Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2020/0038

 

“Т” ХК-ийн

гомдолтой зөрчлийн хэргийн тухай

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0866 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Т” ХК-ийн гомдолтой, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.П, Ц.Ц нарт холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0866 дугаар шийдвэрээр: 1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.1.5, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Д.П нарын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 351830019 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Д.П нарын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 351830019 дүгээр  шийтгэлийн  хуудсыг  хүчингүй  болгосонд тооцохоор шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл байгаа тохиолдолд эрх бүхий албан тушаалтан уг зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх, хүлээн авахаас татгалзах, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх, зөрчлийн хэрэг нээх шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-т “Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “Зөрчлийн үйлдэгдэл нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.2-т “Зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 1.3-т “Зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” гэж тус тус зааснаас үзэхэд зөрчил үйлдэгдсэн нь илэрхий тодорхойн улмаас зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй тохиолдолд, мөн холбогдогч буюу гомдол гаргагч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүйгээр хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэхээр байна.

Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй, гомдол гаргагч зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байхад хариуцагч нар нь шийтгэлийн хуудас үйлдсэн байхад анхан шатны шүүх анзаарч үзэлгүй хялбаршуулсан журмаар шалгасныг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10д/6570, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10д/6590 албан бичгийн дагуу Татварын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 07/3530 дугаар албан бичгээр Нийслэлийн Татварын газарт нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх үүргийг өгсөн байдаг.

Гэвч хариуцагч эрх бүхий албан тушаалтан нар гомдол гаргагч компанийг “Их мөрөөдлийн жигүүр” ХХК-тай ажил үйлчилгээ авч худалдан авалт хийгдсэн эсэхийг шалган тогтоолгүйгээр зөвхөн Эрүүгийн цагдаагийн газар болон Татварын ерөнхий газраас ирсэн бичгүүдийг шууд үндэслэн “Хий бичилт хийсэн, энэхүү үйлдлийг шалган тогтоох нотлох шаардлагагүй” гэдэг байдлаар шийтгэлийн хуудас үйлдсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг илт зөрчсөн.

Гомдол гаргагч “Т” ХК нь 2016 онд “Их мөрөөдлийн жигүүр” ХХК-иас барилгын дээвэр, үүдний хэсгийн дотор ажлыг хийлгэсэн худалдан авалтандаа баримт хүсэхэд Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, кассын орлогын ордер, зарлагын падаан бичиж өгсөн. Татвар төлөгчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж худалдан авалтандаа Монгол Улсын татварын албанд бүртгэлтэй аж ахуй нэгжээс Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авснаа хууль ёсны гэж үзэж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Т” ХК нь холбогдогч байх бөгөөд хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийг оролцуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан... хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж зааснаар гомдол гаргагч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Л.Э, эсхүл түүнээс олгосон итгэмжлэлийн дагуу томилогдсон этгээдийг зөрчилд холбогдсон хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон оролцуулахаар байхад гомдол гаргагч компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх гүйцэтгэх захирлаас итгэмжлэл аваагүй, тухайн компанийг төлөөлөх эрхгүй нягтлан бодогчийг холбогдогчоор оролцуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хариуцагчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлөө залруулах хугацаа олгож байгаа нь гомдол гаргагч компанийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Ц, Д.П нар нь “Т” ХК-ийн 2011-2017 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд хөөн хэлэлцэх хугацаагаар, санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн шалгалт хийгээд нийт 137,692,820.00 төгрөгийн зөрчлөөс 13,769,282.00 төгрөгийн нөхөн татвар, 4,130,784.60 төгрөгийн торгууль, 1,403,418.20 төгрөгийн алданги, нийт 19,303,484.80 төгрөгний төлбөрийг төлүүлэхээр 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 351830019 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулжээ.

Дээрх шийтгэл оногдуулсан маргаан бүхий захиргааны актын 2 дахь заалтад холбогдуулан “Т” ХК-ийн гаргасан гомдлын дагуу Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тогтоол гарсан байх бөгөөд уг тогтоолоор 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн байна.

Үүнийг “Т” ХК-иас эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Д.П нарт холбогдуулан “2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 351830019 дугаар шийтгэлийн хуудасны 2 дахь заалтыг хүчингүй болгуулахаар” шүүхэд нэхэмжлэл гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 351830019 дүгээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар” нэмэгдүүлжээ[1].

Анхан шатны шүүхээс “...хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргагчийн оролцоог хуульд заасан шаардлагын хэмжээнд хангаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зарчимд нийцсэн гэж үзэхгүй боловч энэ нь гомдол гаргагчийн үйлдсэн зөрчлийг үгүйсгэх, гомдлын шаардлагыг хангах үндэслэл болж чадахгүй тул хариуцагч захиргааны байгууллагаас хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй, гомдол гаргагч зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй байхад хариуцагч нар нь шийтгэлийн хуудас үйлдсэн бөгөөд компанийг төлөөлөх эрхгүй нягтлан бодогчийг холбогдогчоор оролцуулсан, мөн Монгол Улсын татварын албанд бүртгэлтэй аж ахуйн нэгжээс нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авсан” гэж давж заалдах гомдол гаргасан байна[2].

1. Маргаан бүхий захиргааны актын нэг дэх заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:  

Нэхэмжлэгч “Т” ХК-иас  Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 351830019 дүгээр шийтгэлийн хуудсын 2 дахь заалтыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд уг гомдлын хүрээнд Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 052 дугаар тогтоол[3] гаргасан байна.  

Харин шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа уг маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар маргажээ[4].

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 11.19 дүгээр зүйлд заасан” зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан байх бөгөөд мөн хуулийн 7.6 дугаар зүйлд шийтгэл оногдуулсан шийдвэрт гомдол гаргах тухай зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 2-т “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ... 6.12 ... дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” заасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан.

Үүнээс үзвэл Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтад холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 351830019 дүгээр шийтгэлийн хуудасын 1 дэх заалтад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Тодруулбал маргаан бүхий захиргааны актын 1 дэх заалтыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа бол доод тал нь шийтгэлийн хуудсыг хүргүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичгээс[5] хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргах боломжтой байсан.

  2. Маргаан бүхий захиргааны актын хоёр дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан баримт болох холбогдогчоос авсан мэдүүлэг, ярилцлагын тэмдэглэл зэрэгт “Т” ХК-ийн нягтлан бодогч Б.С гарын үзсэн зурсан байна[6]. Мөн нэхэмжлэгч “Тахько” ХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актад холбогдогчоос зөвшөөрсөн талаар гарын үсэг зураагүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан нь дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1 дэх хэсгийн 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг”, мөн  Захиргааны  ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” гэж тус тус заажээ.

Эндээс үзвэл компанийн хууль ёсны төлөөлөгчийг томилоогүй нь гомдол гаргагчийн эрхийг хөндсөн, мөн хариуцагч нар нь “Т” ХК-ийн байранд очиж тус компанийн захирал, нягтлан бодогч нартай биечлэн уулзаж томилолт, удирдамжаа танилцуулж хянан шалгах ажиллагааг эхлүүлсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд нягтлан бодогч оролцож явсныг итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж ойлгож байсан тул хууль зөрчөөгүй гэж тайлбарлаж байгаа нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхээргүй байна гэж үзээд дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

Харин шүүхээс нэгэнт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь процессийн хувьд алдаатай явагдсан гэж дүгнэсэн бол цаашид нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдал, зөрчил гарсан нь тогтоогдсон талаар дүгнэх шаардлагагүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актын 2 дахь заалтыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, харин шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0866 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус баримтлан Чингэлтэй  дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Д.П нарын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 351830019 дүгээр шийтгэлийн хуудсын 2 дахь заалтыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Д.П нарын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 351830019 дугаар шийтгэлийн хуудсын 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай” гэж, “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.П, Ц.Ц нарын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 351830019 дугаартай шийтгэлийн хуудсын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалтыг нэмж, 3 дахь заалтын дугаарыг 4 болгон өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

 

 

 

 


[1] 1 хавтас 225 хуудас

[2] 2 хавтас 5-7 хуудас

[3] 1 хавтас 62-65 хуудас

[4] 1 хавтас 223-225 хуудас

[5] 1 хавтас 61 хуудас

[6] 1 хавтас 76 хуудас