Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 445

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 04 өдөр        Дугаар 181/ШШ2016/00445             Улаанбаатар хот

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 18-517 тоотод оршин суух, Монгол овогт Сангидүгийн Тэгшдүүрэн /РД:УП88102678/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 3 байрны 48 тоотод оршин суух, Зурамтай овогт Баярхүүгийн Санчир /РД:ТБ90041477/-т холбогдох,

 

300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С.Тэгшдүүрэн миний бие иргэн Б.Санчиртай 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 700,000 төгрөгийг зээлдүүлж байсан.

Уг зээлийн гэрээний дагуу Б.Санчир нь 2 сарын хугацаанд 700,000 төгрөгийг ямар нэгэн хүүгүйгээр зээлж зээлийг 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буцаан төлж барагдуулах учиртай байсан.

Гэсэн хэдийн мөнгөө төлөхгүй удаад байсан тул удаа дараа ямар нэгэн шалтгаан тавин мөнгөө төлөх хугацаагаа хойшлуулж ирсэн ба 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 150,000 төгрөгийг дансаар, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 600,000 төгрөгийг тус тус төлсөн.

Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээнд үүргээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги төлөхөөр тохиролцсон. Ийм учраас Иргэний хууль болон гэрээнд заасны дагуу алдангийг гаргуулах хүсэлттэй байна.

Мөн Иргэний хуульд алдангийн хэмжээ үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн тул алдангийн хэмжээ 350,000 төгрөг болсон ба алдангиас 50,000 төгрөгийг төлсөн тул 300,000 төгрөгийг Б.Санчираас нэхэмжилж байна.

Иймд Б.Санчирыг хариуцагчаар татан зээлийн гэрээний дагуу алданги болох 300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

С.Тэгшдүүрэн миний бие Б.Санчирт холбогдох иргэний хэрэгт бид эвлэрэн хэлэлцэж байна. С.Тэгшдүүрэн миний бие Б.Санчираас 300,000 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд 150,000 төгрөг болон Самсунг брэндийн принтэрийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны дотор авахаар болж эвлэрэн хэлэлцэж байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг судлаад

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Тэгшдүүрэн нь хариуцагч Б.Санчирт холбогдуулан 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, хариуцагч нь “Самсунг” маркийн хэвлэгч болон 150,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч хүлээлгэн өгөхөөр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.      

 

Зохигч талууд ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, Б.Санчирт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч С.Тэгшдүүрэн, хариуцагч Б.Санчир нар эвлэрч, Б.Санчир нь “Самсунг” маркийн хэвлэгч болон 150,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор С.Тэгшдүүрэнд хүлээлгэн өгөхөөр тохиролцож, зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Тэгшдүүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 9,650 төгрөгөөс 4,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас 4,825 төгрөгийг, хариуцагч Б.Санчираас 4,825 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Ө.УЯНГА