| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2024/02347/И |
| Дугаар | 207/ма2025/00052 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 207/ма2025/00052
2025 06 05 207/МА2025/00052
............ банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Н.............т холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00237 шийдвэртэй,
Нэхэмжлэгч : ............ банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.............т холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,170,974.89 төгрөг, зээлийн хүү 656,466.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,933.41 төгрөг нийт 3,904,374.90 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өмөргүлийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өмөргүл, О.Гантулга /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ............ банк ХК-ний Орхон салбар ............ тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч ............ овогтой ............ нь ............ банкны Орхон салбарын ............ тооцооны төвөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №............тоот барьцаат эээлийн гэрээгээр 6,000,000 төгрөгийн цалингийн эээлийг авсан. 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ биелүүлээгүй эөрчсөн. Үндсэн зээл 3,170,974.89 төгрөг, зээлийн хүү 656,466.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,933.41 төгрөг нийт 3,904,374.90 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өмөргүл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Зээлдэгч ............ овогтой ............ нь ............ банкны Орхон салбарын ............ тооцооны төвөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №............тоот барьцаат зээлийн гэрээгээр 6,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 13,80 хувийн хүүтэй цалингийн зээлийг авсан. 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. 2023 оны 09 сарын 11-ний өдрийг хүртэл өөрөө боломжит хэмжээгээр зээлийн эргэн төлөлтийг хийж байсан. Үндсэн зээл 3,170,974.89 төгрөг, зээлийн хүү 656,466.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,933.41 төгрөг нэхэмжилж байна. 2023 оны 09 сарын 11-ний өдрийг хүртэл зээлийн төлөлтүүдээ хийж явсан. Энэ үед зөрчилтэй зээлтэй байсан. Нийт 6,000,000 төгрөгөөс үндсэн зээлд 2,829,000 төгрөг, хүү 977,000 төгрөг төлөгдсөн. Хугацаа хэтрэлтийн зөрчил эхэлснээс хойш буюу 2022 оны 06 сарын 08-ны өдрөөс эхлэн хүүг тооцсон. Зээлийн хүү нь 2022 оны 02 сарын 15-ны өдрөөс эхлэн 6,000,000 төгрөгийн үлдэгдлээс төлсөн дүн хасагдаад үлдсэн дүнгээс тооцогдоод явсан. Нэмэгдүүлсэн хүү нь 2022 оны 08 сарын 29-ний өдрөөс эхлэн бодогдсон. Хамгийн сүүлд 2023 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүү бодогдоод 76,933.41 төгрөг хуримтлагдсан байна. 2023 оны 03 сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 532 хоногийн хүү, 2023 оны 09 сарын 11-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 480 хоногийн нэмэгдүүлсэн хүү бодогдсон. Гэрээний хугацаа 2024 оны 08 сарын 02-ны өдөр дууссан... Анхны зээлийн эрх нээх гэрээнд Н.............өөр гарын үсэг зуруулсан. Зээл авах үед цахимаар хүсэлтээ гаргаад олгогдсон байгаа гэв.
Хариуцагч Н............. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие ............ банкнаас цалингийн зээл авсан нь үнэн болно. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээнээс 1 хувь 600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа :
............ банкны нэхэмжилсэн 3,904,374.90 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шимтгэл 1 хувийг авсан хүлээн зөвшөөрөхгүй. ............ын ............ нь ............ банкнаас цахим зээл авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцох ёстой. 532 хоногийн хүү юу, 480 хоногийн хүү юу гэдгийг ямар аргаар бодсон юм бэ. Нотлох баримтын шаардлага хангасан баримтыг гаргаж өгөөгүй. Н.............ийн ............ банкны харилцах данс руу 6,000,000 төгрөг явуулсан талаар дансны хуулгаа гаргаж өгөөгүй. Монгол банкны журамд зааснаар арилжааны банкууд цахим зээл олгосон тохиолдолд цахимаар авсан зээлийг цахим гарын үсэгтэй буюу Иргэний хуульд зааснаар хүсэл зорилгын илэрхийллээ тодруулсан баримтыг авна гэсэн байна. Гэтэл энэ журмаа баримталж чадахгүй байна. Зээл авах эрхтэй эсэх гэснийг чагталсан байна. Хэдийгээр нийтээр мэдэж байгаа боловч баримт дутуу байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Нэхэмжлэгч тал цахим зээл авсан талаар үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцох ёстой. Гэтэл хуулийн дагуу үүнийгээ дэмжээгүй, татгалзсан. Тэр талаар баримт хавтаст хэрэгт байхгүй. Монгол банкны журмыг зөрчсөн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00237шийдвэрээр:
Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Н.............өөс 3,369,386.45 төгрөгийг гаргуулан ............ банк ХК-ний Орхон салбар ............ тооцооны төвд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,420 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.............өөс 68,860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............ банк ХК-ний Орхон салбар ............ тооцооны төвд олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өмөргүл шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
............ банк ХК-ийн нэхэмжлэлтэй Н.............т холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дүгээр сарын 12-ны өдрийн 312/ШШ2025/00237 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул шийдвэр өөрөө “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 312/ШШ2025/00237 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ............ банк ХК-ний Орхон салбар ............ тооцооны төв нь хариуцагч Н.............т холбогдуулан үндсэн зээл 3,170,974.89 төгрөг, зээлийн хүү 656,466.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,933.41 төгрөг нийт 3,904,374.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Н.............өөс 3,369,386.45 төгрөгийг гаргуулан ............ банк ХК-ний Орхон салбар ............ тооцооны төвд олгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Зохигчдын хооронд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ЗГ-47419499 дугаартай зээлийн эрх нээх болон барьцааны гэрээнүүд байгуулагдаж, хариуцагч Н............. нь 6,000,000 төгрөгийг, жилийн 13,80 хувийн хүүтэй, зээл цахимаар авах хүсэлтээ гаргасны дагуу нэхэмжлэгч ............ банк ХК-ний Орхон салбар ............ тооцооны төв нь мөнгөн хөрөнгө болох 6,000,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Н.............ийн данс руу шилжүүлжээ .
Хариуцагч Н............. нь гэрээнд зааснаар зээлийн үндсэн төлбөрт 2,829,025.11 төгрөг, хүүнд 977,873.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,086.63 төгрөг, нийт 3,812,984.95 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээний төлбөр төлөх хугацаа 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дууссан, хариуцагч Н............. нь зээлийн гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлөөгүй байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Зохигчдийн хооронд байгуулсан зээлийн эрх нээх гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-т заасантай нийцсэн байна гэж анхан шатны шүүхээс үзсэн зөв байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж ............ банк ХК-ний Орхон салбар ............ тооцооны төвийг хариуцагчид 5,940,000 төгрөгний зээлийг олгосон үүнээс хариуцагч Н.............өөс үндсэн зээлийн үлдэгдэл 2,859,133.9 төгрөг, зээлийн хүү 456,552.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,700 төгрөг нийт 3,369,386.45 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............ банк ХК-ний Орхон салбар ............ тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 534,988.45 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өмөргүл нь “...анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 312/ШШ2025/00237 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өмөргүл нь биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өмөргүлийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өмөргүлийн шүүхэд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 16,700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 312/ШШ2025/00237 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өмөргүлийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өмөргүлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 16,700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР