Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 1146

 

  2019         07         22                                       2019/ШЦТ/1146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа

улсын яллагч Э.Намуун,

шүүгдэгч, хохирогч Д.Ц , түүний өмгөөлөгч Ц.Мандал,

шүүгдэгч, хохирогч Ж.Э , түүний өмгөөлөгч Д.Хишигбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Э д холбогдох эрүүгийн 1806 05673 1281 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Д.Ц , /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Ж.Э , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Ц  нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт машин мөргөх шахсан гэх шалтгааны улмаас Ж.Э , Э.Б , Д.Ц  нар нь маргалдаж, Д.Ц  нь Ж.Э гийн толгой, гар хэсэгт нь гараараа цохиж, Э.Б ийн толгойд 2 удаа гараараа цохисны улмаас тус тус биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

Шүүгдэгч Ж.Э  нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт машин мөргөх шахсан гэх шалтгааны улмаас Ж.Э , Д.Ц  нар нь маргалдаж, харилцан зодолдож, Ж.Э  нь Д.Ц гийн нүүрэнд гараараа цохисны улмаас Д.Ц гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “6 дугаар сарын 28-ны орой 19 цагт охин бид хоёр хорооллын явган хүний замаар явж байхад нэг машин огцом хөдлөөд дайрчих шахахаар нь замын хөдөлгөөнд зөв оролцооч гэж хэлчихээд явсан. Тухайн үед би энэ хүнийг машин бариад явж байгааг мэдээгүй. Гэнэт энэ хүн урдуур хашиж зогсчихоод галзуу согтуу нь мэдэгдэхгүй юм машинаасаа бууж ирсэн. Тухайн үед би маш их айсан. Тэгээд шууд миний охиныг цохиод авсан. Би охиныхоо урдуур орсон. Энэ хүнтэй цуг явсан Мацаг гэх хүнийг би энэ хэрэгт шүүгдэгчээр татах ёстой гэж бодож байна. Би их жижигхэн биетэй, Цогзолмаа нь өөрөө их том биетэй. Энэндээ их эрдсэн, маш бүдүүлгээр хоёр янхан минь гэсээр бууж ирсэн. Би багш хүний хувьд амрах ёстой амралтаа эдэлж чадсангүй. Өнгөрсөн жил хүүхдээ эмчилгээ, шинжилгээ мөн цагдаа руу гэж явсаар амралт өнгөрч байна. Бид хоёрыг зодчихоод машиндаа суугаад зугтсан. Би хүүхдээ цагдаа дуудаачаа гээд дуудуулсан. Цагдаа хэсэг хугацааны дараа ирэхэд араас хамтран амьдрагчтайгаа ирээд зогсч байсан. Энэ хүн бол маш их бүдүүлэг. Хэрвээ хамт явж байсан эрэгтэй хүн өөрсдийнх нь ярьж байгаагаар болиочээ гэсэн бол хэзээ ч тийм юм болохгүй байсан. Өөрөө ийм юм яриад байгааг ойлгохгүй байна. Миний охин, бид хоёр хоёулаа толгойны доргилттой, миний охин маш их өвдсөн. Маш их цочролд орсон. Бид нар цагдаагийн машинд суугаад цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү ирэх замд явж чадахгүй, байж чадахааргүй байдалтай байсан. Тэгэхэд энэ эмэгтэй миний хүүхдийг машины копуд өшиглөсөн гэж ийм худлаа юм ярьж байгаад маш харамсалтай байна.” гэв.

Шүүгдэгч Д.Ц  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Намайг хоёр эмэгтэй хүн хоёулаа нийлээд зодсон. Би өөрийгөө хамгаалсан. Ядуу доройгоороо дуудуулсан. Сэтгэл санааны хүнд цохилтонд орсон. Тухайн үед нүүр, ам хамартайгаа дуншиж өвдсөн.” гэв.

Хохирогч Ж.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “.Миний талаас 316.470 төгрөгийн эмчилгээний зардал, 195.000 төгрөгийн гар утас, 46.000 төгрөгийн нүдний шилний мөнгийг нэхэмжилж байна.” гэв.

Хохирогч Д.Ц  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “.Би олон нийтийн газар ийм хэрэг хийсэндээ маш их харамссан. Би буруу зүйл хийсэн гэдгээ 7 хоногийн дараа ойлгосон учраас  үр хүүхдүүддээ хэлэхээс ч ичсэн. Би хохирлын баримт бүрдүүлээгүй. Буруутайгийн хувьд бол буруутай.” гэв.

Хохирогч Э.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр үед би замаа харж яваач гэж хэлсэн...жолооч нь бууж ирээд миний толгойн хэсэг рүү гараа атгаад 2 удаа цохисон.Тэр үед ээж намайг хамгаалахад тэр жолооч миний ээжийн зүүн мөр рүү нэг удаа цохисон...эрэгтэй нь ээжийн гар цүнхийг мултлаад газар шидсэн. Ээж гар цүнх рүүгээ анхаарал хандуулж байх үед эмэгтэй нь эрүүний доод хэсэг рүү гараа зангидаж байгаад 1 удаа хүчтэй цохисон, тэр үед миний харааны шил газар унаж зурагдсан ...” гэх мэдүүлэг. /хэргийн 43-44 дугаар хуудас/,

Гэрч Ч.Молцогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэр бид 2 машинтайгаа гүйцэж очоод “та 2 яагаад байгаа юм бэ, адилхан эмэгтэй хүмүүс байж хэл амаар доромжлоод гэтэл залуу эмэгтэй нь машины копут руу өшиглөсөн.Тэгээд ахимаг насны эмэгтэй нь манай эхнэр рүү дайрч байх хоорондоо над руу дайрч футболк урсан. Тэр хооронд манай эхнэрийн нүд рүү цохисон байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 45 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹ 8168 дүгнэлтэд “Ж.Э гийн биед тархи доргилт, дагз, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 51 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹ 8173 дүгнэлтэд “Э.Б ийн биед зүүн бугалганд   цус хуралт, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 53 дугаар хуудас/,

Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн: “…тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дагз шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт, дагзанд үүссэн гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэж болно …” гэх мэдүүлэг. /хэргийн 62 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹ 8166 дүгнэлтэд “Д.Ц гийн биед зүүн нүдний хаван цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно” гэжээ /хэргийн 48 дугаар хуудас/

Шинжээч эмч С.Одончимэгийн “Дээрхи гэмтэл нь шинэ гэмтэл, хуучин гэмтэл байсан бол тогтоохгүй. Дээрхи гэмтэл нь 2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...гараар цохих үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хэргийн 61 хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 69,73 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 72,70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Ц  нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт машин мөргөх шахсан гэх шалтгааны улмаас Ж.Э , Э.Б , Д.Ц  нар нь маргалдаж, Д.Ц  нь Ж.Э гийн толгой, гар хэсэгт нь гараараа цохиж, Э.Б ийн толгойд 2 удаа гараараа цохисны улмаас тус тус биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

Шүүгдэгч Ж.Э  нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт машин мөргөх шахсан гэх шалтгааны улмаас Ж.Э , Д.Ц  нар нь маргалдаж, харилцан зодолдож, Ж.Э  нь Д.Ц гийн нүүрэнд гараараа цохисны улмаас Д.Ц гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдлоо. Үүнд Шүүхийн Шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 8168,8173,8166 дугаартай дүгнэлтүүд, хохирогч Э.Б ийн “...жолооч эмэгтэй нь миний зүүн бугалга болон зүүн мөр рүү 5-6 удаа зангидсан гараараа цохисон, хамт явж байсан эрэгтэй нь миний зүүн цохиж, хэвлийн зүүн доод хэсэгт рүү өшиглөсөн. Өшиглөсөн хөлнийх нь мөр миний тэр үед өмсөж явсан хувцсан дээр байгаа. Миний зүүн шанааны хэсэг рүү эмэгтэй нь 3-4 удаа гараараа цохисон” , Гэрч Ч.Молцогийн “...эхнэр бид 2 машинтайгаа гүйцэж очоод “та 2 яагаад байгаа юм бэ, адилхан эмэгтэй хүмүүс байж хэл амаар доромжлоод гэтэл залуу эмэгтэй нь машины копут руу өшиглөсөн. Тэгээд ахимаг насны эмэгтэй нь манай эхнэр рүү дайрч байх хоорондоо над руу дайрч футболк урсан. Тэр хооронд манай эхнэрийн нүд рүү цохисон байсан  ...” гэх мэдүүлэг зэрэг болно.

Хохирогч Э.Б  , Ж.Э  нар нь “хамт явсан эрэгтэй нь Бат-энхийн хэвлийн доод хэсэг хүү өшиглөсөн” гэж мэдүүлсэн боловч шинжээчийн ¹ 8173 дүгнэлтэд “ Э.Б ийн биед зүүн бугалганд цус хуралт, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал,тархи доргилт гэмтэл тогтоогдлоо...”, Шинжээч эмч Т.Чимэд-очирын: “…зүүн бугалганд   цус хуралт, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. …” гэх мэдүүлэг зэргээр гэрчээр мэдүүлэг өгсөн Молцог нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхээргүй байна.

Шүүгдэгч Д.Ц д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 , шүүгдэгч Ж.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүгдэгч хохирогч Ж.Э  нь баримтаар 316.470 төгрөг, хохирогч Э.Б  нь 46000 төгрөгийг Д.Ц гаас нэхэмжилсэнийг Иргэний хуульд зааснаар Д.Ц гаас гаргуулж тус бүрд нь огохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Ц  нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчимд тус гэмт хэргийг үйлдсэн, тэдний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзнэ.