Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1179

 

  2019         07         26                                        2019/ШЦТ/1179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Б.Т  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Т т холбогдох эрүүгийн 1906 03735 7584 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Т  /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Т  нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Амгалан амаржих газрын хойно байрлалтай Пабын өрөөнд иргэн Ч.Т тай маргалдаж улмаар түүний нүүр рүү пивоны шил шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Т  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Ч.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд би дотор ороод Төмрөөд чи одоо муудалцаад яахав гэхэд урдаас харж сууж байснаа ууж байсан пивоны шилээрээ намайг цохичихсон. Тэр үед уруул амнаас цус гараад байсан. Би буцаад нэг пивоны шил шидсэн боловч оноогүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/,

Гэрч Т.Батнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд тухайн эрэгтэй намайг өмөөрөөд нөхөрт маань чи эмэгтэй хүнтэй яасан муухай харьцдаг юм бэ гэх мэтээр хэлэхэд нөхөр чамд хамаагүй гээд маргаад эхэлсэн. Тэгээд нөхөр маань ширээн дээр байсан пивоны шил аваад шидчихсэн чинь тухайн эрэгтэйн уруулын дээд хэсэгт сэтэлчих шиг болсон.” гэх мэдүүлэг. /хэргийн 21 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн ¹7523 дүгнэлтэд “Ч.Т -н биед дээд уруулд шарх, баруун дээд үүдэн 3-р шүдний эмтрэл, нуруунд зулгаралт гэмтэл тогтогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хэргийн 24 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...удалгүй сэрэхэд манай эхнэр ирсэн байсан бөгөөд Төрбаяр гэх залуу над руу дайраад намайг эхнэрээ дээрлэхдэг гээд загнаад байсан. Тэгэхээр нь би чамд миний гэр бүлийн асуудал ямар хамаатай юм бэ гээд Нийслэл пивоны шил нүүр рүү нь шидчихсэн...би пивоны шил нэг удаа шидэж уруул амны хэсэгт нь гэмтэл учруулсан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг. /хэргийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Т  нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Амгалан амаржих газрын хойно байрлалтай Пабын өрөөнд иргэн Ч.Т тай маргалдаж улмаар түүний нүүр рүү пивоны шил шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Т т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Т т холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Б.Т т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.