Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 355

 

Д.Сансардоржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Гансүх, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

ялтан Д.Сансардоржийн өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Сансардоржийн гаргасан давж заалдах гомдлоор, түүнд холбогдох эрүүгийн 201726020280 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв. 

Их мянган овогт Доржжавын Сансардорж, 1975 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын 1 дүгээр гудамж, 147 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо хамтран амьдрагчийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 63б байрны 00 тоотод оршин суух,

Нийслэлийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 61 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 267 дугаар зүйлийн 267.2, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2006 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 1 сар 10 хоног баривчлах ялаар шийтгэгдэж, 2010 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: УБ75092513/,

Д.Сансардорж нь согтуугаар 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны 1 дүгээр орцонд 81 настай эмэгтэй Ц.Охиноогийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан эд зүйлийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан эд зүйлийг нь дээрэмдэж 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газар: Д.Сансардоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Сансардоржийг бусдын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар Д.Сансардоржийг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Сансардоржид оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Сансардорж нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд  хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Сансардоржийн энэ хэрэгт цагдан хоригдсон 82 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Сансардоржид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Д.Сансардорж гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би эхнэрийн хамт түрээсийн байранд амьдардаг. Эцэг, эх, ах, эгч нараас маань амьд сэрүүн байгаа ганц ах Д.Батбаатар нь ходоод, нойр булчирхайн хорт хавдарын улмаас хагалгаанд орсон ба цаашид эмчилгээгүй гэж тогтоогдсон. Одоогоор гэрийн асаргаа сувилгаанд “Морфин” гэх тариа хийлгэж хэвтэрт байгаа. Би хоригдохоосоо өмнө ахтайгаа хамт байж, анхаарал халамж тавьж, асарч тойлдог байсан. 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Охиноо гуай “хальтирч унаад байна” гээд намайг сугадаж явсан. Тэр үед би элдэв гэмт хэргийн сэдэлгүй, гэрийнх нь орцонд хүргэж өгтөл чихэн дэх ээмэг нь унах гэж байгаа юм шиг харагдахаар нь ээмгийг нь аваад эргээд явсан. Гэтэл тэр хүн эсэргүүцэл үзүүлээгүй, би түүнд ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Харин мөрдөн байцаалтын шатанд хохирогч “амыг минь дарсан” гэж мэдүүлсэн байсан. Би өөрийн бурууг ойлгож, хохирогчоос уучлалт гуйж ээмгийг нь буцааж өгсөн. Шүүх хуралдаанд хохирогч гомдол, саналгүй талаараа бичиг хийж өгсөн. Би өөрийн гэм бурууг чин сэтгэлээсээ гэмшиж байгаагаас гадна ахыгаа нүд анихад нь хажууд нь байх хүсэлтэй байх тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж, тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.

Ялтан Д.Сансардоржийн өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ялтан Д.Сансардоржийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Түүний хувийн байдлыг харгалзаж түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, тэнсэж хянан харгалзаж өгнө үү. Учир нь Д.Сансардорж нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа. Мөн эхнэр нь жирэмсэн эмнэлэгт хэвтэж байгаа. Д.Сансардоржоос өөр ажил хийж, ар гэрээ авч явах хүн байхгүй...” гэв. 

ХЯНАВАЛ:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Д.Сансардорж нь согтуугаар 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны 1 дүгээр орцонд 81 настай эмэгтэй Ц.Охиноогийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан эд зүйлийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан эд зүйлийг нь дээрэмдэж 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Охиноогийн “... Би 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 2 дугаар хорооны дэргэдэх байр буюу манай гэрээс ойролцоогоор 500 орчим метрийн зайтай байдаг найз Лхамсүрэнгийн гэрт очоод, 16 цагийн үед буцаж гэр лүүгээ ганцаараа явсан. Тухайн үед гэрэл гэгээтэй, үзэгдэх орчин сайн харагдаж байсан. Гэр лүүгээ харих замдаа би нэг хальтирсан. Тэгэхэд хар, бараан өнгийн хувцастай хүн “Хүүе эмээ минь хальтирлаа” гэсэн. Тэгээд намайг жаахан түшиж явж байгаад яваад өгсөн ба би цаашаа өөрийн гэр болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 34 дүгээр байрны 1 дүгээр орц руу ороход орцны хаалганы дотор талд үл таних этгээд ноосон, ширүүн бээлийгээр миний ар талаас ам дарсан. Тэгээд миний зүүчихсэн байсан 2 ээмгийг сугалж аваад зугтаагаад явсан. Намайг араас нь харахад куртикнийх нь малгай үстэй байсан...” /хх-22/,

Гэрч Д.Туяагийн “... Би 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр өглөө 10 цагт ажлаасаа буусан. Тэгээд ээлжээ соличихоод гэртээ ирэхэд Д.Сансардорж байгаагүй. Намайг залгаад хаана байгаа талаар нь асуухад Хархорин худалдааны төв дээр байна гэж хэлсэн ба надад 2500 төгрөг байхаар нь би хоол ундны зүйл авъя гэж бодоод Хархорин худалдааны төв орсон. Би юмаа авчихаад харих гэтэл Хархорин худалдааны төвийн орчим Сансардоржтой таарсан. Тэгэхэд бага зэрэг юм уучихсан, үнэртүүлсэн байсан. Тэгээд бид 2 гэртээ ирсэн ба Д.Сансардорж гэдэс цэвэрлэчихээд, 14 цагийн үед гарчихаад ирье гээд гарсан. Тэгээд 15-аас 16 цагийн үед буцаж ирэхдээ нэмээд архи уучихсан байсан. Тэгэхэд надад 20.000 төгрөгийн 3 ширхэг дэвсгэрт нийт 60.000 төгрөг өгөхөөр нь би “юун мөнгө юм бэ” гэж асуухад “найз тааралдаад өгсөн” гэхээр нь би авсан. Түүнээс гэмт хэрэг үйлдсэн талаараа, мөн гэмт хэрэг үйлдэж авсан эд зүйлээ хэрхсэн талаараа надад хэлээгүй. Харин 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр эргэлтээр очиж уулзахад хэрэг үйлдсэн талаараа надад хэлсэн. Тэгээд тэр ээмгээ ломбарданд тавьсан, мөнгөнөөс нь 60.000 төгрөгийг нь чамд өгсөн юм гэж хэлсэн...” /хх-24/,

Гэрч О.Нямдаваагийн “... Д.Сансардорж ахыг бусдын эд зүйлийг дээрэмдсэн гэдгийг мэдээгүй бөгөөд сүүлд цагдан хоригдсоных нь дараа Туяа эгч Д.Сансардоржийн хувцасны халаасанд ломбардны бичиг байна гэхээр нь би тус ломбарданд очиж үзэхэд урьд өмнө огт харж байгаагүй ээмэг байсан бөгөөд Д.Сансардорж ахыг эхнэр нь эргэж очиход миний дээрэмдсэн ээмэг 1 дүгээр хорооллын ар талын ломбарданд байгаа, аваад хохирлыг нь төлөөрэй гэж хэлсэн учраас би энэ ээмгийг дээрэмдэж авсан ээмэг гэж бодоод авч ирсэн...” /хх-26-27/,

Гэрч Э.Мөнхзулын “... Би 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ломбарданд ажиллаагүй бөгөөд нөгөө ээлжинд байсан Мөнхжаргал ажиллаж байсан. Би эд зүйл барьцаанд авдаг бүртгэлийн дэвтрээ болон барьцаанд эд зүйл авсан барьцаат зээлийн гэрээг шалгахад 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Д.Сансардорж нь 2.9 граммын жинтэй, монетан ээмгийг 110.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан. Д.Сансардоржийн дүү О.Нямдаваа гэх залуу “манай ах одоо цагдаад шалгагдаад хоригдож байгаа тул барьцаанд тавьсан ээмгийг нь аваад хохирогчид нь өгч хохиролгүй болгох гэж байгаа юм. Ээмгийг чөлөөлж өгөөч” гээд байхаар нь О.Нямдаваагийн гараар ээмэг хүлээн авлаа гэж бичүүлсэн ба ээмэгний төлбөрийг О.Нямдаваа нь төлөөд, ээмгийг авсан...” /хх-28/,

Яллагдагч Д.Сансардоржийн “... Манай эхнэр Цамбагарав худалдааны төвд байдаг “Цагаан дэглий” гэдэг зочид буудалд үйлчлэгчээр ажилладаг юм. Би 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 10 цагийн үед эхнэрийгээ тосч авсан бөгөөд бид хамт Хархорин зах ороод 1 кг гурил, 1 цувдайтай авсан. Тэгээд гэртээ ирээд эхнэрийн хамт авсан цувдайгаа цэвэрлэсэн. Би эхнэрийнхээ хар өнгийн арьсан цүнхийг зөвшөөрөлгүйгээр аваад гарсан. Учир нь би тэр цүнхийг худалдаад хоолны тос авъя гэхэд эхнэр уурлаад, тэрнээс нь болж бид маргалдаад би тэр цүнхийг нь зөвшөөрөлгүйгээр аваад Хархорин зах руу алхаж явсан. Тус цүнхийг 20.000 төгрөгөөр зарчихаад гараад явж байтал ягаан өнгийн дээлтэй, ягаан өнгийн малгайтай настай эмээ тааралдсан ба “эмээ нь хальтирч унах гээд байна, дөхүүлээд өгөөч” гэсэн. Тэгээд тэр эмээ намайг сугадаад явсан. Тэр эмээ байрныхаа гадаа ирээд, энэ манай байр, эмээ нь ингээд орчихъё гээд надаас салаад явсан. Сугадаж явж байхдаа эмээг хартал чихэндээ монетан ээмэг зүүсэн байсан. Тэгээд би эмээг салаад явахаар нь араас нь дагасан ба орц руугаа оронгуут нь араас нь дагаж ороод дээш гаралгүй шууд чихнээс нь ээмгийг нь сугалж авсан. Тэгээд л гараад явчихсан. Тухайн үед би савхин бээлийтэй байсан. Би тэндээсээ 1 дүгээр хорооллын Хархорин худалдааны төвийн ар талын арктай байрны нэг ломбарданд ороод 110.000 төгрөгөөр ээмгийг барьцаанд тавьсан. Ломбардны хүн 40 орчим насны эрэгтэй хүн байсан. Би авахдаа бичиг баримтаа өгнө гэж хэлээд өөрийнхөө овог нэр, регистерийн дугаарыг хэлээд ломбарданд ээмгийг барьцаанд тавьсан. Барьцаанд тавьчихаад 1 дүгээр хорооллоор нийлж уудаг хүмүүстэй нийлж 2 шил архи уусан. Тэгээд гэртээ иртэл Туяа архи уулаа гэж уурлаад маажиж, цохиж зодоод цагдаа дуудсан. Би 110.000 төгрөгийн 50.000 төгрөгөөр архи авч уусан. 60.000 төгрөгийг нь найзаасаа авсан юм гээд Туяад өгсөн...” /хх-41/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Ц.Охиноогийн биед 2 чихний гэдсэнд зулгарал, зүүн мөрний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 1866 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-31/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-6-10/, эд зүйлийн үнэлгээ /хх-13/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-14/, барьцаат зээлийн гэрээ /хх-15/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-16-17/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Д.Сансардоржид холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, түүнд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний гэм бурууд тохирсон байх ба мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Ялтан Д.Сансардорж нь “... Оногдуулсан ялыг хөнгөрүүлж, тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэсэн агуулага бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд ялтан Д.Сансардорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, 81 настай хүнийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан эд зүйлийг нь дээрэмдсэн хэргийн нөхцөл байдал, мөн урьд 2 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд ялтан Д.Сансардоржийн оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахыг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Сансардоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                  Д.ГАНСҮХ

                                                                    Д.ОЮУНЧУЛУУН