| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/02673/И |
| Дугаар | 181/ШШ2016/00766 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2016/00766
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин 1-19 тоот хаягт оршин суух Айгарсэрд овогт Доржбалын Лхагвацэрэн /РД:ДЮ90120564/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж -27, Мөнхийн үсэг ХХК-ийн байр хаягт байрлах Аз Хур ХХК /РД:2779773/ -холбогдох
Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Лхагвацэрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагчийн төлөөлөгч Б.Уранболор, хариуцагчийн өмгөөлөгч Т.Гүрбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тамир нар оролцов
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “иргэн Лхагвацэрэн миний бие нь 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Аз хур” ХХКд худалдааны зөвлөхийн ажлын байранд гүйцэтгэх захирлын 108 тоот тушаалаар ажилд орсон юм. хөдөлмөрийн гэрээг 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 17- ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатайгаар байгуулсан. Гэтэл намайг 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Б/04 тоот Захирлын тушаалаар ажлаас халсан. Би ажиллах хугацаандаа хуанлийн 7 өдрийн нэг өдөр буюу лхагва гаригт амардаг бөгөөд 2 дугаар сарын 3-ны өдөр миний амралтын өдөр байхад намайг утсаар дуудаж хуралтай тул ир гэсэн учир очиход ажлаас халсан талаар мэдэгдсэн. Учрыг нь лавлаж тодруулахад, манай номын дэлгүүр худалдан авагчдад худалдан авсан номынх нь үнийн дүнгийн 3 хувьтай тэнцэх “кэнди” оноог 2015 оны 5 дугаар сараас олгож эхэлсэн бөгөөд ихэнх худалдан авагчид кэнди оноогоо авдаггүй тул хуримтлагдсан кэнди оноог дэлгүүрийн касс болон худалдааны зөвлөхүүд өөрсдийн гар утасны дугаар руу авах хүсэлтийг Мобикомын тусгай дугаарт илгээж авдаг байсан. Компаний зүгээс уг кэнди оноотой холбоотой журам, зааварчилгааг бидэнд өгөөгүй, би худалдагч буюу кассан дээр ажилладаггүй бөгөөд худалдан авагчдын аваагүй кэнди оноог ажилчид өөрсдөө авч болохгүй, авсан тохиолдолд сахилгын зөрчилд тооцогдох тухай урьдчилан танилцуулаагүй. Тиймээс бусад ажилтнуудыг дуурайж миний бие өөрийн гар утасны дугаарт кэнди оноо авах хүсэлтийг илгээдэг байсан. Харин ажил олгогчийн зүгээс ажлаас чөлөөлөх тухай тушаалыг дээрх үйлдэлтэй холбогдуулан гаргаж, 1 027 000 төгрөгийг төл, заасан хугацаанд төлөхгүй бол алданги тооцно гэж шаардаж, удаа дараа хүлээн зөвшөөрч байгаа баримтанд гарын үсэг зурахыг шаардаж байна. Ажлаас чөлөөлөх тухай дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5, Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хариуцсан мөнгөн хөрөнгийг дур мэдэн завшсан гэх үндэслэлээр ажлаас халсан гэж тайлбарлаж байна. Миний бие хариуцсан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан, дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүн, мөнгөн хөрөнгийг дур мэдэн завшиж байгаагүй, кэнди оноо нь Мобиком ХХК-иас хэрэглэгчиддээ үзүүлж буй мөнгөн бус хэлбэрийн үйлчилгээ юм. Иймд худалдааны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, “Аз хур” ХХК-иас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү.” гэв.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Лхагвацэрэн нь ажиллаж байх хугацаандаа Компаний тухай хууль, “Аз хур” ХХК-ийн дотоод журамд заасан ажлын байрнаас чөлөөлөхүйц сахилгын зөрчил гаргасан тул хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэлд бичсэнчлэн Д.Лхагвацэрэн нь кассан дээр ажилладаггүй боловч кассын ажилтан болон бусад худалдааны зөвлөхийн ажлын байрандаа ажилладаг хэд хэдэн ажилтныг өөрийн биеэр уруу татаж, эд хөрөнгө завших буюу гэмт үйлдэлд уруу татсан билээ. Манай компани нь Мобифинанс ББСБ ХХК-тай гэрээ байгуулан, гэрээний дагуу урамшууллыг хэрэглэгчдэд танилцуулж, хэрэглэгчдэд олгогдвол зохих кэнди урамшууллыг дур мэдэн удирдлагад мэдэгдэхгүйгээр завшсан болно. Шаардлагатай нотлох баримтыг хүргүүлэх болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хуулийн бүрэн үндэслэлтэй тул хэргийг хуулийн дагуу хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Лхагвацэрэн нь хариуцагч “Аз Хур” ХХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Лхагвацэрэн нь хариуцагч “Аз хур” ХХК- д 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр худалдааны зөвлөхийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ /хх-37-41 тал/ байгуулан ажиллаж байгаад Аз хур” ХХК-ийн захирлын 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн В/04 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай тушаал” /хх-34 тал/-аар ажлаас чөлөөлөгдсөн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан ба нэхэмжлэгч Д.Лхагвацэрэн нь шүүхэд гомдлоо 2016 оны 3 дугаар сарын 1-ны өдөр гаргасан байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ.
Нэхэмжлэгч Д.Лхагвацэрэнг үүрэгт ажлаас чөлөөлсөн В/04 дугаартай захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байх ба хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Д.Лхагвацэрэнг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтад заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэсэн хоёр үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.13 дахь заалт буюу хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалтыг баримталсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтыг тушаалд баримтлаагүй бөгөөд уг заалтыг баримтлаагүй нь хуульд харшлахгүй гэсэн тайлбарыг гаргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байх шаардлагатай.
Хариуцагч талаас Б.Лхагвацэрэнд 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр сануулах сахилгын шийтгэл, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр сануулах сахилгын шийтгэл, 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр сануулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан тушаалууд /хх-31-33 тал/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Дээрх тушаалуудад дурдсан сахилгын зөрчлүүдээс гадна хэрэглэгчдэд олговол зохих урамшууллыг дур мэдэн хувьдаа завшсан, ажлын байрны тодорхойлолтод заасан маркетингийн ач холбогдолтой үйлчилгээг үйлчлүүлэгч, худалдан авагчид санал болгож танилцуулах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан тул хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн гэж хариуцагч тал тайлбарлаж байх боловч Д.Лхагвацэрэнг ажлаас чөлөөлсөн В/04 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтыг баримтлаагүй байх тул хөдөлмөрийн гэрээг цуцлах үед ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтыг баримталсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дахь заалтад “Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заасныг хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино гэж ойлгох бөгөөд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргаагүй бол уг тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзнэ.
Иймд хариуцагчийн гаргаж буй нэхэмжлэгч Д.Лхагвацэрэнг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтад заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан үнэдслэлээр ажлаас чөлөөлсөн гэх тайлбар нь үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч Д.Лхагвацэрэнгийн ажлын байрны тодорхойлолтод кэнди оноо буюу худалдан авалтын урамшууллын оноог худалдан авагчид олгох чиг үүрэг байхгүй, тухайн оноог бусдад олгох эрх бүхий ажилтан биш байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан” буюу кэнди оноог хариуцсан ажилтан гэж үзэхгүй болно.
Иймд хариуцагч Аз хур ХХК-ийг нэхэмжлэгч Д.Лхагвацэрэнг үндэслэлгүй халсан гэж үзэн нэхэмжлэгч Д.Лхагвацэрэнг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг хариуцагч “Аз хур” ХХК-иас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийгэхийг хариуцагч “Аз хур” ХХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 200 000 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтад зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.
Урьд авч байсан дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа /хх-64 тал/-нд тусгагдсан Д.Лхагвацэрэнгийн сүүлийн гурван сарын цалин хөлс буюу 2015 оны 11 дүгээр сарын цалин хөлс 772 404 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын цалин хөлс 653 200 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын цалин хөлс болох 792 492 төгрөг, нийт 2 218 096 төгрөгөөс тооцож үзэхэд нэг сарын дундаж цалин хөлс нь 739 365 төгрөг болж байна.
Үүнийг ажлын 22 өдөрт хуваахад нэг өдрийн дундаж цалин хөлс нь 33 607 төгрөг болж байна.
Хөдөлмөрийн гэрээ цуцалсан 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс хэргийг хянан шийдвэрлэсэн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын 167 хоногоор нэг өдрийн дундаж цалин хөлсийг үржүүлэн тооцож үзвэл Д.Лхагвацэрэнд олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээ нь 5 612 369 төгрөг болж байна.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 200 000 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 200 000 төгрөгийг хариуцагч “Аз хур” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Д.Лхагвацэрэнд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Д.Лхагвацэрэнгийн болон хариуцагч “Аз хур” ХХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Аз хур” ХХК-д даалгаж шийдвэрлэв.
.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯ