| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0112/Э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2019-08-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 113
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат,
Шүүгдэгч Б.Г ,
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хиат овгийн Б.Г д холбогдох 1928000000113 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 09-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, мастер авто угаалгын газар зохион байгуулагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1-р баг ....................... тоотод оршин суух, урьд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суух газраасаа зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, Хиат овгийн Б.Г , регистрийн дугаар .....................,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймаг Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулах Арвин шим дэлгүүрийн гадна өөрийн эхнэр А.А ыг хардалтын улмаас бие махбодид нь халдан түлхүүрээр хатган зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр би гэртээ унтаж байхад манай ээж над руу залгаад танай эхнэр З гийн утас дуудаад авахгүй байна гэж хэлсэн. Би яасан юм бол, ажил руугаа явсан юм байх гэж хэлсэн. Ээж хүүхэд чинь уйлаад байна З тай ямар нэгэн аргаар холбогдоодох гэж хэлсэн. Би З руу залгахад гар утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би такси бариад ажлынх нь гадаа ирэхэд ажил нь цоожтой байсан. Хойно хэдэн хүн уруу татаад байдаг тэр хүмүүс рүү нь явж очиход гэртээ байхгүй байсан. Дэлгүүрийн гадаа миний машин харагдахаар нь очоод эхнэрээ жолооны ард сууж байгаа байх гэж бодоод хаалгаа онгойлгоход Д.С эгч сууж байсан. З цаана нь нэг залуутай сандлаа хэвтүүлээд давхралдаад сууж байсан. Тэрүүхэн зуур миний уур хүрээд машины урд талаар тойрч очоод гэрийнхээ түлхүүрийг барьж явж байсан болохоор гэрийнхээ түлхүүрээр эхнэрээ хэд хэдэн удаа цохисон. Жоохон хардалтын зүйл болоод эхнэрээ арай дэндүү болгосон байсан. Миний 100 хувь буруу гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 07 сарын 28-ны үдээс хойш хамт ажилладаг найз нарын хамтаар Говь шанх-6 хурдан морины наадмын дааганы уралдаан үзэж дуусгаад найз Ц.Г ийнд очиж мах шарж идээд тэндээ бөөнөөрөө юм ярьж 0.5 грамм лаазтай сэнгүр пиво Э.Т ийн хамтаар хувааж уугаад мөн 0.5 грамм хар чингис архинаас хуваалцаж уугаад дахиад архи авахаар Ц.Г ийн хойд талд байрлах “Арвин шим” дэлгүүрийн гадаа найз Ц.Г , Э.Т , Д.С нарын хамт 20 цаг өнгөрч байхад очсон яг хэдэн цаг болж байсныг бол хараагүй. Тэгээд Ц.Г дэлгүүр лүү орсон би дотор муухайраад машинаа асаагаад явъя гэсэн чинь Д.С чи машин унахгүй гээд рүль талын суудлаас түлхээд хажуу талын суудал дээр суулгаад Д.С рүль талын суудал дээр суугаад байж байтал би наадам дээр наадмын гэр хэсээд айраг их уусан байсан болохоор миний дотор муухайраад бөөлжих гээд байж байхад нэг танихгүй залуу ирээд та нар хаашаа явах гэж байгаа юм бэ гээд асуугаад байхаар нь юм хариулсан хүн байхгүй нөгөө залуу яваад өгөхөөр нь би суудлаа арагш хэвтүүлээд хэвтэж байхад нэг танихгүй согтуу залуу ирээд хаалга онгойлгоод миний хажууд шахаж суухад Б.Г яг ирж таараад Д.С ын талаар хаалга онгойлгоод машины урдуур тойрч ирээд миний сууж байсан хаалгыг онгойлгоод надад хандаж нэг юм хэлэх шиг болсон тэгээд шууд миний нүүр, толгой хэсэг рүү цохиод байсан би өөдөөс нь түлхээд буугаад явах гэсэн чинь араас ирээд дахиад цохиод байсан тэгэхээр нь би дахиж түлхээд машинаас буугаад дэлгүүрийн үүд рүү очсон чинь Б.Г машинаа унаад яваад өгсөн. Тэгээд би тэнд зогсож байсан Ланд машины жолоочийг гуйгаад ээжийндээ очиж хүүхдүүдээ авах гэсэн чинь Б.Г аваад явсан гэхээр нь би цагдаагийн газар ирж болсон зүйлийн талаар хэлсэн.” гэжээ /хх-11-12/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 07 сарын 28-ны өглөө ажил дээрээ 09 цаг өнгөрч байхад очоод байж байгаад 13 цагийн үед Говь шанх-6 хурдан морины уралдаан үзэх гээд хамт ажилладаг хамт ажилладаг Ц.Г , Э.Т , С.У нарын хамтаар очиж морь үзэж байгаад буцаад ажил дээрээ 16 цагийн үед ирээд Ц.Г эгчийн гэр лүү нь Гурван сайхан хороололд Д.С , С.У , Ц.Г , Э.Т нарын хамт очоод мах шарж идээд нэг нэг 0.5 грамм сэнгүр гэх лаазтай пиво уугаад байж байхад 19 цаг болж байсан. Тэгээд бөөнөөрөө хамт яваад Арвин шим дэлгүүрийн үүдэнд зогсоод Ц.Г эгч дэлгүүр ороод би машины рүль талын эсрэг талын суудал дээр сууж байсан чинь нэг танихгүй залуу ирээд машины хаалгаар толгой буюу цээж хэсгээрээ ирээд та нар хаачих гэж байгаа юм гээд асуугаад байж байтал манай Б.Г нөгөө залууг цааш нь түлхээд намайг нүүр лүү үзүүртэй зүйлээр цохиод зодоод байхаар нь өөдөөс нь ноцолдоод дэлгүүр лүү гүйгээд орох гэсэн чинь буцаагаад үсдэж чирээд зодоод байхаар нь дахиад гүйгээд дэлгүүр лүү ороод авраарай гээд тусламж гуйсан чинь дэлгүүрийн худалдагч та гар гарцгаа гээд хөөсөн дахиад намайг үсдэж чирээд цохисон тэр хооронд би самгардаад газар сууж байсан. Нэг мэдсэн машин байхгүй байсан. Тэгээд би дэлгүүрийн гадаа зогсож байсан машиныг гуйгаад ээжийндээ очиж хүүхдүүдээ авах гэсэн чинь Б.Г аваад явсан байхаар нь би жолоочийг намайг цагдаад хүргээд гээд тэр танихгүй хүнээс гуйгаад хүргүүлээд ирсэн. Тэгээд цагдаагийн газар байж байтал эмнэлэг ирээд намайг авч яваад миний шархыг цэвэрлээд найзындаа очиж амарсан...” гэжээ /хх-13-14/,
Гэрч Д.Д.С мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 07-р сарын 28-ний өдөр ажил дээрээ байж байтал 15 цаг өнгөрөөгөөд С.У утсаар залгаад ажил дээрээ байна уу гэхээр нь ажил дээрээ байна гэсэн чинь хүрээд очъё гээд удалгүй С.У , Ц.Г , Э.Т , А.А нар хүрч ирээд хамт явъя гээд Ц.Г ийн ажил дээр хүрч очоод Ц.Г ийнд мах шарж идэхээр очоод мах шарж байхад 17 цаг өнгөрч байсан тэгээд бид нар Ц.Г ийнд очихдоо замдаа нэг шил 0.5 граммын хар чингис замдаа хувааж уугаад тэгээд архи авахаар Ц.Г ийн хойд талд байрлах Арвин шим дэлгүүрийн гадаа очоод Ц.Г дэлгүүр лүү орохоор А.А машинаа уная гэхээр нь би гээд рүль дээр очоод бүсийг нь зүүгээд сууж байтал нэг танихгүй залуу ирсэн одоо зүс, царай, хувцас хунарыг нь огт санахгүй байна ирээд бас юу гэж хэлснийг нь санахгүй байна тэгээд нөгөө залуу яваад өгсөн чинь бас нэг танихгүй залуу ирээд А.А ын сууж байсан талын хаалгыг онгойлгоод шууд өвөр дээр нь суусан бас нэг юм асуугаад А.А ыг сэрэх гээд байсан чинь гэнэт миний сууж байсан жолооч талын хаалга онгойхоор нь харсан чинь Б.Г ирчихсэн өө Д.С эгч байна гээд машины А.А ын сууж байсан талын хаалгыг онгойлгоод сууж байсан залууг татаж буулгаад А.А ыг шууд үг дуугүй нүүр толгой руу нь учиргүй цохиод унахаар нь би буусан чинь Б.Г Д.С , Э.Т хоёрыг ална гэхээр нь айгаад тэр машинд сууж байсан хүн дээр очоод тусламж гуйсан чинь цаана чинь зөндөө хүмүүс байна гээд явахгүй гэсэн чинь А.А авраарай Д.С эгчээ Ц.Г эгчээ гээд гараад ирсэн Б.Г үснээс нь чирж машинд оруулаад дахиад цохиод байсан тэгэхээр нь би нөгөө машинтай хүнийг цагдаад хүргэж өг гээд гуйгаад Ц.Г ийн гэрийн гадаа очоод Ц.Г ийг дагуулаад нөгөө Арвин шим дэлгүүрийн гадаа хүрээд ирсэн чинь А.А , Э.Т хоёр байхаар нь машинд суулгаад нөгөө машинтай хүнийг цагдаад хүргэж өг гээд гуйгаад А.А ын ээжийнд очсон чинь Б.Г ирээд хүүхдүүдээ аваад явчихсан байхаар нь цагдаа дээр буулгаад өг гэж байгаад хүргүүлж ирсэн....” гэжээ. /хх-15-16/,
Гэрч С.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 07”р сарын 28-ний өдөр даншиг наадам хүүхдүүдтэйгээ үзчихээд наадмын хаалт болж байгаа юм гээд хуучин ажиллаж байсан хамт олноороо уулзъя гээд дэлгүүрээс орж нэг шил 0.75 граммын хар чингис архи, том кола ундаа, 3 ширхэг лааз пиво аваад Д.С эгч рүү 15 цагийн үед утсаар залгаад хаана байга гэж асуусан чинь ажил дээрээ байна гэхээр нь Гоёл салон дээр очоод Д.С эгчтэй уулзаад тэнд архи задлаад амсуулаад тэндээсээ Вика гэх салоны гадаа Ц.Г , Д.С эгч бид 3 архинаасаа уусан, А.А машин барьж байгаа гээд уугаагүй, Э.Т бас уугаагүй. Тэгээд тэндээсээ Ц.Г ийнд очиж мах шарж иднэ гээд Гурван сайхан хороолол явах замдаа нэг шил 0.5 грамм хар чингис аваад түүнийгээ Д.С , Ц.Г , А.А бид 4 архи уусан Э.Т пиво уусан. Тэгээд манайх Ц.Г ийнхээс ойрхон дээшээ 4 хашааны дээр байдаг болохоор би гэрлүүгээ явсан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад Э.Т аас мессеж ирсэн түүнийг уншсан чинь А.А ыг Б.Г зодсон гэж хэлсэн тэгээд би цагдаагийн газар ирсэн ...” гэжээ. /хх-18-19/,
Хохирогч Э.Э.Т мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 07-р сарын 28-ний өглөө ажил дээрээ 09 цаг өнгөрөөгөөд очоод байж байгаад Ц.Г , А.А , С.У нарын хамт 14 цагийн үед Говь шанх-6 хурдан морьны уралдааны даага үзэх гээд яваад очоод даага үзэж дуусаад С.У , Д.С эгчрүү залгаад хаана байна бид нар бөөнөөрөө явж байна хүрээд очоё гэсэн чинь ажил дээрээ байна гэхээр хүрээд очоё гэж хэлээд морь барианы газраас буцаад явах замдаа дэлгүүрээс Хар чингис архи 1 ширхэг, нэг ширхэг, кола ундаа, 3 ширхэг сэнгүр 0.5 гр лаазтай пиво аваад Д.С эгчийн ажил дээр нь очоод ажил дээр нь ороод нөгөө авч очсон архиа задлаад Ц.Г , Д.С , С.У 3 нэг нэг аяганд хийж уусан тэгээд манай ажил дээр очиж нэг маникур аваад гадаа машинд нөгөө архийг Ц.Г , Д.С , С.У 3 хувааж ууж дуусгаад Ц.Г ийнд очиж мах шарж идэе гээд Гурван сайхан хороолол очих замдаа нэг дэлгүүр орж нэг шил хар чингис архи аваад гэрт нь очоод мах шарж идээд авч очсон архийг С.У , Д.С , Ц.Г , А.А нар хувааж уусан би авч очсон лаазтай пивонаас нэгийг нь уусан тэгээд дахиж дэлгүүр орж архи авах гээд Д.С , Ц.Г , А.А бид дөрөв А.А эгч машинаа бариад Арвин шим дэлгүүрийн гадаа очоод Ц.Г дэлгүүрлүү архи авах гээд орсон дараа А.А машинаас унаж гэрлүүгээ явах гэхээр нь Д.С эгч чи битгий машин унаад явах гээд бай гээд буугаад цааш нь түлхээд рүль дээр суусан чинь бүсний чип нь дугарахаар нь бүсийг нь зүүгээд сууж байсан опг танихгүй нэг согтуу залуу ирээд юм асуух шиг болсон би нээх анзаараагүй нөгөө залуу яваад өгсөн тэгээд машинд сууж байсан чинь Б.Г машин тойрч ирээд А.А ын сууж байсан хаалгыг онгойлгоод чи хойшоо болж бай гэх шиг болсон сайн анзаараагүй тэгээд А.А ыг нүүрлүү цохиод байхаар нь хүүе юу болж байна гэж хэлээд айгаад машинаас буугаад машинд суусан чинь нөгөө машин явлаа гэсэн Б.Г муу гичийнүүдийг ална гэхээр нь бүүр айгаад дэлгүүрт ороод худалдагчид нь хөөе авраачээ гадаа манай ажлын хүнийг нэг хүн зодоод байна гэж хэлээд айсандаа чигээрэй гүйгээд агуулахад ороод байж байгаад эргээд гараад ирсэн чинь Д.С эгч А.А 2 нэг жийп машинд суусан суу гэхээр нь суусан. Тэгээд тэр машинтай хамт А.А эгчийн ээжийнд нь очоод хүүхдүүдийг авах гэсэн чинь Б.Г аваад явсан байхаар нь нөгөө машинтай шууд цагдаагийн газар хүргүүлж ирсэн...” /хх-18-19/
Гэрч Ц.Ц.Г мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 07-р сарын 28-ний өглөө ажил дээрээ 09 цаг өнгөрөөгөөд очоод байж байгаад Э.Т , А.А , С.У нарын хамт 14 цагийн үед Говь шанх-6 хурдан морьны уралдааны даага үзэх гээд яваад очоод даага үзэж дуусаад Би Д.С эгчрүү залгаад хаана байна бид нар бөөнөөрөө явж байна хүрээд очоё гэсэн чинь ажил дээрээ байна гэхээр хүрээд очоё гэж хэлээд морь барианы газраас буцаад явах замдаа дэлгүүрээс 0.5 гр Хар чингис архи 1 ширхэг, нэг ширхэг, кола ундаа, 3 ширхэг сэнгүр 0.5 гр лаазтай пиво аваад Д.С эгчийн ажил дээр нь очоод ажил дээр нь очоод нөгөө авч очсон архиа задлаад Д.С , С.У 3 нэг нэг аяганд хийж уусан тэгээд манай ажил дээр очиж нэг маникан толгой аваад би Д.С эгчид өгөөд нөгөө архийг Д.С , С.У бид 3 хувааж ууж дуусгаад манайд очиж мах шарж идэе гээд Гурван сайхан гэр хороолол очих замдаа нэг дэлгүүр орж нэг шил 0.5гр хар чингис архи аваад гэрт нь очоод мах шарж идээд авч очсон архийг С.У , Д.С , А.А бид нар хувааж уусан лаазтай пивонаас нэгийг нь Э.Т уусан тэгээд дахиж дэлгүүр орж архи авах гээд Д.С , Э.Т , А.А бид дөрөв А.А машинаа бариад Арвин шим дэлгүүрийн гадаа очоод би дэлгүүрлүү архи авах гээд явсан шиг саналдаж байна би сайн санахгүй байна нэг мэдсэн дэлгүүрийн гадаа байж байгаад гэртээ хүүхдээ орхисон шиг санаад гэрлүүгээ гүйсэн. Тэгээд гэрт очоод байж байсан чинь Д.С эгч надруу утсаар залгаад А.А нөхөр Б.Г д зодуулчлаа гэж утсаар хэлсэн. Би тэр хооронд нилээн согтсон байсан. Тэгээд би цагдаагийн газар ирэхдээ замд таарсан нэг машинтай хүнийг гуйгаад ирсэн...” /хх-20-21/
Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 07-р сарын 28-ны өдөр гэртээ Төгөл 36-5 тоот хашаанд байж байсан чинь манай хадам ээж С утсаар залгаад А.А байгаа юм уу гэхээр нь байхгүй байна яасан бэ гэсэн чинь А.А утсаа авахгүй байна гэхээр нь за би нэг залгаад үзэе гээд залгасан чинь утсаа авахгүй байхаар нь би гэрээс гараад доошоо алхаад такси бариад ажилруу нь яваад очсон чинь ажил нь цоожтой байхаар нь буцаад Гурван сайхан хороололд хамт ажилладаг Ц.Г ийн гэрт нь очсон чинь хүн байхгүй хашаан дээд үзүүрээр миний машин Арвин шим дэлгүүрийн гадаа харагдахаар нь яваад очсон. Тэгээд таксигаа явуулаад жолооч талын хаалгыг онгойлгосон чинь Д.С эгч сууж байсан жолоочын эсрэг талын суудал манай эхнэр А.А сандалаа арагш нь хэвтүүллсэн хажуу талд нь нэг залуу сууцан арын сандал дээр Э.Т сууж байхаар нь А.А ын сууж байсан талруу машины урдуур тойрч очоод нөгөө танихгүй залууг татаж буулгаад хүүхэд чинь уйлаад байна чи яагаад утсаа авдаггүй юм бэ гэсэн чинь хуц гэхээр нь уур хүрээд гартаа барьж байсан гэрийнхээ түлхүүртэй гараар хэд хэдэн удаа нүүр болон толгой хэсэгрүү цохиод харсан чинь нүүрнээс нь цус гарахаар би больсон чинь А.А машинаас буугаад явахаар нь араас нь татаж машинд суулгасан дахиад машинаас буугаад явахаар нь би машинаа унаад хадам ээжийнд очиж хүүхдүүдээ аваад гэртээ очоод уур хүрээд гэртээ байсан нэг шил 0.75гр экс архийг задлаад гэрт байх сэнжтэй аягаар ихэнцээр хийгээд 3 удаа уугаад байж байтал 2 цагдаа орж ирсэн....” /хх-22-23/
Шүүгдэгч Б.Г гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...Би гэртээ байж байхад манай хадам ээж утсаар залгаад А.А утсаа авахгүй байна гэхээр нь би залгасан чинь утсаа авахгүй байхаар нь араас нь хамт ажилладаг Ц.Г ийн гадаа очиход хашаан дээгүүр харахад миний машин Арвин шим дэлгүүрийн гадаа очиход машин дотор танихгүй хүнтэй сууж байхаар би эхнэр А.А ыг хардаад бие эрх чөлөөнд халдсан...” /хх-31-32/,
2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 453 дугаартай шийнжээчийн дүгнэлтэд: “...А.А ын биед зүүн зулай, дух, баруун шанаа, баруун нүдний дээд зовхи, хамар, зүүн хацар дээд уруул, баруун бугуй дахь хатгагдсан шарх, зүүн нүдний зовхи, Цээж, баруун шууны цус хуралт гэмтэл үүсчээ. Хатгагдсан шарх гэмтлүүд нь иртэй зүйлийн, цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-25/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх-5-8/
Хохирогчоор тогтоох тогтоол /хх-9/,
Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол /хх-10/,
Улсын бүртгэлийн лавлагаа /хх-35/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-43/,
Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-44/,
Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-46/,
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-47/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-48-50/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-51/,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн тогтоол /хх-53-57/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулах Арвин шим дэлгүүрийн гадна өөрийн эхнэр А.А ыг хардалтын улмаас бие махбодид нь халдан түлхүүрээр хатган зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулжээ.
Шүүгдэгч Б.Г д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г гийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал болон хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймаг Даланзадгад сум Гурвансайхан гэр хороололд байрлах Арвин шим дэлгүүрийн гадна эхнэр А.А ыг хардалтын улмаас түлхүүрээр хатган зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А ын мэдүүлэг /хх-11-12/, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А ын мэдүүлэг /хх-13-14/, гэрч Д.Д.С ын мэдүүлэг /хх-15-16/, гэрч С.У ийн мэдүүлэг /хх-18-19/, гэрч Э.Э.Т ийн мэдүүлэг /хх-18-19/, гэрч Ц.Ц.Г ийн мэдүүлэг /хх-20-21/, шүүгдэгч Б.Г гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-31-32/, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 453 дугаартай шийнжээчийн “...А.А ын биед зүүн зулай, дух, баруун шанаа, баруун нүдний дээд зовхи, хамар, зүүн хацар дээд уруул, баруун бугуй дахь хатгагдсан шарх, зүүн нүдний зовхи, Цээж, баруун шууны цус хуралт гэмтэл үүсчээ. Хатгагдсан шарх гэмтлүүд нь иртэй зүйлийн, цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-25/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г хохирогч А.А тай 2007 онд гэр бүл болж 2008 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бүртгүүлсэн нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул эхнэр гэж үзэх үндэслэлтэй байна.
Аюулын зэргийн үнэлгээгээр шүүгдэгч Б.Г гийн гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн түвшин бага гэж гарсан хэдий ч эхнэр А.А ыг хардалтын улмаас бие эрх чөлөөнд халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүчирхийллийн нэг хэлбэр гэж үзэх хуулийн үндэслэлтэй юм.
Шүүгдэгч Б.Г нь 1984 оны 07 дугаар сарын 09-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, жолооч мэргэжилтэй, мастер авто угаалгын газар зохион байгуулагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1-р баг Баруун сайхан 12-31 тоотод оршин суудаг, урьд 1 удаагийн шийтгэлтэй болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-43/, Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-46/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-47/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-48-50/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-51/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоол /хх-53-57/ зэрэгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “Надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй”, шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “Би эхнэрээсээ уучлалт гуйсан. Эхнэр маань намайг уучилсан” гэх мэдүүлэг, Шүүгдэгч, хохирогч нар хоорондоо байгуулсан эвлэрлийн гэрээгээр хохирол төлбөр байхгүй байхаар тогтов гэж байгуулсан гэрээ /хх-44/ зэргээр шүүгдэгч Б.Г г хохирогч иргэний нэхэмжлэгч А.А д төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч Б.Г д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын яллагчийн саналаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.
Шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохиро төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хиат овгийн Б.Г г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Г 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ