Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 109

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Хохирогч: А.Ц ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Гарьдхүү,

Шүүгдэгч: Б.Б ,

Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

            Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаангэр овгийн Б.Б т холбогдох 1828001650037 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Яллах дүгнэлтэд бичигдсэн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, ЗЗ  ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөөний .................. тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Цагаангэр овгийн Б.Б , регистрийн дугаар .....................,

Шүүгдэгч Б.Б  нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймаг Мандал-Овоо сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЗЗ  уурхайд ажиллаж байсан А.Ц ад хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчлага өгөлгүйгээр хүнд машин механизм жолоодуулсны улмаас осол гарч А.Ц ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Яллагдагчаар өгсөн мэдүүлэг хэвээрээ байгаа тул мэдүүлэг өгөхгүй.

Хохирогч А.Ц  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 орны 08 дугаар сарын 1-нд “ЗЗ ” ХХК-нд ажиллаж байхдаа осолд орсон. Тэр осолд орсны улмаас миний биед 6 хавирга хугарч хүнд гэмтэл авсан. Тэрний улмаас би хөдөлмөр эрхлэх чадваргүй байна. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр биднийг хариуцаж ажиллуулж байсан О  гэж хүн тэр өдөр бид нарыг ажилд авч гараад намайг ковшийг бариад энэ хэдэн жоншийг асгачих гэхээр нь би тэрийг нь зөвшөөрөөд жонш асгасан. Жонш асгаж байх замдаа ковштойгоо унаж бэртсэн. Тэр өдөртөө намайг аймгийн төв авч ирж эмнэлэгт үзүүлээд зураг авахуулахад хавирга нь хугарсан байна яаралтай Улаанбаатар хот руу явуулж эмчлүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд намайг автобусанд суулгаж өгсөн. Тэгээд би Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтээд гарсан. “ЗЗ ” ХХК-иас 30 сая төгрөг нэхэмжилж байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ц  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 07 сарын 18-ны үед Э.Т  гэх танил миний утас руу залгаад та сарын хугацаатай жонш ялгагчаар ажиллах уу гэж асуусан. Тэгэхээр нь зөвшөөрөөд 07 сарын 21-ний өдөр Э.Т  надтай уулзаад Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум руу авч явсан. Очоод Олон овоот уурхайн ЗЗ  гэх компани дээр ажиллахаар болсон. Тухайн газар ажиллаж байхад 2018 оны 07 сарын 26-ны үед байх Э.Т  Улаанбаатар хот руу ажлаар дуудагдаад явсан. Тэгэхдээ та нарыг О  хариуцаад ажиллуулна, хяналт тавина гэж хэлсэн. Тухайн өдрөөс хойш О  гэх хүн хариуцаад ажиллуулсан. 08 сарын 01-ний өглөө ажилдаа гараад жонш ялгаад ковшны шанаганд ялгасан жоншоо ачаад дүүргэсэн. Тэгэхэд тухайн ковшийг барих хүн байхгүй байсан. О  гэх хүн надаас та энэ ковшийг бариад жонш ялгаж тавьдаг газар асгачих гэж хэлсэн. Тэгэхэд нь би зөвшөөрөөд жонш ялгах газраас гараад тухайн ковшийг жолоодоод жонш буулгадаг талбай дээр очиж жонш буулгасан. Тэгэхэд О  хажууд өөрийн машинаараа дагаад явсан. Тэгээд дахиж буцаж ирээд жоншны шанага жоншоор дүүргээд шанага хэсэгт нь 1,7 тонн даацтай саванд жонш дүүргээд тороосоор өлгөөд аваад явсан. Өмнө явахад нь бас ковшны шанага хэсэгт тухайн савыг өлгөөд жоншоор дүүргээд явсан юм. Хоёр дахь явалт дундаа жонш ялгах талбайгаас уруудаад ковштой бууж байхад миний жолоодож явсан ковш урагшаа тонгойгоод баруун тал руугаа хазайгаад унасан. Тухайн ослоос болж миний баруун талын 6 хавирга хугарсан. Тэгэхэд О  ирээд намайг гаргаж аваад Өмнөговь аймагт хүргэж өгөөд Улаанбаатар хот руу унаанд суулгасан. Хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгааны хуудас байдаг. Тухайн тэмдэглэл дээр өдөр бүр гарын үсэг зуруулдаг. Тэгсэн 08 сарын 01-ний өглөө ажилд гарах гэхэд О  гэх хүн өдөр ирээд гарын үсгээ зурчих, одоо яараад байна. Сэрүүн дээр ажлаа ахиулна гэж хэлээд уурхайн хотхоноос өөрийн машинаараа жоншны талбай хүргэж өгсөн учир тухайн өдөр гарын үсэг зураагүй. Уурхайн хотхоноос жоншны талбай хүртэл 10 км зайтай. Унаа байхгүй учир О  хүргэж өгдөг юм. Х  гэх хүн мэдэж байгаа байх, О  өөрөө надаар ковш жолоодуулсан болохоор мэдэж байгаа. Би гомдолтой байна. Миний ажлын хөлс мөнгө болон эмчилгээний зардал мөнгө юу ч тухайн компаниас өгөөгүй учир эмчилгээний зардал мөнгөө тухайн компани хариуцаж ажиллаж байсан О  гэх хүнээс нэхэмжилж байна. Баримтыг нь би гаргаж өгнө. О  тухайн өдөр надаас ковш жолоодуулаагүй байсан бол би гэмтэхгүй байсан. /хх-ийн 48-49-р хуудас/

Хохирогч иргэний нэхэмжлэгч А.Ц  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  мэдүүлэгтээ…Би 2015  оноос эхлэн ЗЗ  ХХК-д жонш ялгагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш энэ компанид  байнгын тогтмол ажиллаж байсан. Ингээд 2018 оны 07  сарын  21 –ний өдөр  намайг уг кампони ажилтан Э.Т  гэх хүн Өмнөговь аймгийн Мандал-овоо сумын нутагт байдаг. Баян-Овоогийн  уурхайд  1 сарын хугацаанд ажиллуулахаар авч ирсэн.2018 Оны 08 дугаар сарын  01 –ний өглөө эрт ажил эхлээд би жонш ялгаад ковшны шанаганд ачиж байсан чинь шанага дүүрсэн. Тухайн үед ковшны оператор мэргэжилтэй Хо  гэдэг залуу нуруу нь өвдөөд байна гээд ажилд гараагүй байсан тэгээд ковшны шанага жоншоор дүүрсэн  чинь бид нарыг хариуцан ажиллаж байсан. О  гэх залуу намайг уг ковшийг жолоодоод талбайд асгаадах  гэж хэлэхээр нь би мэргэжлийн бус хүн шүү дээ гэж хэлсэн чинь та настай хүн байна таниас өөр хэн ч чадахгүй байх гээд надаар ковшийг жолоодуулаад бас хажууд нь байсан 1 тонн 700 кг савтай жоншийг ковшны шанаганы сэрээгээр тороосоор дүүжлээд авч явсан.  Би жонш ялгаж байсан газраас 200  гаруй метр газар яваад газрын уруу орсон чинь ковш ачаандаа дийлдээд урагшаа тонгойгоод баруун талаараа онхолдсон. Тэгээд миний ухаан балартсан байсан. Тэгэхэд намайг машинд суулгаад шууд аймгийн эмнэлэгт хүргээд Улаанбаатар хот руу явуулсан. Бид нарыг ажилд гарахад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дэвтэрт гарын үсэг зуруулдаг байсан. Тэр өдөр буюу 2018  оны 08 дугаар сарын  01–ний өглөө эрт ажилд гарсан. Тэр үед гадаа их халуун байсан. Болохоор өглөөний сэрүүнд ажиллаад  өрийн халуунд амардаг байсан юм. Тэгэхэд О  аюулгүй ажиллагааны дэвтэрт дараа нь гарын үсэг зурчих гэж хэлээд гарын үсэг зуруулаагүй ажилд шууд гаргасан юм. О  гэх залуу л ажлуудыг мэдэж хийлгэдэг байсан. Уг нь Э.Т  гэдэг геологич залуу бид нарыг хариуцан ажиллуулдаг байсан юм. Тэгсэн тэр хүн намайг уурхайд хүргэж өгчихөөд 4 хоногийн дараа буюу 07 сарын  25–ны үед Улаанбаатар хот руу дуудсан гээд буцаад явчихсан. Би гомдолтой байна. ЗЗ  ХХК  миний ажилласан хоногийн цалинг огт  өгөөгүй байгаа түүнийгээ авмаар байна. Мөн энэ ослоос болж гэмтэж эмчлүүлсэн эмчилгээний зардал, хохиролд нийт  30 сая төгрөг нэхэмжилж байна. Хохирол нэхэмжлэлтэй холбоотой нотлох  баримтуудаа хэргийн материалд хавсаргуулахаар өгч байна./ хх-ийн 189-190 –р хуудас/

Гэрч М.С  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ЗЗ  уурхайн жонш ялгах газар удирдах албан тушаалтан байгаагүй. Кемп дээр О  л байсан. Тухайн өдөр ажилд гарахад О  надад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч журнал дээр гарын үсэг зуруулсан. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг Тэгшээ гэх хүн өгдөг байсан. Эзгүй байхад нь О  гарын үсэг зуруулдаг. /хх-ийн 55-56-р хуудас/

Гэрч Э.Э.Т  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймаг Мандал-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ЗЗ  уурхайд ашиглалтын геологич хийдэг байсан. Тэгээд 2018 оны 07 сарын 20-ны үеэр Улаанбаатар хотод байхдаа А.Ц  гэх хүнтэй утсаар яриад жонш ялгах хүн хэрэгтэй байна. Та ажиллах уу гэж асуухад зөвшөөрсөн. Тэгээд 07 сарын 21-22-ны өдөр А.Ц ыг аваад Мандал-Овоо сум руу явсан. Ажил дээр очоод жоншийг ялгуулж ажиллуулж байсан. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Б  Улаанбаатар хотод дуудсан учир томилолтоор Улаанбаатар хот руу явсан. 2018 оны 08 сарын 01-ний өдөр Бор-Өндөр сумын уурхай руу явж байхад уурхай дээр осол болоод А.Ц  ах гэмтсэн талаар мэдэгдсэн. Маргааш нь Улаанбаатар хотод ирээд удалгүй ажлаас халагдсан. Ковш осолдсон гэж дуулсан. Тухайн жонш ялгагч нар нь ахлах хүн байхгүй бол ажилд гарч болохгүй. Тэгээд ковш жолоодох эрхгүй хүнээр ковш жолоодуулсан. Улмаар тухайн осол болсон юм болов уу гэж бодож байна. Уурхайн хотхоноос жоншны талбай хүртэл 10 км зайтай. Ээлж хүргэх унаа байхгүй байхад ямар учраас ажилд гарсан талаар нь мэдэхгүй байнА.Ц  нь ковш жолоодох эрхгүй хүн байгаа юм. Осол болох үед би томилолтоор Бор-Өндөр явсан байсан учир эзгүй байсан. Тухайн хүмүүсийг ажилд гаргах талаар огт юм хэлээгүй. Зааварчилгаа өгөөгүй байхад ажилд гарсан байсан. Тухайн өдрөөс хойш дахиж ажилд очоогүй халагдсан /хх-ийн 63-64-р хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12502 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: А.Ц ын биед баруун талын 5-10-р хавирганы зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 66-р хуудас/

Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын  21 –ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Асуулт  -1 Үйлдвэрийн осол болоход нөлөөлсөн хүчин зүйл юу вэ? Хариулт 1. Уг осол нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх хууль, дүрэм, журмыг зөрчсөнөөс болсон осол байна. Асуулт – 2.  ЗЗ  ХХК-ийн алба хаагч нар   хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн  байна уу? Хариулт- 2. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн тухай болон хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн байнаАсуулт –3. Хэрэв зөрчсөн бол хэрхэн хэн хэн ямар журам яаж зөрчсөн байна вэ? Хариулт –3. Ажил хариуцагч н.О  нь, жонш ялгаж буй ажилчдад зааварчилгаа өгөлгүй ажилд гаргасан, аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж  ажиллаж буйд хяналт тавьж ажиллаагүй мөн ковш жолоодох туршлагагүй, тусгай үнэмлэхгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгэхийг даалгасан нь Хөдөлмөрийн аюулгүй  байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт / …аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй  байх/  заалтыг, Тухайн осолдсон ажилтантай хөдөлмөрийн гэрээ   байгуулж хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй байгаа  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн  24.3 дахь / /Хөдөлмөрийн гэрээг бичгээр  байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй./ Заалтыг, тухайн өдөр гарсан ослын талаар холбогдох газарт мэдээлээгүй, нуун дарагдуулсан нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11 дэх /Үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж, холбогдох байгууллагад мэдээлж байх. / 29 Дүгээр зүйлийн29.8 дахь Ажил олгогч  нь үйлдвэрийн осол, хурц, хордлогыг нуун дарагдуулахыг хориглоно. Заалтуудыг зөрчсөн байна. /хх-ийн 70-71 –р хуудас/

Шүүгдэгч Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: манай ажлын бүрэлдэхүүн энэ хэрэгт хариуцлага хүлээхгүй гэж бодож байна. Ажлын бүрэлдэхүүн гэдэг нь манай компанийн хяналтын менежер Э.Т , миний бие, нягтлан М , хөдөлмөр хамгааллын ажилтнаар ажиллаж байсан Батсуурь нарыг хэлж байна. Бид нар тухайн хэрэг болох үед Хэнтийн аймгийн Бор-Өндөр суманд Бор-Өндөрийн уулын баяжуулах далд уурхайд ажлын туршлага судлах ажлаар явж байсан юм. Энэ хугацаанд Мандал-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг манай компанийн Баян-Овоогийн уурхайд үлдсэн ажилчид ажилд гарахгүй амрах ёстой байсан. Тухайн үед ажилчдын ажил үүргийн зохион байгуулалтыг хийгээгүй байсан юм. Уурхайд ээлж хүргэх автобусыг ашиглахгүй байхаар түрээслэгч компанид мэдэгдсэн байсан тул ажилчдын ээлж солих автобус ажиллахгүй зогссон байсан. Тэгсэн байхад ийм хэрэг гарсан нь миний зохион байгуулж хийлгэсэн ажиллагаанаас болж осол гараагүй гэж би үзэж байна. Би ЗЗ  ХХК-нд ерөнхий геологич, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг. Би уг компанийн ерөнхий геологичийн ажил үүргийг гүйцэтгэдэг. Надад гүйцэтгэх захирлын эрх хэмжээг өгч хариуцуулсан зүйл байхгүй, байгуулсан гэрээ байхгүй. Уг нь 2018 оны 1 сард манай уурхай техник эдийн засгийн үндэслэлд тодотгол оруулахтай холбоотойгоор сул зогсолтонд орсон. Тэгээд хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Батсуурийг албан тушаалаас нь түр чөлөөлж, уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцах ажилтнаар Уурхайн дарга, хяналтын менежер нар хариуцахаар даалгаж чиглэл өгсөн байсан юм. Тухайн үед уурхайн дарга байхгүй хяналтын менежерээр О  гэдэг хүн ажиллаж байсан юм. О  гэх хүн манай компанид 2018 оны 04 сарын 01-ээс эхэлж ажилласан. Тухайн хүнийг ажилд томилсон тушаал гаргасан эсэхийг мэдэхгүй байна. Ерөнхий менежерээр ажиллаж байсан юм. /хх-ийн 105-106-р хуудас/

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

          Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 25-26 хуудас/

          Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 193-204-р хуудас/

          ЗЗ  ХХК-ийн Бор-Өндөрийн далд уурхайн ашиглаж буй өөрөө явагч болон ажлын горим судлах зорилготой явах ажлын хэсгийн томилолт /хх-ийн 142-р хуудас

          ЗЗ  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Т618/01 дугаартай чиглэл өгөх тухай албан тоот /хх-ийн 145-р хуудас/

          2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай ЗЗ  ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-ийн 146-147-р хуудас/

          2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 33-Т/17-18 дугаартай ЗЗ  ХХК-ийн Журам батлах тухай захирлын тушаал /хх-ийн 148-149-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б  үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцааж, улмаар энэхүү үндэслэлээр шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж үзсэн болно.  

          Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шинжлэн судлав.

          Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсан гэмт хэрэг мөн гэж үзэх үндэслэлтэй байх боловч шүүгдэгч Б.Б  нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдохгүй байна гэж шүүх үзэв.

          Улсын яллагч яллах дүгнэлтдээ Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг яллах талын нотлох баримт болгож, энэхүү дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч Б.Б ыг гэм буруутайд тооцож байх боловч Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд:

 Асуулт –3. Хэрэв зөрчсөн бол хэрхэн хэн хэн ямар журам яаж зөрчсөн байна вэ? Хариулт –3. Ажил хариуцагч н.О  нь, жонш ялгаж буй ажилчдад зааварчилгаа өгөлгүй ажилд гаргасан, аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж  ажиллаж буйд хяналт тавьж ажиллаагүй мөн ковш жолоодох туршлагагүй, тусгай үнэмлэхгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгэхийг даалгасан нь Хөдөлмөрийн аюулгүй  байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт / …аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх /заалтыг, Тухайн осолдсон ажилтантай хөдөлмөрийн гэрээ   байгуулж хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй байгаа  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн  24.3 дахь / /Хөдөлмөрийн гэрээг бичгээр  байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй./ Заалтыг зөрчсөн байна /хх-ийн 70-71 –р хуудас/ гэжээ.

Үүнээс үзэхэд  гэмт хэргийн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинжийг бий болгодог гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, үүний улмаас бий болсон хохирол, хор уршиг хоёрын шалтгаант холбоог анхаарах нь чухал байна.

Өөрөөр хэлвэл “ковш жолоодох туршлагагүй, тусгай үнэмлэхгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгэхийг даалгасан нь Хөдөлмөрийн аюулгүй  байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт / …аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх /заалтыг зөрчиж, хохирогч А.Ц аар ковш жолоодуулж ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хор уршигийг бий болгосон төдийгүй улмаар ковш унахыг даалгасан эс үйлдэхүй,  ковшийг жолоодсон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёр шалтгаант холбоотой  болох нь тусгай мэдлэгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зөрчил байгаа боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь энэхүү осол болох шалтгаан болоогүй төдийгүй ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь тухайн цаг хугацаанд дээрх даалгаврын дагуу ковш жолоодсон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоогүй ба хохирогч А.Ц тай жонш ялгагчийн ажлыг гүйцэтгэх хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй нь энэхүү осолд буруутгах шалтгаан нөхцөл болохгүй байна.  

  Шүүгдэгч Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Намайг Бор-Өндөр сумын уурхай руу явж байхад Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг ЗЗ  уурхай дээр осол болж хүн гэмтсэн. Бид нар тухайн хэрэг болох үед Хэнтийн аймгийн Бор-Өндөр суманд Бор-Өндөрийн уулын баяжуулах далд уурхайд ажлын туршлага судлах ажлаар явж байсан юм. Энэ хугацаанд Мандал-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг манай компанийн Баян-Овоогийн уурхайд үлдсэн ажилчид ажилд гарахгүй амрах ёстой байсан. Тухайн үед ажилчдын ажил үүргийн зохион байгуулалтыг хийгээгүй байсан юм. Уурхайд ээлж хүргэх автобусыг ашиглахгүй байхаар түрээслэгч компанид мэдэгдсэн байсан тул ажилчдын ээлж солих автобус ажиллахгүй зогссон байсан. Тэгсэн байхад ийм хэрэг гарсан нь миний зохион байгуулж хийлгэсэн ажиллагаанаас болж осол гараагүй гэж би үзэж байна. /хх-ийн 105-106-р хуудас/ гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан ба шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн дээрх мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын доорх мэдүүлгүүдээр давхар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч А.Ц ын мэдүүлэгт: Тухайн өдрөөс хойш О  гэх хүн хариуцаад ажиллуулсан. 08 сарын 01-ний өглөө ажилдаа гараад жонш ялгаад ковшны шанаганд ялгасан жоншоо ачаад дүүргэсэн. Тэгэхэд тухайн ковшийг барих хүн байхгүй байсан. О  гэх хүн надаас та энэ ковшийг бариад жонш ялгаж тавьдаг газар асгачих гэж хэлсэн. Тэгэхэд нь би зөвшөөрөөд жонш ялгах газраас гараад тухайн ковшийг жолоодоод жонш буулгадаг талбай дээр очиж жонш буулгасан. Тухайн тэмдэглэл дээр өдөр бүр гарын үсэг зуруулдаг. Тэгсэн 08 сарын 01-ний өглөө ажилд гарах гэхэд О  гэх хүн өдөр ирээд гарын үсгээ зурчих, одоо яараад байна. Сэрүүн дээр ажлаа ахиулна гэж хэлээд уурхайн хотхоноос өөрийн машинаараа жоншны талбай хүргэж өгсөн учир тухайн өдөр гарын үсэг зураагүй. /хх-ийн 48-49-р хуудас/,

Гэрч М.С ын мэдүүлэгт: Осол гарах үед ЗЗ  уурхайн жонш ялгах газар удирдах албан тушаалтан байгаагүй, кемп дээр О  л байсан /хх-ийн 56-р хуудас/

Гэрч Э.Э.Т ын мэдүүлэгт: Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Б  Улаанбаатар хотод дуудагдсан учир томилолтоор Улаанбаатар хот руу явсан. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Бор-Өндөр сумын уурхай руу явж байхад уурхай дээр осол болоод А.Ц  ах гэмтсэн талаар мэдэгдсэн /хх-ийн 63-р хуудас/ гэх мэдүүлгүүдийг тус тус өгчээ.

Хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хууль сануулж, үнэн зөв мэдүүлэхээ илэрхийлж баталгаа гаргасны дараа өгсөн мэдүүлэг учир шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

          Шүүгдэгч Б.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт ... Бид нар тухайн хэрэг болох үед Хэнтийн аймгийн Бор-Өндөр суманд Бор-Өндөрийн уулын баяжуулах далд уурхайд ажлын туршлага судлах ажлаар явж байсан юм. Энэ хугацаанд Мандал-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг манай компанийн Баян-Овоогийн уурхайд үлдсэн ажилчид ажилд гарахгүй амрах ёстой байсан. Тухайн үед ажилчдын ажил үүргийн зохион байгуулалтыг хийгээгүй байсан юм. Уурхайд ээлж хүргэх автобусыг ашиглахгүй байхаар түрээслэгч компанид мэдэгдсэн байсан тул ажилчдын ээлж солих автобус ажиллахгүй зогссон байсан гэх мэдүүлгийг өгсөн ба уг мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан ЗЗ  ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн АТ18/31 дугаартай Гэрээний дагуух үйлчилгээг түр авахгүй байх мэдэгдэл, гэрч Э.Э.Т ын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Өөрөөр хэлбэл Б.Б  нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр уурхайн ажилчдыг ажилд гарах үүрэг өгөөгүй, З.О  гэгчид ажил гүйцэтгэх даалгавар өгөөгүй, улмаар А.Ц аар ковш жолоодуулахыг даалгаагүй төдийгүй тухайн цаг хугацаанд Хэнтий аймагт албан ажлаар явж байсан болохыг гэрч нар болон шүүгдэгч өөрөө мэдүүлж, тэрээр тухайн өдөр уурхайн ажилчдыг амраах чиг үүрэг өгсөн  болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна, мөн хуулийн 27.2 дахь хэсэгт Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна гэж тус тус заажээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно гэж заасан ба ажил үүргээ гүйцэтгэж байсан иргэний эрүүл мэндэд гэм хор учирсан боловч Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам сахиулах үүрэг хүлээсэн ажил олгогч компанийг тухайн эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулаагүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны дагуу хэрэгжүүлсэн гэх үндэслэл болохгүй байгааг дурдах нь зүйтэй.

         Хохирогч А.Ц  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 30.000.000 төгрөгийг ЗЗ  ХХК-иас нэхэмжилсэн ба эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч нь хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг,  мөн хуулийн 36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч Б.Б  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцаахаар хэргийг прокурорт буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.2-т зааснаар шүүгдэгч Б.Б т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг  цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хохирогч А.Ц  нь 30.000.000 /гучин сая/ төгрөг нэхэмжилсэн болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ДЭЛГЭРМАА