| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | Цагаатгал |
| Дугаар | 177 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Батцэнгэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 177
Л.Ж-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Цаг зуурын шүүн таслах газрын 1930 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн таслан шийтгэх тогтоолтой Л.Ж-д холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
1930 оны байдлаар 29 настай, Цэцэрлэг мандал аймгийн Хөвсгөл далай уулын хошуу, сум, хориныг мэдэхгүй, гишүүн бус, түвд бичиг мэднэ, ном, гүрэм унших, зод лүүжин тавих зэргээр хэсүүчлэн явдаг, эцэг Л, эх Д нар нас нөхцсөн, урьд ял шийтгэлгүй, Л овогтой Ж нь “Өөрийн биеийг “Майдарын хувилгаан” хэмээх нэр зүүж, ард олныг мунхруулан төөрөгдүүлж, элдвээр мөлжиж, өөрийгөө өргөмжлөн хүндлүүлж явсан төдийгүй, Монголын хувьсгалт засаг төрд тэрсэлж, худал цуурхал дэгдээж олон түмнийг үймүүлсэн” гэх гэмт хэрэгт холбогджээ.
БНМАУ-ын Цаг зуурын шүүх таслах газрын 1930 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр таслан шийтгэсэн тогтоолоор Шүүх цаазны бичгийн ерөнхий ангийн 31 дүгээр зүйлийн 1, 5, 6 дахийг журамлан хүндэтгэж, тусгай ангийн 49 дүгээр зүйлийг баримтлан Л.Ж-д 8 жил хорих ял оногдуулсан байна.
Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Л.Ж нь хоригдож байхдаа хүнд өвчин туссан учир Засан сайжруулах газраас хүнд өвчтэй ялтнуудыг суллан тавиулахаар Дээд шүүх газарт хүсэлт гаргаж хандсан боловч энэ хугацаанд Л.Ж шоронд өвчнөөр нас барсан тул Дээд шүүх таслах газрын 1931 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 54 дүгээр тоггоолоор уг асуудлыг авч хэлэлцээгүй байна. Л.Ж-ийг улс төрийн хэрэгт холбогдуулан удаа дараа байцааж, өөрийнх нь мэдүүлэгт үндэслэн БНМАУ-ын Цаг зуурын шүүх таслах газрын 1930 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр таслан шийтгэсэн тогтоолоор Шүүх цаазны бичгийн ерөнхий ангийн 31 дүгээр зүйлийн 1, 5, 6 дахийг журамлан хүндэтгэж, тусгай ангийн 49 дүгээр зүйлийг баримтлан 8 жил хорих ялаар хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хэрэгт Л.Ж-ийн өөрийнх нь мэдүүлгээс өөр баримтгүй байхад өөрийнх нь мэдүүлэгт үндэслэн гэм буруутайд тооцож, 20/1930/ оны 05 дугаар сарын 24, 1930 оны 07 дугаар сарын 06,1930 оны 07 дугаар сарын 18-ны өдрүүдэд Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 44 болон 49 дүгээр зүйлийг баримтлан түүнд нийт 3 удаа ял төлөвлөсөн байна. Л.Ж-ийн үйлдсэн гэх хэргийн улмаас тухайн үед нийгэмд болон иргэдэд учирсан хор хохирлыг болон гэмт хэргийн санаа зорилго зэргийг шалгаж тогтоосон, бусдаар гэрчлүүлэн нотлуулсан баримт хавтаст хэрэгт байхгүй. Л.Ж-ийн улс төрд тэрсэлсэн, цуурхсан гэх хэрэг нь тухайн цаг нөхцөлд ард олны дунд түгээмэл яригддаг байсан үнэн бодит байдал байсан бөгөөд төр, засгийн эсрэг тэрсэлсэн гэмт хэргийн шинжгүй байхад түүнийг лам, хувилгаан гэх зэрэг тухай үеийн хэллэгээр ангийн дайсны хувьд нь улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгэж хэлмэгдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Л-ын Ж-д хувьсгалын эсэргүү цуурхал тараасан, улс төрд тэрсэлсэн гэх улс төрийн хилс хэрэгт холбогдуулан БНМАУ-ын Цаг зуурын шүүх таслах газрын 1930 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор хорих ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг/ хуулийг илт буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн/-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна. Л.Ж-ийг зөвхөн өөрийнх нь мэдүүлэгт үндэслэж, улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хэргийг нотолсон хөндлөнгийн ямарч баримтгүйгээр хилсээр 8 жил хорих ял шийтгэсний улмаас шоронд ял эдэлж байхдаа хүнд өвчин тусч нас барсан гэж үзэх үндэслэлтэй байна. Түүний мэдүүлгээс өөр үйлдлийг нь нотолсон баримт байдаггүй. Хэргийн улмаас нийгэмд учирсан хохирлыг тогтоосон баримт байхгүй. Иймд улс төрд ямар нэгэн байдлаар тэрсэлсэн гэмт хэргийн шинжгүй байхад хилс хэрэгт шийтгэсэн гэж үзэх үндэслэлтэй тул Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Цаг зуурын шүүн таслах газрын 1930 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож Л.Ж-ийг хэлмэгдсэнд тооцож, цагаатгах саналтай байна” гэсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах нь шүүхийн эцсийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан эсэхийг урьд мэдэгдээгүй байсан нөхцөл байдалд үндэслэн дахин хянаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой үе шат бөгөөд шүүн таслах ажиллагаагаар шударга ёсыг цаг хугацаанаас үл хамааран хэзээд хэлбэрэлтгүй тогтоож байх чухал баталгаа болж өгдөг.
Энэ ажиллагааны зорилго нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч болон оролцогч нарын хууль бус ажиллагаа болон шүүхэд урьд мэдэгдээгүй байсан бусад нөхцөл байдлын улмаас алдаатай гарсан шүүхийн шийдвэрийг засаж залруулах байдлаар хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах явдал юм.
Хэргийг сэргээн шалгах үндэслэлд нэгдүгээрт шүүх хэргийг шийдвэрлэх үед бий болсон байсан боловч мэдэгдээгүй байгаад хожим илэрсэн бөгөөд шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлууд, хоёрдугаарт шүүх шийдвэр гарах үед бий болоогүй байгаад хожим үүссэн гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг үгүйсгэх хүчин чадалтай нөхцөл байдлууд бүгд хамаарна. Эдгээр нөхцөл байдлууд нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тогтоогдсон байх ба шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны буюу шударга гарсан эсэхэд бодитой эргэлзээ төрүүлэх хэмжээнд байж хэргийг дахин шинээр хэлэлцэх үндэслэл болж чадах учиртай.
Шүүх хэргийг хянан хэлэлцэх, шийдвэр гарах үед бий болсон байсан шүүхэд мэдэгдээгүй нөхцөл байдлууд гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч, эсхүл оролцогч нар хууль бус ажиллагаа явуулж, тухайлбал гэрч, шинжээч, орчуулагч хуурамч мэдүүлэг, дүгнэлт, орчуулга санаатай гаргах, шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашиглах байдлаар хэргийн нотлох баримтыг бүрдүүлснийг хэлэх бөгөөд энэ нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нотлогдсон байх шаардлагатай бол хожим бий болсон нөхцөл байдалд урьд гарсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг үгүйсгэх шүүхийн бусад тогтоол, шийдвэрээс гадна Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, олон улсын хүний эрхийн болон бусад шүүхийн шийдвэрүүд болон Монгол Улс олон улсын гэрээ, конвенцод нэгдсэн, шинэ хууль тогтоомж баталсан зэрэг нь хамаарна.
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай“ Монгол Улсын хууль 1998 онд батлагдаж уг хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах эрүүгийн хэргүүдийн хувьд шинэ нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэх үндэслэл нь энэ хуулиар тухайн үеийн эрүүгийн хууль тогтоомжид заасан улс төрийн буюу төрийн эсрэг гэмт хэрэг, эрүүгийн хуульд шууд заагаагүй боловч намын эсрэг гэх хэргийг гүтгэлэг, бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл, албадлага зэрэг хууль бус аргаар зохиомлоор бүрдүүлсэн хэрэгт хууль бусаар холбогдуулж шүүх тусгай, онцгой бүрэн эрхт комиссын болон нам, төрийн бусад байгууллагын шийдвэрээр баривчлан мөрдөх, эрүүгийн ял шийтгэл эдлүүлэх, шүүхээс гадуур нутаг зааж суулгах, хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлах, хасах замаар амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учруулсан үйл ажиллагааг улс төрийн хилс хэрэгт хамааруулан хуульчилсан явдал юм.
Монгол Улсын Их хурлаас батлан гаргасан дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсгийн в-д шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1934 оны “Шүүх цаазны бичиг”-ийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нь хэргийг шинэ нөхцөл байдлын улмаас сэргээн хэлэлцэх үндэслэл болох талаар тодорхой заажээ.
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд заасан уг нөхцөл байдлууд нь зөвхөн хэргийг шинээр хэлэлцэх үндэслэл болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсний дараа явагдах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан ердийн журмыг баримтлан явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг шинээр хянан шийдвэрлэнэ.
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол анхан шатны шүүх уг хэргийг дахин шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийдвэрийн заалтыг удирдлага болгохгүй.
Ийнхүү Л.Ж-д холбогдох хэргийг цагаатгал хариуцсан прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-д заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх зөрчигдсөн” гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай дүгнэлтээ бичиж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Л.Ж нь “Өөрийн биеийг “Майдарын хувилгаан” хэмээх нэр зүүж, ард олныг мунхруулан төөрөгдүүлж, элдвээр мөлжиж, өөрийгөө өргөмжлөн хүндлүүлж явсан төдийгүй, Монголын хувьсгалт засаг төрд тэрсэлж, худал цуурхал дэгдээж олон түмнийг үймүүлсэн” гэх гэмт үйлдэл болон үйл баримтыг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, Шүүх цаазны бичгийн 49 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн санаа зорилго, үйлдэл оролцоо нотлогдоогүй, гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий шүүх таслах газрын тогтоолд дурдсан дээрх цуурхлыг тараасан гэх үйлдлийн улмаас нийгэмд учирсан ямар нэгэн хохирол учирсан нь тогтоогдоогүй байхад хүчээр хэрэг хүлээлгэж, гэм бурууг тогтоосноос гадна ямар ч нотлох баримтгүйгээр ял шийтгэсэн нь улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэл болно.
Хэдийгээр энэхүү гэм хэрэг гарснаас хойш 90 жил өнгөрсөн хэдий ч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийтгэх тогтоолыг хянан үзэх явдал нь ял шийтгүүлсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байвал хугацаагаар хязгаарлахгүйгээр хянан хэлэлцэх боломжтой билээ.
Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Цаг зуурын шүүх таслах газрын 1930 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Л.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын цаг зуурын шүүх таслах газрын 1930 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Л.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Л-ын Ж-ийг цагаатгасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН