| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2024/02089/И |
| Дугаар | 207/ма2025/00059 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 207/ма2025/00059
2025 06 09 207/МА2025/00059
Ж............., Д............. нарын
нэхэмжлэлтэй, хариуцагч ............ ХХК-нд
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00471 шийдвэртэй,
Нэхэмжлэгч : Ж............., Д............. нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............ ХХК-нд холбогдох,
“Орон сууцны метр квадратын үнэд илүү тооцож авсан 3,23 м.кв талбайн үнэ 8,721,000 төгрөгийг буцаан гаргуулах” тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, С.Нансалмаа, өмгөөлөгч О.Энхсаруул, Ц.Мөнх-Эрдэнэ нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, С.Нансалмаа, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.Энхсаруул, Ц.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, С.Нансалмаа, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.Энхсаруул, Ц.Мөнх-Эрдэнэ нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
............ тоот хаягт байрлах 3 өрөө бүхий 75 м2 орон сууцыг 1 м2 нь 2,700,000 төгрөг, нийт 202,500,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, орон сууцны үнийг бүрэн төлж, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр орон сууцаа хүлээн авч, нүүж орсон. Орон сууцыг хүлээлгэн өгөх үед ............ ХХК нь гэрээгээр тохиролцсон 75 м2 тапбайтай, 3 өрөө бүхий орон сууцыг хүлээлгэн өглөө гэсэн. Тухайн үед орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь 75м2 гэж гарсан, мөн орон сууцны талбайн хэмжээг шууд нүдээр хараад эсхүл шугам тавьж хэмжиж тогтоох боломжгүй учир ............ ХХК-ийн хэлснээр гэрээнд заасан 75м2 орон сууцыг хүлээлгэж өгсөн гэж ойлгосон. Гэтэл манай байрны оршин суугчдын дунд бидний захиалсан орон сууцны м2 дутуу байж магадгүй гэх яриа гарч, бид орон сууцны талбайн хэмжилт хийх тусгай мэдлэг бүхий, тусгай зөвшөөрөлтэй ............ХХК-иар 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр талбайн хэмжилт хийлгэхэд орон сууцны нийт талбайн хэмжээ 71,77 м2 гэдгийг гэдгийг олж мэдсэн тул орон сууцны метр квадратын үнэд илүү тооцож авсан 3,23 м.кв талбайн үнэ 8,721,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Галбадрах, өмгөөлөгч Э.Түмэнбаяр нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авахдаа талбайн хэмжээг мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдолтой байсан бол түүнийг мэдэх боломжтой байсан, барилгын талбайн хэмжээний зөрүү нь тоо хэмжээний доголдол ба энэ нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд хэлбэрийн доголдол биш тул хүлээн зөвшөөрөхгүй, манай компани ............ы орон сууцны төслийг хэрэгжүүлэн Улсын комисст хүлээлгэн өгч, нэхэмжлэгчид орон сууцыг гэрээний дагуу хүлээлгэн өгч, гэрчилгээг гаргаж өгснөөр бидний хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00471 шийдвэрээр:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар хариуцагч ............ ХХК-иас 8,721,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж............., Д............. нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.............ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154,486 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “бид “............” ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч “............” ХХК нь бидэнд ............тоот хаягт байрлах, 3 өрөө 75 м.кв талбай бүхий орон сууц хүлээлгэн өгөх ёстой байсан боловч бидэнд 71,77 м.кв байр хүлээлгэн өгсөн. Гэрээгээр тохиролцсон хэмжээнээс 3,23 м.кв дутуу байр хүлээлгэж өгч биднээс 8,721,000 төгрөгийг илүү авсан байна. Иймд илүү авсан 8,721,000 төгрөгийг гаргуулна” гэж тодорхойлж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан талаар тайлбар гаргаж мэтгэлцсэн. Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлагад нийцсэн худалдах-худалдан авах гэрээ байна гэж дүгнэж, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-т заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор гомдлын шаардлага гаргаагүй, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгг зааснаар эд хөрөнгийг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 1. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг дүгнэсэн талаарх: Нэхэмжлэгч Ж............., Д............. нар нь хариуцагч “............” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, улмаар биет байдлын доголдолтой буюу гэрээгээр тохирсон хэмжээнээс бага талбайтай орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн тул илүү төлсөн мөнгөө буцаан авах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.
“Орон сууц захиалгын” нэртэй 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4/506 дугаар гэрээгээр талууд “Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлийг үндэслэн” гэж зааж, гэрээний 1.2-д нэхэмжлэгчийн төлсөн хөлсөөр орон сууцанд санхүүжилт хийж шинээр бий болгож “............”ХХК нь ............тоот 3 өрөө 75 мкв талбай бүхий орон сууцыг барьж, ашиглалтад оруулан захиалагч Ж............., Д............. нарт хүлээлгэн өгөх, захиалагч Ж............., Д............. нар нь 1 м.кв талбайн үнийг 2,700,000 төгрөгөөр тооцон нийт 202,500,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх, орон сууцыг хүлээн авах үүргийг тус тус хүлээжээ. Захиалагч нь гэрээ байгуулсан өдөр орон сууцны үнэ 56,250,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 46,250,000 төгрөгийг төлөх, үлдэгдэл 146,250,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх, ажил гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгажээ. Гэрээний зүйл болох орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гарч, нэхэмжлэгч тал 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр орон сууцыг эзэмшилдээ авч, нүүж орсон. Гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч, орон сууцны барилгыг ашиглалтад өгөх үүргээ 1 жил 4 cap гаруй хугацаагаар хэтрүүлсэн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн эрх зүйн харилцааг ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэдэг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар “гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд” зөвлөмжид “...Талууд гэрээгээ орон сууц захиалгаар бариулах гэрээ гэж нэрлэсэн хэдий ч уг гэрээ худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан бол орон сууц худалдах-худалдан авах гэрээ, эсвэл ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан бол тухайн гэрээний харилцааг үүссэн гэж үзнэ. Гэрээний зорилго, талууд юу тохиролцсон, гэрээний гол нөхцөл, талуудын хүсэл зориг гэрээний харилцааг тодорхойлох үндсэн шинж нь болдог. Үүнээс үүдэн шүүх гэрээний төрлийг зөв тодорхойлох нь хууль хэрэглэх эхний алхам болно. Зохигчид маргаагүй ч гэрээний харилцаа өөрөөр тодорхойлогдох бол шүүх тодруулж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх үүрэгтэй. Нэг тал нь тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоон, орон сууц захиалж, үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал нь уг ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон агуулга тогтоогдвол энэ нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж юм. Харин нэгэнт бий болсон орон сууцыг санал болгох, нөгөө тал нь тохирсон үнийг төлөх тохиролцоо нь худалдах-худалдан авах гэрээ байна...” гэж заажээ.
Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар “худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт, шүүхийн практик, анхаарах асуудал” зөвлөмжийн Эрх зүйн харилцааг тодорхойлоход анхаарах асуудал хэсэгт “...шүүхүүд эрх зүйн харилцааг тодорхойлохдоо баригдаад дууссан, ашиглалтад орсон, эсхүл ороогүй боловч богино хугацааны дараа орох нь тодорхой барилгын орон сууцын талаар илүүтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаар нэг мөр дүгнэлтэд хүрсэн байна. Харин ирээдүйд баригдах, эсвэл дөнгөж баригдаж эхэлж буй барилгаас орон сууц авахаар тохирсон талуудын тохиролцоог өөр өөрөөр тодорхойлжээ. Ирээдүйд баригдах, эсвэл дөнгөж баригдаж эхэлж буй барилгаас орон сууц авахаар сонгож, ямар материалаар, ямар загвар, хэмжээтэй барих зэргээр эд хөрөнгийг бий болгох талаар харилцан тохирсон бол ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй болно..гэж заажээ. Ажил гүйцэтгэх гэрээний хуульд заасан дээрх тодорхойлолтоос үзвэл ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх үйл ажиллагаа өөрөө бус харин түүний үр дүн байдаг боловч тухайн эд хөрөнгө бий болох үйл явц нь гэрээний харилцааны нэг хэсэг болдог. Худалдах-худалдан авах гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх гэрээний зүйлийн адил тодорхой эд хөрөнгө байдаг боловч уг эд хөрөнгө бий болсон ажиллагаа худалдах-худалдан авах гэрээний агуулгад хамаардаггүй. Ажил гүйцэтгэх гэрээний харилцааг ойролцоо төрлийн гэрээний, тухайлбал, худалдах-худалдан авах гэрээний харилцаанаас зааглан ялгахын тулд гэрээний гол нөхцлүүдийг тодорхой анхаарах шаардлагатай. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,-д заасан тодорхойлолтод ажил гүйцэтгэх гэрээний агуулга буюу талуудын эрх, үүрэг, гэрээний гол нөхцөл тусгагдсан байна. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын биежсэн буюу материалжсан хэлбэртэй үр дүн байдаг. Ажил гүйцэтгэх гэрээ нь аливаа эд зүйлийг шинээр үйлдвэрлэн нийлүүлэх, эсхүл эд зүйлийг өөрчлөн, өөр шинж чанар бүхий эд зүйл бий болгоход чиглэгдсэн байдаг онцлогтой. Худалдах-худалдан авах гэрээний хувьд гэрээний зүйл болж буй эд хөрөнгө нь гэрээ байгуулагдахаас өмнө бий болсон, улмаар өөртөө буюу үнэдээ ийнхуү бий болоход шингэсэн хөдөлмөр, хөрөнгийг агуулсан байдаг байна.
Өөрөөр хэлбэл, тухайн эд хөрөнгийг бий болоход худалдан авагч 1 талын ямар нэг оролцоо байдаггүй болно. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн боловч энэ үр дүн хэзээ хэрхэн бий болсон нь тодорхой бус зөвхөн биет эд хөрөнгө гэж үзэж болохгүй, түүнийг бий болгоход ажил гүйцэтгэгчийн хөдөлмөр, үйл ажиллагаа орсон байдагт ажил гүйцэтгэх гэрээний онцлог оршдог. Ажлын хөлс нь гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн өртөг, энэхүү үр дүнд хүрэхэд зарцуулсан ажлын цаг зэргийг өөртөө агуулдаг. Ажил гүйцэтгэх гэрээний хөлс нь хөлсөөр ажиллах гэрээний хөлс, худалдах-худалдан авах гэрээний үнэ зэргээс агуулгын ялгаатай байдаг тул энэ шинж тэмдгээр нь гэрээний зааг ялгааг мөн гаргана. Гэрээ нь“орон сууц захиалгын” гэж нэрлэгдсэн боловч баригдаад дууссан, ашиглалтад орсон, эсхүл ороогүй боловч богино хугацааны дараа орох нь тодорхой барилгын орон сууцын талаар гэрээ илүүтэй худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байдаг бол “худалдах-худалдан авах” гэж нэрлэгдсэн боловч ирээдүйд баригдах, дөнгөж баригдаж эхэлж буй барилгын талаарх гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлдог. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээг талууд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ба барилга бүтэн 2 жилийн хугацаанд баригдаж, нэхэмжлэгч нар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр орон сууцандаа нүүж орсон.
Мөн гэрээгээр захиалагч нар баригдах орон сууцнаас байршил, давхар, өрөөний тоо, талбайн хэмжээ, цонх ертөнцийн аль зүг рүү харсан, м.кв-ын нэг бүрийн үнэ, урьдчилгаа төлбөр, үлдэгдэл төлбөр төлөх хугацаа зэргийг тохиролцож, гүйцэтгэгч тал орон сууц хүлээлгэж өгөх хугацааг зааж, захиалагч орон сууцыг хүлээж авах үүрэг хүлээсэн. Дээрх шинжээр уг гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг илүү агуулсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч тал уг орон сууцыг захиалга авагдах үед баригдаад дуусах дөхөж байсан талаар тайлбарладаг боловч, уг тайлбараа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх хуралдааны эхэнд 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын дүгнэлт” гэх баримтыг хариуцагч талаас гаргаж өгсөн боловч уг баримт нь зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээнд заасан дээрх барилгын ашиглалтад оруулсан акт эсэх нь тодорхойгүй баримт юм. 2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл талаарх: Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй. Аливаа эд хөрөнгийн доголдол гэдэгг эрхийн болон биет байдлын доголдлыг хамааруулан ойлгоно. Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Ажил гүйцэтгэх гэрээний төрлийг тодорхойлох зүйл нь ажлын үр дүн байдаг тул тухайн үр дүн нь ямар шинж чанар, тоо хэмжээтэй байх талаар талууд харилцан тохиролцсон байх ёстой. Захиалагч орон сууц захиалгын гэрээгээр 75 м.кв талбайтай байр захиалсан. Гэтэл гүйцэтгэгч орон сууц захиалгын гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй буюу 71,77 мкв талбайтай байр хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч нар орон сууцыг эзэмшилдээ авснаас хойш 1 жилийн дараа орон сууцныхаа тагтбайн хэмжилтийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “............” ХХК-иар хийлгүүлж 71,77 м.кв болохыг тогтоолгосон. Энэ нь талуудын хоорондох гэрээнд заасан хэмжээнээс 3,23 м.кв-аар бага байсан тул 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гүйцэтгэгч компанид гомдлын шаардлага хүргүүлж, гүйцэтгэгч компани ямар нэгэн хариу ирүүлээгүй тул 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт “гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж заажээ. Ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах захиалагчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлд заасан. Орон сууцны захиалгын гэрээний тухайд гэрээнд заасан ажлын үр дүнгийн доголдол буюу талбайн хэмжээ дутуу тохиолдолд уг доголдлыг арилгуулахаар ажлыг шинээр гүйцэтгүүлэх боломжгүй, хэрэгжих ч бололцоогүй билээ. Иймд зохигчдын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээнд 3 өрөө орон сууц нь 75 мкв талбайтай байхаар тусгагдсан боловч орон сууцыг хүлээн авснаас хойш хийсэн хэмжилтээр орон сууцны талбай энэ хэмжээнд хүрээгүй тул нэхэмжлэгч нар хариуцагч “............” ХХК-д төлөгдсөн төлбөрөөс талбайн зөрүүд ногдох хэсгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан. 3. Гомдлын шаардлага гаргах эрх, хугацааны тухайд: Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.4-т ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан. Гүйцэтгэгч орон сууцыг захиалагчид хүлээлгэж өгөхдөө акт үйлдэж хүлээлгэж өгсөн бөгөөд уг акт хавтаст хэргийн 93 дугаар талд авагдсан.
Гүйцэтгэгч уг актдаа зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг дүгнэж, орон сууцыг хүлээлгэн өгч байгааг дурдаж, орон сууцны эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал буюу хүлээлцэх эд хөрөнгөө жагсаан бичиж гарын үсэг зуруулсан. Энэ актад орон сууцны талбайн талаар огт дурдаагүй бөгөөд нэхэмжлэгч нар гэрээнд заасан хэмжээтэй орон сууцыг хүлээлгэн өгч байна гэж итгэж хүлээн авсан. Нэхэмжлэгч нар орон сууцыг хүлээн авахдаа талбайн хэмжээ дутуу гэдгийг огт мэдээгүй. Ажил гүйцэтгэх гэрээний захиалагч ажлын үр дүнг хүлээж авах үедээ доголдлын талаар мэдсэн боловч гомдол гаргаагүй бол шаардах эрхээ алдах, худалдах-худалдан авах гэрээнээс ялгаатай нь доголдлыг мэдэх боломжтой байсан гэх нөхцөлийг ажил гүйцэтгэх гэрээнд хуулиар хамааруулаагүй тул уг доголдлыг мэдээгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заажээ. Хариуцагч тал байрны талбайн хэмжээг хэмжсэн компанийн дүгнэлтийн талаар огт маргадаггүй бөгөөд анхан шатны шүүх хуралдааны эхлэх үед нэхэмжлэгч талаас тус орон сууцны талбайг хүн нүдээр хараад эсхүл шугам, метр тавьж хэмжих боломжтой эсэх, хэрэв хэмжих боломжтой гэж үзвэл талуудыг байлцуулан шүүхээр үзлэг хийлгэх хүсэлт гаргахад хариуцагчийн төлөөлөгч нар орон сууцны талбайн хэмжээг тусгай зөвшөөрөл бүхий компани хэмждэг, хүн нүдээр хараад эсхүл шугам барьж, алхах байдлаар хэмжих боломжгүй талаар тайлбар гарган мэтгэлцэж, нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хангахаас татгалзах саналыг шүүхэд гаргаж байсан. Өөрөөр хэлбэл: 1 .Орон сууцны талбайн хэмжээг дутуу хүлээлгэж өгсөн. 2. Орон сууцны талбайн хэмжээг хүн нүдээр харж, эсхүл шугам хэмжих хэрэгсэл ажиглан хэмжих боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Орон сууцны талбайн хэмжээ дутуу, зөрүүтэй байгаа гэдгийг хүн нүдээр харж, шугам барьж хэмжих боломжгүй тул уг гэрээний доголдол нь барилгын далд дутагдалд хамаарахаар байна. Иймд нэхэмжлэгч нарын тухайд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар барилга, байшингийн талаарх гомдлын шаардлага гаргах 3 жилийн хугацаа дуусаагүй, хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагад ямар нэгэн хариу өгөхгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. 4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлсэн талаар: Хавтаст хэргийн 93 дугаар талд хариуцагч талаар гаргасан “Гранд гарден хотхоны гэрээ дүгнэсэн акт болон хүлээлцсэн протокол” нэртэй орон сууц хүлээлцэх актыг хариуцагчнотлох баримтаар гаргаж өгсөн. Уг актын талаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...уг актны 2.4.3-т “захиалагч тал орон сууцыг хүлээлцэхдээ бодитоор м.кв-ыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэж болох ба м.кв-ын талаар ямар нэгэн маргаан гаргахгүйгээр харилцан тохиролцож байраа хүлээн авсан болно” гэж харилцан тохиролцож гарын үсэг зурсан байна...” гэж хэрэгт авагдаагүй баримтын талаар дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх учиртай. Хавтаст хэрэгт авагдсан орон сууц хүлээлцсэн актад 2.4.3 гэх заалт байхгүй байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичигдсэн дээрх бичвэр уг гэрээ дүгнэсэн актад мөн бичигдээгүй байна. Гэтэл анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтад дурдагдаагүй нөхцөлийн талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар биечлэн оролцох тул шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэнэ үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Галбадрах, өмгөөлөгч Э.Түмэнбаяр нар давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:
Ж............., Д............. нарын нэхэмжлэлтэй ............ ХХК-д холбогдох хэрэгт ............ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч бид тус шүүхэд гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.Үүнд: 1.Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг дүгнэсэн талаар: Нэхэмжлэгч болон ............ ХХК нарын хооронд байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ” нь нэршлийн хувьд орон сууц захиалгын гэрээ нэртэй боловч гэрээний үндсэн шинжээр нь авч үзвэл худалдах, худалдан авах гэрээ юм. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан гзрээ нь орон сууцны захиалгын гэрээ нзртзй, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 д заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгатай, гүйцэтгэсэн ажлын үр дүн нь хүлээн авах орон сууц байх ба энэхүү хөрөнгийг бий болгож байгаа барилгын үйл явцад хяналт тавих, зохих дэмжлэг үзүүлэх зэрэг нэмэлт эрх, үүрэг нэхэмжлэгчид үүсээгүй байх тул талуудын хооронд үүссэн харилцааг худалдах, худалдан авах гэрээний шинжид илүү нийцсэн гэж үзнэ. Энэ талаар ижил төсөөтэй маргаачуудыг хянан шийдвэрлэсэн шат шатны шүүхүүдийн хууль хэрэглээний жишиг тогтсон болно. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт,”шүүхийн практик, анхаарах асуудал"-ын талаарх зөвлөмжид “Шүүхүүд эрх зүйн харилцааг тодорхойлохдоо баригдаад дууссан, ашиглалтад орсон, эсхүл ороогүй боловч богино хугацааны дараа орох нь тодорхой барилгын орон сууцын талаар илүүтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаар нэг мөр дүгнэлтэд хүрсэн байна” хэмээн тодорхой тайлбарласан.
Мөн тус зөвлөмжид “Ирээдүйд баригдах, эсвэл дөнгөж баригдаж эхэлж буй барилгаас орон сууц авахаар сонгож, ямар материалаар, ямар загвар, хэмжээтэй барих зэргээр эд хөрөнгийг бий болгох талаар харилцан тохирсон бол ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй болно. Харин орон сууц авах этгээд барилгыг хэрхэн барих, яаж барих талаар сонирхож, оролцохгүйгээр баригдах орон сууцнаас ... өрөө байрыг авахаар тохирсон бол худалдах, худалдан авах гэрээ байж болох талаар тусгасан бөгөөд худалдах, худалдан авах гэрээний зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болох талаар тусгасанаас үзвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 243-р зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Урьдчилсан борлуулалт буюу захиалга өгч буй талуудын тохиролцоо нь худалдах, худалдан авах гэрээний шинжид хамаарах бөгөөд анхан шатны шүүх орон сууцыг бий болгоход ............ ХХК нь нийтийн зориулалттай орон сууцны зураг төслийг гаргаж, эрх бүхий байгууллагаар батлуулан, орон сууцыг барихдаа нэхэмжлэгч нарын оролцоо, дэмжлэг, хяналтгүйгээр бие даан барилгыг барьж ашиглалтад оруулсан. Бэлэн орон сууцыг үлдэгдэл төлбөрийг төлсний дараа нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгсөн зэрэг үйл баримтуудыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэж, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа бус худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Орон сууцны загвар, баригдах материалыг захиалагч сонгож, барилгын ажпын явцад хяналт тавьж, дэмжпэг үзүүлэх үүрэг нэхэмжлэгч нарт үүсээгүй тул тус гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй. 2. Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар: Иргэний хуулийн 248-р зүйлийн 248.2 дахь хэсэгт “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно" гэж заасан бөгөөд 2023 оны 10 сарын 09-ний өдөр орон сууцыг хүлээлцэж, уг хугацаанаас хойш нэхэмжлэгч уг орон сууцанд амьдарч байгаа бөгөөд 2023 оны 10 сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжпэгчийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авахдаа талбайн хэмжээг мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдолтой байсан бол түүнийг мэдэх боломжтой байсан ба Иргэний хуулийн 255-р зүйлийн 255.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Барилгын талбайн хэмжээний зөрүү нь тоо хэмжээний доголдол ба энэ нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд хэлбэрийн доголдол биш тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байсан. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна. 3.Гомдлын шаардлага гаргах эрх, хугацааны тухайд: Нэгэнт анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг хүлээлцсэн уг хугацаанаас хойш даруй 2 жил гаруйн дараа гомдол гаргасан нөхцөл байдалд дүгнэлт хийж, анхнаасаа Иргэний хуулийн 255-р зүйлийн 255.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” гэх үндэслэлээр гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь хуульд нийцнэ. Мөн алхан шатны шүүх орон сууцыг хүлээн авах үедээ доголдлын талаар мэдэх боломжтой, хүлээн авсны дараа гомдлын шаардлага гаргах хугацаанд хэмжүүлэх боломжтой байсан гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн дүгнэлт гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167-р зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар хариуцагч ............ ХХК-иас 8,721,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж............., Д............. нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.............ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154,486 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Зохигчдын хооронд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №4/506 дугаар Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, гэрээгээр хариуцагч ............ ХХК нь нэхэмжлэгч нарт ............дугаар хаягт байрлах 75 м2 бүхий 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Гэрээнд тохиролцсоноор орон сууцны төлбөрт нэхэмжлэгч нар нь 202,500,000 төгрөг төлж, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хойш тухайн орон сууцанд амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Эрхийн улсын бүртгэлийн ............дугаарт нэхэмжлэгч Ж............., Д............. нар бүртгэгдсэн, тэднийг ............ тоот хаягт байршилтай, 75 м2 талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, нэхэмжлэгч нар 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №00115000 дугаартай гэрчилгээг авсан байна.
Хариуцагч “............” ХХК нь нэхэмжлэгч Ж.............д орон сууц хүлээлгэн өгч, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нар хүлээн авчээ.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Нэхэмжлэгч Ж............., Д............. нар нь хариуцагч “............” ХХК-ийг биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.
Нэхэмжлэгч Ж............., Д............. нар нь тухайн орон сууцанд амьдарч байхдаа 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр орон сууцны талбайн хэмжилтийг тусгай зөвшөөрөл бүхий “............” ХХК-иар хийж гүйцэтгүүлэхэд хэмжээ 71,77 м2 гэж гаргасан байх бөгөөд худалдаж авахаар тохиролцсон 75 м2 -аас 3,23 м2 дутуу байгаа талаар мэдэж 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч “............” ХХК-нд албан шаардлага хүргүүлжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэгч Ж............., Д............. нар нь хариуцагч “............” ХХК-д холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №4/506 дугаартай Орон сууц захиалгын гэрээний дагуу ............тоот хаягт байрлах 75 м2 бүхий 3 өрөө орон сууцны талбайн зөрүү болох 3,23 м2 талбайн үнэ 8,721,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг,С.Нансалмаа, өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, О.Энхсаруул нар нь “...анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг,С.Нансалмаа, өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, О.Энхсаруул нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 154,486 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00471 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, С.Нансалмаа, өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, О.Энхсаруул нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 154,486 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР