Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
Хэргийн индекс | 184/2015/00088/и |
Дугаар | 412 |
Огноо | 2016-07-27 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 412
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****/Р
Хариуцагч: **** хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч ****, хариуцагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие охиныхоо эцэг ****тэй 2011 онд танилцсан боловч нэг их удалгүй холбоо тасарсан юм. 2015 оны 5 сард дахин 6 сараас албан ёсоор үерхэж эхлээд 8 сард жирэмсэн болж, энэ тухайгаа түүнд хэлэхэд баяртайгаар хүлээн авч хүүхдээ төрүүлж хамт амьдарна гэдгээ хэлж байсан юм. Гэтэл 9 сарын 22-нд ****ийн ээж, манай ээж бид хоёрыг дуудаж машин дотор уулзаад жирэмсэн болсон талаар ярилцахад “Хүүхэд төрүүлэхэд эрт байна. Манай хүү амьдрал авч явах чадваргүй, та хоёр хоёулаа бага залуу байгаа учир дараа нь учир нь олдоно” гэх зэргээр шууд бус утгаар хүүхдээ төрүүлэхийг эсэргүүцэж, авахуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Бид гэртээ ирээд энэ тухайгаа аавдаа хэлж, ямар ч гэсэн хүүхдээ авахуулж болохгүй, анхны хүүхэд учир төрүүлж, өсгөх хэрэгтэй талаар ярилцаж тохирсон. Тэр орой найз залуу маань ирж уулзсан боловч түүний ээжийн хэлснийг өөрт нь хэлээгүй өнгөрсөн юм. Учир нь ээж нь бидэнтэй уулзахдаа “ миний ярьсан зүйлийг манай хүүд битгий хэлээрэй” гэж захисан байсан юм. Гэвч бүтэн хоног бодсоны эцэст маргааш нь найзтайгаа уулзахдаа ээжийнх нь хэлснийг хэлэхэд “ юу гэсэн үг вэ, хэний зөвшөөрлөөр сална гэж байгаа юм. Ээжтэй очиж уулзаж ярина” гэж яваад орой нь утсаар “ хоёулаа заавал салах ёстой юмуу, энэ хүүхдээ авахуулчихаад дараа нь дахиад хүүхэдтэй болж болно шүү дээ” гэх зэргээр мэссэж бичсэн. Би хариуд нь “ би хүүхдээ авахуулж чадахгүй, төрүүлж өсгөнө. Ээж чинь эсэргүүцээд байгаа юм чинь бид хоёр бүтэхгүй юм байна” гэдгийг хэлсэн. Түүнээс хойш ганц хоёр удаа уулзаж байсан боловч миний хүүхдийг тээж байгаа гэдэг байдлаар хайрлаж, халамжлах асуудал мэдрэгдээгүй. Би “хэрэв чи цаашид хүүхдээ гээд ирвэл би чамайг түлхэхгүй” гэдгээ хэлсэн боловч эргэж ирээгүй. Би 2016 оны 5 сарын 10-нд охин төрүүлж **** гэдэг нэр өгсөн. Хүүхдээ төрүүлсэн талаар дүүгээрээ хэлүүлэхэд төдийлөн баярлаж байгаа шинжгүй хүлээж авсан гэсэн. “Өө тийм үү баярлалаа” гэж хүйтэн хөндий байдлаар хэлсэн боловч өдий хүртэл хүүхдийнхээ царайг ч харахаар ирээгүйгээс харахад энэ хүн цаашид миний хүүхдэд эцэг болж чадахгүй гэдэг нь тодорхой байна. Иймээс хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлага байх ёстой гэж үзэж байгаа тул ****г миний охин ****н төрсөн эцэг мөн болохыг тогтоож, хуульд заасан тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоогоор тодорхой эрхэлсэн ажил байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд надад маргах зүйлгүй, ****г миний охин мөн болохыг, хуульд заасан хэмжээгээр тогтоосон хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичиг баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** хариуцагч ****д холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 10-нд төрсөн охин ****-ийн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
**** нь хариуцагч ****тэй нар нь 2011 онд танилцан дотно харилцаатай болж, улмаар ****г төрүүлсэн бөгөөд тэрээр Гэр бүлийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар ****н эцэг нь **** болохыг шүүхийн журмаар тогтоолгох эрхтэй байна.
Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч **** хүүхдийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрсөн, энэ талаар зохигчдын хооронд эргэлзээ, маргаан байхгүй болно.
Хүүхдийг төрсөн үеэс эхлэн охин **** нь эхийн асрамжинд байгаа бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт, оршин суугаа хорооны тодорхойлолт зэрэг баримтыг хүүхэд эрүүл, эхийн асрамжид бойжиж байгааг нотолсон, шаардлага хангасан баримтууд гэж үнэлэв.
Хэдийгээр зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас охин**** төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсч, эцэг **** хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дах хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно” гэж заасан байх бөгөөд эцэг ****с мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан тэтгэлэг гаргуулж 2016 оны 5 сарын 10-нд төрсөн охин ****г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан ****г 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ****с сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ