Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 213/МА2016/00005

 

*******ын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Улсын бүртгэл,

Статистикийн газарт холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг  шүүгч  М.Мөнхдаваа  даргалж, шүүгч Г.Уламбаяр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны  шүүхийн шүүгч Л.Нямдорж  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

            Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2016 оны  8  дугаар сарын 8-ны  өдрийн 131/ШШ2016/00532  дугаар  шийдвэртэй

            Нэхэмжлэгч  *******ын нэхэмжлэлтэй   

            Хариуцагч Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газарт холбогдох 

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 31-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов. 

Нэхэмжлэгч *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Намайг 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн Б/07 тоот тушаалаар ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.

 Ээлжийн амралтыг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ажлын 24 хоногоор олгосон, ээлжийн амралтын хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал олгогдсон байтал ажил олгогчийн зүгээс амралтын сүүлчийн өдөр буюу 4 сарын 28-ны өдрөөр ажил олгогчийн санаачилгаар ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцаллаа.

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас хийсэн онлайн хурлаар хоёр байгууллага нэгдсэнээр ажилгүй болно, халагдана солигдоно гэсэн зүйл байхгүй гэж хэлсэн. Ижил орон тоо байгаа тохиолдолд аль нэг илүү орон тоон дээр байгаа хүмүүсээ гаргалгүй аль болохоор үлдээж, гэрээт ажилтанаар ажиллуулахыг анхааруулж мэдэгдсээр байтал намайг ажлаас халсан нь хувийн сонирхолтой гэж үзэж байна.

Мандах миний биеийг Баянхонгор аймгийн Улсын Бүртгэл, Статистикийн газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивчийн ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш ажилгүй байлгасан хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******аас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:           

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Баянхонгор аймгийн УБСГ-ын даргын тушаалыг хүчингүй болгож хуучин ажиллаж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн  Улсын бүртгэл, стастикийн газрыг төлөөлж дарга ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын даргын тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаж, хамт олны хурлаас цөөнхийн санал авсан архивч *******ыг чөлөөлөхөөр 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/07 тоот тушаалыг гаргасан. *******ыг чөлөөлөөд буцаагаад архивчийн ажилд авах боломжгүй ерөнхий газраас нэг архивчтай байхаар тушаал ирсэн учир олонхийн санал авсан *******г  архивчаар томилсон юм.  *******ыг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс  тасалбар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн байгаа болохоос биш *******ыг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр чөлөөлсүгэй гэсэн заалт байхгүй гэдгийг дахин дахин илэрхийлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Улсын бүртгэл стастикийн газрыг төлөөлж   дарга ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

*******ыг ажлаас чөлөөлөхдөө 2016 оны 02 сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас гардуулсан. ******* нь ажлаас чөлөөлөгдөхөөсөө өмнө ээлжийн амралтаа биеэр эдлэх хүсэлтэй болохоо илэрхийлсэн тул хүсэлтийг нь харгалзан ээлжийн амралтыг нь өгсөн юм. Улмаар ******* ээлжийн амралтаа биеэр эдлээд 2016 оны 04 сарын 29-ний өдөр ажилдаа орох байсан. Мөн өдрөөр нь ажлаас чөлөөлсөн.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан тушаал гаргасан. Манай байгууллага татан буугдаагүй нь ойлгомжтой 2 архивч ажиллаж байсныг 1 архивч болгон орон тоог цөөрүүлсэн тул уг хуулийн дээрх хэсгийг удирдлага болгосон. Гэрээт ажилтны хувьд өмнө ажиллаж байсан мэргэжлийн хүмүүс болон шинээр авсан хүнийг нас хүйс буюу ажлын байрны онцлог байдлыг харгалзан нягтлан бодогчтойгоо зөвшилцөөд нярав гэсэн ажлын байран дээр эрэгтэй хүн авч ажиллуулсан юм. Энэ ажлын хувьд бичиг баримтыг зөөж зөөвөрлөх биеийн хүч шаарддаг тул энэ байдлыг бодолцож авч ажиллуулсан юм.

******* нь ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмждээ 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авсан. Тэтгэмж авсан нь ажлаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрч байгаа нэг хэлбэр гэж ойлгож байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын 2016 оны 04 сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 сарын 29-ний өдөр хүртлэх ажилласан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч *******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгаж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан *******ын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдох Баянхонгор аймгийн Улсын Бүртгэл, Статистикийн газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивчийн ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Ажил олгогч хууль мэддэггүй тул зөрчил гаргаж намайг ээлжийн амралттай байхад ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйл 43.2-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасаар байхад ажил олгогч 2016 оны 04 дүгээр сарын  28-ны өдөр ажил хүлээлцэх комисс байгуулж тушаал гаргахдаа ажил хүлээлцсэн тухай 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дотор танилцуулахыг комиссын даргадаа үүрэг болгосон байдаг. Дээрх үндэслэлүүдээс дүгнэлт хийж үзвэл ажилтан хуульд нийцсэн ажлаас халагдсан  өдөргүй  үлдсэн байгаа биз дээ.

Ажил олгогч намайг ажил хүлээлцсэн өдөр ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргасан бол хуульд нийцэх байсан.

2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ажлаас халсан тушаалдаа хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээс аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаагаа зааж өгөөгүй байгаа нь хууль зөрчиж байна.

Хариуцагч  нь намайг  бүтэц орон тооны өөрчлөлтөөр чөлөөлсөн байтлаа бүтэц орон тооны өөрчлөлтөөр 4-5 гэрээт ажилтнуудыг ажиллуулж байгаа нь хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл үндсэн ажилтныхаа эрх зүйн байдлыг дордуулан олон гэрээт ажилтан авсан гэрээт ажилчдын оронд намайг ажиллуулах боломжтой байсан.

Хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч Ч.Баярцэнгэл нь 2016 оны  08 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан дээр шийдвэрээ уншиж сонсгохдоо улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг нэхэмжлэгч *******аас гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай гэж уншиж сонсгож байсан боловч шийдвэртээ зөвтгөж улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тухай дурьджээ. Тиймээс давж заалдах шатны шүүх хуралдаан дээр анхан шатны шүүх хуралдааны бичлэгээс шинжлэн судлуулах хүсэлтэй байна. Дээрх үндэслэлүүдийг хянаж Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 131/ШШ2016/00532 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Өмгөөлөгч ******* миний бие нь 2016 оны 8 сарын 08-ны өдөр хэргийн материалтай танилцаад хүсэлт гаргасан. Хүсэлтийн агуулга нь ******* нь 2016 оны 4 сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, стастикийн газрын даргын Б/22 тушаалаар орон тоо цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр халагдсантай холбогдуулан *******тай 1 ижил орон тоо буюу адил албан тушаалд ажиллаж байсан гэх *******гийн ажлын байрны тодорхойлолтыг хариуцагчаас гаргуулах хүсэлт гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх хэргийн оролцогчдын нотлох баримт бүрдүүлэх болон шүүхээр бүрдүүлэх эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй нотлох баримтыг дутуу бүрдүүлж /ИХШХШТХуулийн 38.6/ хэрэг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тиймээс Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 131/ШШ2016/00532 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч тал нь нэхэмжлэгч *******ыг ажлаас чөлөөлсөн гол үндэслэл нь   Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн албан тушаалын орон тоо, ангилал зэрэглэл батлах тухай А/68 дугаар тушаалыг үндэслэж,  Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газарт Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивч, иргэний бүртгэлийн архивч гэсэн 2 архивч байсныг  нэг архивчийн ажлын байрыг цомхотголд оруулж болох юм гэсний дагуу 2  архивчийн талаар хамт олны хурлаар хэлэлцээд санал хураалтаар шийдвэрлэх болсон гэж  тайлбарладаг.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нь анхан шатны шүүх хуралдаан болох  2016 оны 8 сарын 08-ны өдөр хэргийн материалтай танилцаад  шүүх хуралдаан дээр  хүсэлт гаргасан. Энэ хүсэлт нь  цомхотголд оруулахын тулд  хамт олны хурлаар хэлэлцүүлсэн гэх  2 архивчийн  ажлын байрны тодорхойлолт нь  1 ижил орон тоо буюу адил албан тушаал мөн эсэхийг тодруулахаар хүсэлт гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой мөн хэрэг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай  нотлох баримт гэж  хэргийн оролцогч үзээд хүсэлт гаргаад байхад   анхан шатны шүүх хэргийг хянан  шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт мөн эсэх талаар үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр,  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх  нотлох баримт бүрдүүлэх үүргийг биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсын бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Тухайлбал шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар “..ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй..”   гэсэн заалтыг чөлөөлөгдсөн ажилтнуудад хэрэгжүүлж  ажиллахыг үүрэг болгосон мөртлөө шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэг хоорондоо зөрүүтэй болсон.

Шүүх хуралдаан дээр шийдвэрээ уншин сонсгохдоо  “..улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг нэхэмжлэгч *******аас гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай..”  гэж  уншиж сонсгож байсан боловч шийдвэрээ гаргахдаа  зөвтгөж,  “..нэхэмжлэгч  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьсугай..”  гэж шийдвэрээ гаргасан. Энэ тухай нэхэмжлэгч талаас давж заалдсан гомдолдоо дурьдсан байна.

Мөн анхан шатны шүүх  2 өөр шийдвэр гаргасан байна. Тухайлбал хавтаст хэрэгт байгаа шүүхийн шийдвэрийн  226 дугаар талын төгсгөл,  хавтаст хэргийн 227  дугаар талын  үргэлжлэл нь  авцалдаагүй байгаа нь  226 дугаар тал, 227 дугаар талын хуудасны дунд нэг хуудас огт байхгүй,  хавтаст хэргийн  229 дүгээр тал, 230 дугаар  талд  нэг ижил хуудас  2 дахин авагдсан байхад хэргийн оролцогч нарт гардуулсан шүүхийн шийдвэр нь  өөр байгаа  зэрэг нь  зөрчилтэй болжээ.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсын бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх  нотлох баримт бүрдүүлэх үүргийг биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200  төгрөгийг нэхэмжлэгчид  буцаан олгох үндэслэлтэй байна.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.5,  168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2016 оны 8 дугаар сарын 08-ны  өдрийн 131/ШШ2016/00532 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан олгосугай.

3. Давж  заалдах  шатны  шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ  

                                                    Г.УЛАМБАЯР