| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0614/Э |
| Дугаар | 634 |
| Огноо | 2019-08-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 634
2019 08 15 2019/ШЦТ/634
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нэрэн овогт Эрдэнэбаатарын Энхсайханд холбогдох эрүүгийн 1911000850770 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут амины орон сууц 6 дугаар гудамж 161а тоотод оршин суудаг улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Нэрэн овогт Э. Э./РД:.............
Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч З.Мөнхжаргалын хүү М.Эрдэнэд Солонгос улсын виза гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 3,900,000 төгрөг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл үгүй гэв.
Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сард хамаатны дүү болох Энхдалайг Солонгос улсад гэрээгээр ажиллах хөтөлбөрт бүртгүүлж өгнө гээд хэлчихсэн байсан. Учир нь тухайн үед дүүргийн халамжийн газарт гэрээгээр ажиллах хүмүүсийн бүртгэл явагдаж байсан. Тухайн үед манай найз болох Дөлгөөн гээд залуу тухайн бүртгэлийн ажлын хэсэгт ажиллаж байсан бөгөөд тэр найзаасаа дүүгээ гуйна гэж бодож байтал гэнэт манай дүү Энхдалай би ер нь явахаа болилоо та миний оронд өөр нэг хүн бүртгүүлээд өгчих гэхээр нь за гэж хэлчихээд байж байтал үдалгүй надруу Эрдэнэ гэдэг хүн надруу залгаад та гэрээгээр Солонгос явах хүмүүсийн бүртгэлд намайг оруулаад өгөөч гэхээр тэгье гэж хэлээд бүртгүүлж өгсөн. Тэгтэл удалгүй надруу дахин залгаад хэлний шалгалтанд тэнцүүлээд өгөөч гэхээр нь эхэндээ ямар нэгэн хариу хэлэлгүй байж байгаад дараа нь намайг шаналгаад байнга гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. Ингээд эхний ээлжинд шалгалтанд чинь тэнцүүлээд өгье гээд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 4,000,000 төгрөг хэрэгтэй байна. Энэ мөнгийг шалгалт авч байгаа хүмүүст өгнө гэж хэлээд өөрийн хаан банкны “5014311307” дугаарын дансыг өгсөн. Тэгтэл миний дансад тэр өдөр 4,500,000 төгрөг хийсэн бөгөөд хийснийхээ дараа 600.000 төгрөгийг өөр хүн рүү шилжүүлээд өгөөч гэхээр нь “5925111228” дугаарын дансруу 600.000 төгрөг шилжүүлээд үлдсэн мөнгийг нь өөрийнхөө ойр зуурын хэрэглээнд зарцуулсан...” гэх /хх-ийн 25-26х/,
Хохирогч З.Мөнхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...хүү Эрдэнээг Солонгос улс руу гэрээний ажилтнаар бүртгүүлэх гээд 2018 оны 03 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн цайз 16 дугаар хороолол автобусны буудлын урд талын ерөнхий боловсролын сургуулийн дотор байдаг Солонгос Улс гэрээгээр ажилтнаар бүртгэх бүртгэлийн газар очоод очирлоод зогсож байгаад бүртгүүлж амжаагүй буцсан. 3 хоногийн дараа манай хүү Эрдэнэ утсаар ярьж “Солонгос Улс руу гэрээгээр явуулж өгнө гэсэн хүн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхэдтэйгээ хамт 2018 оны 03 дугаар сарын 15-аас 18-ны хооронд Саппоро худалдааны төвийн автобусны буудал дээр очиж уулзсан. Тухайн үед тэр хүн өөрийгөө Эрдэнэбаатарын Энхсайхан гэж хэлж танилцуулсан. Тэгээд Энхсайхан нь би Солонгос Улс руу гэрээгээр ажиллах ажилтнаар таны хүүхдийг гаргаж өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар бичиг баримт хэрэгтэй вэ гэж асуухад ойрын хугацаанд гадаад паспорт, цээж зургаа бэлдэж байгаарай өөрөө утсаар ярина гэж хэлээд миний утасны дугаарыг аваад өөрийнхөө 89431025 гэсэн дугаараа өгч салсан. Тэрнээс хойш чимээгүй болсон. Би 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Солонгос Улс руу эмчилгээ хийлгэхээр явсан. Солонгос Улсад байхад 2 хонож байхад манай хүүхэд Эрдэнээ утсаар ярьж Энхсайхан надруу өөрөө холбогдож ярьсан 4.500.000 төгрөг хэрэгтэй байна гадаад паспорт цээж зургаа авчираад өг гэж хэлж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би бэр болох Гүндэгмааруу яриад “чи Энхсайханы дансыг аваад сайн шалгаж байгаад 4,500,000 төгрөг шилжүүлчих гэж хэлээд би хүү болох Ганболдоор дамжуулж өөрийнхөө эмчилгээний мөнгөнөөс Гүндэгмаагийн дансруу 4,500,000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Гүндэгмаа нь “Пийс моолын” дотор байдаг Худалдаа хөгжлийн тооцооны төвөөс Энхсайханы “Хаан” банкны 5014411307 дугаартай дансруу 4,500,000 төгрөг шилжүүлсэн байсан....” гэх /хх-ийн 20-21х/,
Гэрч М.Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед
би нэг хоноод очир ихтэй байсан учраас бүртгүүлж чадаагүй ингээд бүртгүүлээд
өгөөч гэхэд ямар ч асуудалгүй бүртгүүлчихсэн. Тэгтэл бүртгүүлсэний дараа Солонгос хэлний шалгалт өгөх хэрэгтэй болсон. Тэгтэл би өөрөө хэлэндээ муу учраас тэнцэхгүй байх гэж бодоод Энхсайхан гээд ахыг дахиад гуйсан. Тэгтэл мөнгө хэрэгтэй болно шүү дээ гэхээр нь би хэд хэрэгтэй байгаа юм гэхэд 4,000,000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхэндээ гэрийнхэнтэйгээ ярилцаад больё гэж байтал Энхсайхан ах өөрөө надруу залгаад чи одоо болих гэж байгаа юм уу гээд хоёр гурван удаа залгаад байхаар нь болгочих юм байна гэж ойлгоод Энхсайхан ахад итгээд мөнгөө өгсөн.Тухайн мөнгийг манай ээж Солонгосоос эмчилгээнийхээ мөнгөнөөс 4,500,000 төгрөгийг Энхсайхан ах руу шилжүүлээд түүнээсээ 600,000 төгрөгийг найзынхаа дансаар авч байсан. Тэгээд л надаас 3,900,000 төгрөг аваад таг чиг алга болсонд гомдолтой байгаа...” гэх /хх-ийн 27х/,
Гэрч У.Гүндэгмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр намайг ажил дээр байхад нөхөр болох Ганболд утсаар яриад чиний данс руу 4,500,000 төгрөг хийчихлээ, Энхсайхан гэдэг хүний данс руу Эрдэнээгээс гээд шилжүүлчих гэсэн. Тэгээд би тэр өдөр “Пийс молл” дотор байдаг Худалдаа хөгжлийн банкны салбарт очиж өөрийнхөө Худалдаа хөгжлийн 410039308 гэсэн дугааартай данснаас Энхсайхан гэдэг хүний Хаан банкны 5014411307 гэсэн дансанд 4,500,000 төгрөг шилжүүлсэн...” гэх /хх-ийн 23х/,
Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дотоод шилжүүлгийн маягт /хх-ийн 15х/,
Хаан банкны депозит дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 17-18х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч З.Мөнхжаргалын хүү М.Эрдэнэд Солонгос улсын виза гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 3,900,000 төгрөг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзаад шүүгдэгч Э.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Нэрэн овогт Эрдэнэбаатарын Энхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД