Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 111/ШШ2017/0019

 

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасан, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч С.Төгс-Эрдэнэ, гуравдагч этгээд М.Мэндсайхан нарыг оролцуулан С.Шаравсамбуугийн нэхэмжлэлтэй, Баян-Овоо сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга С.Төгс-Эрдэнэд холбогдох “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хурлын 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаан хууль бус болсныг тогтоолгох, Баян-Овоо сумын 1дүгээр багийн Засаг даргыг сонгох Иргэдийн Нийтийн хурлын хуралдааныг дахин явуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасан нэхэмжлэлийн үлдэх шаардалагааас татгалзсан болно.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Шаравсамбуу анх “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хурлын 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хурлын 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр “Сумын Засаг даргад санал уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хуралд багийн Засаг дарга сонгох хуралдааныг дахин явуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасан нэхэмжлэлийн шаардлагыг “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хурлын 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаан хууль бус болсныг тогтоолгох, Баян-Овоо сумын 1 дүгээр багийн Засаг даргыг сонгох Иргэдийн Нийтийн хурлын хуралдааныг дахин явуулахыг даалгах” гэж тодруулж, багасгасан байна.

Энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад “Баян-Овоо сумын 1 дүгээр багийн Засаг даргыг сонгох Иргэдийн Нийтийн хурлын хуралдааныг дахин явуулахыг даалгах” шаардлагыг хариуцагч С.Төгс-Эрдэнэ хүлээн зөвшөөрсөн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан. Хариуцагч С.Төгс-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлахааргүй байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасан итгэмжлэлээр өөрт олгогдсон эрхийн хүрээнд “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хурлын 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаан хууль бус болсныг тогтоолгох” шаардлагаас татгалзаж байгаагаа шүүх хуралдааны явцад мөн илэрхийлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “...шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаны, хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг үйлдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийгудирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан С.Шаравсамбуугийн нэхэмжлэлтэй, Баян-Овоо сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга С.Төгс-Эрдэнэд холбогдох “Баян-Овоо сумын 1 дүгээр багийн Засаг даргыг сонгох Иргэдийн Нийтийн хурлын хуралдааныг дахин явуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсгийг баримтлан С.Шаравсамбуугийн нэхэмжлэлтэй, Баян-Овоо сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга С.Төгс-Эрдэнэд холбогдох “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хурлын 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаан хууль бус болсныг тогтоолгох” захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим хэсгээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дахь хэсэгтзаасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг С.Шаравсамбууд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн энэхүү захирамжийн гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН