| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/00336/И |
| Дугаар | 207/ма2025/00062 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 207/ма2025/00062
2025 06 09 207/МА2025/00062
А.............н нэхэмжлэлтэй,
хариуцагч Ч.............д
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 312/ШШ2025/00511 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч : А.............н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.............д холбогдох,
“Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 10,967,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгч А.............н шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р............., нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч А.............н гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч А............. хариуцагч Ч.............д холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 10,967,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан./хх1-5х/
Хариуцагч Ч............. “...нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтууд байхгүй, зарим худалдаж авсан эм нь нэхэмжлэгчид учирсан гэмтэлтэй нь холбоогүй, гэмтэл нь зөрүүтэй бичигдсэн” гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан./хх39-40х/
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж хариуцагч Ч............. нь 2024 оны 9 дүгээр сарын 06-ны орой 23.00 цагт Орхон аймаг ............ багт байрлах ............баарны гадаа бусдыг янхан гичий гэх зэрэг үг хэлээр доромжилж, цохиж зодсон, улмаар түүний энэ байдлыг таслан зогсоох гэсэн хохирогч А.............г газар түлхэж унагасны улмаас түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс Ч.............д 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн үйл баримтыг зөв тогтоожээ.
4.Нэхэмжлэгч давж заалдсан гомдолдоо “...би нэхэмжлэлдээ хөдөлмөрийн гэрээ 4 хуудас, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа 1 хуудас, ажлын байрны тодорхойлолт 5 хуудас, цалингийн тодорхойлолт 1 хуулас, эм тариа авсан баримт 8 хуудас, картны хуулбар 2 хуудас зэргийг мэдээлэл лавлагааны ажилтанд 2025 оны 02 дугаар сарын 11-нд хүлээлгэн өгсөн бөгөөд мэдээлэл лавлагааны ажилтан миний нэхэмжлэлийг тоолж аван, гарын үсэг зуруулалгүй, өргөдлөө дахин бичүүлж аваад явуулсан” гэжээ.
4.1 Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 511 дүгээр шийдвэрээр “...нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлстэй холбоотой болон олох ёстой байсан орлогыг нотлосон баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, дээрх шаардлагаа нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй...гэж дүгнэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4.2 Гэвч нэхэмжлэгч “...хөдөлмөрийн гэрээ 4 хуудас, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа 1 хуудас, ажлын байрны тодорхойлолт 5 хуудас, цалингийн тодорхойлолт 1 хуудас...зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байтал нотлох баримтууд байхгүй болсны улмаас миний нэхэмжилсэн 10,179,065 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон” гэж гомдол гаргаж байгаа бөгөөд хэргээс судлаж үзвэл шүүх 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 24 хуудас баримт хүлээн авсан /№343/ дардас нэхэмжлэлийн ард дарсан байна./хх1х/
4.3 Тодруулбал 24 хуудас бичиг, баримт хүлээн авсан атлаа нэхэмжлэл, баримт бичгийг 30 хуудас гэж дугаарласан /хүлээн авснаасаа зөрүүтэй/, нэхэмжлэл хүлээн авсан бүртгэлд нэхэмжлэгчээр гарын үсэг зуруулаагүй байна.
4.4 Түүнчлэн хэргийн 54 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд Даргалагчаас:англи хэлний сургалт, оёдлын цех 1,000,000 төгрөгтэй холбоотой ямар баримт өгсөн бэ гэхэд: Дансны хуулгаар нийт орлогоо хавсаргасан санагдаж байна, Даргалагчаас: Сарын цалинтай холбоотой баримт байна уу гэхэд, Е Монголиагаас баримт хавсаргасан санагдаад байна гэж нэхэмжлэгч хариулсан байхад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой ямар, ямар баримт шүүхэд нотлох баримтаар гаргасныг нягтлаагүй хэргийг шийдвэрлэжээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.-д Нэхэмжлэлийг тухайн шүүхийн захиргааны ажилтан хүлээн авч ийнхүү хүлээн авсан нэхэмжлэл, хавсаргасан материалын хуудасны тоо, огноо, цаг, минутыг нэхэмжлэлд тэмдэглэн баталгаажуулна. Тэмдэглэн бичсэн дарааллаар нэхэмжлэл бүртгэх дэвтэрт бичнэ гэж, Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.1.1-д Ажилтан нэхэмжлэл /сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага/-ийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхийг хөндөхгүйгээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдэх ажиллагааг урьдчилан шаардахгүйгээр, урьдчилан үнэлэхгүйгээр, ямар нэгэн хязгаарлалт тогтоохгүйгээр ажлын бүх өдрүүдэд, Бүртгэл №1, №2-т бүртгэж, шүүхэд хүлээлгэн өгсөн хүний нэр, гарын үсгийг тайллын хамт зуруулна” гэж заасан.
6. Нэгэнт шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, баримтыг анх хүлээн авахдаа нэхэмжлэгчээр гарын үсэг зуруулаагүй тул нэхэмжлэгчийг “...хөдөлмөрийн гэрээ 4 хуудас, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа 1 хуудас, ажлын байрны тодорхойлолт 5 хуудас, цалингийн тодорхойлолт 1 хуудас...зэрэг баримтыг шүүхэд нотлох баримтаар өгөөгүй” гэж буруутгах боломжгүй юм.
7.Дээрхи үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 312/ШШ2025/00511 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч А.............н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 177,815 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА