............. үлдсэн, /1хх7, 10-17х,
3.1 2013 оны 10 дугаар сарын 03-нд дээрх газрынхаа 483 м2 газрыг 20,000,000 төгрөгөөр зарж 4,000,000 төгрөгийг Б.............д, Г............., Л............. нар тус бүр 8,000,00 төгрөгийг авсан, Б.............ы нэр дээр 1242 м2 газар бүртгэлтэй үлдсэн,/1хх146х/
3.3 ............ ХХК-ийг үүсгэн байгуулагч Л............., Г............., Б............. нар компанийхаа үйл ажиллагааг явуулахын тулд 7,5х21м хэмжээтэй ажлын байрыг 2012 онд барьсан бөгөөд уг ажлын байрандаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулаагүй байсныг тухайн газрын эзэмшигч болох Д............. улсын бүртгэлд хүсэлт гарган өөрийн нэр дээр 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өмчлөгчөөр бүртгүүлсэн /хх65-107х/ үйл баримт баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
4.Шүүх зохигчдын тайлбар, гэрч ............, Б............. нарын мэдүүлэгт үндэслэн Орхон аймгийн ............багийн ............ШТС-ын хойд талд байрлах 159 м2 агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Л............., Г............., Б............. нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.-д заасантай нийцсэн байна.
4.1 Шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 031 дугаартай дүгнэлтээр Орхон аймаг, ............, ............ багийн модны захын ард байрлах агуулах барилгын зах зээлийн үнэлгээг 41,618,900 төгрөгөөр тогтоосон, уг дүгнэлтийг үндэслэн дээрх үнийн дүнг нэхэмжлэгч Л............., Г............., хариуцагч Б............. нарын 3 хүнд тэнцүү хувааж, Л............., Г............. нарт тус бүрт оногдох 13,872,966 төгрөгийг хариуцагч Б............., Д............. / Д............. уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн / нараас гаргуулахаар шийдвэрлэсэн үндэстэй байна.
4.2 Д.............маргаан бүхий ажлын байрны өмчлөгч болсныг шүүхэд цугларсан нотлох баримтуудаас өөрөөр хэлбэл эрхээ зөрчигдсөнийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш мэдсэн байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1., 76.2.-г зөрчөөгүй болно.
5.Хариуцагч Б............. ............ ХХК-ийн худалдсан хөрөнгийн үнээс өөрт ногдох 33,3% буй 11,850,000 төгрөг, мөн 483 м2 газрыг худалдсан үнээс 2,660,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг тус тус хэрэгсэхүй болгож шийдвэрлэсэн нь үндэстэй.
5.1 Учир нь хариуцагч Б............. 2010 оны 03 дугаар 10-ны өдрөөс хойш компанийн хөрөнгийн асуудлаар “............” ХХК болон эзэмшигч Г............. нарт холбогдуулан шаардлага гаргаж байгаагүй, мөн 483 м2 газрыг 2013 онд худалдсанаас хойш 10 жилийн дараа сөрөг нэхэмжлэл гаргасан нь тус тус шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна.
6.Хариуцагч Д............. 613 м2 газрыг Б.............аас 2017 оны 08 дугаар сарын 22-нд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авч улмаар 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эзэмших эрхийн гэрчилгээ авснаас хойш газрын зориулалтыг худалдаа үйлчилгээний зориулалттай болгон 5 жилийн хугацаагаар сунгаж эзэмшиж байгаа тул тэрээр өөрийн эзэмшиж буй газрыг ашигласны төлбөр болох 19,500,000 төгрөгийг Л............., Г............. нараас шаардах эрхгүй, тэрээр газар ашигласны төлбөр төлөх үүргийг Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д зааснаар өөрөө хүлээнэ.
7. “............” Аудит ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин ............, туслахын хамт маргаан бүхий агуулахыг биеэр үзэх үзлэгт хариуцагч нар байлцсан, хариуцагч Б............. үнэлгээчинтэй холбоотой гомдол гаргаагүй тул хариуцагчийн өмгөөлөгч М.Баяраагийн “...шүүх ............ Аудит” ХХК-ийг шинжээчээр томилсон ба шүүхээс томилоогүй үнэлгээчний дүгнэлтэд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус болсон” гэсэн агуулгаар гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй.
8.Иймд дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Б.............ы шүүхэд гаргасан гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/01660 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.............ы шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Б.............гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 227,315 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА