Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 107

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Насанд хүрээгүй хохирогч: Ц.Х , С.М ,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.С , С.О ,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.Э , Х.Ч ,

Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Энхбат, И.Оюунгэрэл,

Өсвөр насны шүүгдэгч: Б.Х , М.Ү ,

Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

            Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаандаавуу овгийн М.Ү , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүхээгт овгийн Б.Х  нарт холбогдох 1928001310090 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Яллах дүгнэлтэд бичигдсэн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Баян ................ тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Улаан даавуу овгийн М.Ү , регистрийн дугаар .................,

Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой

ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамтаар Өмнөговь аймаг, Цогтцэций сумын 3 дугаар баг, ............... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Бүхээгт овгийн Б.Х , регистрийн дугаар:.......................;

Өсвөр насны шүүгдэгч Б.Х  нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, 31 дүгээр байрны гадна нийтийн хэв журмыг М.Ү тай бүлэглэн зөрчиж, насанд хүрээгүй буюу 15 настай Г.Н , Ц.Х  нарт хүч хэрэглэн зодож, тэдний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн,

Мөн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 22 цагийн орчимд М.Ү тай бүлэглэн Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, Бат-Орших дэлгүүрийн гадна

мөн нийтийн хэв журмыг зөрчиж, 16 настай С.М д хүч хэрэглэж, түүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч М.Ү  нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, 31 дүгээр байрны гадна нийтийн хэв журмын Б.Х тай бүлэглэн зөрчиж, насанд хүрээгүй буюу 15 настай Г.Н , Ц.Х  нарт хүч хэрэглэн зодож, тэдний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн,

Мөн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 22 цагийн орчимд Б.Х тай бүлэглэн Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, Бат-Орших дэлгүүрийн гадна мөн нийтийн хэв журмыг зөрчиж, 16 настай С.М д хүч хэрэглэж, түүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өсвөр насны шүүгдэгч Б.Х , М.Ү  нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Б.Х  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдрийн өглөө М , М.Ү  бид гурав нэг бандитай уулзаж байхад пиво бариад хүрээд ирсэн. Бид хоёр ажил хайя гээд ярьсан байсан. Бид хоёрыг дагуулаад дахиж пиво уусан. Бид хоёр манай гэрээс очиж юм авъя гээд байрных нь гадаа ирсэн байсан. Нүдний шилтэй охины найз нь муухай хараад байх шиг байхаар нь очоод нэг алгадсан. Тэгээд явъя гэж бодоод байж байхад М.Ү  нүдний шилтэй охиныг нь сандал дээрээс үсдээд чирээд буулгасан. Шилийг нь эвдэрч байхыг хараагүй. Ямар ч байсан ширээн дээр авч тавьсан. Тэндээс яваад такси барьсан. Эхлээд Дундсайхан орж хүүхэд асуучихаад Гурвансайхан орж юм авчихаад АТМ-ын гадаа очсон. Таксины урдуур явж байгаа нэг охин нь намайг хараад шоолоод байна гэж М.Ү  хэлсэн. Тэгэхээр нь би гарчихаач дээ гэхэд М.Ү  чи гарчих би араас чинь гарч очъё гэхээр нь би очоод та нар манай найз руу хараад инээсэн юм уу гэхэд үгүй гэж хэлсэн. Инээсэн юм биш үү гэхэд уурлаад түлхэхээр нь зөрүүлээд үсэдсэн. Тэгээд араас Үүрээ хүрээд ирсэн.

Өсвөр насны шүүгдэгч М.Ү  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдрийн үйлдлийг санамсартай хийгээгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Тэр өдөр Б.Х гийн гэрт Б.Х гийн дүү, Б.Х  бид 3  байж байхад М  гэж эгч ирсэн. Тэгээд унтаж байхад пиво авч ирээд тэрийгээ хувааж ууя гэж хэлсэн. Тэрийг уучихаад гэрээс гараад М  эгчтэй хамт байранд нь очсон. М  гэж эгч дахиж пиво авч ирж уучихаад байрнаас гарахад гадаа саадан дотор хоёр охин сууж байсан. Тэр хүүхэд бөмбөг барьсан байсан болохоор очоод бөмбөгийг нь авъя гээд Б.Х  түрүүлж очоод бөмбөгийг нь авсан, би сүүлд нь ардаас нь очсон. Б.Х  нэг охиныг нь барьж аваад үсдээд, алгадаад цохьсон. Би нүдний шилтэй охин дээр очиж нүдний шилийг нь аваад ширээн тавьчихаад буцаж ирээд яасан хөөрхөн юм бэ гээд цохьсон. Тэгээд хойшоо явж таксинд сууж явж байгаад Б.Х гийн гэрээр орж утсаа авчихаад АТМ орж мөнгө авах гээд таксины жолоочийг зогсоосон. Тэр хооронд хоёр охин, нэг банди хажуугаар явж байсан. Өөдөөс хараад инээгээд байх шиг болохоор нь Б.Х д энэ миний өөдөөс муухай хараад байна гэж хэлсэн. Би машины цонхоор хараад сууж байхад Б.Х  нэг охиныг нь алгадаж байх шиг байсан. Би машинаас бууж очоод Б.Х г тэр охиноос нь салгасан. Нөгөө охин нь намайг мөр лүү түлхсэн. Тэгэхээр нь би үсдэж аваад хашаа мөргүүлсэн. Тэгээд салчихаад явж байхад цагдаа ирсэн.

Хохирогч С.М  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 06 дугаар сарын 07-ны орой гэрээсээ ах, эгч хоёртойгоо нэгж авах гэж дэлгүүр орсон. Бат-Оргил дэлгүүрийн арын замаар инээгээд явж байгаад дэлгүүр орох хооронд манай ах дээр шар үстэй охин нь ирсэн байсан. Тэгээд нэгжээ авчихаад гараад ирэхэд юм яриад зогсож байхаар нь ахыгаа явах уу гэхэд чи яасан том лалар вэ гээд намайг түлхсэн. Би зөрүүлээд түлхэхэд намайг үснээс дугтраад унагаагаад доош нь дарсан. Тэгээд хар үстэй охин нь машинаас бууж ирээд тавиулсан. Энэ хоёр агаатай маргалдаж байгаад агаа аваад явахад араас нэг нь ирээд газар өшиглөж түлхэж унагасан. Тэгээд босоход энэ хоёр хоёулаа ирээд Мишээлийн хажуу хашаа руу түлхээд нийлээд зодсон. Нэг нь гэдэс хавь руу өшиглөөд дугтарч унагасан. Тэгээд санахгүй байна. Гар утасны дэлгэцийн 650.000 төгрөг, толгойны зураг 120.000 төгрөг нэхэмжилж байгаа.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: Хүүхдийнхээ томографын зургийн мөнгийг нэхэмжилж байгаа. Айлын охин хүүхэд нэг алдаа биз дахиж ийм үйлдэл үйлдэхгүй байх. Өөр гомдол, санал байхгүй.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Нүдний шилний 180.000 төгрөг, томографын зургийн 120.000 төгрөг нэхэмжилж байна. Барианы мөнгийг нэхэмжлээгүй. Би өөрөө хоёр охинтой. Урьд урьдынх нь амьдралыг сонслоо. Энэ гурван хүүхэд зодохоос гадна бас нэмээд хүүхэд зодсон байгаа. Би сургуулийн хүүхдийн эрхийн клубийн багш нь байгаа. энэ ажлыг 2 жил авч явсан. Хоёр хүүхэд бас гомдолтой байгаа. Тэр үйлдэл хаана гарсан бэ гэхээр 3 дугаар сургуулийн хажуу талын сандал дээр сууж байсан манай 12-р ангийн 10-аад 2 хүүхдийг нь таксины жолооч зогсоолын тэнд зогсоод энэ хоёр гарч ирээд зодсон үйлдэл байгаа. Өөрсдөө дүгнэлт хийгээд мэдэж байгаа байх.

Хохирогч Ц.Х  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний харааны шил эвдэрсэн. Толгойны бичлэг хийлгэсэн. Байрныхаа гадаа сууж байсан. Нөгөө байрнаас 3 эмэгтэй гарч ирсэн. Тэгээд манай найзыг ямар муухай хардаг юм гээд үснээс чирээд зодолдож эхэлсэн. Нөгөөдөх нь намайг чирээд газар унагахад шил эвдэрсэн. Сандал дээрээ арай гэж суугаад байж байхад буцаж ирж алгадсан. Одоо шилний 180.000 төгрөг, толгойн бичлэгийн 120.000 төгрөгийг нэхэмжилж байна.

          Хохирогч С.М  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 07-ны орой 20 цаг өнгөрч байхад ах Э , эгч М.Ү  нарын хамтаар дэлгүүр орохоор гэрээс гарсан юм. Марал дэлгүүр орчихоод буцаад худалдааны төвийн араар Бат-Оргил дэлгүүрийн хажуугаар ах, эгч хоёртойгоо юм яриад инээлдээд явж байгаад би Бат-Оргил дэлгүүр рүү нэгж худалдаж авахаар орчихоод гараад ирэхэд манай ах эгч хоёртой шар үстэй эгч уулзаад зогсож байсан. Би хажууд нь очоод утсандаа нэгжээ хийж байгаад ахыгаа явах уу гэхэд хажууд нь зогсож шар үстэй эмэгтэй чи яасан том лалар вэ гэж хэлээд намайг түлхэхээр нь би зөрүүлээд түлсэн тэгсэн чинь миний үснээс зулгаагаад унагаасан тэгээд намайг доош нь дараад байж байхад бас нэг эмэгтэй ирсэн тэр эмэгтэй нь би гэж хэлсэн чинь шар үстэй эмэгтэй миний үснээс тавьсан тэгээд хар тайрмал үстэй эмэгтэй та нар миний хотоор инээж явж болохгүй гэж хэлсэн. Тэгсэн манай ах Э  бид нар тайван явж болохгүй юу гэж хэлсэн. Тэгсэн хар тайрмал үстэй эмэгтэй болохгүй гэж хариулсан. Манай ах Э  намайг тэр хоёроос салгаад аваад явсан. Тэгээд бид гурав Мишээлийн араар гэр рүүгээ явж байхад хар үстэй эмэгтэй нь миний араас ирээд нуруу руу тийрч унагасан. Тэгэхээр нь би босч ирээд яаж байна аа гэсэн чинь нэг нь миний гэдэс хэвлий хэсэг рүү жийсэн. Тэр хоёр хоёулаа ирээд намайг зодсон юм. Намайг зодож байхад машинд байсан нэг ах болиоч гэж хашгирсан. Мөн би Э  ах руу энэ хүмүүсийг аваач ээ гэж хашгирсан чинь Э  ах ирээд салгасан юм. Тэр хоёр эмэгтэй бид хоёроос уучлал гуй гэж хэлсэн. Би тэр хоёр эмэгтэйд зодуулчихаад 3 удаа уучлал гуйчихаад тэндээс явсан юм. Тэгээд явж байхад цагдаагийн машин явж байхаар нь гар өргөж зогсоогоод “тэр машинд сууж байгаа хоёр эмэгтэйд зодуулсан” гэдгээ хэлсэн. Цагдаа нар очоод тэр хоёр эмэгтэйг аваад явсан юм. Намайг зодсон хоёр хүнийг би танихгүй. Намайг эхлээд шар үстэй нь зодсон. Дараа нь хар үстэй нь зодсон. Тэр хоёр хоёулаа намайг зодсон. Хүзүүгээ маажуулсан, үс их хэмжээгээр унасан. Зүүн гар даагдахгүй байсан. Мөн гэдэс хэвлий хэсгээр хөндүүр байсан. Толгой их өвдөж байсан. Одоо биеийн байдал хэвийн болсон. Хүзүүгээ маажуулсан, үс их хэмжээгээр унасан. Зүүн гар даагдахгүй байсан. Мөн гэдэс хэвлий хэсгээр хөндүүр байсан. Толгой их өвдөж байсан. Одоо биеийн байдал хэвийн болсон. Зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Мөн утасны дэлгэц янзлуулсан хохирлоо төлүүлж авмаар байна. /хх-ийн 07-08-р хуудас/

          Иргэний нэхэмжлэгч Б.С  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 07-ны орой 21 цагийн орчимд худалдааны төвийн арын Бат-Оргил дэлгүүрийн гадаа 2 эмэгтэйд зодуулсан байсан. Би охиноо зодуулсан сургаар цагдаа дээр ирж уулзсан юм. Хүүхдээ зодуулсандаа гомдолтой байна. Миний охины Ipone X маркийн rap утасны дотор дэлгэц нь хагарсан байсныг би 650.000 төгрөгөөр янзлуулж өгсөн байгаа. Мөн эмнэлэгг томографикийн зураг авахуулсан түүний үнэ болох 120.000 төгрөгийг мөн нэхэмжилж байна. Өөр зүйлгүй. /хх-ийн 09-10-р хуудас/

          Насанд хүрээгүй хохирогч Ц.Х  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 07-ны орой 21 цагийн үед найз Г.Н ийн хамтаар 31-р байрны гадна байх сүүдрэвчинд сууж байхад 32-р байрнаас 2 согтуу эгч гарч ирсэн. Хажууд нь нэг охин байсан. Тэгсэн тэр хоёр эгч байрнаас гарч ирээд нэг эгч нь манай найзыг ямар муухай хардаг юм бэ гээд алгадаад авсан. Тэгээд үснээс нь зулгаасан. Тэгсэн нөгөө эгч нь миний хажууд ирээд миний цамцнаас зулгаагаад газар унагаагаад газар чирсэн. Би чирүүлчихээд буцаад сандал дээрээ сууж байсан чинь нөгөө эгч нь ирээд намайг хэд хэдэн удаа алгадсан юм. Тэгээд хойшоо яваад хэдэн хүүхдийг зодох гэж байснаа арай жоохон юм байна гээд цаашаа яваад өгсөн. Намайг зодсон хүмүүсийг би танихгүй.Тэр хоёр эгч хоёулаа зодсон. Нэг эгч нь намайг газар унагаагаад чирсэн. Нэг нь хэд хэдэн удаа алгадаж авсан. /хх-ийн 11-р хуудас/

          Иргэний нэхэмжлэгч С.О  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 07-ны орой 21 цагийн орчимд 31-р байрны гадаа сүүдрэвчинд манай охин Х  найз Г.Н ийн хамт сууж байхад нь 2 согтуу охин ирээд зодсон байна лээ. Зодуулсан асуудлаас болоод миний охины толгой доргисон, хүзүү хавантсан, чих хавдсан зэрэг гэмтлүүд үүссэн. Мөн миний охиныг газар унагаад цамцнаас нь шороон дээр чирээд явсан юм байна лээ. Мөн зүүж явсан харааны шил нь газар унаад зурагдаж рам нь эвдэрсэн байсан. Хүүхдийн нүдний шил эвдэрсэн түүнийг төлүүлмээр байна. Тархи толгойны бичлэг хийлгэхэд 140.000 төгрөг гарсан түүнийг төлүүлмээр байна. Толгой бариулсан 50.000 төгрөг мөн төлүүлж авмаар байна. Энэ хохирлыг барагдуулж чадахгүй гэвэл би өөрөөр ярина гэж бодож байна. Би өөрөө олон улсын хүүхдийн байгууллагын хүүхдийн эрхийн клуб хариуцсан гишүүнчлэлийн багш байгаа юм. Өөр санал, хүсэлт байхгүй. /хх-ийн 12-13-р хуудас/

          Насанд хүрээгүй хохирогч Г.Н  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 07-ны орой 21 цагийн үед би байрныхаа гадаа буюу 31-р байрны гадна талын сүүдрэвчинд дүүгээ салхилуулаад найз Х гийн хамтаар сууж байхад 2 эмэгтэй гараад ирсэн цаана нь нэг эмэгтэй хүүхэд байсан. Тэгсэн хөмсгөө сэтэлчихсэн халимаг үстэй эмэгтэй нь над дээр ирээд яагаад муухай хараад байна гээд над руу хэлэхээр нь би дуугарахгүй байсан чинь ойртож ирээд миний нүүр рүү цохиод авсан. Тэгснээ миний үснээс зулгаагаад зодоод эхэлсэн. Тэгсэн хажууд нь байсан эмэгтэй нь та нар муусайн томрох болоогүй шүү гэж хэлсэн. Тэр үед нөгөө намайг зодсон хөмсгөө сэтэлсэн эмэгтэй Х г зодоод байсан. Тэр хоёр эмэгтэй бид хоёрыг ээлжлэн зодож байгаад инээгээд явцгаасан юм. /хх-ийн 14-15-р хуудас/

          Гэрч Б.Э  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 07-ны орой 20-21 цагийн орчимд дүү Маргад-Эрдэнэ эхнэр М.Ү  нарын хамтаар Марал дэлгүүр орчихоод Бат-Оргил дэлгүүр орох гээд юм яриад инээлдээд явж байгаад Бат-Оргил дэлгүүрийн гадаа ирээд манай дүү М  Бат-Оргил дэлгүүр рүү орсон. Тэр үед зогсоол дээр байсан таксины арын суудлаас нэг эмэгтэй чанга хашгираад буугаад ирсэн. Тэгээд над дээр ирээд та нар яагаад инээлдээд байгаа юм бэ? Манай найзыг шоолсон уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нарыг анзаарсангүй юу яриад байгаа юм. Танай найзыг шоолсон юм алга гэж хэлсэн. Тэгэхэд шоолсон юм биш үү гэж хэлэх үед нь архи үнэртсэн. Би согтуу байна гэдгийг нь мэдсэн юм. Тэгээд байж байхад манай дүү М  дэлгүүрээс нэгж аваад гараад ирсэн. Тэгээд явах уу гэхээр нь би явъя гэж хэлсэн. Тэгсэн нөгөө машинаас бууж ирсэн тайрмал үстэй эмэгтэй манай дүү М ийг түлхээд авсан. Манай дүү зөрүүлээд түлхсэн чинь манай дүүг нөгөө эмэгтэй үсдээд доош нь дарсан. Тэгж байхад машинаас хар өнгийн савхин куртиктэй эмэгтэй буугаад ирсэн. Тэр үед би манай дүүг үсэдсэн байсан. Би тэр охин дээр очоод гарыг нь бариад манай дүүгийн үснээс тавихыг шаардсан. Тэгсэн миний шаардлагыг эсэргүүцээд манай дүүг хөлөөрөө нэг удаа өшиглөөд нэг удаа өвдөглөж авсан. Тэгэхээр нь би гарыг нь салгаад М ийг цааш нь явуулахад М ийн араас нөгөө хар өнгийн савхин куртиктэй эмэгтэй очоод араас нь өшиглөж унагасан. Манай дүү тийрүүлж унаад босоод ирэхэд тэр хоёр нийлээд зодсон юм. Би очоод нэгийг нь бариад авахаар нөгөөх нь очиж цохиж зодоод байсан. Тэгээд арай гэж салгаж аваад цаашаа явах гэхэд нөгөө хоёр эмэгтэй манай дүү М ийг уучлал гуйхыг шаардсан. Манай дүү тэр хоёроос уучлал гуйчихаад цаашаа явж байхад цагдаагийн машин ирээд тэр хоёрыг аваад явсан юм. Тэр хоёр эмэгтэй манай дүү М ийг зодож байхдаа янхан, банзал зэрэг хараалын үгийг давтамжтай хэлж харааж байсан. /хх-ийн 28-р хуудас/

          Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 363 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Х гийн биед зүүн чих орчмын зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 33-34-р хуудас/

          Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэд: С.М ийн биед баруун чамархайн хуйхны үс унаж халцарсан, баруун чамархай, дагзны хуйх, баруун ташаанд цус хуралт, хүзүү, зүүн шуунд зулгаралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 39-40-р хуудас/

          Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 357 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Харааны нүдний шил 1 ширхэг 170.000 төгрөг /хх-ийн 47-р хуудас/

          Өсвөр насны шүүгдэгч Б.Х  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 07-ны өглөө Даланзадгад сумын 1-р баг Гурвансайхан 6-18 тоотод байх манай эмээгийн гэрт манай дүү С, найз М.Ү  бид гурав байж байхад М , Б  хоёр хүрээд ирсэн. Тэгээд М  эгч М.Ү  бид хоёрыг явъя Б гийн гэрт очиж пиво ууя гээд байсан. Тэгээд М , Б , М.Ү  бид таксигаар яваад 3-р сургуулийн урд талын байранд байх Б гийн гэрт очиход Б гийн гэрт 2 ширхэг 2 литрийн пиво байсан. Тэр пивыг задлаад ууцгаасан. Би ажилтай гээд уухгүй байсан чинь М  эгч, эгчийгээ хүндэлчих гээд байсан. М.Ү  болохоор сүртэй юм гээд байхаар нь би уусан. Тэр 2 пивыг ууж дуусчихаад байж байсан чинь М.Ү  намайг гадаа гаръя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр байшингаас гарсан чинь гадаа манай дүү С  ирчихсэн байсан. Байрны голд байсан саравчинд 2 охин 1 банди сууж байсан чинь М.Ү  тэд нар дээр очоод бөмбөгөө хэрэглүүлчих ундаагаа уулгачих гэж хэлсэн. Тэгээд нүдний шилтэй охиныг нь чи яасан хөөрхөн юм бэ гээд нүүр рүү нь гараараа түлхээд мангасдаад үснээс нь зулгаагаад газар унагаагаад чирээд байсан. Тэгсэн хамт байсан охин нь М.Ү г болиулах гээд орох гэхээр нь би байж бай гээд хорьсон. Тэгсэн тэр охин намайг түлхэхээр нь би зөрүүлээд түлхсэн чинь уначихсан юм. Тэгээд байж байхад М.Ү  тэр хоёр охиныг уучлал гуй гэсэн. Тэнд хамт байсан бандийг нь М.Ү  бөмбөгөөр толгой руу нь цохиж аваад ах нарыг чинь дуудна шүү гэж хэлсэн. Тэгээд байж байхад миний дүү С  хүрж ирээд боль гээд болиулсан. М.Ү  бид хоёр хойд зам руу гараад такси барьсан. М.Ү  таксинд суучихаад эксийнхээ найз охиныг зодмоор байна гээд Дундсайхан руу явсан. Дундсайханы гудамжинд оччихоод чи Су   гэдэг охин байгаа дуудаатах гэхээр нь би гараад Су   гээд хашгирсан чинь нэг хүн гарч ирээд парк явчихсан гэж хэлсэн. Тэгсэн чинь М.Ү  өнөөдөр тэр охиныг зодохгүй бол хэнийг ч хамаагүй зодно гэж хэлсэн. Бид хоёр таксиндаа суугаад манай гэр рүү явсан. Гэрт очиж би гутал аваад буцаад 3-р сургуулийн байрны ард очсон. Тэгсэн М.Ү  таксины ахтай юм ярьж байгаад ATM орж мөнгө авахаар болсон. Тэгээд төв рүү явсан. Төвд очоод Бат-Орших дэлгүүрийн гадаа очиж зогсоод таксины ах буугаад ATM яваад өгсөн. М.Ү  бид хоёр машинд сууж байхад өмнүүр 2 охин 1 банди явсан чинь М.Ү  энэ охидууд намайг хараад инээгээд байна Б.Х  гараад оч доо би араас чинь очъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би лай лай ядаргаа гэсэн чинь М.Ү  уурлаад найзын шинжгүй пизда, ал гэхээр нь би буугаад нөгөө хүүхдүүд дээр очоод та нар манай найзын өмнөөс хараад инээсэн юм уу гэж хэлсэн. Тэгсэн чинь хоорондоо юм яриад инээж байсан гэж хэлсэн. Хажууд нь байсан жижигхэн охин хараад инээсэн ч яадаг юм бэ гэхээр нь би цэс гэж хэлчихээд явах гэсэн чинь тэр охин намайг түлхээд авсан. Тэгэхээр нь би барьж аваад үснээс нь зулгаагаад дарсан. Тэгээд тавьсан чинь М.Ү  бууж ирээд шууд зодоод эхэлсэн. Эхлээд үснээс нь зулгаагаад толгой руу нь өвдөглөөд байсан. “Мишээл” караокены хойд талын хашааг мөргүүлээд байсан. Тэгж байхад тэнд байсан хүүхдүүд М.Ү  тэр, охин хоёрыг салгасан чинь нөгөө охин цаашаа явсан чинь М.Ү  араас нь очоод нөгөө хүүхдийг өшиглөсөн. Тэгсэн нөгөө хүүхэд нь унаад өгсөн. Тэгээд би М.Ү г аваад буцаад нөгөө таксин дээрээ ирсэн чинь цагдаа нар хүрч ирээд бид хоёрыг цагдаа дээр авч ирээд эрүүлжүүлэхэд оруулсан ийм зүйл болсон юм. /хх-ийн 60-61-р хуудас/

          Шүүгдэгч М.Ү  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Байрны гадаа сууж байсан 2 охины нэг нь нүдний шилтэй байсан. Б.Х  бид хоёр
байрнаас гарч ирээд сүүдрэвчинд сууж байсан 2 охин 1 банди дээр ирсэн. Б.Х
бөмбөгөө өгчих гээд тэр хүүхдүүд дээр очсон. Тэгсэн бөмбөгөө өгсөн чинь эргүүлээд
шидсэн. Би ардаас нь очсон. Тэгсэн Б.Х  нэг охины хамраас нь цус гаргачихсан байж
байсан. Би очоод Б.Х г салгачихаад хажууд байсан нүдний шилтэй охин дээр очоод нүдний шилийг нь аваад ширээн дээр тавиад яасан хөөрхөн юм бэ гэсэн. Тэр нүдний шил
ширээн дээрээс унасан байж магадгүй. Бусдаар бол тэр шилийг нь аваад хэргээс
эвдсэн зүйл бол байхгүй. /хх-ийн 63-64-р хуудас/

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/

          Хохирол төлбөр төлсөн тухай баримт /хх-ийн 35-41-р хуудас/

          Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 25-26 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Б.Х , М.Ү  нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, 31 дүгээр байрны гадна нийтийн хэв журмыг зөрчиж, насанд хүрээгүй буюу 15 настай Г.Н , Ц.Х , 16 настай С.М  нарт хүч хэрэглэн зодож, тэдний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, бусдын эд хөрөнгийг гэмтээж, олон нийтийн амгалан тайван алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна гэж үзэв.

          Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч М.Ү г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгов.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Б.Х , М.Ү  нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх үзсэн бөгөөд бүлэглэж нийтийн хэв журам зөрчсөн гэмт хэргийн улмаас хохирогч С.М ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн  шинжид хамаарч байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйд заасан гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарах ба хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учирсан нь мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрх шинжийг бий болгож байна.

Шүүгдэгч нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж байгаа нь энэ гэмт хэргийн үндсэн шинжийг бий болгож, олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд энэ нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс ялгаатай төдийгүй нэг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн хоёр өөр бүлэгт заасан хоёр гэмт хэргээр зүйлчилж буй нь үндэслэлгүй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Х , М.Ү  нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанчлан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр гаргасан үргэлжилсэн нэг гэмт хэргийн шинжтэй байх ба гэмт хэрэг гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдсэн байх төдийгүй ямар нэгэн сэдэлт шалтгаангүйгээр бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж танхайрсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Б.Х , М.Ү  нарын үйлдсэн нэг гэмт хэргийг, хоёр гэмт хэрэг үйлдсэнд тооцон яллах дүгнэлт үйлдэж, улмаар нэг гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгүүлэхээр ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зарчмыг үндэслэн шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч нар үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэг үйлдсэн нь бүлэглэсэн шинжтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Х , М.Ү  нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.М ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэд: С.М ийн биед баруун чамархайн хуйхны үс унаж халцарсан, баруун чамархай, дагзны хуйх, баруун ташаанд цус хуралт, хүзүү, зүүн шуунд зулгаралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 39-40-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч С.М ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.С : ...томограффикийн зураг авахуулсны төлбөр 120.000 төгрөг, iphone-X маркийн гар утасны дэлгэц засуулсны төлбөр 650.000 төгрөг, нийт 770.000 төгрөг нэхэмжилж байна /хх-ийн 08-09-р хуудас/ гэжээ.

Өмгөөлөгч И.Оюунгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт ...хохирол төлбөрийн хувьд хохирогч нар гар утасны дэлгэц, томограффикийн зураг авахуулсан гэсэн хохирол төлбөр нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт эдгээр хохирол төлбөр учирсан юм гэдгийг нотолсон нотлох баримт авагдаагүй учраас энэ хохирлыг төлөх боломжгүй гэж үзэж байна гэх тайлбар дүгнэлт гаргаж мэтгэлцэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж томограффикийн зураг авахуулсны төлбөр 120.000 төгрөг, iphone-X маркийн гар утасны дэлгэц засуулсны төлбөр 650.000 төгрөг, нийт 770.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан насанд хүрээгүй хохирогч С.М д олгохоор шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 361 дугаартай шинжээчийн дүгнэлтэд бичигдсэнээр томограффикийн зургуудыг үндэслэж шинжээч дүгнэлтээ гаргасан буюу гавал тархины тодосгогч бодисгүй КТГ зураг авахуулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд насанд хүрээгүй хохирогч С.М ийн томограффикийн зураг авахуулсан 120.000 төгрөг, гар утсанд учирсан гэмтлийг засуулсны төлбөр болох 650.000 төгрөг нэхэмжилсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, түүний төлөөлөгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул нийт 770.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан насанд хүрээгүй хохирогч С.М д олгохоор шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ц.Х гийн харааны нүд шил эвдэрсний улмаас түүнд 170.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 357 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Харааны нүдний шил 1 ширхэг 170.000 төгрөг /хх-ийн 47-р хуудас/ гэснээр тогтоогдож байх ба толгойн томограффикийн зураг авахуулсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 363 дугаартай шинжээчийн дүгнэлтэд бичигдсэнээр тогтоогдож байх тул томограффикийн зураг авахуулсны төлбөрт 120.000 төгрөг, нийт 290.000 төгрөгийг шүүгдэгч Б.Х , М.Ү  нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан насанд хүрээгүй хохирогч Ц.Х д олгохоор шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон 1.060.000 төгрөгийн хохирол төлбөрийг өсвөр насны шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 530.000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн ба шүүх хуралдаан завсарлах явцад өсвөр насны шүүгдэгч М.Ү  болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь насанд хүрээгүй хохирогч С.М д 385.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Ц.Х д 145.000 төгрөг нийт 530.000 төгрөгийг төлж барагдуулсан, өсвөр насны шүүгдэгч Б.Х  болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь насанд хүрээгүй хохирогч Ц.Х д 145.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч С.М д 140.000 төгрөг нийт 285.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Х гийн хууль ёсны төлөөлөгч Х.Ч  шүүх хуралдаанд ...үлдсэн хохирол төлбөрийг хурдан хугацаанд төлж барагдуулна гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч өсвөр насны шүүгдэгч Б.Х гийн хууль ёсны төлөөлөгч Х.Ч аас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 245.000 төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С , насанд хүрээгүй хохирогч С.М  нарт олгохоор шийдвэрлэж, энэхүү төлбөрийг шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 10 хоногийн дотор гүйцэтгэхийг хууль ёсны төлөөлөгч Х.Ч т даалгаж, хугацааг түүний хүсэлтээр тогтоож шийдвэрлэв.

          Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Х , М.Ү  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулах санал гаргав.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ...шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэж тус тус заажээ.

          Шүүгдэгч Б.Х  нь 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн ба гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 1 сартай байсан болох нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар тогтоогдож байна.

          Мөн шүүгдэгч М.Ү  нь 2002 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн ба гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 3 сартай байсан болох нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар тогтоогдож байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ....энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно гэж тус тус заасан тул шүүгдэгч Б.Х , М.Ү  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, шүүгдэгч Б.Х , М.Ү  нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ, мөн хуулийн 4 дэх хэсэгт ...гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тодорхой хамт олон, төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл, садангийн хүнд даалгаж болно гэж заасны дагуу шүүгдэгч Б.Очирсүрэнг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон хууль ёсны төлөөлөгч Ц.Э , Х.Ч  нарт  тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD-1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

          Өсвөр насны шүүгдэгч Б.Х  нь бусдад 245.000 төгрөг төлөх төлбөртэй, өсвөр насны шүүгдэгч М.Ү  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Х гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэг, шүүгдэгч М.Ү гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Улаан даавуу овгийн М.Ү , Бүхээгт овгийн Б.Х  нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тус тус тэнсэж өсвөр насны шүүгдэгч Б.Х г 1 /нэг/ жил, өсвөр насны шүүгдэгч М.Ү г 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Х , М.Ү  нарыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон тэдний хууль ёсны төлөөлөгч Ц.Э , Х.Ч  нарт тус тус даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Ү  нь хохирогчид 530.000 төгрөг төлсөн, өсвөр насны шүүгдэгч Б.Х  нь 285.000 төгрөг тус тус төлсөн бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Х гийн хууль ёсны төлөөлөгч Х.Ч аас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 245.000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч С.М  /Өмнөговь аймаг Даланзадгад сум, .................. тоотод оршин суух, регистрийн дугаар:................../-д олгохоор шийдвэрлэж, энэхүү төлбөрийг шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 10 хоногийн дотор гүйцэтгэхийг хууль ёсны төлөөлөгч Х.Ч т даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Х  нь бусдад 245.000 төгрөг төлөх төлбөртэй, өсвөр насны шүүгдэгч М.Ү  нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD-1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Х , М.Ү  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА