| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1183/Э |
| Дугаар | 1180 |
| Огноо | 2019-07-26 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 1180
2019 07 26 2019/ШЦТ/1180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Ж.Б , түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Б д холбогдох эрүүгийн 1906 03259 1542 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж.Б , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 171 г байрны 4 дүгээр давхар 16 тоотод Ч.Б ын нүдэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь "баруун нүдний алимны нэвт гэмтэл, нүдний эвэрлэгийн урагдал, хориодын хавчуулагдал, нүдний алиманд цус хурагдалт, торлог хориодын хуулрал, болрын мултрал, баруун нүдний алим авч, хиймэл шарик суулгах мэс заслын дараах байдал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хүзүүнд цус хуралт гэмтэл" бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Батбадрах гэх хүнтэй хамт архи ууж байгаад нүдэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан. Мөрдөн шалгах ажиллагаанд болсон бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөрийн энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Өөр нэмж ярих зүйлгүй” гэв.
Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хэргийн 3-9 дүгээр хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 170А дугаар байрны хүүхдийн саадны салхивчинд гэрлүүгээ орж явахдаа Батпэлдэн гэх залуутай таарсан. Батпэлдэн надаас яриа эхэлж надтай танилцсан...Гэтэл Батпэлдэн "хоёулаа манайд оръё" гэхээр нь би "орж болох юмуу" гэсэн чинь "болноо, манай ах байгаа" гээд тэдний гэрт орсон. Тэдний жижиг өрөөнд ороход нэг залуу эхнэр хүүхэдтэйгээ хэвтэж байсан. Би мэндлээд ширээний дэргэд очоод суусан. Батпэлдэн архи авчирсан. Тэрнээс нь хоёр гурван хундага уугаад байж байтал гэнэт Батпэлдэн үгийн зөрүүгүй хоолой боогоод баруун нүдрүү 5-6 удаа цохисон. Миний нүднээс цус гоожсон. Цус тогтохгүй байхаар нь тэднийхээс зугатаах шахам гараад гэрийнхээ орцруу дөхөж явтал цус тогтохгүй байсан. Хажууд явж байсан хүнээс тусламж гуйж 103-т дуудлага өгсөн. Тэгээд 103 ирсэн. Иртэл нь би байрныхаа гадаа цусаа гоожуулаад суугаад байсан. Эмч ирээд 1 дүгээр эмнэлэг рүү авч явсан. Нэгдүгээр эмнэлэгт очоод нүдний эмчид үзүүлээд хараагаа шалгуулаад боолт хийлгээд эмч согтуу учраас маргааш хагалгаанд орно гэсэн. Ингээд буцаж очоод би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар миний өгсөн хаягыг олохгүй нилээн удаж байж ирсэн. Тэгээд Батпэлдэнг гэрээс нь авч цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Батпэлдэн бид хоёр машины арын суудалд суусан. Цагдаагийн хэлтэс рүү явж байх замд Батпэлдэн дахиад миний баруун нүдрүү цохисон уу, эсвэл толгойгоороо мөргөсөн үү ямар ч байсан тас хийтэл цохилт ирсэн. Дахиад миний нүднээс цус гарсан. Ингээд цагдаагийн хэлтэс рүү биш цэргийн төв эмнэлэг рүү орж дахин боолт хийлгээд дараа нь цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Ирсэн боловч цус тогтохгүй байсан учраас дахиад 103 дуудаж 1 дүгээр эмнэлэг дээр очсон. Өмнө нь үзүүлсэн эмч дээрээ дахиад очсон чинь таны нүд хараагүй болсон байна яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэсэн...Биеийн байдал муу байна, тархи толгой байнга өвддөг болсон. Эмнэлэгт 8 хоног хэвтэж эмчлүүлсэн. Нүдний хагалгаанд орсон. Баруун нүд сохорсон. Одоо ч эмчилгээ хийлгэж байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй уншиж танилцсан. Дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг миний биед Батпэлдэн учруулсан...одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаа жолооч ажилтай Б.Пунцагбалжирийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр Цагдаагийн ахлах дэслэгч Х.Мөнхбатын хамт Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 21:50 цагийн үед хэлтсийн жижүүрээс 171Б байрны 4 давхарт манай нөхөр зоуулчихлаа" гэсэн дуудлага ирсэн. Гэтэл уг байр нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст харъяалагдах нутаг дэвсгэр дээр байсан учраас дуудлага тус цагдаагийн хэлтэс рүү шилжүүлсэн. Гэтэл 22:37 цагийн үед 171Б байранд манай нөхрийн нүд гэмтлээ гэсэн дуудлага ирсэн. Тухайн үед өмнөх дуудлага дахиад ирж байгаа юм байна гэж ойлгоод очиж шалгасан. Гэтэл 171Б байрны 4 давхарт очиход хүн байгаагүй. Дуудлага өгсөн утсаар залгаж хайж байгаад 171Г байрны 4 дүгээр давхарт залгаж очсон. Гэтэл 44 тоотод иргэн Туул "манай нөхрийн нүдийг энд байгаа залуу цохичихлоо, нүдний цөцгий нь гарсан, нүд нь сохорчихлоо, цохьсон залуу нь энд байна" гэж хэлсэн. Үүний дагуу уг тоотод ороход нэг өрөөг түрээслэж амьдардаг гэх Батпэлдэн гэгч нь эхнэрийн хамт байсан. Батпэлдэн унтаж байсан...Орцноос гарахад хохирогч Батбадрах ирчихсэн байсан. Батбадрах нь баруун нүд нь боолттой байсан. Офицер Мөнхбат нь Батпэлдэнгийн гарыг ард нь гавлаад машинд суулгасан. Хажууд нь Батбадрахыг суулгасан. Ингээд Цагдаагийн хэлтэс рүү явж байх замд Батбадрахын нүднээс цус гараад байна гэхээр нь хэлтэс рүү биш шууд цэргийн төв эмнэлэг рүү орсон...10 гаран минутын дараа Мөнхбат Батбадрах нар гарч ирээд машиндаа сууж цагдаагийн хэлтэс дээр ирсэн...Батпэлдэнг саатуулах байранд хийсэн...Батбадрах хэлтэс дээр 103 хүлээгээд үлдсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/,
Гэрч Г.Хүрэл-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэртээ хөрш залуу болох Батпэлдэн бид хоёр нэг шил архи хувааж уусан. Манай хоёр настай охин зайрмаг нэхээд байхаар нь Батпэлдэнг зайрмаганд гаргасан. Батпэлдэн гаднаас орж ирэхдээ танихгүй хүнтэй цуг орж ирсэн. Батпэлдэн тэр хоёрт би архинаас хийж өгсөн. Гэтэл тэр үл таних залуу нүд амаа эргэлдүүлээд, хэлээ гаргаад шүлсээ үсчүүлээд баахан шоронгийн тухай зүйл яриад байсан. Манай эхнэр Сарантуяа уурлаад "хүүхэд айлаа, та хоёр манайхаас яв" гэсэн. Тэгээд тэр хоёр гараад явсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/,
Гэрч Б.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батпэлдэн гадагшаа гараад танихгүй нэг залууг дагуулж орж ирсэн....Тэгсэн чинь тэр залуу удалгүй шоронгийн тухай яриад муухай юм яриад байхаар нь би дургүйцэж жоохон хүүхдийн хажууд юу яриад байгаа юм бэ? айл хүндлэх хэрэгтэй ш дээ гэж хэлсэн. Батпэлдэн тэр хоёр өөд өөдөөсөө чанга дуугаар яриад эхэлсэн. Тэгээд би тэр хоёрыг манайхаас гар гэж хэлсэн. Тэр хоёр манай өрөөнөөс гарсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/,
Гэрч Н.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр /нөхөр Батпэлдэн бид хоёр гэртээ амарсан. Бид хоёр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 171Г байрны 16 тоотын хажуу нэг өрөөг түрээслэн амьдарч байсан. Манай хажуу өрөөг түрээслэж амьдардаг Хүрэлээ гэдэг лам ах байдаг. Нөхөр Батпэлдэн Хүрэлээ ахын гэрт орж тэр хоёр архи уусан. Тэр хоёр өдөр 15 цагийн үед архи ууж эхэлсэн. Би 17 цагийн үед ахынхруугаа явахаар гэрээс гарсан...тэгээд би ахынд байж байгаад орой 21 цагийн үед гэртээ ирэхэд Батпэлдэн гэртээ ороод ирчихсэн нилээн согтсон байдалтай байсан. Унтах гээд байж байтал 22 цагийн үед хаалга тогшихоор нь онгойлготол үл таних 2 эмэгтэй, 1 эрэгтэй орж ирсэн. Хоёр эмэгтэй нь "хүний нүд сохолсон байна, цагдаа дуудсан байгаа бариулна" гэж дайрсан. Тэгээд гарч яваад удалгүй цагдаа нартай хамт орж ирсэн. Тэгээд цагдаа нар Батпэлдэнг авч явсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 20 дугаар хуудас/,
Гэрч Ч.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай дүү Батбадрахын эхнэр Туул надруу утсаар залгаж "Батбадрах нүдээ сохлуулчихсан байна, 1 дүгээр эмнэлгийн хүлээн авах дээр байна" гэж уйлаад ярьсан. Би гэрээсээ гараад такси бариад 1 дүгээр эмнэлэг дээр очсон. Очиход эмнэлгийн хүлээн авах дээр Батбадрах боолт хийлгээд дуусч байсан. Эмч нь "энэ хүнээ аваад яв, маргааш хагалгаанд орно, одоо согтуу байгаа учраас эм тариа нь үйлчлэхгүй ээ" гэсэн. Батбадрах "миний нүдийг сохлоод хаячихлаа шдээ" гэж байсан. Би "чи тэр хүнээ мэдэх үү" гэж асуухад "мэднээ" гэж хариулж байсан. Тэгэхээр нь би халуун дээр нь очсон нь дээр гэж бодоод Батбадрах эхнэр Туул нарын хамт нөгөө цохисон гэх хүний гэрийг заалгасан. Батбадрах тэдний гэрийг эргэлзэх юмгүй зааж байсан. Тэгээд гэрт нь ороход хажуу өрөө хөлсөлдөг бололтой эрэгтэй эмэгтэй хоёр байсан. Эрэгтэй нь нилээн согтуу байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд Батбадрахыг цохьсон гэх Батпэлдэнг аваад гарсан. Батбадрахыг цуг машиндаа суулгаад аваад явсан. Би Туулын хамт араас нь хүү Төгсбаясгалангийн машинтай цагдаагийн хэлтэс рүү очсон чинь тэд нар ирээгүй байсан. Нилээн удаж байж ирсэн чинь Батбадрахын боолтыг сольсон байдалтай, бинтийг нь цус нэвчсэн, цус гоожсон байдалтай ирсэн. Тэгэхээр нь би "яачихваа юу болсон бэ? гэж асуухад Батбадрах "намайг дахиад цохичихлоо шдээ" гэж хэлсэн. Би дахиад 103 дуудсан. Дахиад нэг эмнэлэг дээр очиж цусыг нь тогтоож боолт хийлгэсэн. Тэгээд бид эмнэлгээс явцгаасан....Цагдаа нар Батпэлдэн, Батбадрах нарыг машиндаа суулгах үедээ гар нь гав зүүгээгүй байсан. Машинд суулгах үед би хамт явах гээд машинд суух гэтэл цагдаа нь болиулсан. Цагдаа нь бид нар өөр бас дуудлага шалгах ёстой та нар өөрсдийнхөө машинаараа яв гэж хэлсэн...Батбадрах нь тухайн үедээ нэрийг нь хэлж мэдэхгүй байсан боловч Батпэлдэнг шууд "энэ намайг цохьсон" гэж зааж байсан. Хоёр дахь удаагаа цохиулсныг ч гэсэн Батпэлдэнг заасан.” гэх мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/,
Гэрч Ц.Туулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэртээ амарч байх үед 88... дугаараас нэг эмэгтэй надруу залгаж “яаралтай ир, нөхрийг чинь яаралтай нүдний хагалгаанд оруулмаар байна, ирж гарын үсэг зурах шаардлагатай байна" гэсэн. Ингээд би эмнэлэг дээр очиход нөхөр Батбадрахын төрсөн эгч Оюунгэрэл ирсэн байсан. Би юу болсон талаар эмчээс асуухад нүд нь гэмтсэн байна, хагалгаа хийх гэсэн боловч согтолттой учраас маргааш хагалгаанд оръё" гэсэн...Тэгээд бид нар эмнэлгээс гараад Батбадрахын хаана, хэнд цохиулсныг нь заалгахаар явсан. Ингээд Оюунгэрэл эгчийн хүүхдийн машинтай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 171 г байрны 4 давхар 16 тоот айлд очсон. Батбадрах шууд ороод гурван өрөө байрны голын өрөөг онгойлгож ороход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Батбадрах тэр залууг нь хараад "энэ намайг цохьсон" гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн боловч хаягаа буруу хэлснээс болж цагдаа жоохон удаж ирсэн....тэгээд цагдаа нар манай нөхрийн заасан залуу болох Батпэлдэнг авч явсан. Цагдаагийн машинд зүүн талын хаалгаар Батпэлдэнг түрүүлж суулгасан. Цагдаа "чи цаашаа суу" гэсэн чинь нөгөөх нь цаашаа болоогүй. Тэгэхээр нь цагдаа "заза чи тойроод нөгөө хаалгаар нь суучих" гэсэн. Энэ үед хадам эгч Оюунгэрэл "би хамт явъя" гэсэн боловч цагдаа зөвшөөрөөгүй. Тэгээд бид нар араас нь машинтайгаа цагдаагийн хэлтэс дээр ирсэн боловч тэд нар ирэхгүй удсан. Бараг 1 цаг орчим болсон. Ингээд гаднаас Батбадрах орж ирсэн. "Нөгөөх чинь дахиад цохьчихлоо, госпиталд дахиж боолт хийлгээд ирлээ" гэж байсан. Батбадрах боолтоо солиулчихсан, цус нь тогтохгүй урссан байдалтай орж ирсэн. Ингээд дахиад 103-т дуудлага өгч 1 дүгээр эмнэлэг рүү авч явсан. 1 дүгээр эмнэлэг дээр очиход нүд нь цусаар дүүрчихсэн байсан. Батбадрах "юм харахгүй байна" гэж хэлж байсан...Батпэлдэнгийн гарт гав зүүгээгүй. Хоёуланг нь арын суудалд зэрэгцүүлээд суулгасан.” гэх мэдүүлэг. /хэргийн 23 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн ¹6468 дүгнэлтэд “…Ч.Б ын биед баруун нүдний алимны нэвт гэмтэл, нүдний эвэрлэгийн урагдал, хориодын хавчуулагдал, нүдний алиманд цус хурагдалт, торлог хориодын хуулрал, болрын мултрал, баруун нүдний алим авч, хиймэл шарик суулгах мэс заслын дараах байдал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги их хэмжээгээр буюу гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 25-26 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр иргэн Ч.Б ын биед халдаж гэмтэл учруулсан нь үнэн. Болсон явдалд маш их харамсаж байна. Ч.Б аас уучлалт гуйсан. Эмчилгээний зардалд 6 сая төгрөг төлж хохирлыг барагдуулсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 36 дугаар хуудас/,
Хохирол барагдуулсан баримт /хэргийн 55, 58, 61 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 41 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 40, 79-84 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 171 г байрны 4 дүгээр давхар 16 тоотод Ч.Б ын нүдэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь "баруун нүдний алимны нэвт гэмтэл, нүдний эвэрлэгийн урагдал, хориодын хавчуулагдал, нүдний алиманд цус хурагдалт, торлог хориодын хуулрал, болрын мултрал, баруун нүдний алим авч, хиймэл шарик суулгах мэс заслын дараах байдал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хүзүүнд цус хуралт гэмтэл" бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ж.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Ж.Б д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ж.Батпэлэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.