Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 207/ма2025/00056

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025        06          05                                          207/МА2025/00056

 

 

М............., О............. нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч Ц............., ............ СӨХ-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00209 шийдвэртэй,

Нэхэмжлэгч : М............., О............. нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц............., ............ СӨХ-д холбогдох,

“Нийтийн эзэмшлийн талбайд барьсан өргөтгөлийг албадан буулгуулах” тухай нэхэмжлэлтэй,

“Сунгалт хийхэд гарсан зардал 4,512,500 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.............ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д............., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, хариуцагч ............ СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М............., О............. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн М............. нь ............тоот, иргэн О............. нь ............ тоотод 4-р давхарт тус тус амьдардаг. 2024 оны 04 сарын 02-ны өдөр манай хөрш айл болох 26 тоотод амьдардаг Ц............. нь нийтийн эзэмшлийн коридорт блокоор 4.50х1.60 харьцаатай өргөтгөл зөвшөөрөлгүй хийснээр манай 2 айлын хаалгыг хааж онгойлгох боломжгүй байдал үүсээд байна. Ялангуяа О.............гийн хаалга бүтэн онгойлгох боломжгүй болон ба шууд өргөтгөлийн ханатай тулна, миний ээж Б............. нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг тул хаалгаар тэрэгтэй гарч, ороход маш их хүндрэл гарах боллоо. Хөрш 28 тоот М.............ийнд гэрийн тавилга боон том хэмжээний зүйлс орох боломжгүй болсон тул барилга хот тохижуулалтын газрын мэргэжлийн хяналтын байцаачид тэр өдөртөө мэдэгдэхэд шүүхэд хандаж болно, шийдвэр гарснаар буулгах боломжтой гэсэн хариуг өгсөн болно. Иймд Орхон аймаг ............тоот өмчлөгч Ц.............ийн нийтийн эзэмшлийн коридорт блокоор 4.50х1.60 харьцаатай зөвшөөрөлгүй хийсэн өргөтгөлийг албадлагаар буулгуулах тухай нэхэмжлэлийг шаарлага гаргаж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц............. шүүхэд гаргасан  хариу тайлбартаа: 

Миний бие анх энэ байранд 2009 онд нүүж ирээд өнөөдрийг хүртэл 15 жил амьдарч байна. Манай өөдөөс харсан 27 тоотод оршин суугч ............гийнх мөн адил кордидороо сунгаад өөрийн эзэмшлийн талбайгаас сунгаад 28 тоотод оршин суугч ............ийн хаалганд тулгаж татаад олон жил амьдарч байна. Гэтэл уг айл нь айлын хаалганд тулгаж сунгасан байхад өнөөдрийг хүртэл ямар ч хэрүүл маргаан гаргахгүй олон жил амьдарч байсан. Мөн энэ хэдэн жил тийм л хаалгаар орж гарч эд зүйл тавилгаа зөөж сольж байх даа эрх ашиг миний хөндөгдөж байна гэж гомдол гаргаж байгаагүй. Манайх ч гэсэн 15 жил амьдрахдаа 27 тоотын ............гийн сунгасан хэсгийн догол жижиг талбайгаар том том зүйлүүдийг саадгүй оруулж ирж амьдарч ирсэн. Мөн энэ байранд амьдрах 15 жилийн бүхий л хугацаанд хэвтрийн тал цус харвасан ээжийгээ тэргэнцэртэй зөөж оруулж, гаргаж зөөж эмнэлэгт үзүүлдэг байсан. Энэ үед бид 1 ч удаа ингэж хэл ам хийж байгаагүй. Бид тухайн үед тэднийхийг сунгаснаа буулга гэж хэл ам хийж яваагүй. Манайх өөрийн эзэмшлийн талбайгаа сунгахын тулд анхнаасаа л хариуцсан ............СӨХ-д мэдэгдэж зөвшөөрөл авсан. Улмаар СӨХ-ийн зөвлөснөөр хөршүүдээсээ зөвшөөрөл авахаар 27 тоотыг тогшиход настай эгч гарч ирсэн. Түүнд бүхий л байдлаа тайлбарлаж хэлсэн. Тэгтэл пистүүлээ хаалгатай болгочихбол согтуу хөлчүү хүн амьтан орж ирж унтаж хэвтээд шээж баагаад хүүхэд шуухад айлгаад байхгүй амар шүү за тэр нь зөв гэж ярилцаад зөвшөөрсөн. Ингээд тэр өдрөө буюу 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цаг 52 минутад залгаж уулзаж зөвшөөрөл авахаар ярихад ажилтай байна гээд зөвшөөрсний дагуу засварын бараа материал авч ажиллах хүмүүстэй гэрээ хийж сунгалтаа 4 дүгээр сарны 2-ны 16 цагаас эхлээд 21 цагт барьж дууссан. Энэ үед хөршүүдээс ямар ч хэрүүл маргаан татгалзал гаргаагүй . Гэтэл 22 цагийн орчим бид засварын дараа өөрийн давхрын пистүүлийг тэр чигт нь бүхэлд нь угааж цэвэрлэж байхад 28 тоотын айл гэнэт л уурласан. Бид түүнд би чамтай яриад зөвшөөрсний дагуу хөрөнгө мөнгө зарж хийж бүтээж дууссан байхад чи ингэж болохгүй шүү дээ. Айл хөршийн улсууд байж ингэж хэл ам, хэрүүл тэмцлээр, шүүх цагдаа гээд яах вэ тохиролцоонд хүрье гэж зөндөө л хэлж үзсэн. Иймд бид нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид их зардал гаргасан. Мөн бусдын амгалан тайван байдалд саад болох аюултай үйлдэл гаргаагүй харин ч эрүүл цэвэр аюулгүй орчинд амьдрах боломжийг бий болгох гэж байгаа тул бидний дээрх нөхцөл байдлыг анхаарч үзээд харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү. Эс бөгөөд бид сунгасан бүхий л айлуудтай хамт буулгах шаардлага гаргахаар байна гэжээ

Хариуцагч Ц............. нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие ............ овогтой ............ би ............тоотод 2009 оноос өнөөдрийг хүртэл 15 жил амьдарч байна. Энэ хугацаанд бид хөрш айлуудтайгаа эв найртай сайхан л амьдарч ирсэн. Манайх энэ жил бүл нэмээд үүнтэй холбоотойгоор коридороо сунгаад татчихвал харанхуй урт коридорт согтуу хөлчүү хүмүүс ирж унтаж хэвтэж өтгөн шингэнээ гаргаад хүний өөрийн хүүхдүүдийг маань айлгаад байхгүй бас байрны зай талбайд коридор нэмэх нь аль аль талдаа аюулгүй мөн бусдад айл өрхийнхөө эрх ашигт саад болохгүйгээр сунгалт хийх нь ая духтай аюулгүй цэвэр орчинг бүрдүүлэх давуу талтай болохыг олон айл өрх сунгасан байснаас харж байсан тул Сууц өмчлөгчдийн холбоо болох ............гэдэг СӨХ-дөө мэдэгдэж тэдний зөвшөөрсөн зөвлөсөнөөр хөршүүдээсээ зөвшөөрөл авахаар ............тоотын тогшиход ээж нь байсан. Тэгээ тэг бидэнд за ойлголоо гэсэн юм. Харин ............ тоотын хаалгыг тогшоод хүн байхгүй болхоор нь ............ын ............тоот гар утас руу 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цаг 52 минутад залгаж уулзаж зөвшөөрөл авахаар ярихад ажилтай байна гээд зөвшөөрсний дагуу засварын бараа материал авч ажиллах хүмүүстэй гэрээ хийж сунгалтаа 4 дүгээр сарны 2-ны 16 цагаас эхлээд 21 цагт барьж дууссан. Энэ үед хөршүүдээс ямар ч хэрүүл маргаан татгалзал гаргаагүй . Гэтэл 22 цагийн орчим бид засварын дараа өөрийн давхрын пистүүлийг тэр чигт нь бүхэлд нь угааж цэвэрлэж байхад 28 тоотын айл гэнэт л уурласан. Бид түүнд би чамтай яриад зөвшөөрсний дагуу хөрөнгө мөнгө зарж хийж бүтээж дууссан байхад чи ингэж болохгүй шүү дээ. Чамд яг юу нь болохгүй байгаа юм гэж харилцан ярилцаж тохиролцох гэж олон удаа үзсэн. Гэтэл нэг үг ч сонсохгүй өнөөдрийн байдалд хүрсэн. Бидний хувьд энэ айлд ямар нэгэн саад болохоор хууль бус үйлдэл хийгээгүй. Эрх ашигт нь нөлөөлж хохирол учруулаагүй байхад биднийг шүүхэд өгч байгааг ойлгохгүй байна. Би хөршүүдтэйгээ ярилцаж тохироод зөвшөөрсний эцэст л би сунгалт барьсан. Энэ үед утсаар ярьсан биллыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Бидний хийсэн сунгалтыг нураах нэхэмжлэл гаргасантай холбогдуулж дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Бид зохих журмын дагуу зөвшөөрөл аваад барьж сунгасан үүнд зардал гаргасан. Хэрэв энэ сунгалтыг нуураах ёстой гэж үзвэл бид дээрх айлуудаас сунгалт хийхэд авсан барилгын бараа материал авсан зардал, ажлын хөлс болон бусад зардлыг нэхэмжилж байна. Бид сунгалт хийхдээ дараах зардлыг гаргасан . Үүнд ажлын хөлс -800,000 төгрөг, материал – 3,472,500 төгрөг, тээвэрлэлтийн зардал – 120,000 төгрөг, материал зөөсөн хүний ажлын хөлс - 120 000 төгрөг, нийт 4,512,500 төгрөг болсон.Иймд хариуцагч ............багийн ............ тоотод оршин суугч ............, мөн хариуцагч ............багийн ............тоотод оршин суугч ............ нараас зөвшөөрөл өгч сунгалт хийлгээд бүрэн дууссан хойн элдэв юу ярьж нуураалгах гэж байгаа бол бидний гаргасан зардал болох 4,512,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М............. нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

М............. миний бие ............ тоотод 2014 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байна. Хөрш болох ............тоотын Ц............. нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зөвшөөрөл өгөөгүй байхад дур мэдэн нийтийн эзэмшлийн коридорт өргөтгөл хийж орж гарах болон том хэмжээтэй зүйл оруулахад хүндрэл үүсээд байна. Мөн хүүхэд болн хүүхдийн тэрэг ч багтахгүй зайтай харанхуй болоод бидний орж гарах зайг хязгаарлаад байна. СӨХ зөвшөөрөл өгөөгүй ба бид ч зөвшөөрөөгүй байхад өөрсдөө дур мэдэн барьсан тул сунгалт хийхдээ гаргасан зардлыг өгөхгүй. Иймд нийтийн эзэмшлийн коридорт хийсэн сунгалтыг яаралтай буулгаж өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч О............. нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

О............. нь ............тоот байрыг 2023 оны 05 сард худалдаж авсан. Худалдаж авахад үүдний хэсэг сунгалт хийгдсэн байсан учир надад хамаарагүй. Би тус оны 06 сард эмээ болон аав, ээжийгээ нүүлгэж оруулсан. Харин ............тоотын хөрш Ц............. нь манай эмээ болох 80 нас хүрч байгаа чих хатуу хүнтэй ярьж хоорондоо ойлголцоогүй. ............ирри айл өргөтгөл хийснээр хаалга бүрэн онгойхгүй хүндрэлтэй болоод байна. Мөн хүүхэд болон настай хүн харанхуй коридорт явж чадахгүй байна. Иймээ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, барьсан сунгалтыг яаралтай буулгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ............ СӨХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 М.Ганццож, О............. нарын нэхэмжлэлтэй Ц.............т холбогдох иргэний хэрэгт хамтран хариуцагчаар ............ СӨХ-ийн татан оролцуулахаар шийдвэрлэсэн ба уг хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:Нэгдүгээрт: Нэхэмжлэгч М............. болон О............. нарын эрх, хууль ёсны ашиг манай СӨХ болон миний зүгээс огт зөрчөөгүй болно. Учир нь Ц............. орон  сууцныхаа үүдэнд ямар нэгэн хаалт. хамгаалалт барихад нь зөвшөөрөл олгоогүй бөгөөд үүнтэй адилхан нэхэмжлэгч О.............гийн үүдэнд ч адилхан хамгаалалт хийсэн байдаг. Тэдний хэн нь ч Сууц өмчлөгчдийн холбооноос зөвшөөрол авч байгаагүй болно. Хоёрдугаарт: Манай СӨХ нь оршин суугч иргэдийн нийтлэг, эрх ашгийг хамгаалах үүднээс тэдний хүсэл зориг дээр тулгуурлан 1999 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үүсгэн байгуулагдаж миний бие тус холбооны Гүйцэтгэх захирлаар өдийг хүртэл ажиллаж байна. Харин хэн нэгэн оршин суугчийн эрхэнд бусад оршин суугч нар зөрчих, зөрчиж болзошгүй зэрэг асуудал нь СӨХ-өөс болоогүй гэж үзэж байна. Учир нь зөвхөн Ц............. ч биш бусад айлууд нь энэ мэтээр үүдэндээ хаалт, хамгаалалт барьж, хоорондоо зохицож байгаа олон тохиолдолд байгаа болно. Энэ нь бусдын эрхийг хөндөхгүйгээр өөрийн амьдрах орчноо тохижуулж байхад нь СӨХ тэр бүр оролцоод байдаггүй. Харин барилгын хийцлэлд нөлөөлөхөөр байвал мэдээж СӨХ таслан зогсоох ёстой болно. Гуравдугаарт: Хэрэв Ц.............ийн хаалт, хамгаалалтыг буулгахдаа хүрвэл нэхэмжлэгч Ц.............гийн хаалт, хамгаалалтьн ч адилхан буулгах учиртай. Түүнээс М.............ийн эрх зөрчигдөөд бусдын эрх зөрчигдөөгүй тухай үндэслэл муутай нэхэмжлэл гаргасан байна. Харин нийтийн эзэмшил талбайд энэ мэтээр дураараа хаалт, хамгаалалт барихыг таслан зогсоох буулгах тухай асуудал нэхэмжлэгч М............., О............. нарын шахалт шаардлагаар бус харин СӨХ-ийн бүх гишүүдийн хурлаас уг асуудлаар шийдвэр гарвал бид албадан буулгах асууддыг өөрсдөө гаргаж тавих болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШШ2025/00209 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2,148 дугаар зүйлийн 148.2.2,орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан ............тоот орон сууцны өмчлөгч Ц.............ийн нийтийн эзэмшлийн коридорт зөвшөөрөлгүй хийсэн өргөтгөлийг албадан буулгаж, сунгалт хийхэд гаргасан зардал 4,512,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгч М.............ийн ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,160 төгрөгийг тус тус төрийн санд үлдээж, хариуцагч Ц.............ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.............ид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шуүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 00209 дугаартай шийдеэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 1.Нэхэмжлэгч М ............ О ............ нар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан ундэслэл нь орж гарах гарц хаасан мэт тайлбарлаж байгаа боловч тэдний нотлох баримтаар гаргаж өгсөн фото зургаар үндэслэлгүй болох нь нотлогдож байгаа. Маргаан бүхий 3 айлын хаалга нээлттэй байгаа нь хэн нэгний эрх ашгийг зөрчсөн хохироож хүндрүүлсэн зүйл огт байхгүй, мөн өргөтгөлийн ханатай тулна гэж илт худал мэдүүлсэн байгаа билээ. Энэ тайлбар нотлох баримтыг үндэслэн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга байгуулалтын газрын шинжээч нарыг томилж дүгнэлт гаргах шаардлагатай байсан. Ийм учраас зөв дүгнэлт гаргуулж үнэхээр орц гарц нь айлын хаалгыг дутуу онгойлгож буй эсэхийг шалгуулах. нэхэмжлэлийн шаардлага өөрөө огт үндэспэлгүй худал байгааг шалгуулах шаардлагатай байна. 2.Дээрх нэхэмжлэгч нараас анх ямар ч зөвшөөрөлгүй дундын эзэмшилийн талбайг хааж хана өрсөн. ярьж мэдэгдээгүй мэт ярьж байгаа няцаасан хариуцагч талаас гаргаж өгсөн Мобиком компанийн лавлагаагаар нотолж байна. 3.Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хөрш айлууд болох М............., О............. нараас зөвшөөрөл аваагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Тэд шүүхийн хэлэлцүүлэгт бариа гэж хэлсэн бариад дууссан хойно нь харсан арай нааш нь барьсан болохоор буулгах нэхэмжлэлийг гаргасан тухай тодорхой хэлсэн. Энэ тайлбараас үзэхэд зөвшөөрөл аваагүй гэж үзэх боломжгүй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 00209 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож. анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч М............., О............. нар нь хариуцагч Ц............., “............” СӨХ нарт холбогдуулан нийтийн эзэмшлийн коридорт зөвшөөрөлгүй хийсэн өргөтгөлийг албадан буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Ц............. нэхэмжлэгч М............., О............. нарт холбогдуулан “Сунгалт хийхэд гарсан зардал 4,512,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд  гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2,148 дугаар зүйлийн 148.2.2,орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан ............тоот орон сууцны өмчлөгч Ц.............ийн нийтийн эзэмшлийн коридорт зөвшөөрөлгүй хийсэн өргөтгөлийг албадан буулгаж, сунгалт хийхэд гаргасан зардал 4,512,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй   байна.

           Хариуцагч Ц............. нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ............ дугаар хаягт байрлах  дундаа өмчлөх 9 давхар орон сууцны нийтийн эзэмшлийн коридорт блокоор 4.50 х1.60 харьцаатай өргөтгөл барьжээ.

“...Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 01 дүгээр 28-ны өдрийн № 64 дугаартай албан бичигт “............ айл үүдэндээ өргөтгөл хийсэнд манай газраас Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар хуулиар хориглосон тул ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй болно...” гэжээ.

 Хариуцагч ............ СӨХ шүүхэд гаргасан хариу  тайлбартаа :“...Сууц өмчлөгчдийн холбооны харъяа ............ холбооны харъяа ............тоотод оршин суугч Ц............. нь дундаа өмчлөх 9 давхар орон сууцны вестибюль хэсгээс өөрийн эзэмшлийн хэсгийг сунган авах үедээ манай нярав болон бидэнтэй холбогдож байсан. Энэ нь тухайн айлуудын бат бөх чанар,аюулгүй байдалд нөлөөлөхүйц биш гэж үзсэн. Ц............. нь тэр вестибюль хэсэгт өөрийн хөрөнгөөр засвар хийж орох хэсгийн хаалга хийн гадна орчноос хамгаална гэж зөвшилцсөн. Гэвч № 27,28 тоот маргаан гаргасан. № 27 тоот ч тухайн үед уулзаж сунгалт хийгдсэн бөгөөд № 28 тоотын оршин суугчдын хоорондоо зөвшилцөх санал хэлсэн болно. Гадны архи уусан гудамжны хүмүүс орж унтах, өтгөн шингэн болох аюултай байдлыг гаргадаг учир үүд хэсгээ сунгалт хийхэд нь буруу зүйл биш гэж бодож байна...” гэжээ.

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.  

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ   нь “...Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 00209 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож. анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж  байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байна. 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.  

Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тэмдэглэлд “... нэхэмжлэгч нарын гаргасан хариуцагч ............ СӨХ-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож... “ гэж бичсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт бичээгүй орхигдуулсан байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авч шийдвэрлээгүй  тул түүний шүүхэд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 87,160 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар  сарын 05-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00209 шийдвэрийн 1 дүгээр заалтыг ”...Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2,148 дугаар зүйлийн 148.2.2,орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан ............тоот орон сууцны өмчлөгч Ц.............ийн нийтийн эзэмшлийн коридорт зөвшөөрөлгүй хийсэн өргөтгөлийг албадан буулгаж, сунгалт хийхэд гаргасан зардал 4,512,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг   “...Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2.,148 дугаар зүйлийн 148.2.2.,Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д зааснаар ............тоот орон сууцны өмчлөгч Ц.............ийн нийтийн эзэмшлийн коридорт зөвшөөрөлгүй хийсэн өргөтгөлийг албадан буулгаж, сунгалт хийхэд гаргасан зардал 4,512,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч ............ СӨХ-д холбогдох хэргийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай ...” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162  дугаар   зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 87,160 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.ҮҮРИЙНТУЯА

 

                                                      ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТТӨР