Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 207/ма2025/00050

 

 

 

 

 

 

 

2025        05          29                                          207/МА2025/00050

 

 

И.............гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Г.............д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 312/ШШ2025/00268 шийдвэртэй,

Нэхэмжлэгч : И.............гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.............д холбогдох,

“Хашаа, байшин албадан чөлөөлүүлэх, байр хөлслүүлэх үнэ 108,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй,

............т  байрлах 64м2 талбайтай байшин,  газрын үнэ 92,752,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч И............., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Майцэнгэл нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И............., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Майцэнгэл, хариуцагч Г............., хариуцагчийн өмгөөлөгч С.Болортуяа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г............. нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дугаар №119, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, тус аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №57 дугаартай магадлалд дурьдснаар миний нөхөр ............гаас 82 750 000 төгрөгийг, газар авч өгнө гэж ............ гэгчтэй үгсэн тохирч залилан хийсэн байдаг. Г............. хорих ялаар шийтгэгдэх болсон байдаг. Уг ялаас чөлөөлөгдөхийн тулд хохирол барагдуулсан гэдэг бичиг хийж өгөөч гэж гуйж, ............тоотод байрлах Улсын бүртгэлийн №000416896 дугаартай 61 м2 талбайтай ............ дугаарт бүртгүүлсэн хувийн орон сууцны зориулалттай хашаа байшинг хохиролд өгье гэснээр миний нэр дээр шилжүүлсэн байдаг. Г.............д удаа дараа үл хөдлөхийг чөлөөлж өг гэх мэдэгдлийг амаар хэлсэн боловч үл тоож элдэв шалтаг хэлж зугтах болсон. Иймд иргэн И.............гийн ............ тоотод байрлах хашаа байшин болох хувийн орон сууцны зориулалттай үл хөлөх эд хөрөнгийг хууль бусаар өмчилж байгаа Г.............гаас албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч И............. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Хариуцагч Г.............тай 2015.12.24-ний өдөр миний бие ............тоот 800 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, И............. Орхон аймгийн ............тоот 64 м.кв хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. 2015.12.24-ний өдрөөс 2024.12.24-ний өдрийн байдлаар нийт 8 жил хууль ёсны өмчлөгч болох миний өмчлөх эрх /эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх/ зөрчигдсөн. Бид энэ хугацаанд газар, хашаа байшингаа бусдад хөлсөлсөн бол сарын 1,0 сая /нэг сая/ төгрөгөөр тооцож хөлслөх боломжтой байсан. Иймд дээрх хугацааны буюу 9 жил /108 сар/ нийт төлбөр болох 108 000 000 сая төгрөгийг хариуцагч Г.............гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч И............. хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан  хариу тайлбартаа:

 

Г............. нь 2023.11.24-ний өдөр тус шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргажээ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа Орхон аймаг ............ тоотод байрлах хашаа байшин болон газрын үнэ болох 45 000 000 сая төгрөгийг И.............гаас гаргуулах тухай дурьджээ. Нэхэмжлэлийн үндэслэлдээ би залилан гэмт хэрэгт буруутгагдаж байхдаа хашаа, байшин, газраа И.............гийн нэр дээр шилжүүлж өгч байсан. Гэвч би шүүхээс цагаатгагдаж хохирол төлөх төлбөрөөс чөлөөлөгдсөн. Тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг тогтоолгохоор шүүхэд хандсан боловч худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн үнийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.И............. миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үндэслэл нь: 1. 2017.10.16-ны өдөр миний нөхөр ............нь Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирол баргдуулсан тухай хүсэлтийг гаргаж өгсөн юм. Энэ хүсэлтэд 77,000,000 төгрөгөнд Г.............гийн хашаа, байшин, газрыг 45,000,000 төгрөгөөр тохирч эхнэр ............гийн нэр дээр бүрэн шилжүүлж авсан. Иргэн ............би иргэн Г............. болон Г............. нараас хохирлоо бүрэн барагдуулж авсан тул ямар нэгэн гомдолгүй бөгөөд оногдуулсан ял шийтгэлээс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт бичиж өгсөн байдаг. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хохирол барагдуулсан тухай хүсэлтийг үндэслэн цагаатгах тогтоол гаргасан байхад одоо огт буруугүй, төлөх төлбөргүй мэтээр төөрөгдүүлж байна. 2. 2015 онд худалдах, худалдан авах гэрээ хийгдэж, 3-н шатны шүүхээр миний бие уг үл хөдлөх эд хөрнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгосон байхад Г............. нь ямар хуулийн ямар заалтаар надаас 45 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандаж байгаа нь тодорхойгүй, хууль зүйн хувьд боломжгүй юм. Учир нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан байдаг. Миний бие 2015 оноос хойш өдий хүртэл өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй 8 жил хохирсоор байна. 3. Хууль зүйн хувьд шаардах эрх үүсэж байж шүүх хэргийг шийдвэрлэх учиртай. Гэтэл Г.............д шаардах эрх үүссэн үү, үгүй юу гэдэгт хууль зүйн үүднээс харахад шаардах эрх үүсээгүй байна. Учир нь нэг бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байх, нөгөө тохиолдолд гэрээнээс татгалзаж байж шаардах эрх үүсэх боломжтой юм. Гэтэл Худалдах, худалдан авах гэрээг гурван шатны шүүхээс хүчин төгөлдөр гэж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар гэрээнээс татгалзах нөхцөл байдал үүсээгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж заасан. Иймд дээрх үндэслэлээр Г............. нь 45,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй этгээд байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгуулахаар хариу тайлбар гараж байна гэжээ.

 

Хариуцагч Г............. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Г............. миний бие Хашаа байшинг хууль бус өмчлөлөөс албадан чөлөөлүүлэх тухай И.............гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Г............. миний бие 2017 онд залилах гэмт хэрэгт буруутгагдан хоригдож байсан бөгөөд Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.12-ны 119 дугаар шийтгэх тогтоол болон Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.18-ны өдрийн 2018/ДШМ/57 дугаар магадлалаар цагаатгагдсан юм. Нэхэмжлэгч И............. нь үндэслэлгүйгээр худал хэлж Шүүхийн шийдвэрийг илт гуйвуулж ............... гэгчтэй үгсэн тохирч залилан хийж миний нөхөр ............гаас 82,750,000 төгрөг авсан гэж үндэслэлгүйгээр гүтгэн доромжилж байгаад гомдолтой байна. Мөн хорих ялаас чөлөөлөгдөхийн тулд хохирол барагдуулсан гэж бичиг хийж өгөөч гэж гуйсан гэж ээ, гэтэл И............. болон ............ нар ирж ............ та 2 намайг залилсан гээд элдвээр хэлж дарамталж байсан бөгөөд тухайн үед хуулийн байгууллагаас буруутай гэж үзэж байсан тул гэмт хэргийн улмаас хохирсон хохиролд ............тоотод байрлах Улсын бүртгэлийн №000416896 дугаартай 61 м2 талбайтай ............ дугаарт бүртгүүлсэн хувийн орон сууцны зориулалттай хашаа байшинг хохиролд тооцож М.............гийн нэр дээр шилжүүлж өгсөн. Гэвч 2 шатны шүүх Г.............г намайг цагаатгаж, хохирол төлөх үүргээс чөлөөлсөн гэж ойлгосоор өдий хүрсэн юм. Манайх 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл өөрийн байшиндаа амьдарч байгаа бөгөөд зугтах нь бүү хэл өөрийн эзэмшлийн хөрөнгө өө эргүүлж авах талаар ярьж байсан билээ. Г............. би нэхэмжпэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлөх боломжгүй бөгөөд харин И.............гийн өмчлөлөөс буцаан шаардаж авах болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г............. нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

 

Хариуцагч Г............. миний бие нэхэмжлэгчийн 2025.01.06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Манайх үл хөдлөх эд хөрөнгөө зарах сонирхолгүй байсан бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр тухайн үеийн асуудал шийдэгдтэл барьцаа байдлаар шилжүүлж өгсөн гэтэл нэхэмжлэгч талаас буцааж шилжүүлж өгөх сонирхолгүй байгаа тул тухайн хөрөнгийн үнийг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талаас 108 сая төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө бидний эзэмшилд байгаа бөгөөд нэхэмжлэгч талаас эд хөрөнгийн үнийг төлж хүлээж аваагүй байгаа болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г............. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Г............. миний бие залилангийн гэмт хэрэгт буруутгагдаж байхдаа гэр бүлийн өмчлөлийн тус хашаа байшинг И.............гийн нэр дээр шилжүүлж өгч байсан. Гэвч Г............. миний бие шүүхээс цагаатгагдаж хохирол төлөх төлбөрөөс чөлөөлөгдсөн. Тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг тогтоолгоод шүүхэд хандсан боловч худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн тул тус үл хөдлөх эд хөрөнгүүдийнхээ үнийг И.............гаас гаргуулах хүсэлтэй байна. Иймд И.............гаас ............тоотод байрлах 64 м2 талбайтай байшин болон үл хөдлөх эд хөрөнг болон газрын үнэ 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г............. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

 

............тоотод байрлах хашаа байшин болон газрын үнийг 45 сая төгрөгөөр нэхэмжилж байсныг 47,752,000 төгрөгөөр нэмэгдүүлж, И.............гаас 92,752,000 төгрөг гаргуулах. Урьд нэхэмжпэлийн шаардлагаа тухайн үед И............., А............. нартай тохиролцсон 45,0 сая төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөө үнэлүүлж, үнэлгээ 92 752 000 төгрөг болсон тул нэхэмжлэлиийн шаардлагаа 47 752 000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Иймд И.............гаас Орхон аймаг ............ тоотод байрлах хашаа байшин болон 800 м2 талбай бүхий газрын үнэ 92,752,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 312/ШШ2025/00268 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг тус тус баримтлан ............тоотод байрлах Улсын бүртгэлийн №000416896 дугаартай, 61 м2 талбай бүхий, ............ дугаарт бүртгэлтэй хувийн орон сууц, улсын бүртгэлийн ............дугаартай газрыг чөлөөлөхийг Г.............д даалгаж, нэхэмжлэлээс 108,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч И.............гаас 92,752,000 төгрөг гаруулан хариуцагч Г.............д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 768 150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 784,710 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.............гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч И.............гаас 784,710 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч И............., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Майцэнгэл нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.02.14-ны өдрийн №312/ШШ2025/00266 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна. Харин нэхэмжлэгч И............. нь үл хөдлөх хөрөнгийн үнийг гэрээнд заасны дагуу хариуцагч Г.............д шилжүүлэн өгөөгүй, эрүүгийн хохиролд авсан гэдэг боловч  Г. ............г Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ДШМ/57 дугаар магадлалаар цагаатгасан болох нь нотлогдож байна гэжээ. / шш-8х/ Мөн ..нэхэмжлэгч болон хариуцагч нар уг үл хөдлөх хөрөнгийг эрүүгийн хохиролд шилжүүлсэн гэдгийг хэн аль нь тайлбарласан гэжээ. /шш-7х /. Хэргийн зүйлчлэлийн хувьд: 1.Эрүүгийн хэргийн шүүхээс цагаатгах тогтоол гарсан. Хохирол төлөх үүргээс чөлөөлөгдсөн гэх боловч энэ нь ямар ч хууль зүйн хувьд үндэслэлгүй. Учир нь тухайн мөнгө авсан үйлдэл нь эрүүгийн хэргийн буюу залилах гэмг хэргийн шинжгүй хэмээн цагаатгагдсан болохоос биш мөнгө аваагүй, хохирол төлөх ёсгүй гэсэн шүүхийн шийдвэр огт биш юм. Шүүхийн шийдвэрт энэ тухай 1 ч үг үсэг өгүүлбэр байхгүй, энэ тухай заах ч боломжгүй юм. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хохирол барагдуулсан тухай хүсэлтийг үндэслэн цагаатгах тогтоол гаргасан байхад одоо огт буруугүй, төлөх төлбөргүй мэтээр төөрөгдүүлж байна. 2.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №142/11132023/00182 тоот шийдвэрээр дээрх худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж тус шүүхийн шүүгч Б. Хишигдавааа шийдэрлэж байсан болно. Харин Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 207/MA2023/00041 дугаар магадлалаар талуудын хооронд байгуулагдсан худалдан худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн байдаг. /шш-7х/ Хэргийн зүйлчлэлийн хувьд: Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул талуудын хооронд байгуулагдсан Худалдах худалдан авах гэрээний талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй гэж /шш-7х/ заасан байтал уг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг гаргуулахаар тус шүүхийн шүүгч Б.Хишигдаваа шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. “...Хэдийгээр Худалдах худалдан авах гэрээгээр үл хөдлөх хөрөнгийн үнийг бодитой тохиролцоогүй байх ба хариуцагчийн хүсэлтээр үнэлгээ хийлгэхэд зах зээлийн үнэлгээ 92,752,000 төгрөг гэж тодорхойлсон байна” гэжээ. Нэгэнт талууд худалдах худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийг И.............гийн өмчлөлд шилжүүлсэн тул 92,452,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв. / шш-8х/ Хэргийн зүйлчлэлийн хувьд: И.............гийн өмчлөлд шилжүүлсэн гэж шүүхийн шийдвэрт дурьдсан боловч хариуцагч одоо хүртэл тухайн хашаа байшиндаа амьдарч байгаа нь нотлогдож байна. /шш-8х / Хариуцагч Г. ............тай 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дээрх хашаа, байшин, газрыг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Одоог хүртэл өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй 10 жил болсон байна. Худалдах худалдан авах гэрээгээр үл хөдлөх хөрөнгийн үнийг бодитой тохиролцоогүй байна гэж шүүх үзжээ. Гэтэл Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоож гэрээ байгуулсан байдаг. 4. Худалдах, худалдан авах гэрээ бүхэлд нь хүчин төгөлдөр гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр байхад газар, хашаа байшингийн үнийг гаргуулах гэдэг нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй. Хэргийн зүйлчлэлийн хувьд: Учир нь Иргэний хуульд зааснаар 2 тохиолдолд гэрээний үнийг гаргуулах ёстой. Иргэний хуулийн 56-р зүйлд зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байх тохиолдолд газар, хашаа байшингийнхаа үнийг шаардах эрх үүсэх боломжтой юм. Тэгээд ч эд хөрөнгийг биет байдлаар буцаан өгөх боломжгүй тохиолдолд л үнийг төлөх үүрэг үүсдэг. Эд хөрөнгө байсаар байхад түүнийг авахгүй үнийг нь авна гэх шаардлага ч үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байдаг. Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиололд л бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэггэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл хэлцлээр шилжүүлсэн бүх зүйл хэлцэл хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд л буцаан өгөх үүргийг үүсгэдэг. Энэ утгаараа шилжсэн хөрөнгийн хэмжээгээр 1 тал хөрөнгийн алдагдал хүлээсэн бол нөгөө тал нь хөрөнгөжсөн байдаг учир хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хөрөнгөжсөн этгээдийг үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээд гэж үздэг бөгөөд тэрээр уг зүйлийг буцаан өгөх үүрэгтэй байна гэсэн хуулийн заалт байдаг. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч И............. нь хариуцагч Г.............д холбогдуулан ............хаягт  байрлах Улсын бүртгэлийн №000416896 дугаартай, 61м2 талбай бүхий ............ дугаарт бүртгэлтэй хувийн  сууцыг албадан чөлөөлүүлэх, байр хөлслөх үнэ 108,000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл,   хариуцагч Г............. нь нэхэмжлэгч И.............д холбогдуулан “............хаягт  байрлах 64 м2 талбайтай байшин,  газрын үнэ 92,752,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага шүүхэд тус тус гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг тус тус баримтлан ............тоотод байрлах Улсын бүртгэлийн №000416896 дугаартай, 61 м2 талбай бүхий, ............ дугаарт бүртгэлтэй хувийн орон сууц, улсын бүртгэлийн ............дугаартай газрыг чөлөөлөхийг Г.............д даалгаж, нэхэмжлэлээс 108,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч И.............гаас 92,752,000 төгрөг гаруулан хариуцагч Г.............д олгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон  байна.

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 224 шийтгэх тогтоолоор хариуцагч Г.............г бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 100 магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 224 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 119 шийтгэх тогтоолоор хариуцагч Г.............г цагаатгасан, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 57 магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 119 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба эдгээр шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна. 

............ хаягт  байрлах Улсын бүртгэлийн №000416896 дугаартай, 61 м2 талбай бүхий ............ дугаартай хувийн сууц, улсын бүртгэлийн ............дугаартай газрыг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Г.............гийн нөхөр Б.Буянбатаас нэхэмжлэгч И.............гийн өмчлөлд худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн хариуцагч Г............. нь одоог хүртэл тухайн хашаа, байшиндаа амьдарч байгаа нь болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.  

Зохигчдын  хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн боловч нэхэмжлэгч И............. үл хөдлөх хөрөнгийн үнийг шилжүүлснээ хэрэгт нотлох баримтаар нотлоогүй бөгөөд зохигчид  дээрх  үл хөдлөх хөрөнгийг эрүүгийн хэргийн хохиролд шилжүүлсэн гэдгийг нэхэмжлэгч И............. нь хариуцагч Г............. нар тайлбарласан ба Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 41 магадлалаар зохигчдын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д зааснаар ............хаягт  байрлах улсын бүртгэлийн №000416896 дугаартай 61м2 талбай бүхий, ............ дугаарт бүртгэлтэй хувийн орон сууц, улсын бүртгэлийн ............дугаартай газрын өмчлөх эрх нэхэмжлэгч И.............гийн нэр дээр шилжсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж ............хаягт  байрлах улсын бүртгэлийн №000416896 дугаартай 61 м2 талбай бүхий, ............ дугаарт бүртгэлтэй хувийн орон сууц, улсын бүртгэлийн ............дугаартай газрыг чөлөөлөхийг хариуцагч  Г.............д даалгаж, байр хөлслөх үнэ 108,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ .

Шүүх “............” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хөрөнгийн бодит үнэлгээг үндэслэн  92. 452. 000 төгрөгийг нэхэмжлэгч И.............гаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.        

Нэхэмжлэгч И............., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Майцэнгэл нар нь шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргасан боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх...”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах...”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “...нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх...”  үүргээ нэхэмжлэгч тал   биелүүлээгүй байна. 

Нэхэмжлэгч И............., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Майцэнгэл нарын  шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч И............., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Майцэнгэл нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 621,710 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар  сарын 14-ний  өдрийн дугаар 312/ШШ2025/00268 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч И............., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Майцэнгэл нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар   зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч И............., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Майцэнгэл нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 621,710 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.ҮҮРИЙНТУЯА

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.АЗЖАРГАЛ

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТТӨР