Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 110

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал,

Хохирогч: Б.О ,

Шүүгдэгч: Л.Н , Ц.П ,

Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Ц.П , Маньбазар овгийн Л.Н  нарт холбогдох 1928000590091 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Баяндалай суманд 1971 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 1, Өмнөговь аймгийн Баяндалай сумын .................. оршин суух хаягтай урьд өмнө 1998 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаартай Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлсэн, Тайж овгийн Ц.П , регистрийн дугаар .......................,

Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Ноён суманд 1978 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Өмнөговь аймгийн Баяндалай ................. багт оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Маньбазар овгийн Л.Н , регистрийн дугаар ...................;

Шүүгдэгч Ц.П , Л.Н  нар нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн төвөөс урагш 170 орчим километрт байх Чавганцын ар гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Л.Н , Ц.П  нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.П  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Л.Н н гэрт мотоцикльтой явж очсон. Орой нар жаргахаар цаг орчим металл хайгчтай явсан. Газрын хөрсөн дээрээс 2 ширхэг чулуу металл хайгчаар олсон. Мотоциклиор даахгүй болохоор гэр лүү буцсан. Б  гэдэг айлд шөнийн 2 цагт очоод танил учраас чулууг ачиж өгөөч гэж гуйсан. Тэгээд гурвуулаа очиж авсан. Маргааш өглөө нь чулуунаасаа алтаа хайлгаад орой нь буцаж чадаагүй тэндээ хоносон.

Шүүгдэгч Л.Н  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 03 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн орчимд гэрээсээ гараад Хүрмэн суманд орой 8 цагийн үед очсон. Цаг орчим металл хайгчтай тэнэж байгаад хөрсөн дээрээс хоёр чулуу олсон. Тэр чулууг авч явах гэтэл мотоцикль даахгүй байсан. Тэгээд шөнө буцаж явахдаа төөрөөд Б ынд шөнийн 2 цагийн орчимд очсон. Б д бензин, тосыг нь хийж өгье чулуу ачаад өгөөч гэж гуйсан. Цуг явж хоёр чулуугаа авч ирсэн. Унтаж байгаад өглөө нь босоод хоёр чулуугаа бутлаад орой болсон. Тэгээд хилийн цэргийнхэн очсон.

Хохирогч Б.О  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Цагдаагийн газраас хохирогч нэхэмжлэгч томилон ирүүлэх тухай бичиг ирсэн байдаг. Үүний дагуу намайг уг хэрэгт хохирогч нэхэмжлэгчээр томилсон шийдвэрийг Байгаль орчин аялал жуучлалын газрын даргын тушаалаар томилсон. Хэргийн материалтай танилцаж үзэхэд энэхүү хоёр иргэн нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайх үйл ажиллагаа явуулсан мөн олборлосон үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий ой, ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг тарийн өмч мөн бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл эрхийн бичгээр ашиглахаас бусад тохиолдолд халдашгүй байх, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч байна гэж заасан.  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт байгаль орчинд учруулсан хохирол болгоныг зааж өгсөн байдаг. Энэ дээр амьтанд учруулсан хохирол, хүнд учруулсан хохирол болон газарт учруулсан хохирол газрын хэвлийд учруулсан хохирол гэж зааж өгсөн байдаг. Зүй бус үйл ажиллагааны улмаас газарт болон газрын хэвлийд учруулсан хохирлыг Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу байгаль хамгаалах санд төвлөрүүлэх хуулийн заалттай. Мөн Засгийн газрын тусгай сангийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заасанчлан байгаль хамгаалах санд төвлөрүүлэхээр заасан байдаг. Үүнээс гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан зэвсэг, тээврийн хэрэгсэл болон тоног төхөөрөмж борлуулсан орлогыг Засгийн газрын тусгай сангийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь хэсэгт заасны байгаль хамгаалах санд төвлөрүүлэхээр заасан байдаг. Миний бие хохирогчоор орж байгаа учраас байгаль орчинд учруулсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тоног төхөөрөмж тээврийн хэрэгсэл борлуулсан орлогыг байгаль хамгаалах санд төвлөрүүлэхээр нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг Хас ХХК-ийн үнэлгээгээр гулдмай болох 50,32 грамм буюу 5.148.357 төгрөг гэж гаргасан үнэлгээг үндэслээд 6.128.357 төгрөгийг байгаль орчинд учруулсан хохирлоор байгаль хамгаалах санд төвлөрүүлэх, мөн хураагдсан алт болон тоног төхөөрөмжийг худалдан борлуулж төрийн өмч улсын орлого болгож байгаль хамгаалах санд төвлөрүүлэхээр нэхэмжилж байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Цагдаагийн газраас Хүрмэн сумын Жанжин багийн нутаг Чавганцын хар  гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайж олборлосон гэх эрүүгийн хэрэгт хохирогч нэхэмжлэгч томилон ирүүлэх тухай бичиг Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт ирсэн байдаг. Үүний дагуу намайг уг хэрэгт хохирогч нэхэмжлэгчээр томилсон шийдвэрийг Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2019.06.24-ны өдрийн А/17 дугаартай тушаалаар томилсон. Үүний дагуу мэдүүлэг өгч байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ^зааснаар Монгол улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий ой, ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг тарийн өмч мөн бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл эрхийн бичгээр ашиглахаас бусад тохиолдолд халдашгүй байх, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн, 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл шаардлага журмын дагуу ашигт малтмал эрэх хайх ашиглах эрхийг бусдад олгох, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно гэж тус тус хуульчилсан байдаг учраас иргэн Ц.П , Л.Н  нарт ашигт малтмал эрж хайх тусгай зөвшөөрөл олгогдоогүй, өөр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогдох үндэслэлгүй болно. Алт нь ашигт малтмалын тухай хуулийн 4.1.1-д зааснаар геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадарга, түүний хэвлийд үүсч бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашиг малтмал юм. Тус ашигт малтмал нь Ашигт малтмалын тухай хуулийн 5.1-р зүйл, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6.1-д тус тус заасны дагуу төрийн өмч юм. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 2 дахь хэсгийн 5,6- д заасны дагуу газар газрын хэвлийд учирсан хохирол гэж үзнэ. Тухайн газар нь ухаагүй газрын гадарга дээр байгаа эрдсийн хуримтлал бүхий чулууг авч ашигласан байх тул тухайн газарт хэмжилт хийж хохирол тооцох боломжгүй юм. Харин чулуунаас гарсан эрдэс баялагийн зах зээлийн тухайн үеийн ханшаар бодож хохирлыг барагдуулах шаардлагатай. Мөн олборлосон алтыг улсын орлого болгосноор төрд учруулсан хохирол барагдах болно. Алтыг буруутай этгээдүүд хураалгаснаараа байгаль орчинд учруулсан хохирлыг төлсөн гэж үзэхгүй. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 5.1-р зүйл, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6.1-д тус тус заасны дагүу төрийн өмч тул алтыг зүгээр улсын орлого болгох ёстой. Харин байгалийн байдлаараа оршин тогтнож байсан эрдсийн хуримтлал бүхий алтыг тухайн газраас авснаараа тус газрын газар, газрын хэвлийд буюу байгаль орчинд хохирол учруулсан тул хохирлыг заавал төлж барагдуулах ёстой. Байгаль орчинд
учруулсан хохирлыг тооцохдоо алтны тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр
тооцон нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл тухайн хоёр хүний олборлосон алт хэдий
хэмжээний үнэлгээтэй гарна түүнийг нь нэхэмжилж байна. /хх-ийн 42-43-р хуудас/

Гэрч О.Г ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: 2019 оны 03 дугаар сарын 09-ны 21 цагийн орчимд хил орчмын дэглэмийн зөрчил гарсан байж болзошгүй талаар Гүйцэтгэх ажлын мэдээлэл нь хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч гар аргаар чулуу олборлож нутгийн гүнд Б  гэх айлд цагаан өнгийн чулууг буталж байсан шар өнгийн металл гарган авч байна гэх мэдээллийг албан үүргийнхээ дагуу хошууч даргад танилцуулж үүний дагуу шөнө 22 цагийн үед тусгай томилгоот багийн даргын шийдвэрээр томилж тухайн чулууг буталж байсан Б  гэх айл pyy явуулсан. Тухайн бүлэгт бүлгийн даргаар ХЦ-ийн 0131-р ангийн хилийн албаны тасгийн дарга хошууч Ө.У , хилийн тагнуулын тасгийн ажилтан хошууч М , хилийн 1-р заставын дарга ахмад Ж , ангийн мэдээллийн аюулгүй байдлын ажилтан дэслэгч Аварзэд нар ажилласан. Маргааш нь 14 цагийн орчимд хошууч Ууганбаяр- над руу шар өнгийн металлыг хуванцар саванд хийсэн байна мөн буталж байсан 2 чулуу, металл хайгч багаж байна мөн дээрээс тухайн хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн Ууганбаяр зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцож прокурорт шилжүүлсэн. /хх-ийн 46-47-р хуудас/

Гэрч Ө.У  нь  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 03 дугаар сарын 09-ны оройн 21 цагийн орчимд Хилийн тагнуулын тасгийн ахлах ажилтан О.Г  “Хилийн 1 -р заставын хариуцсан хэсэг буюу Чавганцын хар гэх хилийн бүсэд хүмүүс  очиж гар аргаар алт олборлож байна мөн тэндээс нутгийн гүнд Б  гэх айл дээр очиж чулуугаа хагалж буталж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Уг мэдээллийн дагуу ангийн захирагчаас өгсөн шийдвэрээр Хилийн албаны тамгын дарга Ууганбаяр миний бие, нууц мэдээллийн аюулгүй байдлын офицер дэслэгч Аварзэд, Хилийн тагнуулын тасгийн ажилтан хошууч М . Хилийн 1-р заставын дарга ахмад Ж  нарын хамтаар 03 дугаар сарын 10-ны 02 цагийн орчимд Даланзадгад сумаас Чавганцын хар гэх газар луу явж. бид нар Чавганцын хар гэх газар луу явах замдаа Б ын гэрт өглөөний 07 цаг 40 минутын орчимд очсон. Тэнд очиход гэрийн гадна талд 2 том  чулуу эмтэлж цохьсон байдалтай байсан гэр руу  ороход гэрийн хүмүүс бүгд амарч байсан. Тэднийд гэрийн эзэн Б  түүний эхнэр Сувдаа, 2 хүүхэдтэйгээ, Л.Н , Ц.П   нар унтаж байсан. Тэгээд гэрт байсан Б , Л.Н , Ц.П   нартай уулзаж гадаа байсан чулууг яг хаанаас авсныг нь тогтоохоор Б ыг дагуулаад чулуу авсан гэх газрыг заалгаад явсан. Чулуу авсан гэх  газар Чавганцын ар гэдэг нэртэй газар байсан ба улсын хилээс 45 км-т байдаг. Тухайн Чавганцын хар гэх газар нь Хилийн бүсэд харьяалагдах бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч хил орчмын дэглэмийн зөрчил гаргасан  Л.Н . Ц.П  , Б  нарт Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авсан. /хх-ийн 52-53-р хуудас/

Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Номгон сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Дөлгөөний шинжээч томилсон тогтоолтой танилцаж тухайн металлд сорьц тогтоох шинжилгээ хийж байгаа юм. Тус лабораторийн цехэд 300 rp-аас дээш металлыг хайлж гулдмай тухайн шинжилгээнд ирүүлсэн металл нь хэмжээний хувьд бага байгаа учраас алт мөнгөний дарханаар хайлж цул болгон гулдмайлах шаардлагатай байгаа юм. Манай лабораторийн цехэд хайлах боломжгүй. Би цагдаагийн дэслэгч Д.Дөлгөөнөөс 51.56 грамм хайлсан металлыг хүлээн авч шинжилгээнд зориулж 1,24 граммыг дээж болгон тухайн металлын хажуу талын хэсгээс өрөмдөж авсан үлдсэн хэсгийн үнэт металл сорьцын хяналтын газрын лац бүхий уутанд хийж Дөлгөөнд хүлээлгэн өгсөн байгаа. Шинжилгээнд зориулж авсан 1.24 грамм металл нь манай байгууллагад түр хугацаагаар хадгалагдан үлдэнэ. Түр хугацаагаар гэдэг нь тухайн эд мөрийн баримтад хураагдсан металлыг Монгол банкинд тушаасны дараа цэвэршүүлэх үйлдвэрийн лабораторийн хариутай таарсан тохиолдолд буцаан олгоно. Таараагүй тохиолдолд хяналтын шинжилгээ хийх зорилгоор авч үлдэж байгаа юм. /хх-ийн 56-р хуудас/

Гэрч Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би гэр бүлийн хамт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг сумын төвөөс урагш 140 гаран километр зайтай “хавцавч” гэх газарт мал маллан амьдардаг юм. 2019 оны 03 дугаар сарын 08-аас 9-нд шилжих шөнө гэртээ амарч байтал 02 цагийн үед мотоцикльтой хүмүүс ирэх чимээ гарсан түүнээс хойш удалгүй гэрт хоёр эрэгтэй хүн орж ирсэн нэг нь зүс таних Л.Н  гэж хүн байсан нөгөө хүнийг нь танихгүй хүн байсан тэр хоёр хүн ойр зуурын юм ярьж байгаад намайг бие засахаар гэрээс гараад явтал Л.Н  араас хүрч ирээд “за хөгшөөн би энэ өмнө “чавганцын хар” гэдэг газраас нэг чулуу оллоо, мотоцикль дээр тавих гэсэн даагдахгүй юм шиг байна чи машинаараа авч ирж туслаач түлш шатахууныг нь хийгээд өгье ганц тус болчих” гээд байсан ингээд би тэр хоёрыг аваад тэр газар луу нь өөрийн машинаараа явсаар очиход манай гэрээс халз урагш 30 орчим километр зайтай уул хад бүхий газраар явж байтал Л.Н  за энд зогсчих гэсэн би машинаа зогсоосон Л.Н , Ц.П   хоёр машинаас бууж нэг юм ачих шиг болоод кабинд орж ирсэн ингээд тэндээ явсаар гэрийнхээ гадна ирж машинаа зогсоогоод гэртээ орж амарсан тэр хоёр машин дээр үлдсэн хэсэг хугацааны дараа гэрт орж ирээд тэр хоёрт гаргаж өгсөн архийг уугаад унтацгаасан. Маргааш нь өглөө би хониндоо яваад орой 18 цагийн үед гэртээ ирэхэд Л.Н  нөгөө хамт явсан хүнтэйгээ буцаагүй байсан ба маргааш буцна гэж ярьж байсан тэгээд унтаж амраад түүний маргааш нь өглөө буюу 03 дугаар сарын 10-ны өглөө хилийн цэргийн хэсэг хүмүүс ирээд Л.Н г хамт явсан хүнтэй нь аваад явсан бас намайг хилийг цэргийн 0131 дүгээр анги дээр дуудаж торгуулийн арга хэмжээ авсан түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Би тэр талаар мэдэгдэх гэсэн болов ч Л.Н н хажууд ярьж мэдэгдэх боломж олдохгүй байсан ба 03 дугаар сарын 10-ны өглөө ямар байсан ч  хэлье гэж бодож байтал хилийн цэргийнхэн өөрсдөө хүрээд ирсэн. /хх-ийн 59-р хуудас/

Гэрч Н.М  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хотод аав ээжтэйгээ амьдардаг юм. Тэгээд би сая 2019 оны 2 дугаар сард цагаан cap өнгөрөөгөөд ирчихсэн байж байхад эртний танил Ц.П  тэй тааралдсан. Тэгээд Ц.П   надаас найз нь хэрэгт холбогдсон чи манай малыг маллаад өгөөч гэж 2019 оны 03 дугаар сард гуйсан. Тэр үедээ бол мөнгө төгрөг гэж нээх тохирсон зүйл байгаагүй. Би найз нь тус болъё гэж хэлээд малыг нь малласан. Малыг нь би 6 cap хүртэл 3 cap малласан. Тэгээд Ц.П   надад мөнгө өгч чадахгүй байна гээд өөрийнхөө ногоон өнгөтэй мотоциклийг өгсөн. Би маркийг нь мэдэхгүй байна. Улсын дугааргүй мотоцикль байсан. Муухан мотоцикль байсан юм. Тэр нь эвдрээд бутраад алга болсон. Малд нь ихэвчлэн унасан. Их муу мотоцикль байсан. Ямар сайндаа би одоо гэртээ харьмаар байна гээд Ц.П  ээс ядаж замын зардал өг гэж хэлээд байж байна. /хх-ийн 63-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 321 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Алтан гулдмай 50.32 грамм, нэгжийн үнэ 107.082,25 нийт үнэ 5.148.357,150 төгрөг. Монгол банкны 03 дугаар сарын ханшаар тооцов. /хх-ийн 73-р хуудас/

Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 451 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Танай байгууллагаас тавьсан асуултад дараах хариултыг өгч байна. Үүнд: Эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг чулуу нь шинжилгээнд тэнцэнэ. Энэ 2 чулуу нь кварц (өөхөн чулуу) байна. Тухайн 2 чулуунд металл агуулагдсан байна. Минералогийн шинжилгээгээр (МИН 2019/0039) №1 (66.409кг) дээжээс алт 7.07мг, №2 (114.20кг) дээжээс 68.76мг алт ялгасан болно. Тухайн чулуунаас металл (алт) олборлох боломжтой. Тухайн чулуунаас гаргаж авсан алт нь Монгол Улсын эрдэнэсийн санд орно. Алтыг агуулагч чулуу-кварц нь Монгол Улсын эрдэнэсийн санд орохгүй. /хх-ийн 78-р хуудас/

Хас Үнэлгээ ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Супер чансаа 175 мотоцикль хуучин 1 ширхэг 150.000 төгрөг, 1 мг алт сорьцгүй нэгжийн үнэ 10.000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 10.000 төгрөг, цахилгаан молдок 1 ширхэг 240.000 төгрөг зах зээлийн дундаж үнэ 240.000 төгрөг нийт дүн 400.000 төгрөг /хх-ийн 93-р хуудас/

Шүүгдэгч Л.Н  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ц.П   бид хоёр 12 цагийн үед алт хайж олохоор Хүрмэн сумын Цагаан уулын заставын тийшээ явсан. Тэндээс алт гардаг гэж хүмүүсээс дуулаад тийшээ явсан байсан юм. Тэгээд манайхаас буюу Баяндалай сумын Наран багийн Хашаат гэх газраас зүүн урагшаа 130 орчим километрт яваад Чавганцын хар гэх газарт 20 цагийн үед очсон. Тэгээд 1 цаг орчим бид хоёр металл хайгч бариад тэр хавиар тэнэж явсан. Тэгтэл газрын гадаргуу дээр ил байсан 2 ширхэг чулуун дээр металл хайгчаа тавьсан чинь металл хайгч дугарсан. Тэгээд бид хоёр авч явах гэсэн чинь даахгүй байсан. Тэгээд тэнд буталж үзэх багаж байхгүй байсан учраас тэр хоёр чулууг тэнд нь орхиод бид хоёр буцаад гэр рүүгээ уг нь явсан. Тэгээд тэнгэр муухайраад харанхуй манантаад байсан. Тэгээд төөрч яваад шөнө 01 цагийн үед Б ынд очсон. Б ыг тийм ч сайн танихгүй зүс таньдаг байсан. Тэгсэн Б ын гадаа машин тавиатай байсан болохоор Б аас Ц.П   бид хоёр сая хайгчинд дугарч байгаа чулуу олсон юм бензин тосыг чинь хангалттай хийгээд өгье яваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд Б  зөвшөөрөөд бид хоёртой хамт 02 цагийн үед Чавганцын хар гэх газар руу яваад нөгөө хоёр чулуугаа аваад буцаад 05 цагийн үед Б ынд ирсэн. Тэгээд унтаж амарч байгаад 2019 оны 03 дугаар сарын 09- өдөр 07-08 цагийн үед боссон.  Б  малдаа яваад өгсөн. Ц.П   бид хоёр өдрийн бүтэн Б ын гэрийнх нь гадаа нөгөө чулуугаа буталж байгаад жаахан алт гаргаж авсан. Тэгээд орой бүрэнхий болоод бид хоёр Б ынд орж хоол унд идэж уучихаад байж байтал Б  архи гаргаж өгсөн. Түүнийг нь уучихаад Ц.П   бид хоёр халуураад Б аас дахиж гуйж байгаад нэг шил архи гаргуулж уучихаад унтсан. Тэгээд унтаж байсан чинь Цагаан уул заставаас болон 0131-р ангиас хүмүүс ирээд ширээн дээр тавиатай байсан алтыг хараад алт ухсан байна хаанаас ухсан гэхээр нь нөгөө хоёр чулуугаа үзүүлсэн. Тэгээд чулуу олсон газрыг  очиж үзсэн. Ухаагүй байгааг харсан. Тэгээд цагдаад өгсөн. Бид хоёр газар огт ухаагүй. Тэр хавиар ухсан хуучин нүхнүүд байж байсан. Бид хоёрт газар ухах ямар нэг багаж  огт байгаагүй. Ганц металл хайгч л байсан юм. Тэгээд газар дээр ил байсан чулуун дээр металл хайгчаа тавьсан чинь дуугарсан. Тэр чулууг л авсан. /хх-ийн 101-102-р хуудас/

Шүүгдэгч Ц.П  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Л.Н  бид хоёр Хүрмэн сумын нутаг Чавганцын хар гэх газарт алт гараад байгаа сураг сонсоод тийшээ Л.Н тэй хамт явахаар ярилцсан. Тэгээд би 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Л.Н н гэрт мотоцикльтой явж очсон. Тэгээд бид хоёр миний металл хайгчийг аваад Хүрмэн сумын Жанжин багийн Цагаан уулын ар Чавганцын хар гэх газарт 19 цагийн үед явж очсон. Тэгээд бид хоёр хайгчаа асаагаад 1 цаг орчим хайгуул хийсэн. Тэгээд хөрсөн дээр хоёр чулуу байхаар нь би тэнд нь металл хайгчаа тавьж үзсэн чинь дугарч байсан. Тэгэхээр нь бид хоёр мотоцикль дээр авч явах гэсэн чинь даахгүй байсан. Тэгэхээр нь гэр рүүгээ буцаад явсан. Тэгж явж байх замдаа төөрөөд шөнө 02 цагийн үед Б ынд явж очсон. Би уг Б ыг бол танихгүй. Л.Н  таньдаг байсан. Тэгээд Л.Н  Б аас 2 чулуу ойртуулаад өгөөч бензинийг нь хийж өгье гэж гуйсан. Тэгээд Б  зөвшөөрөөд нөгөө чулуун дээр Б ын Ланд крузер 80 маркийн автомашинтай явсан. Тэгээд шөнөдөө нөгөө газраа очоод тэр хоёр чулууг аччихаад тэгээд буцаад Б ынд өглөө үүрээр ирээд жаахан унтаж амарч байгаад өглөө нь Л.Н  бид хоёр нөгөө чулуугаа буталсан. Б  болохоор малдаа явчихсан байсан. Тэгээд орой Б ыг ирэхэд бид хоёр алтаа чулуунаас гаргаад авчихсан байж байсан. Тэгээд орой нь явах гэсэн чинь шороо шуураад явж болохгүй болсон байсан тул Л.Н  бид хоёр тэндээ хоносон. Тэгээд өглөө үүрээр унтаж байхад хилийн цэргийнхэн ирээд тэгээд чулуу алт хоёрыг хурааж аваад олсон гэх газрыг заалгаж үзсэн. Тэгээд наашаа бид нарыг авч ирсэн. Хилийн цэргээс Б , Л.Н , бид гурвыг хилийн хориотой бүс зөрчсөн гээд торгуулийн арга хэмжээ авхуулсан. Газар ухаагүй. Хөрсөн дээр ил байсан юм. /хх-ийн 103-104-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08-р хуудас/

Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 11-р хуудас/

Эд зүйл баримт бичгийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-32-р хуудас/

Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-36-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.П , Л.Н  нар нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн төвөөс урагш 170 орчим километрт байх Чавганцын ар гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.П , Л.Н  нарыг энэхүү гэмт хэрэгтээ гэм буруутай байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “газар” гэдэгт газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхарга”-ыг хэлнэ гэж томьёолсон ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн Төрөөс газрын талаар баримтлах зарчимд Монгол улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх, газар төрийн хяналт, хамгаалалтад байх хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх ойлголтууд тус тус хамаарч байна.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд ...геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ашигт малтмал гэнэ гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлд Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Ц.П , Л.Н  нарын Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн төвөөс урагш 170 орчим километрт байх Чавганцын ар гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж олборлосон чулуу нь:

Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 451 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Танай байгууллагаас тавьсан асуултад дараах хариултыг өгч байна. Үүнд: Эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг чулуу нь шинжилгээнд тэнцэнэ. Энэ 2 чулуу нь кварц (өөхөн чулуу) байна. Тухайн 2 чулуунд металл агуулагдсан байна. Минералогийн шинжилгээгээр (МИН 2019/0039) №1 (66.409кг) дээжээс алт 7.07мг, №2 (114.20кг) дээжээс 68.76мг алт ялгасан болно. Тухайн чулуунаас металл (алт) олборлох боломжтой. Тухайн чулуунаас гаргаж авсан алт нь Монгол Улсын эрдэнэсийн санд орно /хх-ийн 78-р хуудас/ гэснээр эрдэнэсийн ангилалд хамаарч байна.

Монгол улсын Үндсэн хуулийн  6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж хуульчилсан.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт Эрдэнэсийн сан гэж төрийн нэрийн өмнөөс Монгол банк эрхлэн хуримтлуулж, хадгалж, хамгаалж, хэрэглэж байгаа эрдэнэсийн хуримтлалыг хэлнэ гэж тодорхойлсон ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт эрдэнэсийн сан нь төрийн өмчлөлд байна гэж тодорхойлсон.

Иймд шүүгдэгч Ц.П , Л.Н  нар нь дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчиж, тус улсын газар, түүний баялагт хамаарах ашигт малтмалыг тусгай зөвшөөрөлгүйгээр эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзэв.

Монгол улсад иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын гадаргуу, түүний хэвлий, газрын баялаг нь төрийн өмч мөн болох талаар Үндсэн хууль болон бусад салбар олон хуулиудад хуульчилсан бөгөөд газар, түүний баялгийн өмчлөгч болох төр, төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй эрх бүхий төрийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан нь шүүгдэгч нарын үйлдлийн гэмт хэргийн шинжийг бий болгож байна гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд хохирол учирсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад дүгнэж байгаль орчны улсын байцаагчийг хохирогчоор тогтоон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт  ...нэхэмжлэлийн үнийн дүнг Хас ХХК-ийн үнэлгээгээр гулдмай 50,32 грамм буюу 5.148.357 төгрөг гэж гаргасан үнэлгээг үндэслээд 6.128.357 төгрөгийг байгаль орчинд учруулсан хохирлоор байгаль хамгаалах санд төвлөрүүлэх, мөн хураагдсан алт болон тоног төхөөрөмжийг худалдан борлуулж төрийн өмч, улсын орлого болгож байгаль хамгаалах санд төвлөрүүлэхээр нэхэмжилж байна... гэх мэдүүлэг өгч, шүүгдэгч нараас дээрх байдлаар хохирол төлбөрийг нэхэмжилжээ.

Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 321 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Алтан гулдмай 50.32 грамм, нэгжийн үнэ 107.082,25 нийт үнэ 5.148.357,150 төгрөг. Монгол банкны 03 дугаар сарын ханшаар тооцов /хх-ийн 73-р хуудас/ гэжээ.

Мөн Хас Үнэлгээ ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Супер чансаа 175 мотоцикль хуучин 1 ширхэг 150.000 төгрөг, 1 мг алт сорьцгүй нэгжийн үнэ 10.000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 10.000 төгрөг, цахилгаан молдок 1 ширхэг 240.000 төгрөг зах зээлийн дундаж үнэ 240.000 төгрөг нийт дүн 400.000 төгрөг /хх-ийн 93-р хуудас/ гэх үнэлгээ шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож, шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шинжлэн судалж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулах гэмт хэрэг үйлдэхдээ газрын хэвлийд хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байна гэж үзэв.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт байгаль орчинд учирсан хохирлыг 49.2.5-д газарт учруулсан хохирол, 49.2.6-д газрын хэвлийд учруулсан хохирол, 49.2.7-д хөрсөнд учруулсан хохирол гэж тус бүр ангилахаар , мөн зүйлийн 5 дахь хэсэгт 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тогтоосон хэмжээг үндэслэн тогтооно гэж заасан ба газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг гэмт хэргийн улмаас газрын хэвлийд хохирол учруулсныг тогтоогоогүй төдийгүй шүүгдэгч нар нь газрын гадаргуу дээр байсан чулууг авсан, газрын хэвлийд хохирол учруулж ухаагүй гэх мэдүүлэг өгснийг няцаах нотлох баримт хэрэгт байхгүй тул газрын хэвлийд хохирол учруулсан гэх үндэслэлээр шүүгдэгч нараас хохирол төлбөр гаргуулах үндэслэлгүй гэж үзэж, хохирогчийн нэхэмжилсэн 6.128.357 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч Ц.П , Л.Н  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын санал гаргав.

Шүүх шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П , Л.Н  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Н , Ц.П  нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт Эрдэнэсийн сан гэж төрийн нэрийн өмнөөс Монгол банк эрхлэн хуримтлуулж, хадгалж, хамгаалж, хэрэглэж байгаа эрдэнэсийн хуримтлалыг хэлнэ гэж тодорхойлсон ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт эрдэнэсийн сан нь төрийн өмчлөлд байна гэж тодорхойлсны дагуу алтан гулдмай 50.32 грамм, нэгжийн үнэ 107.082,25 нийт үнэ 5.148.357,150 төгрөг, 98 милграмм алтны үлдэц 1 мг алт сорьцгүй нэгжийн үнэ 10.000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 10.000 төгрөг, нийт 980.000 төгрөг, алтан гулдмай болон алтны үлдэц нийт 6.128.357,15 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг Монгол банкны эрдэнэсийн санд шилжүүлж, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т Эрдэнэсийн санд авсан зүйлийн үнийг төлөх үүргийг Монгол банк хүлээхээр заасан тул алт болон алтны үлдэцийг Монгол банкинд худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах гэмт хэрэг үйлдэхдээ Ц.П ийн эзэмшлийн супер чансаа маркийн мотоциклийг ашигласан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасны дагуу төлөх төлбөргүй тул үнийг улсын орлогод оруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.П  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: малчин С.М-т мал маллуулсныхаа хөлсийг өгч чадахгүй болохоор нь 2019 оны 03 дугаар сарын 20-дын үед уг мотоциклийг хөлсөндөө өгчихсөн. Одоо мотоцикль тэр хүнд байгаа гэх тул Хас Үнэлгээ ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Супер чансаа 175 маркийн /хуучин/ 150.000 төгрөгөөр үнэлэгдсэн мотоциклийн үнэ болох 150.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу 75.000 төгрөгөөр тус тус гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Мөн Хас Үнэлгээ ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: цахилгаан молдок 1 ширхэг 240.000 төгрөг зах зээлийн дундаж үнэ 240.000 төгрөг /хх-ийн 93-р хуудас/ гэжээ. Шүүгдэгч Ц.П  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ ...цахилгаан молдок Б ын гэрт нь байсан юм. Хэний эзэмшлийнх гэдгийг бол мэдэхгүй гэх ба уг цахилгаан молдокийг биет байдлаар шүүхэд ирүүлээгүй тул шинжээчийн дүгнэлтээр 240.000 төгрөгөөр үнэлэгдсэн цахилгаан молдокийн үнийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  хар хөх өнгөтэй gold маркийн металл хайгч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж үнийг улсын орлогод оруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 181.3 килограмм шороог устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD бичлэг 3 ширхэгийг  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Л.Н , Ц.П  нар нь цагдан хоригдсон хоноггүй, улсын орлогод оруулах 390.000 төгрөгийн төлбөртэй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Тайж овгийн Ц.П ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Маньбазар овгийн Л.Н г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.П т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н , Ц.П  нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн алтан гулдмай 1 ширхэг /50.32 грамм, нэгжийн үнэ 107.082,25 нийт үнэ 5.148.357,150 төгрөг, /98 милграмм алтны үлдэц /1 мг алт сорьцгүй нэгжийн үнэ 10.000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 10.000 төгрөг, нийт 980.000 төгрөг /-ийн нийт 6.128.357,15 төгрөгийн үнэ бүхий алтыг Монгол банкны эрдэнэсийн санд худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  хар хөх өнгөтэй gold маркийн металл хайгч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж үнийг улсын орлогод оруулахыг тус тус Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 181.3 килограмм шороог устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD бичлэг 3 ширхэгийг  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
  5. Хохирогчийн нэхэмжилсэн газрын хэвлийд хохирол учруулсан нөхөн төлбөр 6.128.357 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Л.Н , Ц.П  нараас цахилгаан молдокийн үнэ 240.000 төгрөг, мотоциклийн үнэ 150.000 төгрөгийг тус тус тэнцүү хэмжээгээр гаргуулан улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Л.Н , Ц.П  нар нь цагдан хоригдсон хоноггүй, улсын орлогод оруулах 390.000 төгрөгийн төлбөртэй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.Н , Ц.П  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА