Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 108

 

 Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Г.Б , Х.С  ,

Шүүгдэгч: М.Х ,

Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэргүүд овгийн М.Х т холбогдох 1928001250093 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Цогтцэций сум ..................... тоотод оршин суух, урьд нь Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар нийт 7 жилийн хорих ял шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 06 дугаартай Шүүгчийн захирамжаар 10 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 57 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 cap 13 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлсэн, Хэргүүд овгийн М.Х , регистрийн дугаар ......................,

Шүүгдэгч М.Х  нь 2019 оны 03 дугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 01-ний хооронд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бор тээг багийн нутаг дэвсгэр Гучин сүүж гэх газраас иргэн Г.Б ын 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр сарын 24-өөс 25-ны хооронд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сайрын бууц гэх газарт оршин суух иргэн Х.С  гийн 2 тооны адууг хулгайлж 1.600.000 төгрөгийн, 2019 оны 02 дугаар сарын 26-аас 27-ны хооронд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замын шанд багийн нутаг дэвсгэр Хярын гучин гэх газраас Б.М ийн 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн, 2019 Оны 03 дугаар сарын эхээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан- Овоо багийн нутаг Хүрэн цав гэх газраас иргэн С.Б ы эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 2.260.000 төгрөгийн, 2019 оны 05 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг Алаг морьт гэх газраас иргэн Т.М ын эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж 1.080.000 төгрөгийн, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг Нүхэн шанд гэх газраас иргэн Х.М ийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж 1.080.000 төгрөгийн, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс хойш 12 км-т байсан иргэн С.С ын 1 тооны адууг хулгайлж 1.080.000 төгрөгийн хохирол буюу бусдын нийт 9 тооны адууг ТОЗ-8М маркийн буугаар буудан алж, 2776 ӨМА улсын дугаартай Тоёота марк 2 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 9.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

                Шүүгдэгч М.Х ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

                Шүүгдэгч М.Х  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би бусдын малыг хулгайлсандаа гэмшиж байна. Үүнээс хойш дахиж ийм хэрэг үйлдэхгүй. Би өөрийнхөө эзэмшлийн машинаар хөдөө байсан адуунаас хулгай хийж авсандаа гэмшиж уучлалт гуйж байна.

                Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би өглөө болгон адуугаа усалдаг. Тэгээд адуугаа услаад гаргасан байсан. Би гэрээс баруун талд мал хариулж яваад дурандахад манайхаас баруун хойш 6-7 км-т манай адууны баруун талд нь нэг жижиг цагаан машин байгаад байсан. Тэр машиныг мотор нь халаад явж чадахгүй байхаар нь бага багаар айл руу дөхөж байгаа юм байх гэж бодсон. Тэрийг урагшаа яваад нэлээн байж байгаад адуунаас урагш яваад өгсөн. Нар жаргаж байхад адууны баруунтай очоод зогсож байсан. Өглөө нь саахалтаас танайд цагаан машинтай хүн ирсэн үү гэж асуухад үгүй гэж хэлсэн. Тэгээд адуугаа ус руу оруулаад услах гэтэл хээлтэй шарга адуу байхгүй байсан. Тэгээд хулгайд алдсан гэж бодоогүй, унагалсан байдаг юм болов уу гэж бодоод адууны бэлчээр лүү очиход машины мөр байсан. Гэдсийг нь хээлтэй нь булчихаад машин ачаад яваад өгсөн байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгчийг дуудаад хэсгийн төлөөлөгч ирж үзсэн. Мэдүүлэг өг гэж дуудахад ах нь мал төллөөд завгүй байна гэж хэлээд сүүлд очиж мэдүүлэг өгсөн. Үнэлгээгээр тогтоогдсон 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.

                Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С   шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Манай хоёр гүү хоёулаа амьд байсан бол хоёулаа унагалаад дөрөв болсон байх байсан. Манай адуу гэрээс урагш 2, 3 км зайд өндөр хүчдэлийн шон дээр байдаг байсан. Манай хүн өглөө болгон хэдэн уяатай морь луугаа явж ирдэг. Тэгээд хоёр гүү нь алга байна гэж хэлээд ирсэн. Маргааш өглөө нь дахиад морио барих гээд явахад гэдэс толгойг гаргаж хаячихаад явсан байсан. Бид хэд сумаас цагдаа, төлөөлөгч хоёрыг дуудсан. Тэр үеэр манай сумын төлөөлөгч солигдох болсон байсан. Тэгээд цагдаа, төлөөлөгч хоёр мөрдөхөд манай урдаас замаас гарч ирээд өндөр хүчдэлийн шон дээрээс туугаад гэрийн зүүн урд авч ирж байгаад машинаар тойруулж буудаад алсан байсан. Толгойг нь задалж үзэхэд сум гарч ирсэн. Хоёулаа хээлтэй гүү байсан. Мөн 800.000 төгрөгөөр тогтоогдсон. Хоёулаа нийлээд 1.600.000 төгрөг нэхэмжилж байна.

                Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 03-р сарын 30-ны өдөр би гэрээс баруун талд мал хариулж яваад дурандахад манайхаас баруун хойш 6-7 км-т манай адууны баруун талд нь нэг жижиг цагаан машин зогсож байгаа харагдсан. Тухайн үед би тэр машиныг мотор нь халаад явж чадахгүй байхаар нь бага багаар айл руу дөхөж байгаа юм байх гэж бодоод өнгөрсөн. Тэгээд маргааш өглөө буюу 2019 оны 04-р сарын 01-ний өдөр адуугаа хураахад хээлтэй шарга зүсмийн гүү алга байсан. Тэгэхээр нь шарга гүүг унагалаад үлдсэн байх гэж бодоод урд орой адуу байсан газарт нь очиход ойролцоо зогсоод байсан машин тэр шарга гүүг нядалж гэдэс дотрыг нь гаргаж хаяад махыг нь аваад явсан байсан. Манай шарга гүү нас гүйцэж бүдүүрсэн хээлтэй байсан. Тэгэхээр адуугаа унагалах байсан бөгөөд бүдүүрсэн байсан учраас 1.500.000 төгрөгөөр үнэлгээгээр үнэлж байна. Манай шарга зүсмийн гүү унагалах дөхсөн дэлэгнэсэн байсан. тэр хулгайч манай гүүг алаагүй бол өнөөдөр манайх унагатай гүүтэй байх ёстой байсан. Би нэг сая төгрөгөөр унагатай авах боломжгүй. /хх-ийн 113-114-р хуудас/

                Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.С   мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нөхөр Батпүрэв адуугаа харахад бүгд бүрэн байсан. Тэгсэн манай адуунаас 2 сувай гүү алга болсон байна гэж ирсэн. 01 сарын 26-ны өглөө нөхөр хүү 2 гүүг гэрээс зүүн өмнө талд товгийн хажууд алаад арьс толгойг үлдээгээд махыг нь аваад явсан байна гэж ирсэн. Надад 1.600.000 төгрөгийн хохирол учирсан. Үнэлгээгээр тогтоогдсон дүнг хүлээн зөвшөөрч байна /хх-ийн 118-119-р хуудас/

                Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай адуу сумаас урагш 50 км-т Хярын гучин гэх газарт нагац ах Б  гэх айлын адуунд байдаг. Манай адуунаас хээр зүсмийн нэг гүү 2019 оны 02 дугаар сарын 27-нд алга болсон гэж нагац ах Б  утсаар хэлсэн. Өмнөх өдөр буюу 2019 оны 02-р сарын 26-нд нагац ахыг адуугаа харахад байсан гэсэн. Тэгээд 2-р сарын 27-нд адуу усанд ирэхэд танай хээр гүү алга гэж нагац ах надад утсаар хэлсэн. Тэр үед би хээр гүүг ижлээсээ салаад алга болсон байх гэж бодоод өнгөрсөн. 2019 оны 03-р сарын 31-нд би машинаараа аймаг ороод буцаж явах замдаа замын хажууд зогсоод байж байтал замын доор ус зайлуулах хоолойд малын сэг байхаар нь хартал манай адууны шир байсан. Би гомдолтой байна. Нэг адууг 2.500.000 төгрөгөөр авч ирж байсан. Үнэлгээгээр тогтоогдсон 1.000.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна /хх-ийн 124-125-р хуудас/

                Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 03 дугаар сард Шороот гэх газар нутаглаж байх хугацаанд манай адуунаас Шарга халзан, Зээрд халзан зүсмийн хоёр адуу алга болсон. 2 хоногийн дараа Хүрэн цав гэх газарт манай хоёр адууны сэвс гэдэс дотрыг нь гаргаад хаясан байхаар нь ойр орчмоор нь эргэж тойроод үзээд байтал шир толгой, шийр хэсэг олдохгүй байсан юм. Манай ойр орчмын айлууд адуун алдагдаад байхаар нь би цагдаад ирж мэдэгдэж байгаа юм. Манай алдсан гэх адуу уяж хурдлуулж байсан зүйл байхгүй. Манайх уналга эдэлгээнд хэрэглэж байсан адуу. Манай өөрийн унаган адуу байсан. Цогтцэций сумын төвөөс 30 гаруй километрт Хүрэн цав гэх газарт манай хоёр адууны гэдэс сэвс зэргийг гаргаж хаяад явсан байсан. Би гомдолтой. Нэг адууг 1.500.000 мянга хоёр адуу нийлээд 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. /хх-ийн 128-129-р хуудас/

                Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.М  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Цогтцэций сумын Сийрст багийн Алаг морьт гэх газар нутагладаг. 2019 оны 05-р сарын 29-ний өглөө адуундаа явсан. Манай адуу гэрээс баруун талд 15 орчим километрт тарж бутарсан байсан. Тэгээд би цуглуулаад явж байтал манай адуунаас Цэгээн зүсмийн морь алга болсон байхаар нь өмнөх өдөр нь хойд овоон дээр явж байсан жижиг машины мөр адууны ойр орчимд явсан мөр нь таарч тухайн мөрийг хөөгөөд явж байсан чинь манай адууг маань бэлчээрт нь байхад нь тууж холдуулаад хөдөө хээр алаад гэдэс цусыг нь газар ухаж байгаад булсан байхаар нь сумын цагдаагийн хэлтэст мэдэгдсэн. Би гомдолтой байна монгол хүн байж буудаж алдаг нь надад их эвгүй санагдаж байгаа би 1.900.000 төгрөг нэхэмжилж байна. /хх-ийн 133-р хуудас/

                Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.М э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр адуугаа бэлчээрт байхад харсан ба үзэхэд бүрэн байсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 09-ний өглөө худаг ирээд адуугаа услах гэтэл холбоотой байсан хоёр морины хонгор зүсмийн морь нь байхгүй байсан. Холбоотой байсан морь нь ижил сүрэгтээ байсан. Тэгээд адуугаа усалж гаргачихаад бэлчээрт байсан адуугаа очиж үзэхэд жижиг машины бололтой мөр байсан. Ойр орчимд нь хайж үзэхэд ямар мал нядалсан ул мөр цус байхгүй байсан. Бэлчээрт байсан адуугаа хайгаад олдохгүй байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. Миний хонгор зүсмийн морь нь нас гүйцсэн бүдүүн 6 настай адууны сор болсон морь байсан би өөрийнхөө адууг 3.000.000 /гурван сая төгрөг/-өөр үнэлж байна. /хх-ийн 137-138-р хуудас/

                Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С  мөрдөн шалгах  ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймаг Цогтцэций сумын төвд амьдардаг манай адуу Цогтцэций сумын төвөөс 9 километрт шугам гэх газраар  бэлчээрлэж явдаг манай адууны бэлчээрийн газар ногоо сайтай учраас бэлчээрээс өөр газар  бэлчдэггүй ээ хамгийн сүүлд 2019 оны 05-р сарын  10-нд Шугам гэх газрын мотортой усан дээр ирж уугаад гарсан тэр үед санай адуу их цочиж үргэсэн  байдалтай ирсэн тухайн үед би адуугаа нэг бүрчлэн үзэж хараагүй байсан юм тэгээд 11,12-нд болсон цасан шуурганаар манай адуу олон хэсэг болж бутарсан байсан тэгээд би адуугаа бүртгэж байх үед адуун дотроос хялман цэгээн зүстэй ташаан дээрээ загасан тамгатай 6 настай адуу 2019 оны 05-р сарын 11–ний өдрөөс хойш алга болсон байсан тэгээ би хөдөөгөөр явж үзэхэд манай сумын малчин Хүүбаатар  овогтой Х.М  2019 оны 05-р сарын09-ны  үед цагаан өнгийн жижиг  машин адуун дотор үзэж хараа явж байсан дөхөөд очих гэхээр нөгөө цагаан машинтай  хүн зугтаагаад явсан гэж надад хэлсэн. Тэгсэн нөгөө машин дараа  нь Х.М   гэж хүний өөрийнх нь адуун  дотор цагаан машин явж байсан тэгсэн яваад очтол зугтаагаад явсан гэсэн тэгэхэд манай адуу  усны хойд ар  дээр байрлах онгоцны буудалд зориулсан самбарны хажууд байсан.

                Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны  06 сарын 26-ны өдрийн  349 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С. Батсайханы  нас гүйцсэн бүдүүн морь 2 толгой  2.260.000 төгрөг /xx- ийн 169 хуудас /

                Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 330 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Б ын 8 настай шарга зүсмийн гүү хээлтэй 1 толгой 1.000.000 төгрөг/ хх-ийн 173- хуудас/

                Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 08 –ны өдрийн 332 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Х. Сумьяагийн 9 настай хээр зүсмийн гүү 1  толгой 800.000  төгрөг,6 настай шарга зүсмийн гүү 1 толгой 800.000 төгрөг, 1.600.000 төгрөг/ хх-ийн169 –р хуудас/

                Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 08–ны өдрийн 331 дугаартай  шинжээчийн дүгнэлтэд: Б.М ийн 9 настай хээр зүсмийн гүү  1 толгой 1.00.000   төгрөг / хх-ийн 169–р хуудас/

                Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 07  дугаар сарын 08-ны өдрийн 362 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С. Соёлбадрахын 7 настай хялман цэгээн  зүсмийн  адуу 1  толгой 1.080.000  төгрөг/ хх-ийн 186–р хуудас/

                Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны07 дугаар сарын 08–ны өдрийн  363 дугаартай  шинжээчийн дүгнэлтэд: Б.М ын  настай  цэгээн зүсмийн  адуу  1 толгой 1.080.000  төгрөг/ хх-ийн 191–р хуудас/

                Ашид билгүүн ХХк-ийн 2019 оны 07  дугаар сарын 08- өдрийн 361 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Х.М ийн 6 настай хонгор зүсмийн  адуу 1 толгой 1.080.000   төгрөг/ хх-ийн 196–р хуудас/

                Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн 2019  оны 06 дугаар сарын 13  –ны өдрийн  3114 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: шинжилгээнд сангийн анги Т43421 дугаартай, замаг 7278  дугаартай хуучнаар ЗХУ-д агнуур спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэсэн  ТОЗ- 8  загварын бага калибрын винтов буу ирүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг буудлага үйлдэнэ. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь хуучнаар ЗХУ-д ан агнуур спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн эд ангийг засварлаж өөрчлөөгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн 5,6x15R  мм калибртай 3 ширхэг сум нь шинжилгээнд ирүүлсэн буунд калибраараа тохирч байх тул буудлага үйлдэх боломжтой./ хх-ийн 199-200 хуудас/

                Ашид билгүүн ХХК-ийн 2019  оны 07 дугаар сарын 08–ны өдрийн 1000154 дугаартай автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд: М.Х ын эзэмшлийн  38-27 ӨМӨ улсын дугаартай 1996  онд үйлдвэрлэгдсэн 2005 онд Монгол улсад орж ирсэн марк 2 маркийн авто машины өнгө үзэмж техникийн байдал, норм, норматив, зориулалт зэргийг харгалзан  үзэж 2019  оны 07 сарын 08–ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж  үнийг 2.000.000  төгрөгөөр тогтоов /хх-ийн –р хуудас /

                Ашид билгүүн ХХК- ийн 2019 оны 07 дугаар сарын 08–ны өдрийн дугаартай үнэлгээний дүгнэлтэд: ТОЗ-8 маркийн буу 1  ширхэг  төгрөг / хх-ийн 211–р хуудас /

                Шүүгдэгч М.Х  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 01 дүгээр сарын 24-ны орой гэгээ тасрах үед Цогтцэций сумын төвөөс өөрийн марк-2 маркийн 3127 ӨМӨ улсын дугаартай машинаа жолоодон Цогт-овоо сумын чиглэлд шороон замаар нэлээд явсан, замаар явж байхдаа орчин тойрноо харж явтал замаас холгүй газарт хэсэг адуу байхаар нь дөхөж очоод авч явсан калебрь буугаар хээр зүстэй адуу руу нэг удаа буудсан нөгөө адуу газар унасан очоод үзэхэд үхчихсэн байхаар нь төхөөрч махыг нь машиндаа аччихаад тэндээс хөдлөн зам руу орох гээд явж байтал нөгөө хэсэг адуу дахин таарахаар нь машинаасаа бууж шарга байсан билүү загал байсан билүү зүстэй нэг адуу руу мөн буудсан. Адуу ч унасан. Мөн үхсэн байсныг нь төхөөрч гэдэс дотрыг нь тэр газарт нь булж орхиод махыг машиныг машиндаа ачиж аймгийн төв рүү орсон. Тухайн үед шөнө дуусч байсан ба аймагт ирэхэд бараг өглөө болж байсан. Ингээд “Хайрхан” дэлгүүрийн баруун талаар хойшоо явж байгаад нэг махны дэлгүүр байхаар нь худалдагчтай нь утсаар ярьж байгаад килограммыг нь 3500 төгрөгөөр бодож өгсөн. Хоёр адууны мах нийт 1 сая төгрөг болсон. Мөнгөө авч машиндаа бензин хийгээд Цогтцэций сумын төвд буцаж ирсэн. Адуу алж зарсан мөнгөө амьдралдаа зарцуулаад дууссан. /хх-ийн 233-р хуудас/

             Би хээрээс адуу таарвал төхөөрч зарахаар 2019 оны 03 дугаар 03-ны орой нар шингэх үед Цогтцэций сумын төвөөс өөрийн марк-2 маркийн 27-76 ӨМА улсын дугаартай машинаа жолоодон сумын төвөөс зүүн хойш чиглэлд шороон замаар нэлээд явсан. Барагцаагаар 40-50 километр явсан байх. Гадаа гэгээ тасарч харанхуй болсон учир машины гэрлээ асаагаад цааш явж нэг гүвээ давтал хэсэг адуу замаас зайдуу бэлчиж байгаатай таараад замаас машинтайгаа гарч тэр адуунууд руу дөхөж очоод авч явсан калебрь буугаа сумлаад зээрд халзан зүстэй адууг буудсан. Адуу ч газар унасан, бусад адуу үргээд цааш давхилдаад явчихсан. Би буудсан адуун дээрээ очиход адуу үхсэн байсан ба адууг төхөөрч мөч мөчөөр нь салгаж 7 хэсэг болгоод машиндаа махыг нь шир, толгойтой нь хамт ачиж гэдэс дотрыг нь газар ухаж булчихаад дахин нөгөө адуунуудын араас явж холгүй байгаатай таараад мөн буугаа сумлаад шарга халзан адууг буудаж унагаад төхөөрч янзлаад мөн мах, толгой, ширийг машинд ачиж гэдэс дотрыг нь булчихаад тэндээсээ аймгийн төв рүү явсан ба өглөө гэгээ гарсан хойно аймгийн төв рүү орсон. Тэгээд “Өлзий” дэлгүүрийн зүүн урд талд байрлалтай хойшоо харсан хаалгатай махны дэлгүүрийн гадна очиж хаяган дээр бичсэн утасны дугаар руу залгахад эрэгтэй хүн утас авсан. Тэр хүнтэй “адууны мах авах уу” гэж ярихад “авна” гэсэн. “Би танай дэлгүүрийн гадна байна” гэсэн. Түүнээс хойш удалгүй дэлгүүрээс нэг залуу гарч ирсэн. Тэр хүнтэй хамт махыг дэлгүүр рүү оруулж хиллэн өгсөн. Хоёр адууны мах нийт 1.300.000 төгрөг болсон. Килограммыг нь хэдэн төгрөгөөр хэдэн хил мах болсныг одоо санахгүй байна. Мөнгөө аваад Цогтцэций сумын төвд ирж ахуйн хэрэгцээнд зарцуулаад дууссан. Би адуу хулгайлахдаа жолоодож явсан “марк-2” маркийн 27-76 ӨМА улсын дугаартай машиныг 4 жилийн өмнө нэрийг нь сайн мэдэхгүй хүнээс шинэ мотоцклоор сольж авсан юм. Машиныг нь анх авахад бичиг баримт, гэрчилгээ байхгүй эвдэрхий явдаггүй машин байсан. Би засаж янзлаад өөрийн хэрэгцээнд ашиглах болсон ба тэр хүн гэрчилгээг нь надад өгөөгүй хэний нэр дээр бүртгэлтэй байдаг эсэх талаар нь мэдэхгүй. Калебрь буу байсан ба би тэр бууг 2 жилийн өмнө сумаас зүүн урагшаа “Өвсөн” гэх газар, хөдөө хээрээс олсон юм. Бууг олоход мөрлөгч мод нь өмхөрч байхгүй болсон гол төмөр, замаг бусад эд анги нь зэвэнд идэгдсэн байдалтай хаягдаад их удсан шинжтэй байсан. Би бууг гэртээ авч ирэн шар усанд хийж, зэвийг нь арилгаад, мөрлөгч мод хийгээд буудаж үзэхэд сум буудагдаж байсан. Түүнээс хойш бууг өөрөө эзэмших болсон ба бүртгүүлж гэрчилгээ аваагүй. /хх-ийн 244-245-р хуудас/

                Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 34-35, 69, р хуудас/

                Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-105-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Х  нь 2019 оны 03 дугаар сарын 30-аас 04 дүгээр сарын 01-ний хооронд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бор тээг багийн нутаг дэвсгэр Гучин сүүж гэх газраас иргэн Г.Б ын 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр сарын 24-өөс 25-ны хооронд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сайрын бууц гэх газарт оршин суух иргэн Х.С  гийн 2 тооны адууг хулгайлж 1.600.000 төгрөгийн, 2019 оны 02 дугаар сарын 26-аас 27-ны хооронд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замын шанд багийн нутаг дэвсгэр Хярын гучин гэх газраас Б.М ийн 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн, 2019 Оны 03 дугаар сарын эхээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан- Овоо багийн нутаг Хүрэн цав гэх газраас иргэн С.Б ы эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 2.260.000 төгрөгийн, 2019 оны 05 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг Алаг морьт гэх газраас иргэн Т.М ын эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж 1.080.000 төгрөгийн, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг Нүхэн шанд гэх газраас иргэн Х.М ийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж 1.080.000 төгрөгийн, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс хойш 12 км-т байсан иргэн С.С ын 1 тооны адууг хулгайлж 1.080.000 төгрөгийн хохирол буюу бусдын нийт 9 тооны адууг ТОЗ-8М маркийн буугаар буудан алж, 27-76 ӨМА улсын дугаартай Тоёота марк 2 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 9.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

                Бусдын олон тооны мал гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоос дээш мал хулгайлсныг ойлгоно гэж хууль тайлбарласан ба шүүгдэгч М.Х  нь Г.Б , Х.С  , Б.М э, С.Б , Т.М , Х.М э, С.С  нарын 9 тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн шинжид хамаарч байна.

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Б , Х.С  , Б.М э, С.Б , Т.М , Х.М э, С.С  нараас авсан мэдүүлэгт хохирогч нар өөрсдийн адуугаа хулгайд алдсан талаараа болон адуу бэлчээрлэж байсан газар нутаг болон сэг, зэм, шир зэргийг олсон газар нутгийг заан мэдүүлжээ.

                Хохирогч нарын мэдүүлэг нь үнэн зөв мэдүүлэхээ илэрхийлж, баталгаа гаргасны дараа өгсөн мэдүүлэг учир шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

                Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч ... тухайн алсан адуу нь энэ хэргийн хүрээнд хохирогчоор тогтоогдсон хохирогч нарын адуу мөн үү, биш үү. Өнөөдөр адууны эзэд үнэн зөвөөр хэргийн хүрээнд тогтоогдсон уу гэдэг нь эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдлыг бий болгож байна.  Гэрчээр мэдүүлэг авахдаа хуулийг сануулсан зүйл  хэргийн хүрээнд авагддаггүй. Хавтаст хэрэгт авагдсан М.Х ыг гэрчээр байцаасан мэдүүлгийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авсан байдлаар мөрдөн шалгах ажиллагаа хууль зөрчсөн ажиллагааг явуулсан байна... гэх тайлбар гаргаж мэтгэлцэж байх боловч шүүгдэгч М.Х аас мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг авахдаа /хх-ийн 149-р хуудас/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг тайлбарлаж, шүүгдэгч М.Х т танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан гэрчийн мэдүүлэг нь хуульд заасан журмын дагуу авагдсан төдийгүй М.Х  нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ 9 адуу буудсан талаараа мэдүүлсэн мэдүүлгийг эх сурвалж болгон хохирогч нарыг тогтоож, улмаар хохирогч нараас хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсны дараагаар гэмт хэрэг болсон газрыг нэршлийн дагуу цуглуулах ажиллагаа хийгджээ.

Иймд гэрчийн мэдүүлэг нь хуульд заасан журмын дагуу авагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн М.Х  нь уншиж, бичиж чадна гэх мэдүүлгүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд дээрээ өгсөн байх ба өмгөөлөгчтэй оролцох, оролцохгүй тухайгаа өөрөө илэрхийлсэн байдал нь гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээс тодорхой байх тул хууль зөрчсөн байж болох нотлох баримтаар үнэлэхгүй байх зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б т 1.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 330 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Б ын 8 настай шарга зүсмийн гүү хээлтэй 1 толгой 1.000.000 төгрөг / хх-ийн 173- хуудас/ гэснээр, хохирогч С.Б д 2.260.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны  06 сарын 26-ны өдрийн  349 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Б ы  нас гүйцсэн бүдүүн морь 2 толгой  2.260.000 төгрөг /xx- ийн 169 хуудас / гэснээр, хохирогч Х.С  д 1.600.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 08 –ны өдрийн 332 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Х. Сумьяагийн 9 настай хээр зүсмийн гүү 1  толгой 800.000  төгрөг,6 настай шарга зүсмийн гүү 1 толгой 800.000 төгрөг, 1.600.000 төгрөг/ хх-ийн169 –р хуудас/ гэснээр, хохирогч Б.М эд 1.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 08–ны өдрийн 331 дугаартай  шинжээчийн дүгнэлтэд: Б.М ийн 9 настай хээр зүсмийн гүү  1 толгой 1.00.000   төгрөг / хх-ийн 169–р хуудас/ гэснээр, хохирогч С.С ад 1.080.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 07  дугаар сарын 08-ны өдрийн 362 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С. Соёлбадрахын 7 настай хялман цэгээн  зүсмийн  адуу 1  толгой 1.080.000  төгрөг/ хх-ийн 186–р хуудас/ гэснээр, хохирогч Б.М ад 1.080.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны07 дугаар сарын 08–ны өдрийн  363 дугаартай  шинжээчийн дүгнэлтэд: Б.М ын  настай  цэгээн зүсмийн  адуу  1 толгой 1.080.000  төгрөг/ хх-ийн 191–р хуудас/ гэснээр, хохирогч Х.М эд 1.080.000  төгрөгийн хохирол учирсан болох нь: Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 07  дугаар сарын 08- өдрийн 361 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Х.М ийн 6 настай хонгор зүсмийн  адуу 1 толгой 1.080.000   төгрөг/ хх-ийн 196–р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.

Хохирогч Г.Б , Х.С  , Б.М э, С.Б , Т.М , Х.М э, С.С  нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ....улсын үнэлгээгээр тогтоогдсон дүнгээр хохирлоо төлүүлж авмаар байна гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт шүүгдэгч М.Х аас 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Б т, 1.600.000 төгрөг гаргуулан хохирогч Х.С  д, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.М эд, 2.260.000 төгрөг гаргуулан хохирогч С.Б д, 1.080.000 төгрөг гаргуулан хохирогч Т.М ад, 1.080.000 төгрөг гаргуулан хохирогч Х.М эд, 1.080.000 төгрөг гаргуулан хохирогч С.С ад тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Х ын үйлдсэн гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг нь 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлагдсан ба улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын санал гаргав.

Шүүх шүүгдэгчийн ар гэрийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Х т хорих ял шийтгэж шийдвэрлэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Х ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүгдэгч М.Х  нь шүүхийн хэлэлцүүлэгт бусдын адууг хулгайлахдаа өөрийн эзэмшлийн марк-2 маркийн автомашинаар махыг тээвэрлэсэн талаараа мэдүүлж байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...хураан авсан хөрөнгө орлогоыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулна гэж заасны дагуу хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч М.Х ын өмчлөлийн 27-76 ӨМА улсын дугаартай, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний дүгнэлтээр 2.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн, Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийг хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулах зорилгоор худалдан борлуулахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгаж шийдвэрлэв.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гол төмрийн дугаар 43421, замагны дугаар 7278, ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, 13 ширхэг сумыг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгаж,  85 см урттай ногоон өнгийн мяндсан уяа 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Х  нь хохирогч нарт төлбөр төлөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Хэргүүд овгийн М.Х ыг бусдын олон тооны малыг  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х т 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х т оногдуулсан 3/ гурав/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч М.Х т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Х аас 1.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Б  /Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум, Бортээг баг, ................. гэх газар оршин суух, регистрийн дугаар:............/-т, 1.600.000 төгрөг гаргуулан хохирогч Х.С   /Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум, Бортээг баг, .................. гэх газар оршин суух, регистрийн дугаар:................./-д, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.М э /Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум, Замын шанд баг, Баян .............. тоотод оршин суух, регистрийн дугаар:КМ90072518/-д, 2.260.000 төгрөг гаргуулан хохирогч С.Б  /Өмнөговь аймаг, Цогтцэций сум, .............. тоотод оршин суух, регистрийн дугаар:................./-д, 1.080.000 төгрөг гаргуулан хохирогч Т.М  /Өмнөговь аймаг Цогтцэций .................. оршин суух, регистрийн дугаар:.................../-д 1.080.000 төгрөг гаргуулан хохирогч Х.М э / Өмнөговь аймаг Цогтцэций сум, ............. оршин суух, регистрийн дугаар:............./-д, 1.080.000 төгрөг гаргуулан хохирогч С.С  /Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо, ............... тоотод оршин суух, регистрийн дугаар:........................./-д тус тус олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гол төмрийн дугаар 43421, замагны дугаар 7278, ТОЗ-8 маркийн буу 1 ширхэгийг, 13 ширхэг сумны хамт Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгаж, 85 см урттай ногоон өнгийн мяндсан уяа 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х ын өмчлөлийн 27-76 ӨМА улсын дугаартай, 2.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн, Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийг хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулах зорилгоор худалдан борлуулахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д  зааснаар шүүгдэгч М.Х  нь хохирогч нарт төлбөр төлөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА